| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0353/З |
| Дугаар | 128/ШШ2025/0484 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2025/0484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А*******
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* тоот гэрчилгээгээр *******-******* ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн гийн аманд 3.15 га газрыг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар гэрчилгээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жилээр сунгажээ.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр санал ирүүлсний дагуу *******-******* ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн гийн аманд 27,851.8 мкв газрыг Бичил, эко аялал жуулчлалын зориулалтаар 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай олгосон.
1.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан.
1.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус зөчсөн тул 12,016.07 мкв газрыг хэсэгчлэн цуцлах саналыг хүргүүлжээ.
1.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалаар *******-******* ХХК-ийн эзэмшиж буй талбайгаас 2.7 га газрыг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
1.5. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан.
1.6. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/******* дугаар тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалд өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 1.2 га газар гэж тусгах байсныг 2.7 га гэж бичилтэд алдаа гарсан тул “2.7 га газрыг” гэснийг “1.2 га газрыг” гэж өөрчилж, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
1.7. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч *******-******* ХХК тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“...Миний бие Ж.Н нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ч.*******найрамдалаас *******-******* ХХК-ийг шилжүүлэн авч эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд манай компани нь Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн гийн аманд 27851.8 м2 талбайг Бичил эко, аялал жуулчллын зориулалтаар ашиглах эрхийн дугаартай гэрчилгээг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж байсан.
Тус газар ашиглах эрхийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусч байсан тул холбогдох хууль, журамд заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан бөгөөд уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодруулахаар очихдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (цаашид "БОАЖС" гэх)-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох” тухай А/******* дугаар тушаалаар манай компанийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын гийн аманд байрлах 2.7 га газрыг хууль бусаар хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар мэдсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор тус тус хуульчилсан.
Мөн захиргааны байгууллага аливаа шийдвэрээ хуульд заасан журмын дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж, актыг гаргасан байгууллага түүнийг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэг хүлээхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан.
Гэтэл захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид хууль ёсоор үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож, тайлбар, санал гаргах боломж олгоогүй бөгөөд Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай” дугаар албан бичигт "... хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн" гэж дурдсан нь ор үндэслэлгүй, тус албан бичиг болон маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/******* дугаар тушаалын талаар бидэнд мэдэгдээгүй, гардуулаагүй.
Иймд хариуцагч хууль бус шийдвэр гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааны журмыг зөрчин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Ингээд бидэнд огт мэдэгдээгүй, хууль зүйн ямар ч үндэслэлгүй буюу газар ашиглах эрхийг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хүчингүй болгох ямар ч үндэслэлгүй байхад бодит нөхцөлд тохироогүй хууль бус шийдвэр гаргасан. Мөн ингэж хууль бус шийдвэр гаргахдаа газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох гэсэн атлаа манай 2.7 га газрыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тус хууль бус тушаалын талаар мэдсэн даруйдаа Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана", 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно", Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу албан тушаалтан, уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж тус тус заасны дагуу маргаан бүхий А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгүүлэхээр 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандсан.
Гэвч хариуцагчаас манай гаргасан гомдлын хариуг өгөхгүй, мөн удаа дараа очиж уулзахад судалж байгаа, шийдвэрлэнэ, бичгээр албан ёсоор хариу өгнө гэх зэргээр итгэл төрүүлэн буцааж, манай компанийн үйл ажиллагааг догдолдуулж, хүндрэл учруулсаар байсан бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Тушаал хүргүүлэх тухай” дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/******* дугаар тушаалаар хэсэгчлэн хүчингүй болгохдоо бичиглэлийн алдаа гаргасан байх тул холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/******* дугаар тушаал батлагдсан талаар, мөн газар ашиглах эрхийг сэргээхтэй холбоотой асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй болно.
