Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 12

 

 

 

ХХҮЕГ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай      

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар шийдвэртэй,

ХХҮЕГ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э.Н БГБХН, хариуцагч Д.А, А.Х нарт холбогдох, хариуцагч Ч.Э.Н БГБХ нөхөрлөлөөс үндсэн зээл 150.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөгийг гаргуулж, зээлдэгч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Д.А, А.Х болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр төлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  /цахимаар/, хариуцагч Д.А, А.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХҮЕГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХХҮЕГ нь Ч.Э.Н.Н болон батлан даагч Д.А, А.Х нартай Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй 150.000.000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж, олгосон санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эргүүлэн төлөхгүй хохироож байна. Иймд Ч.Э.Н.Н болон батлан даагч Д.А, А.Х нараас дээрх гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөгийг ххүег-т эргэн нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ХХҮЕГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

1. Төсөл хэрэгжүүлэгч Ч.Э.Н БГБХН-өөс зээл, зээлийн алдангийн төлбөр нийт 156.500.000 / нэг зуун тавин зургаан сая таван зуун мянга / төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Төсөл хэрэгжүүлэгч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг  батлан даагч болон батлан даагч болон батлан даагч нарын  батлан даасан хөрөнгөөр хариуцуулахаар шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ . 

Нэхэмжлэгч ххүег-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа, нэхэмжлэлээ дэмжиж байна. Ч.Э.НБГБХН нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 150.000.000  төгрөгийн зээлийг ямар ч хүүгүй, 2 жилийн хугацаатай авсан байгаа. Бид хугацаа хэтрүүлсний алдангийг л үндсэн зээл дээр нэмж нэхэмжилсэн. Гэрээний хугацаа дуусаад аль хэдийн 2 жил өнгөрсөн. Шүүхэд хандсанаар алданги зогссон. Батлан даагч тэр мөнгийг авч хэрэглээгүй тул хариуцахгүй гэж тайлбарлаад байна. Ер нь гэрээн дээр батлан даагч тэр мөнгийг хамт хэрэглэнэ гэсэн үг үсэг огт байхгүй. Тэр мөнгийг батлан даагч зарцуулсан эсэх нь ямар ч хамааралгүй. Т.У ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд бол захирал Д.А учир Д.Ат холбогдуулж гаргасан. Батлан даагчийн хувьд хуулийн этгээдийг төлөөлөөд А.Х гэрээнд гарын үсэг зурсан байгаа” гэжээ.

Хариуцагч Ч.Э.Н БГБХ нөхөрлөлийн дарга Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 1 дүгээр багийн өрхийн амьжиргааны түвшин доогуур 20 өрх нийлж, 2017 онд Ч.Э.Н нөхөрлөл байгуулан 2017 оны 4 дүгээр сард хөдөлмөр нийгэм хамгааллын удирдах газраас зарлагдсан хүүгүй зээл олгох жимсний мод тариалах төслийг жилийн хугацаатай авахаар төслөө өгсөн. Бидний төсөл дэмжигдэж, тус нөхөрлөлийн Голомт банкны ......... тоот дансанд 150.000.000 төгрөг 2017 оны 9 дүгээр сард орсон. Гэрээ хийхээр очиход гэрээний хугацаа 2 жил байсан тул жимс ургах хугацаа 5-6 жил байдаг, хугацааны хувьд болохгүй байна гэхэд ажлаа хийчихээд зээлийн хугацаа хойшлуулах хүсэлт гаргаж болно гэж хэлснээр би уг гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд бид авсан төслөө хэрэгжүүлж эхэлсэн, бүх мөнгөөрөө ажлаа хийж дуусаад төслийн зээлээ хойшлуулах хүсэлтээ 2 удаа өгсөн боловч ямар ч хариу ирүүлээгүй байсаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. Бид төслөө хэрэгжүүлж ажлаа хийж байхдаа төр засаг иргэддээ анхаарч ядуурлаас гаргах маш зөв, зүйтэй ажил хийлээ гэж маш их баяртай байсан. Анх өгсөн төсөлдөө бид жимсээ ургуулж үр шимээр нь эргэн төлөлтөө хийх боломжийн хугацаагаа санал болгосоор байтал ажилтайгаа ямар ч уялдаа холбоогүй төслийн үр шимээр эргэн төлөх боломжгүй төсөл өгчихөөд хугацаа хойшлуулах боломж олгохгүй байгаад гомдолтой байна. Чацаргана, үхрийн нүдний мод нь 4-5 жилийн хугацаанд үр шимээ өгч эхэлдэг. Яг одоогоор бидэнд авсан санхүүжилтээ эргэн төлөх ямар ч боломж байхгүй. Иймд бидний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж зээлийг хөнгөлж, өнөөдрөөс эхлэн 3-5 жилээр хойшлуулж өгөхийг хүсч байна. Бидний тарьсан үхрийн нүд, чацарганы мод жимсээ өгсний дараа 2-3 жилд эргэн төлөлтөө хийхэд татгалзахгүй болно. Бид энэхүү зээл болох 156.500.000 төгрөгийг 2023-2026 оны хооронд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Д.А, А.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХХҮЕГ-ийн гэрээний дагуу олгогдсон санхүүжилт 156.500.000 төгрөгийг эргэн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлээс манай компанийн данс уруу нэг ч төгрөг ороогүй, бид зээл аваагүй. Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ нь нэг талаас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, нөгөө талаас” Чандмань эрдэний нөхөд” нөхөрлөлийн хооронд байгуулагдсан. Хэдийгээр манай компанийг төлөөлж А.Х батлан даагч гэх хэсэгт гарын үсэг зурсан байх боловч тухайн гэрээ ёсоор батлан даагч гэх манай компанийн гүйцэтгэх үүрэг тодорхойгүй байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т: Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж, мөн зүйлийн 234.2-т: Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ. Т.у ХХК нь ххүег-тай баталгааны гэрээ бичгээр байгуулаагүй болно. Иймээс гэрээнд заасан ямар нэгэн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр манай компаниас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл Т.У ХХК нь энэ хэргийн хариуцагч биш. Иймд Т.У ХХК болон Д.А, А.Х нарыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх батлан даагч т.у” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ааас өөрийн охин А.Хд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй болсон. Гэвч “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамран ажиллах гэрээ”-ний /цаашид зээлийн гэрээ гэх/ 4.8 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан итгэмжлэл, хариуцагч нарын шүүх хуралд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тодруулсан шаардлага зэрэг нотлох баримтыг харьцуулж зөв үнэлээгүйгээс зээлийн гэрээний 4.8 дахь хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 198.2, 198.6-д гэрээ тайлбарлахдаа гэрээний бусад нөхцөл, ерөнхий агуулгатай харьцуулах замаар гэж заасан бөгөөд зээлийн гэрээний 4.6, 4.7-д зааснаар батлан даагч үл хөдлөх эд хөрөнгөөр батлан дааж болохоор заасан. Хэрэгт авагдсан итгэмжлэлийг Т.УХХК-ийн зүгээс олгосон, Гүйцэтгэх захирал өөрийн бүрэн эрхийн хүрээнд итгэмжлэл олгосон байдлаас харахад батлан даагч нь Т.УХХК бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа батлан даагч болон батлан даасан хөрөнгөөр зээлийн төлбөрийг хариуцахаар гэж тодруулсан байна. Энэ талаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай магадлалд тодорхой дурьдаж шүүхийн шийдвэрийг буцаасан боловч анхан шатны шүүх зөрчлийг засаагүй байна.

Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний 4.8 дахь заалтыг тайлбарлахдаа үгийн утгыг анхаарч бусад нөхцөлтэй харгалзан үзэлгүй шууд тодорхойлсноос нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан итгэмжлэл Ч.Э.Н нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн нэр дээрх газрын гэрчилгээ зэрэг баримтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хадгалагдаж буй архивын хувийн хэргээс хуулбарлан нотлох баримтаар гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй, дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх хуралд хариуцагч батлан даагч Т.УХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б хэрэгт авагдсан итгэмжлэлд А.Х гарын үсэг зураагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж маргаснаас батлан даагч нь Б.Алдар эсхүл Т.УХХК гэж маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хариуцагч нарын тайлбар, татгалзлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ххүег-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Ч.Э.Н.Нийг ххүег-ай гэрээ хийхэд Т.У компани нь өөрийн газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг холбогдох бичиг баримтуудаа ирүүлж эрх, үүргээ ойлгон, ухамсарлаж батлан даачихаад одоо бид батлан даагч биш, бид уг төслийн зээлийн эргэн төлөлтийг хариуцахгүй гэж маргаж байгаа нь маш ёс зүйгүй асуудал юм.

Энэ зээлийг “Ч.Э.Н.Н” нөхөрлөл хэрхэн хөөцөлдөж авсан талаар Е.Б нь маш сайн мэдэж байгаа. Тиймээс Е.Б гуайг ухамсартай, ёс суртахуунтай байж батлан даагчийн үүргээ биелүүлнэ үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч Д.А, А.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг 1-р багийн төлөөлөгч хийж байх үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн төсөл зарлагдсан байсан. Тухайн үед тус багийн нэр бүхий нэн ядуу 20 иргэн нөхөрлөл байгуулаад, ххүег-т хүсэлтээ өгвөл 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн зээл өгөх боломжтой юм байна хэмээн тус зээл авах ажлыг бүтээхээр хөөцөлдөөд явж байсан.

Тухайн байгуулсан нөхөрлөлийн дарга Л.Д гэх хүн надтай утсаар холбогдоод “Б төлөөлөгчөө би Улаанбаатар хотод байна. Манай багийн 20 хүн нэгдэж нөхөрлөл байгуулсан юм. Тэгээд тус нөхөрлөлийн нэр дээр Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас зээл авахаар боллоо. Гэвч зээл авахад нэг компанийн төлөөлөл гарын үсэг зурах ёстой юм байна, надад компани олдохгүй байна, та манай багийн иргэдийн төлөөлөгчийн хувьд биднийг дэмжиж тусална уу” гэж гуйсан. Тэгээд компанийн гарын үсэг, тамга хэрэгтэй гэсэн учраас би сонгогдсон багийн иргэдийнхээ амьдралыг дэмжие гэсэн зорилгоор өөрийн охин А.Хд итгэмжлэл хийлгээд, компанийн тамгаа өгч явуулаад тухайн итгэмжлэл дээр нь гарын үсэг зуруулсан. Миний хувьд уг зээлийг нэн ядуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгогдож байгаа бөгөөд төслийнхөө үр шимээр зээлээ эргэн төлөх боломжтой гэж ойлгосон.

Нэн ядуу иргэд зээл авч, чацарганы мод тариад 4 жилийн дотор жимс авч, үр шимийг нь хүртэх боломжтой. Гэтэл  хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас тус зээлийг 2 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосон нь зээлийн эргэн төлөгдөх боломжийг судлаагүй, судалгаа муутай буюу ямар ч уялдаагүй, төслийнхөө үр шимээр зээлээ эргэн төлөх боломжгүй зээлийг нэн ядуу иргэдэд олгосон гэж үзэж байна. 

Төслийн мөнгө нь Ч.Э.Н.Н” нөхөрлөлийн дансанд орж, тус нөхөрлөлийн гишүүд худаг ухуулах, мод худалдан авах зэрэг тодорхой байдлаар зарцуулсан байна. Би саяхан жимс тарьсан газарт очиж үзэхэд мод нь 2-3 метр өндөртэй сайхан ургаад явж байна. Иймд тус нөхөрлөлийн гишүүд мод нь бүрэн ургаж, ургацаа өгч эхэлмэгц зээлийн эргэн төлөлтөө хийж эхлэх боломжтой гэж харж байна.

Гэтэл ХХҮЕГ манай компаниас 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг нэхэмжилж байна. Би уг төслийн мөнгөнөөс нэг төгрөг ч авч хэрэглээгүй хэрнээ яаж төлөх юм бэ? Төрөөс уялдаа холбоогүй төсөл өгсний улмаас манай компани төлбөрт унах хэцүү байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХЗЕГ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

          Нэхэмжлэгч тал анх шүүхэд зээлдэгч Ч.Э.Н нөхөрлөл болон батлан даагч Д.А, А.Х нараас үндсэн зээл болон хугацаа хэтрүүлсний алданги нийт 156.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ч.Э.Н нөхөрлөлөөс үндсэн зээл болон хугацаа хэтрүүлсний алданги нийт 156.500.000 төгрөгийг гаргуулж, зээлдэгч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа дэмжиж оролцсон байх ба шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсэг буюу Ч.Э.Н нөхөрлөлөөс зээл болон алданги нийт 156.500.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.   

Нэхэмжлэгч ххүег болон хариуцагч Ч.Э.Н БГБХ нөхөрлөлийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлж, санхүүжилт 150.000.000 төгрөгийг зээлдэгчид 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн, зээлдэгч тал зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргээ зөрчсөн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг Ч.Э.Н БГБХ нөхөрлөл / РД:...../ -өөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.  

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу  зээлдэгч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд батлан даагч иргэн Д.А, А.Х нар болон батлан даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. 

Зээлдэгч, зээлдүүлэгч талын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-т “Тухайн аж ахуйн нэгж, иргэн нь төсөл хэрэгжүүлээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг хариуцах иргэний батлан даагч болон хариуцах иргэнтэй байна”, гэрээний 4.7-т: Батлан даагч нь гэрээ байгуулах үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр батлан даах ба гэрчилгээ, харилцагч банкны тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлсэн байна” гэж тус тус заасан байх боловч дээрх шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдийг батлан даагчаар  гэрээнд оролцуулсон болохоо нэхэмжлэгч тал хэрэгт нотлох баримтаар нотлоогүй байна.  

Талууд зээлийн гэрээний батлан даагчаар иргэн, хуулийн этгээд оролцуулахаар тохиролцсон бол тухайн  батлан даагч нь гэрээний 4.7-д заасан  шаардлага хангасан эсэхийг тодруулж, нотлох баримтуудыг гэрээнд хавсаргаж, батлан даагчийн хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээг гэрээнд тодорхой тусгах нь батлан даалтын гэрээнд тавигдах гол нөхцөл, шаардлага болно.

ХХҮЕГ болон хариуцагч Ч.Э.Н нөхөрлөлийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч Д.А, А.Х нар болон т.у ХХК нь батлан даагчийн үүрэг хүлээсэн гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй. Тухайлбал, гэрээнд батлан даагчаар хувь хүн, хуулийн этгээдийн аль нь оролцож байгаа, хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөх эрхтэй этгээд хэн болох, хуулийн этгээдийн харилцах данс, хөрөнгийн талаарх мэдээлэл болон тухайн гэрээнд батлан даах мөнгөн хөрөнгийн хэмжээ болон үл хөдлөх хөрөнгийн  нэр, төрөл зэрэг тодорхой тусгагдах ёстой ба энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.   

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т: “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын хэмжээг батлан даалтын гэрээнд заана. Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд энэхүү хуулийн шаардлага хангасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч талын давж заалдах  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан:  Т.У ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Д.А тул түүний өөрийн бүрэн эрхийн хүрээнд олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х гэрээнд гарын үсэг зурсан. Иймд батлан даагч нь Т.У ХХК юм.  Анхан шатны шүүх гэрээний 4.8-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хариуцагч буюу батлан даагч Т.У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “итгэмжлэлд А.Х гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй” гэж маргаснаас бус батлан даагч нь Д.А, эсхүл Т.У ХХК гэж маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол, тайлбарыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

Хэрэгт авагдсан, Т.У ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Аын олгосон итгэмжлэлийн хүрээнд тухайн компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах, тамга дарах эрх А.Хд шилжсэн, мөн гэрээний батлан даагч хэсэгт А.Х гарын үсэг зурсан байх боловч хуулийн этгээдийн тамга дарагдаагүй, мөн батлан даалтын гэрээнд тавигдах хуульд заасан нөхцөл, шаардлага  хангагдаагүй байх тул Т.У ХХК зээлийн батлан даагчаар оролцсон буюу батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн зээлдэгч, зээлдүүлэгч талын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний 4.8-т “батлан даагч нь Д овогтой А, итгэмжлэгдсэн охин А овогтой Х нь Т.У ХХК ашигт малтмал ашиглах, дулаан үйлдвэртэй, ..... регистрийн дугаар үл хөдлөх хөрөнгөөр батлан даана” гэж  батлан даагчаар хувь хүн Д.А, А.Х нарыг нэрлэн  заасан байх  ба иргэний хувьд батлан даагчаар оролцохоор бол мөн Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.4 болон гэрээний 4.7-т заасан нөхцөл, шаардлагыг тус тус хангасан байхыг шаардана.

 Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.А,  А.Х нарыг нэрлэн заасан байх ба тэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэхээр  Е.Бд итгэмжлэл олгосны дагуу тэрээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул нэхэмжлэгчийг Т.У ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн Е.Бг Т.У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

            Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  940.450 /есөн зуун дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна .   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХҮЕГ-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж  940.450 /есөн зуун дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй .

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Л.АЛТАН