Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

Б.*******, М.******* нарт

 холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор А.Амгалан,

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/258 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор О.Батнасангийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.*******, М.******* нарт холбогдох 2328000000177  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Малчин хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, хоолойг нь боох, гар, толгой хавирга хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Яллагдагч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Малчин хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар толгой, хүзүү хэсэг рүү нь гараараа цохиж, зүүн гарын булчин хэсэгт нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Б.*******, М.******* нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймагдахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овгийн Батбаярын *******, Тайж овгийн Мөнхбатын ******* нарт холбогдох 2328000000177 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,

Яллагдагч Б.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Өмнөговь аймгийн прокурорын газраас Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Малчин хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, хоолойг нь боох, гар, толгой хавирга хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Малчин хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар толгой, хүзүү хэсэг рүү нь гараараа цохиж, зүүн гарын булчин хэсэгт нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 106 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгч өөрийн санаачилга болон яллагдагч М.*******ийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” 1.3-т заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэх үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЭ/258 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжид Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрэн биш гэж үзэх үндэслэлтэй, нэмэлт шинжилгээ хийлгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, түүнчлэн яллагдагч Б.*******гийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, шинжтэй үйлдлийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, яллагдагч М.*******ийн хүсэлтэд мөрдөгч хариу өгөлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, прокурор улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан яллагдагчийн үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөн талаар дүгнэсэн байна. Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрт дурдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх журам зөчигдсөн гэх дүгнэлтийн талаар: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Б.*******, М.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Малчин хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед харилцан биеийнхээ эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийх бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд шинжээч томилох, шүүх хуралдаанд шинжээчээс мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулан, хэргийн бодит байдлыг тогтоох байдлаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм. Шүүх хэрэгт шүүгчийн өөрийн санаачилга болон яллагдагч М.*******ийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан ба шүүгчийн захирамжид дурдсан, нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлүүд нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй. хэрэгт нотолбол зохих байдалд хамаарахгүй байна.

Шүүхийн шийдвэрт шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд тавигдсан асуултад шинжээч бүрэн хариулт өгөөгүй, хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн, хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байж болохыг тогтоогоогүй талаар дурдсаныг дараах байдлаар няцааж байна. Үүнд:

Тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд яллагдагч Б.*******, М.******* нар нь хоёулхнаа байсан бөгөөд тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан үйлдэлд өөр хэн нэгний оролцоо, үйлдэл нөлөөлсөн байх боломжгүй болох нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Б.******* нь хохирогчоор: “...******* миний зүүн гарын булчин хэсэгт хазсан, толгой шилэн хүзүүний ар тал руу гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгийг өгсөн ба шинжээчийн 402 дугаар дүгнэлтээр Б.*******гийн эрүүл мэндэд тархины доргилт, зүүн бугалгын зулгаралт, цус хуралт...” гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

М.******* нь хохирогчоор: “... миний толгой руу баруун гараараа цохисон. ...зүүн гараараа хоолой боогоод толгойг сандлын толгойн хэсэг рүү мөргүүлээд нөгөө гараараа толгой, хавирга хэсэг рүү зөндөө цохисон. ...гар, толгой, хавирга хэсэг рүү зөндөө цохиод гар хавдсан. ...баруун нүдний зовхи хэсэг рүү цохисон. ...хоолойг багалзуурдсан байх үедээ суудлын дэр толгойн түшлэг, хаалганы салхины шил рүү толгойг минь бариулж байгаад мөргүүлээд байсан...” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд мөн шинжээчийн 388 дугаар дүгнэлтээр түүний эрүүл мэндэд “. ..баруун сарвуунд шарх, зүүн хөх, зүүн бугалга, зүүн сарвуунд цус хуралт, толгойн хуйх, зүүн хацар шанаа, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал...” гэмтлүүд учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон. Дээрх мэдүүлгэд нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүд нь харилцан зөрүүгүй бөгөөд хохирогчдын эрүүл мэндэд учирсан хохирол нь тэдгээрийн харилцан биеийнхээ эрх чөлөөнд хүч хэрэглэн халдсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Яллагдагч Б.******* нь хохирогч М.*******ийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдахдаа хэдэн удаа. ямар хүчин зүйлийн үйлчлэл үзүүлснийг тогтоох нь тухайн хэргийн хувьд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд шинжээч дээрх асуултад хариулаагүй нь эргэлзээ төрүүлж байна гэж шүүх үзвэл нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авч тодруулах боломжтой байхад уг ажиллагааг зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гүйцэтгэх шаардлагагүй гэж дүгнэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаар: Шүүх шийдвэртээ: “....Хэрэв урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарч, улмаар шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны явцад дээрх зөрчлүүдтэй холбоотой гомдол гарсан тохиолдолд шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд 5, 6, 7 дахь хэсгийг нэмж өөрчлөн найруулжээ” гэсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон дээрх нэмэлт, өөрчлөлт нь хууль тогтоогчоос нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд шинээр хуульчилсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам зөрчигдсөн тухай гомдол нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцвэл зохих асуудалд хамаарах хэдий ч шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж үзэж байна. Хавтаст хэрэгт тусгагдсан яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлах, тухайн нотлох баримтад илэрсэн нөхцөл байдал, агуулгыг харьцуулан шинжлэн судалж, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд зааснаар зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийгдэх ажиллагаа байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судалж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцааж буй нь хуулийн дээрх шаардлагыг ноцтой зөрчихөөс гадна оролцогчдын ямар нэгэн зорилгоор хэргийн шалгалтыг удаашруулах гэсэн бодит бус зорилгыг хангасан, хэргийн бусад оролцогчид чирэгдэл учруулах, эрх зүйн байдлыг илтэд дордуулах, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөл бүрдэхэд хүргэхээр байна.

3. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шүүх шийдвэртээ “...мөрдөгч хүсэлтэд ямар нэгэн хариу өгөлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гарган прокурорт шилжүүлсэн” гэж дурдсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байх ба яллагдагч М.*******ийн хэргийн материалтай танилцаж гаргасан хүсэлтийг мөрдөгч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хавтаст хэрэгт авагдсан болно.  Шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн, уг асуудал үнэн зөв эсэхийг шалгуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь: Хэргийн оролцогчоос Прокурорын байгууллагад хандаж бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд дээд шатны прокурорын цохолтоор тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор тогтоол гарган заавал шийдвэрлэх бөгөөд уг хүсэлтийг, прокурорын шийдвэрийн хамт хавтаст хэрэгт тусгадаг. Яллагдагч М.*******ээс прокурорт бичгээр гаргасан хүсэлт хавтаст хэргийн хүрээнд авагдаагүй, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр прокурорын 106 дугаартай яллах дүгнэлтийг гардуулахад яллагдагч нараас хэн аль нь, ямар нэгэн гомдол, хүсэлт гаргахгүйгээр гарын үсэг зурж, гардан авснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай хяналтын прокурорын тогтоолыг оролцогч эс зөвшөөрвөл гомдлыг тухайн прокурор дахин шийдвэрлэхгүй, харин нэгжийн дээд шатны прокурор харьяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Гэтэл яллагдагч М.*******ийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч тухайн тогтоол гаргасан прокурор шийдвэрлэж өгөөгүй гэсэн гомдлыг шүүх үндэслэж, өөрөөр хэлбэл зөвхөн яллагдагчийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр прокурорын гаргасан тайлбар, дүгнэлтийг шууд үгүйсгэж, уг асуудлыг шалгаж тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж байгаа нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй байна.

4. Бусад асуудлын талаар: Шүүхийн шийдвэрт яллагдагч Б.*******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байхад шалгаагүй орхигдуулсан талаар дурдагдсан нь шүүхээс Б.*******г хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хамааралгүй, хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад заавал нотолсон байвал зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6-д заасан асуудал биш.

Тодруулбал, яллагдагч Б.******* нь зөрчил гаргаж, уг зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн эсэх нь түүнийг яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооход нөлөөлөхгүй болно.

Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/258 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

          Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс мөрдөгчийн шинжээч томилсон асуултад бүрэн хариулаагүй гэсэн шалтгаанаар хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл энэ ажиллагааг шүүх хуралдаанаар дүгнэх боломжгүй байна гэж үзсэн. Шинжээч томилсон тогтоолын 2 дахь асуулт буюу гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр учирсан байж болохыг тогтоох гэсэн энэ асуултад шинжээч хариулсан. Дээрх асуултад учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гээд 388 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтад заасан. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гэдэг энэ асуултад шинжээч хариулаагүйг шинжээчийн дүгнэлт бүрэн бус байна гэж үзэж шүүх хэргийг буцаасан. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад дээрх асуултдаа хариулт авах боломжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 7.13 дахь заалт мөн 35.21 дүгээр зүйлүүдээр зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн шүүх хуралдаанд оролцуулж энэ асуудлыг тодруулснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой . Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш байна гэдэг дээр эсэргүүцэл гаргасан прокурортой санал нэг байгаа. Мөн яллагдагч, хохирогч М.*******ийн өмгөөлөгч Буянтогтохын зүгээс шинжээч асуултад бүрэн хариулаагүй байгаа учраас нэмэлт шинжилгээ хийлгүүлье гэсэн хүсэлтийг гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар хуудсанд авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж болох зохицуулалт байгаа. Мөн М.*******ийн биед учирсан олон тооны гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээс үүссэн байж болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Хохирогчийн хувьд олон удаа цохисон, цохиод байсан, суудлын дэр, толгойн түшлэг, хаалганы салхин шил рүү мөргүүлээд байсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэлт хийгээд үзэхэд М.*******, Б.******* нарыг хохирогчоор тогтоосон тогтоол нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдтэй шууд шалтгаант холбоотой буюу шинжээчийн дүгнэлттэй зөрөөгүй нотлогдож байгаа. Ийм учраас хэдэн удаагийн үйлдэл болохыг шүүх хуралдааны үед тогтоох боломжтой байна гэж үзэж байгаа. М.*******ийн биед баруун сарвуунд шарх, цээж, зүүн хөл, зүүн бугалга, зүүн сарвуу, цус хуралт, толгойн гол, зүүн хацар, шанаа, зүүн сарвуу зэрэг газарт олон тооны гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгтэй холбогдуулаад шүүхээс хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжилгээ хийлгэх боломж хуулиар зохицуулагдсан. Хэрвээ нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулаад энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан асуудлыг 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд шийдвэрлэх боломжтой. Шүүх хуралдааныг хойшлуулаад шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шинжээчийн дүгнэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй бүрэн биш байна гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан энэ заалтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломж байсан.

          Шүүх нотлох баримтаар илэрсэн нөхцөл байдал буюу нотлох баримтын агуулгыг дурдаад хэргийг буцаагаад байгаа. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд нэг асуултад бүрэн хариулаагүй байна гэсэн энэ асуудлыг хэлэлцэх үе шат нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг биш. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд зааснаар зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэж шийдвэрлэх асуудал байсан. Мөн шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа хэрэгтэй танилцсаны дараа оролцогч хүсэлт гаргасан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан асуудал байгаа. Хэргийн материалтай танилцсаны дараа гаргаж байгаа энэ хүсэлтийг мөрдөгч шийдвэрлэх боломжгүй. Мөн хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах албан тушаалтан мөрдөгч биш. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж мөн хүсэлт дээрээ дурдаад байдаг. Үүнийг мөн мөрдөгч шийдвэрлэх зүйл биш. Харин дээрх асуудлуудаар прокурорт бичгээр хүсэлт гаргаад явсан тохиолдолд эхний хүсэлтийг прокурор хүлээж аваад шийдвэрлэх боломжтой. 2 дахь хүсэлтийг тухайн эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах тогтоол гаргасан прокурорын дээд шатны прокурор шийдвэрлэх бүрэн боломжтой. Гомдол гаргаад очсон боловч О.Батнасан прокурор шийдвэрлэж өгөөгүй гэдэг асуудлыг ярьдаг. Манай байгууллагын гомдол хүсэлтийн бүртгэлд М.*******ийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт байдаггүй. Өөрөө өгөх гээд байхад нь би шууд авдаг асуудал биш. Манай байгууллагын бичиг хэргээр оруулдаг гэдэг асуудлыг ярьсан боловч тэр хүн бичгээр хүсэлт гаргаагүй байсан гэдгийг манай прокурор шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үед тайлбар гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан байдаг.

          Прокурор хэрэгтэй танилцаад хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаагүй. Харин прокурорын яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурор өөр нь хандаж  хүсэлт гаргаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй. Яллагдагч, хохирогч М.*******ийн хувьд эхнээсээ Буянтогтох өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, өмгөөлүүлээд явсан байдаг. Өмгөөлөгчтэйгөө хамт мэдүүлэг өгнө гээд хэргийн ажиллагааг удаашруулсан. Мөн өмгөөлөгчийгөө ирэхээр хэргийн материалтай танилцана гэх мэтчилэн хэргийн ажиллагаанд өмгөөлөгч оролцож явсан. Хэргийн материалтай танилцсан тэмдэглэл дээр шийдвэрлэх боломжгүй, ойлгомжгүй зүйл бичсэн байсан. Гэхдээ энэ нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход нөлөөлөхгүй. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж үзэж байгаа.

          Дараагийн дугаарт нь Б.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх асуудлыг шалгаж Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулаад байна гэдэг асуудлыг шүүх шийдвэртээ дурдсан. Үүнийг өөр хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой биш. Энэ нь тусдаа асуудал гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 хэсэгт Зөрчлийн хуулийн хуулиар хариуцлага хүлээсэн эсэх асуудлыг тодруулахаар тусгагдаж хуульчлаагүй гэдгийг тодруулж хэлэх зүйтэй. Ийнхүү шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар энэ хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой. Тийм учраас прокурорын эсэргүүцлийн дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбар, дүгнэлтийг хамт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

       Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

    Өөрөөр хэлбэл, Б.*******, М.******* нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, гаргасан дүгнэлтийг тодруулах, дахин  шинжилгээ хийлгэх эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон бөгөөд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс яллагдагч Б.*******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоохоор заасан үндэслэл нь энэ гэмт хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэв.

       Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр тогтов.

           Яллагдагч Б.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                               

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                          

                                                                                          Ц.ОТГОНЦЭЦЭГ