Мөн дээр дурдсанчлан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэрийн талаар холбогдох захиргааны байгууллагад удаа дараа уулзаж, гомдол гаргаж байсан боловч хариуцагчийн зүгээс судалж байгаа, шийдвэрлэнэ гэдэг байсан бөгөөд шийдвэрлэсэн болох нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Тушаал хүргүүлэх тухай” дугаар албан бичиг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/******* дугаар тушаал гаргасан байгаагаас харагдаж байгаа болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын гийн амны хязгаарлалтын бүсэд ******* ХХК-д олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/225 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн ашиглаж буй талбайгаас 2.7 га газрыг хэсэгчлэн хүчингүй болгосугай гэж хууль бус шийдвэр гаргасан бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/******* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын гийн амны хязгаарлалтын бүсэд “******* ” ХХК-ийн ашиглаж байсан газрыг хэсэгчлэн хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалын 1 дэх заалтад тухайн газрын хэмжээг “1.2” га гэж тусгах байсныг 2.7 га гэж бичилтэд алдаа гаргасан тул "2.7 га газрыг” гэснийг “1.2 га газрыг" гэж өөрчилсүгэй” гэж хууль бус шийдвэрт өөрчлөлт оруулахдаа мөн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалыг гаргахдаа Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны "... *******-******* ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан заалтуудыг зөрчсөн тул объекттой хэсгийн солбилцол бүхий газрын ашиглах эрхийг хэвээр үдээж, бусад хэсгийн 12016.07 м2 газрыг хэсэгчлэн цуцлах саналыг хүргүүлж байна ..." гэх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар саналыг дурдсан атлаа тус саналд дурдсан үндэслэл бий эсэхийг судалж, нягтлаагүйн дээр манай компанийн ашиглах эрх бүхий 2.7 га газрыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Манай компани нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/******* дугаар тушаал гарах хүртэл хугацаанд газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй нөхцөл үгүй /баримтыг хавсаргав/, тухай бүр газрын төлбөрийг төлж байсан, мөн газраа зориулалтын дагуу ашиглаж байсан буюу аялал жуулчлал, зочид буудал, апартмент цогцолборын төслийн хүрээнд аялагч хүлээн авах 8 сууцаа барьсан төслийн ажил хэрэгжээд явж байсан, маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулцсан бөгөөд миний бие Ж.Н нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус компанийг шилжүүлэн авсанаас 6 сар гаруй хугацааны дараа буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй”, “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй” гэж огт үндэслэлгүй үндэслэл зааж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 24.2, 24.1, 24,2, 24.4-д заасан захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, захиргааны байгууллагын шийдвэр нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүргээ биелүүлээгүй.
Газар ашиглах эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан.
Иймд захиргааны байгууллагаас хуулийн этгээдэд олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох тохиолдолд газар ашиглах эрх бүхий этгээд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсэх, газрыг ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, хуульд заасан дараалан 2 жил ашиглаагүй эсэх, тус зүйлд заасан нөхцөл бүгд бий болсон эсэх зэрэг хуульд заасан газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлийг эргэлзээгүйгээр шалган тогтоосны үндсэн дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хуульд заасан үндэслэл огт бий болоогүй бөгөөд маргаан бүхий 2023 оны А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй" гэсэн боловч энэ нь ямар цаг хугацааг хамруулсан нь тодорхойгүй, Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэсэн боловч "газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэж хуульд заагаагүй үндэслэл заасан нь хууль бус.
Дээр дурдсанчлан манай компанийн газар ашиглах эрхийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох хуульд заасан үндэслэл огт бий болоогүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд заасан журмыг баримтлаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, мөн хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааны журмыг зөрчин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох” тухай А/******* дугаар тушаал болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандаж байна.
Нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг хангасан, мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох” тухай А/******* дугаар тушаал болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******-******* ХХК нь анх 2009 онд 3,15 га талбайг Богдхан уулын гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Улмаар 2013, 2014 онуудад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэрэг холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн газраа хуульд заасан зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулж байсан. 2021 онд тухайн газрын хажууд үерийн далан барих шаардлагатай болсон учраас бид газраасаа хэсэгчиж өгөхөд татгалзах зүйлгүй байсан тул захиргааны байгууллагад хүсэлт гаргаж 3,15 га газраас 2,7 га талбай болгож газрын хэмжээг өөрчлүүлсэн. 2021 онд газрын хэмжээг өөрчлүүлсэн. Бид тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эзэмшиж байсан. Уг газар дээр баригдсан байгаа 8 барилга байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан боловч хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар манай газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох гэсэн байсан ч бүхэлд нь буюу 2,7 га газрыг хүчингүй болгосон байсан. Ямар ч үндэслэлгүйгээр уг захирамжийг гаргасан. Уг захирамжид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд гомдол гаргасан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас бидэнд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөөр явсан. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр энэ асуудлыг шийдвэрлэхдээ мөн л манай компанийн эрх ашгийг хөндсөн. Хөндөхдөө 1,2 га газрыг хэсэгчлэн хүчингүй болгосон. Энэ акт 2 үндэслэлээр гарсан байсан. Үүнд нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй. Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлүүдээр гарсан. Гэтэл манай компанийн хувьд газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл огт тогтоогдохгүй байгаа. Бид газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан. Улирал бүр 15 сая гаруй төгрөг буюу жилд 60 гаруй сая төгрөгийг улсад төлсөн. Газрын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийн хувьд газар дээрээ 4 тал хашаа барьсан. Бүтэн 8 объекттой. Үүнээс харахад газар дээрээ хөрөнгө оруулалт хийж байсан нь илэрхий харагддаг. Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгаж өгсөн хэр нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа огт хийлгүйгээр манай газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй нь баримтаас харагдаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан байна. Мөн хуулийн 20.1-д ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа төлөөлөгчөө томилж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож болно гэж заасан байна. Хуулийн эдгээр зохицуулалтаас сонсох ажиллагааны этгээдийн тоо 20 эсвэл 21-ээс дээш байх юм бол захиргааны байгууллага нийтээр нь мэдээлэх эрх нь хуулиар байгаа ч энэ нь зөвхөн ижил нэг шийдвэр буюу ижил үр дагавар үүсэхүйц маргааны үйл баримттай бол сонсох ажиллагааг нийтэд нь мэдээлэх боломжтой. Гэтэл хариуцагчаас ирүүлсэн баримтаас үзэхэд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэх маш олон төрлийн зөрчлүүдийг нэг сонсох ажиллагааны бичиг гаргасан байгаа юм. Энэ бичгийг зөвхөн сайт дээр л байршуулсан. Манайх энэ талаар огт мэдээгүй. Газрын төлбөр төлсөн нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж байсан. Мөн 2020 оны 11 дүгээр сараас 2022 оныг хүртэл ковидын цаг үе байсан. Манай төслийн хувьд том төсөл байсан учраас хөрөнгө оруулагч олох зэрэг ажиллагаа хийгдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Захиргааны байгууллага хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Манай зүгээс бол маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь илэрхий харагдаж байгаа. Хариуцагч ч үүнийг мэдэж байсан. Мэдэх бүрэн боломжтой байсан. Хууль бусаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Байгаль орчин, уур амсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх заалтууд болон Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан 18 дугаар хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн "******* " ХХК-д олгогдсон газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3. "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан гэвч тус үүргээ хэрэгжүүлэлгүй газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10." Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно." гэж тайлбарласан.
Гэтэл нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "******* ” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч *******-******* ХХК-д анх 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 3,15 га газрыг олгосон байдаг. Энэ хэмжээг 2021 онд үерийн далантай давхцалтай гэдэг байдлаар багасгаж 2,7 га газар болгож өөрчилсөн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 онд гурван талт гэрээ байгуулагдсан байдаг. 2021 онд хэсэгчлэн цуцалсан. 2023 онд маргаан бүхий захиргааны акт гарсан. Маргаан бүхий захиргааны акт гарахдаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар хамгаалалтын захиргааны албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэд мэдээлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу 21 буюу түүнээс дээш аж ахуй нэгжүүдэд хэрхэн хүргүүлэх тухай зохицуулалтын дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Маргаан бүхий 2023 оны актын тухайд техник алдаа гарсан гэдэг байдлаар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар өмнөх 2023 оны актад өөрчлөлт оруулсан байгаа. Маргаан бүхий актын гол үндэслэл бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар гарсан. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаас харахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасантай холбоотой төлбөр төлөгдсөн байна. Газрын тухай хуулийн 40.1.6-т заасантай холбоотой газраа зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэдэгт нэхэмжлэгч анх 2009 онд газар ашиглах эрхтэй болсон. Үүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэл 14 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. Энэ хугацаанд газар эзэмших эрх сунгах хүсэлт өгөөд сунгах үйл ажиллагаанууд явагдсан боловч цуцалсан хэсэг болох 1,2 га газар дээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *******-******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/******* дугаар тушаал, мөн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан:
2.1. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/******* дугаар тушаал гарах хүртэл хугацаанд газрын төлбөрийг тогтоосон хугацаанд тухай бүр газрын төлбөрийг төлж байсан, мөн газраа зориулалтын дагуу ашиглаж байсан.
