2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00460

 

 

2025 06 12

193/ШШ2025/00460

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,*******,*******ын ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,062,428.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,062,428.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ .. Лхамжав овогт 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр *******тай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа бол 2026 оны 12 дугаар сард дуусахаар гэрээнд заасан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн. Зээл авснаас хойш ганц удаа зээлийг хугацаанд нь төлсөн. Мөн гэрээг цуцлах тухай удаа дараа урьдчилан утсаар мэдэгдсэн. Утсаар ярих үед үргэлж ажилгүй байгаа төлбөрийг төлөх боломжгүй байна гэж хариуцагч хэлдэг байсан учраас манай байгууллага зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт бол үндсэн зээлийн төлбөр 7,831,083.58 төгрөгийг зээлийн хүүд 228,288.24, нэмэгдүүлсэн хүүд 3056.41 төгрөг нийт 8,062,428,23 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргаж маргасан. Нэхэмжлэгч *******ны зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ямар хугацаанд хэтрүүлбэл нэг талын санаачилгаар буюу зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлах нөхцөлөө заагаагүй атлаа гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуульд нийцээгүй. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дижитал зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт зээлдэгч эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийг дараах өдрөөс өмнө эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг дуусахаас өмнө гэрээг цуцалсан атлаа зээлийн гэрээний үндсэн хугацаанд 3,477.9 төгрөгийг зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүүд тооцож төлсөн. Нэхэмжлэгчээс 3056.40 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд авахаар шаардаж шаардлага гаргаснаас гадна нэмэгдүүлсэн хүү, гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байтал гэрээг цуцалж нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь үндэслэлгүй үзэж байна.

Хариуцагчийн хувьд Монгол улсын нэрийн өмнөөс дэлхийн тэмцээнд хүндийн өргөлтийн төрөлд оролцдог, байнгын бэлтгэлтэй байдгийн улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй тул сүүлийн 3 сарын төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, уг зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа, одоогоор шатахуун түгээх станцад ажилд орсон эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлөөд явах бүрэн боломжтой гэж үндэслэлээ тайлбарласан.

4. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Л.той 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дижитал зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 10,000,000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч Л. нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох төгрөгийг зээлдэгч тоот дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, дижитал зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн R001506465 дугаартай Банкны бүтээгдэхүүний ерөнхий гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 9,10, 12-, 14-19 /

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа *******, Л. нарын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Хариуцагч Л. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 10,000,000 төгрөгийн зээлийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 30-нд үндсэн төлбөр, хүү нийт 431,297 төгрөгийг сар бүр төлөхөөр байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 7,831,083.58 төгрөг, хүү 228,288.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,056.41 төгрөг нийт 8,062,428.23 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

Хариуцагч буюу зээлдэгч Л. нь зээлийн эргэн төлөлтөнд 2024 оны 7 дугаар сарын 30-нд 408,283.85 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-нд 260,223.38 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-нд 42,971.98 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-нд 221,892.65 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-нд 274,294.40 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-нд 152,744.10 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 19-нд 120,947.69 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 19-нд 687,558.37 төгрөгийг зээлийг төлжээ. /хх 9 /

Хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байх боловч энэ нь ялимгүй зөрчил тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулна гэж маргасан.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

Хариуцагч Л. нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч 2024 оны 12 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь хүү тооцооллын хүснэгт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний 6.5.5-д харилцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсхүл биелүүлэхээс татгалзсан бол 6.2.2-т зааснаар энэ гэрээний 6.5-д заасан нөхцөл байдал бий болсноос хойш харилцагч нь тухайн нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ аваагүй бол банк нь энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болно гэж зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч Л.той байгуулсан зээлийн гэрээг цуцалж , зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нь үндэслэлтэй.

******* ХК, Л. нарын хооронд байгуулсан дижитал зээлийн гэрээний 2.9-д зээлдэгч нь эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасантай нийцсэн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалсан байна. Нэхэмжлэгч ******* ХК-иас хариуцагчид зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөхийг удаа дараа утсаар ярьж мэдэгдэж байсан гэж тайлбарлаж, хариуцагчаас маргаагүй бөгөөд эргэн төлөх хуваарийг 3 сар зөрчсөн болохоо зөвшөөрсөн.

2025 оны 4 дүгээр сарын 18-ны байдлаар хариуцагч нь зээл, зээлийн хүүд нийт 3,881,677.95 төгрөг төлөхөөс 2,168,916.42 төгрөгийг үндсэн зээл, хүүнд төлж, 594,855.89 төгрөгийн зээл, зээлийн хүүг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь хүү тооцооллын хүснэгт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч үндсэн зээл 10,000,000 төгрөгөөс 2,168,916.42 төгрөгийг төлсөн, үндсэн хүү 1,346,193.88 төгрөгөөс 1,117,905.64 төгрөгийг төлсөн, нэмэгдүүлсэн хүү 6,534.35 төгрөг үүнээс 3,477.94 төгрөг төлсөн байна.

Иймд үндсэн зээлийн төлбөр 7,831,083.58 төгрөгийг зээлийн хүүд 228,288.24, нэмэгдүүлсэн хүүд 3056.41 төгрөг нийт 8,062,428,23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143,949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .1, 759.2- д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Л.оос 8,062,428,23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.оос 143,949 төгрөг гаргуулан ******* ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА