Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/00392

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, дүгээр байр, тоотод байрлах, регистрийн дугаар, Э.Д.Н ХХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум, баг, хашаанд байрлах, регистрийн дугаар, Х ургийн овогт У.Б холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д.н ХХК-ийн захирал Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь гүний худгийн өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг юм. Тариалан суманд 2022 онд тендерийн ажлын хүрээнд ухаалаг худаг гаргах, барилга байгууламж барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж байх явцдаа Тариалан сумын Засаг дарга болон блокны үйлдвэр ажиллуулдаг иргэн У.Бийн хүсэлтээр тус сумын Хөхөө багт байдаг блокны үйлдвэрийн хашаанд 2022 оны 10 дугаар сард гүний худаг гарган иж бүрэн тоноглож хүлээлгэн өгсөн юм. У.Бтэй уг өрөмдлөгийн ажлыг 20,000,000 төгрөгөөр тооцож хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд урьдчилгаанд 10,000,000 төгрөг дансаар авч ажлыг гүйцэтгэж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн хуваан төлж барагдуулахаар харилцан тохирсон юм. Тухайн сумын Засаг дарга нь жижиг дунд аж ахуйг дэмжиж төлбөрийн уян хатан байдлаар уг ажлыг гүйцэтгэж өгөхийг хүссэн бөгөөд хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажлыг эхлэн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гүний худгийг өрөмдөж дуусгаад насос хэрэгслийг нь суурилуулж захиалагч талд хүлээлгэн өгсөн юм. Худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхэд 165 мм-ийн ган трубаг цооногт суулгаж өрөмдлөг хийсэн ба 45-60 метр гүнд цэвдэг мөстлөгийн үе таарч трубаны голоор нь давхар нарийн труба хоолойд суулгаж тохиролцсон зардлаас гадна нэмэлтээр 110 мм-ийн диаметртэй 60 метр ган трубад өрөмдлөг хийсэн. Цооногт нуралт хөлдөлтөөс сэргийлэн шүүрийн хийцлэлтэйгээр У.Бийн худгийн цооногт гагнаж суурилуулан хийж өгсөн ба Увс аймгаас 2.000.000 төгрөгөөр худалдан авч, тээвэрлэн хүргүүлж нэмэлт зардал гаргасан байдаг билээ. У.Б нь гарсан нэмэлт зардлыг тодорхой мэдэж байсан ба төлбөрийг тухайн үед төлөх боломжгүй тул үлдэгдэл төлбөр дээрээ нэмж төлөхөөр ярилцаж тохирсон байдаг билээ. Манай зүгээс төлбөрөө төлөхийг шаардаж удаа дараа У.Бтэй утсаар холбогдсон боловч Тариалан суманд зуд болсон учраас төлбөрийг төлөх боломжгүй, тодорхой хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсэж байсан. Түүнээс хойш утсаа авахгүй ор сураггүй болсон. Бид тухайн үед бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй ба аман байдлаар тохиролцож Тариалан сумын Засаг дарга болон захиалагч талд маш их итгэж энэхүү маргаан бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн тул гэрээний алданги тооцох боломж хуулийн хүрээнд байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У.Н ХХК нь хариуцагч У.Б эд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.У.Н ХХК-ийн захирал Х.Э нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан Манай компани тус шүүхэд нь гүний худаг өрөмдөж гаргасан ажлын хөлс болох 12,000,000 \Арван хоёр сая\ төгрөгийг У.Б ээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагч тал нь манай компанид 2023 оны 1-р сарын 23 ний өдөр 2,500,000 төгрөгийг ямар нэгэн гүйлгээний утга бичиж тэмдэглэлгүйгээр компанийн ажилтны хувь дансанд шилжүүлсэн байсныг хоёр талаас тооцоо нийлж баталгаажуулан өр төлбөрөөс хасаж тооцсон ба 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлэн ажлын хөлсийг төлж барагдуулсан болно. Манай компанийн зүгээс У.Бтэй харилцан тохиролцож шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5.000.000 төгрөг төлөгдсөн байгааг баталгаажуулж, нэхэмжлэлээс үлдэх 7.000.000 \Долоон сая\ төгрөгөөс татгалзаж байгаа тул шүүхийн шийдвэрт энэ талаар тусгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.Иймд хуульд заасны дагуу талуудын хүсэл зорилго харилцан тохиролцсон нөхцөл байдал тайлбар, хүсэлт, татгалзал зэргийг харгалзан үзэж иргэний хэргийг дуусгавар болгож шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Д.Н ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.У.НХХК нь ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У.НХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