2.2. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид хууль ёсоор үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож, тайлбар, санал гаргах боломж олгоогүй.
2.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичиг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалын талаар бидэнд мэдэгдээгүй, гардуулаагүй.
3. *******-******* ХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 326 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн гийн аманд 3,15 га газрыг ашиглах эрхтэй болж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар тушаалаар 27,851.8 мкв газрыг Бичил, эко аялал жуулчлалын зориулалтаар *******-******* ХХК-д ашиглуулахаар сунгаж, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар газар ашиглах гэрчилгээг олгож, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар *******-******* ХХК-ийн газрыг хэсэгчлэн цуцлахаар шийдвэрлэсэн боловч 2,7 га газрыг бүхэлд нь цуцалсан, харин 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар дээрх алдааг засч 2,7 га гэснийг 1,2 га болгон өөрчилсөн байна.
4. Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
4.1. Монгол улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
4.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/ дугаар тушаалаар *******-******* ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө 2 жил дараалан газраа зориулалтын дагуу эзэмшээгүй нөхцөл байдал үүсээгүй байхад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар *******-******* ХХК-ийн газрыг хэсэгчлэн цуцалсан.
4.4. Тодруулбал, Хариуцагчаас тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн Агаар сансрын зургаар *******-******* ХХК нь ашиглаж буй газраа хашаалж, барилга барьж байгаа нь тодорхой байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
4.5. Мөн газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө 2022, 2023 онд газар ашиглах эрхийг баталгаажуулсан болон газрын төлбөр төлсөн баримтуудын үнэлэн үзээгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь бодит нөхцөл байдалд тохироогүй.
5. Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийн тухайд:
5.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ...40.1.5...-д заасан үндэслэлээр” хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
5.2. Хэдийгээр маргаан бүхий А/******* дугаар тушаалын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийг дурдсан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн талаарх баримтууд хэрэгт авагдсантай холбогдуулан маргах зүйлгүй гэсэн тайлбарыг өгсөн болно.
5.3. Хэрэгт авагдсан Татварын албаны татвар төлсөн 1220200, 122030*******, 122030, 122030, 1230127*******, 1230127, 1230127, 1230127, 1210402 дугаар газрын төлбөр төлсөн баримтуудаас нэхэмжлэгч *******-******* ХХК нь газрын төлбөрийг төлсөн болох нь тогтоогдож байна.
6.Сонсох ажиллагаа, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:
6.1. Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг.
6.2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;” 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д “Ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа төлөөлөгчөө томилж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож болно” гэж тус тус заасан нь сонсох этгээдийн тоо нь 20 эсхүл 21 хүрсэн эсэхийг дээр дурдсан сонсох ажиллагааны агуулга, зорилгын хүрээнд тодорхойлно.
6.3. Гэтэл хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг газар ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй байна.
6.4. Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн “2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн талаарх мэдээлэл бүхий саналаар хариуцагч нь маргаан бүхий шийдвэрийг гаргажээ.
6.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тоот албан бичигт дурдсан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн гэх сонсох ажиллагааны мэдэгдэл нь ашиглах эрх олгосон шийдвэр, байршилд, ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл ялгаатай 57 аж ахуйн нэгжид хандсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэсэн заалтад хамаарахгүй юм.
6.6. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан өдөр тутмын хэвлэлд нийтэлж мэдэгдэх аргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан ижил хүсэл зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгчөө томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн олон тооны этгээдүүдийн хувьд тэдгээрт сонсох, мэдэгдэх ажиллагааг хийхэд ашиглахаар хуульчилсан байна.
6.7. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;” гэж тус тус заасны дагуу хариуцагч мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар *******-******* ХХК-ийн газрыг хэсэгчлэн цуцлахаар шийдвэрлэсэн боловч 2,7 га газрыг бүхэлд нь цуцалсан, харин 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар дээрх алдааг засч 2,7 га гэснийг 1,2 га болгон өөрчилсөн зэрэг нь нэхэмжлэгчийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д ”Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.”-д заасан газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
8. Иймд нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаал, уг тушаалд өөрчлөлт оруулсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаал, уг тушаалд өөрчлөлт оруулсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН