Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.Мд холбогдох эрүүгийн 1803000010095 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр, төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Т.М,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.М нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо замд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Мгаас: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найзуудтайгаа кароакед сууж 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи, пиво уусан. Тэндээс гарч Хурд хороолол ороод хойшоо Энхтайваны гүүр давж явахдаа осол хийсэн. Миний согтолтын зэрэг маш их байсан. Би хүн мөргөснөө мэдээгүй, нэг ухаан орж сэргээд харахад юм харагдахгүй, цонх хагарсан байсан. Цонхоо буулгаад доошоо харсан чин Энхтайваны гүүрний орой руу доошоо уруудаад явж байсан. Баруун гар тийшээ эргээд зогсъё гэж явж байтал араас цагдаагийн машин зогсох шаардлага тавьсан. Би машинаасаа бууж, цагдаагийн албан хаагчтай уулзаад хүн мөргөснөө мэдсэн...” гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.Бийн: “....Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчим найзууд болох Ц.Т, Ж.Э нарын хамт Энхтайваны гүүрний урд, замынхаа зүүн талд байх “My lounge” кафед орсон. Тэндээ 0.75 литрийн хэмжээтэй 1 шил “Эвок” архи гурвуулаа яг адилхан хувааж уучихаад гэрлүүгээ харихаар гарцгаасан. Манай гэр зүүн баруун талд буюу 120 мянгат талдаа 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн урд байдаг учраас би ганцаараа зам хөндлөн гарсан. Замаар гарахдаа машин харж байгаад гарсан бөгөөд урдаас хойш чиглэлтэй нилээд зайтай машин ирж байгаа харагдахаар нь амжаад гарчих юм байна гэж бодоод алхаад явж байтал гэнэтхэн машин ирээд зүүн талаас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

Гэрч Ж.Эгийн: “...М.Б гэрлүүгээ явна гээд зам хөндлөн алхсан. Тэгтэл гэнэт түс хийх чимээ гарахаар нь би эргээд хартал М.Б машинд мөргүүлээд тус машиныхаа хамар дээр нь унасан байдалтай байсан. Мөргөсөн машин огт зогсоогүй, мөргөчихөөд тэр чигээрээ М.Бийг хамар дээрээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Ц.Тий: “...Ж.Э бид хоёр дөнгөж хойшоо алхаж байтал ард түс хийх чимээ гарсан. Ж.Э надаас түрүүлж эргэж харсанаа “хөөе Батмөнхийг мөргөөд хамар дээрээ аваад явчихлаа ш дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн: “...Дуудлагыг хүлээн аваад Хан-Уул дүүргийн Замын албан хаагч нартай гар утсаар холбогдоход Энхтайваны гүүрний хойд талд Сөүл ресторан руу эргэх эргэлт дээр хүрээд ир гэсэн. Хэлсэн газар нь яваад очиход 40-55 УНА улсын дугаартай “Тоёота карина” загварын автомашины хамар дээр нь суугаа байдалтай хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дүгээр хуудас/,

Гэрч Г.Аийн...”Энхтайваны гүүрний хойд тал руу уруудаж байх үеэр нь би гүйцэж түрүүлээд зугтсан саарал өнгийн “Карина” маркийн машины ард талд очсон ба тус “Карина” маркийн машин нь гүүр уруудаад баруун гар тал руугаа Сөүл ресторан руу эргэсэн. Тэгэхээр нь би чанга яригчаар баруун гар тал руугаа шахаад зогсохыг шаардсан чинь 20 орчим метр газар яваад зогссон...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 51 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-13 дугаар хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 14 дүгээр хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 927 дугаартай дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 1074 дугаартай дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 648 дугаартай дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,

          Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/

Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Т.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчим 16 дугаар хороолол Улаанхуарангийн эцэст байх караокед найз Ука, Цоомоо, Маралаа нарын хамт орсон. Тэндээ 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол архи уугаад 22 цагийн орчим гэрлүүгээ харихаар гарцгаасан. Би эхнэрийнхээ нэр дээр байдаг 4055 УНА улсын дугаартай саарал өнгийн “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийг оруулж өгчихөөд 120 мянгатаас хойшоо Энхтайваны гүүрээр давахаар явж байсан. Тэр хооронд архиндаа согтоод ухаан балартаад зам харагдахгүй урдаас салхи үлээгээд байхаар нь цонхоо буулгаад ойр орчимоо харсан чинь Энхтайваны гүүрэн дээр явж байсан ба Энхтайваны гүүр хойд тал руу нь уруудаад баруун гар тал руу эргэх замаар эргээд зогссон. Намайг зогсоход Хан-Уул дүүргийн замын цагдаагийн алба хаагч нар ард ирж зогсоод намайг албаныхаа машины ард суулгасан. ...Гэмт хэрэг үйлдэх үед би маш их согтолттой байсан. Болсон асуудлыг нарийн санахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 114 дүгээр хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /хх-ийн 111 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Т.Мгийн төрийн албан хаагчийн анкет, ажилд томилсон тушаал, ажлаас гарсан тушаал, ажил байдлын тодорхойлолт, цагдаагийн албан хаагчийн анкет, боловсролын талаарх мэдээлэл гэх мэт хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 140-221 дүгээр хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Т.М нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Бийн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, гэрч Ж.Эгийн мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Ц.Тий мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг/хх-ийн 50 дугаар хуудас/, гэрч Г.Аийн мэдүүлэг, /хх-ийн 51 дүгээр хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-13 дугаар хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 14 дүгээр хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 1074 дугаартай дүгнэлт:

  1. М.Бийн биед баруун зүүн шилбэ ясны хугарал, хугарлыг засах мэс ажилбарын дараахь байдал, мөрний мултрал зэрэг гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн боломжтой.
  3. ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 648 дугаартай “Ослын улмаас автомашины урд нүүрний баруун талын булан хагарсан,капотны баруун тал хонхойсон, урд салхины шилний баруун тал дотогш цөмөрч урд салхины шил бүхэлдээ цуурч хагарсан,дээвэр хонхойсон, дээврийн хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зэрэг гэмтлүүд  үүссэн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 927 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Батмөнх 26 нас” гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

        Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар шинжээчийн дүгнэлт

  1. Т.Карина маркийн 40-55 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн хуулийн 2.5. “Зам тзэврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” а/.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна,
  2. Хавтас хэрэгт замын гадаргуу хальтиргаатай гэж тэмдэглэсэн байгаа нь зам ийн осол, хэрэг гарахад шууд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Учир нь жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а заалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

  1. Т.Карина маркын 40-55 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
  2. Зам тээврийн осол шалтгаан болон гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтооно. Явган зорчигч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” мөн дүрмийн 3.9. “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно” а.явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаар шинжээчийн дүгнэлт

  1. “Тоёота Карина” маркийн 40-55 УНА улсын дугаартай автомашины жолооч Т.М нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 2.5, Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч М.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, Мөн дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. г/ өөрийгөө хянаж, жолоодож чадваргүй үээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх гэмт хэргүүд нь гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Т.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...” бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалт хамаарахгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.”, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцох...  хүнд ялд нь нэмж нэгтгэнэ...”  гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч М.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

 

Хохирогч М.Б нь эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг хэрэгт гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Мгаас нийт 3.400.000 төгрөгийг төлсөн, энэ талаар хохирогч болон шүүгдэгч хэн аль нь илэрхийлж хохирогч М.Б нь  хохирол төлбөрөө хүлээн авсан...” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн  дугаартай үнэмлэх баримтыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдсан  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний хууль ёсны эзэмшигч Б.От буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.