Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0486

 

 

 

 

 

 

   2025         06           30                                    128/ШШ2025/0486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б******* И” ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.*******

Хариуцагч: *******,******* дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******

Маргааны төрөл: *******ын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б******* И” ХХК-аас *******,******* даргад холбогдуулан “... “Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4/

“Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 02-р сарын 03- ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгох. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Төв аймгийн Лүн суманд байрлах Майхан нэртэй газарт байрших ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийг "Их *******" ХХК-иас өрөндөө шилжүүлж авсан ба *******,******* даргын 2023 оны 06-р сарын 90-ний өдрийн 190 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан.

Тусгай зөвшөөрлөө авснаас хойш хайгуулын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлж ирсэн. Манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-019343 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусаж байгаатай холбогдуулан *******ын тухай хуулийн 22.1-д “..Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж..." гэж заасны дагуу сунгуулах өргөдөл, хүсэлтээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр *******, газрын тосны газрын бичиг хэргийн ажилтанд өгсөн.

*******,******* даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/346 дугаар албан бичгээр Төв аймгийн Лүн сумын нутагт "Майхан" нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2025 оны 01-р сарын 27-ны өдрийн 10.30 цагт *******,******* 209 тоот өрөөнд явуулах болсныг манай компанид мэдэгдсэн.

Тус мэдэгдлийн дагуу 2025 оны 01-р сарын 29-ний өдөр *******,******* 209 тоот өрөөнд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулсан.

Сонсох ажиллагаанаас *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг шинэчлэн батлуулж *******, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ирүүлэхээр болсон.

Төв аймгийн Лүн сумын Засаг даргаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаандаа *******, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгөх гэтэл ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх шалтгаанаар хүлээн аваагүй.

Бид *******,******* уулзалт зохион байгуулж уулзахад “Агентлагийн даргад хандаад гомдлоо бичээд өгчих” хэмээн хэлсний дагуу “Б******* И” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/15 дугаар албан бичгээр "Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар *******, газрын тосны газрын даргад хандаж гомдол гаргасан ба *******, газрын тосны газрын дарга гаргасан гомдлыг хүлээн авч хянаад 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот албан бичгээр танай компани тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрлийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдлийг төрийг захиргааны байгууллагад гаргаагүй тул дуусгавар болсон байх тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлснийг бид эс зөвшөөрч шүүхэд хандаж байгаа болно.

2.*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ...” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-019343 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр гаргаагүй байж тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон гэх шалтгаанаар хуулиар олгосон эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

*******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:”, 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасан тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь удаагаа сунгуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байна.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын дээд шүүх, түүний бүрэн эрхийг зохицуулж өгсөн ба Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах бүрэн эрхийг хуульчилсан.

Түүнчлэн бид олон нийтэд нээлттэй shuukh.mn сайтаас энэ талаарх хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэдэг талаар судлан үзэхэд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 21 дүгээр, 111 дүгээр, 2020 оны 208 дугаар, 2023 оны 09 дүгээр тогтоолоор тус тус “...тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хамгаалагдах тул тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нь түүнийг сунгуулах тухай өргөдлөө гаргах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгосон, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаар түүний эзэмшигчийн эрх дуусгавар болно..." гэж Монгол Улсын Дээд шүүх хэрэг хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах бүрэн эрхийн хүрээнд дүгнэж тайлбарласан байна.

*******ын хайгуулын XV-019343 тоот тусгай зөвшөөрлийг сунгуулахад дутуу материалыг хүчин төгөлдөр байхад бүрдүүлж өгөхөд зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх шалтгаанаар хүлээн аваагүй, ямар нэгэн сунгах, сунгахаас татгалзсан шийдвэр гаргаагүй байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгож, “Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 02 дугаар сарын 03-ны өдөр дуусаж байгаатай холбогдуулан манай зүгээс *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын өмнө буюу 2025 01 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр холбогдох материалын хамт өргөдлөө ******* газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгсөн. Улмаар тухайн хэлтсээс ямар нэгэн хариу гаргаагүй байж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/346 тоот албан бичгээр хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдлийг ирүүлж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үгээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оролцсон. Хариуцагч байгууллагаас сонсох ажиллагаанд “танай байгууллага 2025 оны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй байна, тухайн төлөвлөгөөг батлуулж ирүүлээгүй байгаа тул танай хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй, тиймээс маргааш аваад ир” гэж хэлж явуулсан байдаг. Үүний дагуу маргааш өдөр нь компанийн төлөөлөгчийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг геологичоос авч, өгөх гэсэн боловч мэргэжилтний зүгээс “хугацаандаа хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж ирээгүй” гэсэн байдаг. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр системд “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэх тэмдэглэгээ хийгдсэн. Түүнээс өөр ямар нэгэн байдлаар хүсэлтийг шийдвэрлээгүй, татгалзсан, материалын бүрдэл дутуу, материал дутуу, хугацаа дууссан талаар ямар нэгэн үндэслэл бүхий хариу, тайлбарыг огт ирүүлээгүй. Улмаар манай компанийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж, хариу ирүүлсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагчийн зүгээс манайд огт мэдэгдээгүй. Тухайн хугацаа сунгах өргөдлөө хугацаанд нь гаргаагүй эсэх талаар үндэслэлээ тайлбарлаагүй, мэдэгдэлгүйгээр ийм тэмдэглэгээ бий болсон нөхцөл байдал үүссэн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс тухайн нэхэмжлэлийг гаргах үед Монгол Улсын Дээд шүүхээс “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл хүчинтэй хугацаанд эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой байна” гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл хугацаа сунгах хүсэлтээ гаргах эртэй гэх байдлаар тайлбарласан. Хариуцагчийн зүгээс ч манай байгууллагаас өөр байгууллагуудад адил тохиолдолд сунгах хүсэлтийг нь авч, сунгасан тохиолдлууд байдаг. Тэгэхээр хуулийн этгээдүүдэд ялгамжтай, ялгавартай нөхцөл байдлыг хариуцагчаас үүсгэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлтэй. Манайх нэхэмжлэлийн шаардлагаараа хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх л хүсэлтэй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... "Б******* И" ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах, малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 02-р сарын 03-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах Майхан нэртэй 931.88 гектар талбайг *******ын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-019343 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "Их *******" ХХК-д олгосон байна.

*******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:", 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу "Их *******" ХХК-ийн Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах Майхан нэртэй 931.88 гектар талбай бүхий ХВ-019343 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг EX-008515 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянаж үзээд *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс тооцон, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс тооцон, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

“Их *******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийн TR-009264 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянаж үзээд Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Майхан нэртэй 931.88 гектар талбай бүхий XV-019343 дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 190 дүгээр шийдвэрээр "Б******* И" ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

*******ын тухай хуулийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар", 22.1.2-д "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-д "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-д "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт." зэргийг тус тус хавсаргахаар хуульчилсан.

Хуулийн дээрх шаардлагын дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-019343 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1 сарын өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй байна.

*******ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:" гэж, 53.1.1-д "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-019343 тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгосныг *******, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн систем /СМСS/-д 2025 оны 02 дугаар сарын 06- ны өдөр бүртгүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үндэслэлийг бүхэлд нь дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компанийг оролцуулж сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байдаг. Сонсох ажиллагааны хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг батлуулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байдаг. Хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг 2023 онд ирүүлээгүйтэй холбоотой Татварын ерөнхий газраас торгож шийдвэрлэсэн байдаг. *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлэх тухай хуулийн шаардлагыг тавьсан. Тэгээд нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байх хугацаандаа төлөвлөгөөг батлуулж ирсэн боловч тусгай зөвшөөрөл дуусгавар болсон бүртгэлтэй байсан тул хугацаа сунгагдаагүй. Мөн 30 хоногийн өмнө материалын бүрдлийг хангуулан ирүүлээгүй тул менежментийн төлөвлөгөөг хүлээж аваагүй буцаасан байдаг. *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хугацаа дуусахаас өмнө өргөдлийг 30 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад гаргахыг заасан. Хуульд ингэж заасан боловч Улсын Дээд шүүхээс хэд хэдэн удаагийн тайлбараар “тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдөл гаргах эрх нь нээлттэй, харин хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд энэ эрхээ алдана” гэж тайлбарласан. Тэгээд нэхэмжлэгчтэй холбоотой асуудлаар *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 ,22.4-т заасан шийдвэрийг гаргаагүй. Шууд дуусгавар болж бүртгэгдэж явсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тус шүүхэд нэхэмжлэгч “Б******* И” ХХК-аас *******,******* даргад холбогдуулан “... “Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4/, “Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019343 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгох. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа ************** эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж тодруулжээ.

2.Нэхэмжлэгч талаас хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... Нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаандаа өргөдлөө гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд менежментийн төлөвлөгөөг өгөх гэтэл хүлээж аваагүй нөхцөл байдал үүссэн шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзэж байна. Иймд *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, мөн хуулийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус зохицуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг холбогдох байгууллагад өгч, хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд материалын бүрдлийг хангаж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргаж өгсөн байтал хүлээж аваагүй хариуцагчийн үйлдэл хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Гэтэл хариуцагчийн тайлбарлаж байгаагаар ямар нэгэн байдлаар өдрийн сонинд нийтэлж, мэдэгдсэн зүйл байхгүй, татгалзсан шийдвэр гаргаагүй гэж тайлбарласан. Үүнээс манайхаас гаргасан хүсэлтийг ямар ч үндэслэлгүйгээр хүлээж авахгүйгээр орхигдуулсан нь харагдаж байна. Үүнийг Монгол Улсын Дээд шүүхээс хэд хэдэн тогтоолоор тайлбарласан...” гэж тайлбарлан маргах бөгөөд,

2.1.Хариуцагч талаас “... Нэхэмжлэгч нь ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас нэг сарын өмнө, холбогдох баримтыг хавсаргаж өгөхөөр заасан. Нэхэмжлэгч компанийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, хавсаргаж ирүүлээгүй. Энэ асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. 22.2-т зааснаар 10 хоногт багтаан шийдвэрлэхээр заасан. Хариуцагч төрийн захиргааны байгууллагаас ямар нэгэн байдлаар *******ын тухай хуульд заасны дагуу 10 хоногт багтаан шийдвэрлэхээр заасан. Тэгэхээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасан эсэх, хүлээж авахаас татгалзсан шийдвэрийг өнөөдрийн байдлаар гаргаагүй. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа явагдаж байгаа. Менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой *******ын тухай хуулийн 22.1.3-т заасан шаардлагыг хангаагүй гэх асуудлаар шийдвэрлэж явдаг. Гэтэл өнөөдрийн хүртэл тухайн компанийн өргөдөлд татгалзсан, сунгасан талаар шийдвэр гараагүй. Захиргааны байгууллагад өргөдөлд хавсаргах баримтыг хуульд заасан 30 хоногийн өмнө бүрдүүлж өгөөгүй. Мөн кадастрын нэгдсэн систем нь тусгай зөвшөөрлийг сунгасан огнооноос эхлэн дуусах огноог нь автоматаар бүртгэдэг. Тэгэхээр Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаартай шийдвэрээр 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр эхэлсэнд тооцож, тус өдрөөс 3 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн. Тэгэхээр систем нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болохыг бүртгэсэн. Систем дуусгавар болохоор бүртгэсэн юмыг бид дахиж сунгаж шийдвэр гаргах боломж байдаггүй...” гэж тус тус тайлбарлаж байна.

3.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийгээд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

4.“Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа ************** эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

4.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, *******ын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах Майхан нэртэй 931.88 гектар талбайд XV-019343 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх “Их *******” ХХК-д олгож байжээ.

4.2.Улмаар “Их *******” ХХК нь өөрийн тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр ирсэн байх ба тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр хүсэлт гаргаж, *******ын газрын Кадастрын хэлтсээс TR-009264 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянаж үзээд XV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 190 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Б******* И” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

4.3.Нэхэмжлэгчээс өөрийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Манай байгууллага нь 2023 оноос эхлэн ашигт малтмалын хайгуулын /XV-019343/ Төв аймгийн Лүн сумын Майхан нэртэй газар орших 931,88 гектар талбайг хамарсан тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болно. Манай байгууллагын үндсэн удирдлага нь гадаад улсад урт хугацаагаар байгаа тул зарим хууль дүрмийн дагуу хүндрэлтэй асуудлууд байгааг ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна. Тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин 3 жилээр сунгуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу. Тухайн зөвшөөрлийг сунгуулахаар шаардагдах материалуудыг хавсаргав.” хэмээн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт /хэргийн 50 дахь тал/-ийг гаргажээ.

4.4.Уг албан бичгийн хариуд *******, газрын тосны газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/346 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах болсныг мэдэгдсэн /хэргийн 76 дахь тал/ байх ба 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Б******* И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г*******ыг байлцуулан сонсох ажиллагааг явуулж нөхцөл байдлыг тодруулсан болох нь “Сонсох ажиллагаа явуулсан, материал хүлээлцсэн тэмдэглэл” /хэргийн 72-73 дахь тал/-ээр тогтоогдож байна.

4.5.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2.“Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заасан боловч сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага өөрт шаардлагатай мэдээллийг цуглуулмагц сонсох ажиллагааг дуусгавар болгосон байх ба түүнд тайлбар, санал гаргах боломжгүй олгоогүй байна.

4.6.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд “Хариуцагч байгууллагаас сонсох ажиллагаанд “танай байгууллага 2025 оны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй байна, тухайн төлөвлөгөөг батлуулж ирүүлээгүй байгаа тул танай хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй, тиймээс маргааш аваад ир” гэж хэлж явуулсан байдаг. Үүний дагуу маргааш өдөр нь компанийн төлөөлөгчийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг геологичоос авч, өгөх гэсэн боловч мэргэжилтний зүгээс “хугацаандаа хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж ирээгүй” гэсэн” гэж тайлбарлах ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “сонсох ажиллагаагаар *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу байгуль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлэх тухай хуулийн шаардлага тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоогүй байхад төлөвлөгөөгөө батлуулж ирсэн боловч 30 хоногийн өмнө материалын бүрдлийг хангуулан ирүүлээгүй тул менежментийн төлөвлөгөөг хүлээж аваагүй буцаасан байдаг” гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзвэл хэдийгээр сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдаагүй ч сонсох ажиллагааны үр дүнд нэхэмжлэгч компанийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлэх шаардлага тавьсан, үүний дагуу сонсох ажиллагааны маргааш нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагад дутуу материалаа гаргаж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

4.7.*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 22.1.1.хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

22.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;

22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;

22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж заасан ба мөн хуулийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.”, 22.4.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж өргөдлийг хүлээж аваад хэрхэх эсэхийг шийдвэрлэхээр хуульчилсан байхад хариуцагч байгууллага өргөдлийг хүлээж авахгүйгээр буюу материалын бүрдлийг хянаж хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг шалгаж шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан эс үйлдэхүй мөн бөгөөд хуульд заасныг зөрчиж байгаа тул эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус байна.

4.8.Түүнчлэн *******ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдөл, материалдаа хавсаргаж өгөөгүй дутуу материал болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө өөрийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу сонсох ажиллагааны маргааш 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч байгууллагад өгөхөөр хандсан байхад хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн байдлыг нь дордуулсан байх тул нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа *******,******* эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

5.“Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.“Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.“захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” 54.2. “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана.” гэж заасны хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

5.2.Учир нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг бүрэн хангаагүй буюу эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг хэзээ дуусгавар болгох асуудлыг тусгай зөвшөөрөл олгохдоо, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа, энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг *******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаартай шийдвэрээр /хэргийн 42 дахь тал/ 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн буюу энэхүү шийдвэр нь үр дагавар үүсгэсэн, захирамжилсан, заавал биелэх шинжтэй бөгөөд үр дагавар нь тусгай зөвшөөрөл дуусгавар болж, програмд автоматаар бүртгэгдэх байдлаар илэрч байна гэж үзлээ.

5.3.Түүнчлэн *******ын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл дуусгавар болох бөгөөд дээр дурдсанчлан өмнө гаргасан шийдвэрийн үр дагавар мөн тул бүртгэл нь бие даасан шийдвэр биш бөгөөд захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээж авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б******* И” ХХК-аас ************** даргад холбогдуулан гаргасан “Б******* И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-019343 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА