| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2328000230099 |
| Дугаар | 2024/ДШМ/03 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/03
Д.Батпаламд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнхдөл,
Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй, хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Мөнхдөлийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Батпаламд холбогдох 2328000230099 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Батпалам нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "ЕАИ" ХХК-ийн уурхайн кемп дээр иргэн Д.Чинболдтой маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Д.Батпаламын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батпаламын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,
Шүүгдэгч Д.Батпаламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөрт нь ойр дотны хүний нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Батпаламыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Батпалам нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батпалам нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Д.Батпаламд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 6 см, нийт хэмжээ 15.5 см урттай олон үйлдэлт тонгорог хутга 1 ширхэг, ханцуйгүй цагаан өнгийн урд талдаа РRADA гэх латин үсэгтэй баруун гарын суганы доод хэсэгт 3 удаагийн зүсэгдсэн ул мөртэй цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн, захгүй, урт ханцуйтай зүүн суганы доод хэсэгт 4 удаагийн зүсэгдсэн ул мөртэй энгэр хэсэгтээ 2 товчтой цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батпаламд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
...Прокуророос шүүгдэгч Д.Батпаламыг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “ЕАИ” ХХК-ний уурхайн кемп дээр иргэн Д.Чинболдтой маргалдан, улмаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоосон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Батпаламын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргээр үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Д.Батпаламд холбогдох хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэмт үйлдлийн шинж байдал, гэмт хэрэг гарах үеийн хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, шүүгдэгчийн гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, шүүгдэгчийн зүгээс үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугийн хэлбэр зэрэг нь эрүүгийн эрх зүй дэх “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголтын шалгуур шинжийг хангахгүй байна.
Тодруулбал: “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, огцом хөдөлсөн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол, балмагдал зэргээс шалтгаалан хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог бөгөөд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг болон “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь гэмт хэргийн объект, объектив тал, субъектив талаараа ижил боловч субъектив талын нэмэгдэл шинжээрээ ялгагдана.
Өөрөөр хэлбэл, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээдийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхаас гадна түүний гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдлаар ялгагдах бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч Д.Чинболдын зүй бус үйлдэл, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсний улмаас шүүгдэгч Д.Батпаламын сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Батпалам нь тухайн цаг хугацаанд согтуугаар хохирогч Д.Чинболдтой “...ачаагаа буулга гэсэн шаардлага тавьж, ...чи авчирсан хүн, чи буулгах ёстой” гэх асуудлаар маргасан болох нь тогтоогддог бөгөөд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү чиглэсэн сэтгэл санаа бие, махбодын хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй.
Хэрэгт цугларсан хохирогч Д.Чинболдын: “...Батпалам нь намайг “чи ямар том пизда вэ” гээд ороод ирсэн. ...нэг залуу дундуур орж ирээд Батпалам ахыг гараач гээд түлхээд дундуур орж ирээд байж байхад Батпалам тухайн залуугийн суга доогуур нь орж ирээд зүүн гарын доод хэсгээр цохих шиг болсон. ...намайг их хурдан 3 удаа цохих шиг болсон чинь 3 удаа хутгалсан байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 23- 34-р хуудас/
Гэрч Д.Баатарын: “...Батпалам Уламбаярын гэр рүү шагайгаад та нар муусайнууд хаана ирчхээд юу гээд байгаа юм, хоолойг чинь хэрчинэ гэж харааж занаад байсан. ...Тэгээд удалгүй дахиад орилолдоод эхэлсэн. Тэгээд би гараад хартал Энхтүвшин Батпаламыг дарчихсан, Уламбаяр нь Батпаламыг өшиглөх, гартаа байсан гялгар төмрөөр цохих зэрэг үйлдлүүдийг хийж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-39-р хуудас/
Гэрч Т.Энхтүвшингийн: “...гараад хартал шинэ жолооч, Палам хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. ...Тэгээд Палам хоёулаа гараад үзье гэхээр нь би Паламыг түлхээд гаргатал буцаж орж ирэх гээд тэр шинэ жолооч бас гарах гээд байхаар нь та хоёр боль гээд хэлтэл тэр 2 хоорондоо цохилцох шиг болсон. ....дотроос хутгалчихлаа ш дээ гээд орилохоор нь Палам руу хартал гарт нь жижиг хутга байсан. ...Палам согтуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-43, 62-64-р хуудас/
Гэрч Г.Дамдинбазарын: “...Палам ах шинэ ирсэн автобусны жолоочийг хутгалчихлаа гээд байсан. ...Палам ах бол согтуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44- 47-р хуудас/
Гэрч Б.Өлзийнарангийн: “...Палам ах автобусны жолоочтой энэ хаалгаа онгойлго доо гээд маргалдаад байсан. ...Энхтүвшин гэх залуу Палам ахыг цааш нь түлхээд холдуултал шинэ жолооч намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-51, 74-75-р хуудас/
Гэрч У.Уламбаярын: “...Энхтүвшин Палам ах та одоо орж амар амар гээд түлхтэл шинэ жолооч Чинболдын зүүн суган дээр сэжээд хаясан. Тэгээд Чинболд хутгалчихлаа ш дээ намайг гэж орилоход Энхтүвшин Паламыг түлхэж гаргаад хутгыг нь авах гээд дийлээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-55, 65-69-р хуудас/
Гэрч Д.Балдандоржийн: “...Наад муу хоёрыг чинь шөнө унтаж байхад нь хоолойг нь хэрчинэ ээ гээд орилсон. Тэгээд тэр хутгалсан залуу гэр рүү орж ирээд элдэв үгээр хэлээд байхаар нь бид 2 босоод уулзсан. Тэгээд манай найз Чинболд тэр хутгалсан залуу 2 гэрийн хаалганы наана цаанаас маргалдаад байж байхад дундуур нь нэг орж ирээд манай найзын суга руу цохих шиг болсон. ...Батпалам хотоос ирсэн 2 гөлгийг хутгалж ална гээд гэрийн гадуур орилоод яваад байсан. ...Ачаа тээш буулгахаас болж хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59, 71-72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Батпалам нь “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь хохирогчтой ачаа буулгах асуудлаас болж марган, улмаар хоолойг нь хэрчинэ, хутгалж ална гэх зэргээр заналхийлж, санаатай үйлдлээр, иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл хохирол учруулах гэмт хэргийг, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдач нөхцөл болох “Ойр дотны хүн” гэдэгт гэмт этгээдийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг, эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг, “Хүндээр доромжлогдсон” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг, “Хохирогчийн зүй бус үйлдэл” гэдэгт гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хүндээр доромжлох, эрхшээл дарамтад байлгахаас бусад хууль бус үйлдлийг тус тус ойлгоно.
Хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудаст авагдсан хохирогч Д.Чинболдын: “...,би та ямар сонин юм бэ. Өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй болчхоод байж байхад энд архи уугаад агсам тавиад байж байх юм гэхэд Батпалам гэрээс гараад явсан. ...Манай эхнэр хөхний хорт хавдартай учраас хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг. Ах нь хүүхэдгүй хүн байгаа юм гэж хэлж байсан....” гэх, Мөн хэргийн 37-39 дүгээр хуудаст авагдсан гэрч Д.Баатарын: “...Чинболд гэрээс нэг удаа гарч ирж юу гээд байгаа хөгшин банди вэ гэж хэлэхэд гэр дотор байсан хүмүүс цааш нь татаад авсан...” гэх мэдүүлгүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгааныг нотолж буй боловч эдгээр нь шүүгдэгчийн хувьд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл болохыг нотлохгүй, мөн улмаар сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаныг нотолсон баримт болохгүй юм.
Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт нөхцөлгүйгээр хуульчилсан.
Шүүгдэгч Д.Батпалам нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд: “....сувай эхнэрээ хараад гэртээ хэвтэж байхгүй гээд уурласан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд Энхтүвшин намайг орон дээр дараад хэвтэж байсан...” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтаар дээрх мэдүүлэг нь нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон хойно хохирогч, шүүгдэгч нарын биеэ авч явсан байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа зэрэг хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдол бүхий шинж байдлыг зөв дүгнэж чадаагүйгээс хэргийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн ба шүүх хэргийн хүрээнд нотлогдоогүй үйл баримтыг тогтоож, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж дүгнэж байна.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...”, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан. Чинболдын биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн уушги гэмтсэн хутгалагдсан шарх, цээжний зүүн хананд хөндий рүү нэвтрээгүй 2 ширхэг, зүүн бугалганд зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн. Цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтсэн, хутгалагдсан гэмтлийн улмаас цээжний хөндийд цус хуралт үүсэн хүндэрсэн. Тухайн гэмтлийг иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан эдгээр баримтаар шүүгдэгч нь тухайн үед хүрэн өнгийн бариултай ажлын хэсэг нь 6 см урттай, нийт урт нь 15.5 см урттай олом үйлдэлтэй тонгорог хутга, хохирогчийн хувцас буюу цагаан өнгийн урд талдаа парада гэсэн бичигтэй, баруун гарын суганы доод хэсэгт 3 удаагийн зүсэгдсэн ул мөртэй, цус мэт зүйлээр бохирлогдсон цамц хураагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг. Хүндрүүлэх нөхцөл нь 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Хэргийн үйл баримтаар тухайн өдөр шүүгдэгч Д.Батпалам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн гэмт хэрэг үйлдэх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэмт хэрэг гарсан шалтгаан нь ачаа буулгах, буулгахгүй гэх асуудлаар иргэн Чинболдтой маргалдсан. Чи ачсан юм бол чи өөрөө буулга гэдэг асуудлаар маргалдсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тодорхой тогтоогдож байгаа.
Мөн дээр нь энэ тухайн нөхцөл байдлаас шалтгаалан Д.Батпалам нь өөрт байсан хутгаа ашиглахад тухайн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хамт байсан гэрчүүд хааж хориглосон боловч 3 удаагийн хутгалагдсан шарх үүсcэн байгаагаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч 1 удаа мэдүүлэг өгөхдөө би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг байдлаар мэдүүлсэн.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор нотлох баримт цуглуулахад эхнэр нь хорт хавдрын улмаас эмчлэгдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдож дахин хохирогчоос мэдүүлэг авахад өвчтэй эхнэрээ харахгүй гэдэг асуудлыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж ирсэн.
Анхан шатны шүүхээс Д.Батпаламын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэдгээр үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.
Шүүгдэгч Д.Батпаламд холбогдох хэрэгт цугларсан шүүгдэгчийн үйлдэл шинж байдлыг тодруулж байгаа нотлох баримтуудаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шалгуур шинж хангагдаагүй.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа огцом хөдөлсөн байдал, гэнэтийн цочрол балмагдал зэргээс шалтгаалан хүний сэтгэл зүйн хэвийн үйл ажиллагаа алдагдаж оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгцлэх боломжгүй нөхцөл байдлыг ойлгохоор хуульчилсан.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргүүд нь объектив ба субьектив талаараа ижил боловч субъектийн хувьд нэмэгдэл шинжээрээ энэ хоёр гэмт хэрэг ялгагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл гэм буруугийн хэлбэр нь санаатай, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхаас гадна тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн сэтгэл санааны байдлаар ялгагдах бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж хоромхон зуур сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж ойлгохоор байгаа. Тухайн хэргийн үйл баримтад Д.Батпаламын сэтгэц ямар нэгэн байдлаар цочролд автсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх асуудлууд байдаггүй. Зөвхөн ажил хэргийн шугамаар буюу ачаа буулгах асуудлаас болж маргалдсан. Улмаар энэ маргааны улмаас ална гэж ирж агсан тавьсан асуудал байсан, таслан зогсоох гэсэн боловч тухайн хүний суган доогуур бултаж 3 удаа хутгалсан, та нарыг дуусгана, гүйцээнэ гэсэн нөхцөл байдал байсныг тухайн цаг хугацаанд байсан гэрчүүд мэдүүлсэн байдаг. Жишээ нь хохирогч Чинболдын Д.Батпалам намайг чи ямар том гар вэ гэж орилоод ороод ирсэн. Тэгээд нэг залуу Д.Батпалам ахыг гаргаач гээд түлхэж урдуур нь орж ирэхэд Д.Батпалам тухайн залуугийн суган доогуур орж ирээд зүүн гарын доод хэсэгт цохих шиг болсон. Намайг хурдан хугацаанд 3 удаа цохих шиг болсон. Тэгтэл намайг 3 удаа хутгалсан байсан гэсэн хохирогчийн мэдүүлэг хавтаст хэргийн 23 дугаар хуудаснаас 34 дүгээр хуудсанд авагдсан.
Гэрч Баатарын Д.Батпалам нь Уламбаярын гэр рүү шагайгаад та нар муусайнууд хаана ирчихээд юу гээд байгаа юм бэ, хоолойг чинь хэрчинэ гэж харааж занаад байсан. Тэгээд удалгүй дахиад орилолдоод эхэлсэн. Тэгээд би гараад хартал Энхтүвшин Д.Батпаламыг дарчихсан, Уламбаяр Д.Батпаламыг өшиглөх, гартаа байсан гялгар төмрөөр цохих үйлдлийг хийж байсан гэх мэдүүлэг хавтаст хэргийн 35 дугаар хуудаснаас 39 дүгээр хуудсанд авагдсан.
Мөн гэрч Энхтүвшин гараад хартал шинэ жолооч Д.Батпалам хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд Д.Батпалам хоёулаа гараад үзье гээд байхаар нь би Д.Батпаламыг түлхээд гаргахад буцаж орж ирээд шинэ жолоочийг гаргах гээд байхаар нь та нар боль гэж хэлэхэд хоорондоо цохилцох шиг болсон. Дотроос хутгалчихлаа шүү дээ гээд орилохоор нь ортол Д.Батпаламын гарт жижиг хутга байсан. Д.Батпалам согтуу байсан гэх мэдүүлэг хавтаст хэргийн 40 дүгээр хуудаснаас 43 дугаар хуудас, 62 дугаар хуудаснаас 64 дүгээр хуудсанд авагдсан.
Гэрч Дамдинбазарын Д.Батпалам ах шинэ ирсэн автобусны жолоочийг хутгалчихлаа шүү дээ гээд байсан. Д.Батпалам ах согтуу байсан гэх мэдүүлэг хавтаст хэргийн 44 дүгээр хуудаснаас 47 дугаар хуудсанд авагдсан. Мөн гэрч Өлзийнарангын Д.Батпалам ах автобусны жолоочтой энэ хаалгаа онгойлго гээд маргалдаад байсан. Энхтүвшин гэх залуу Д.Батпалам ахыг цааш нь түлхэж холдуулсан. Шинэ жолооч намайг хутгалчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг 48 дугаар хуудаснаас 51 дүгээр хуудас, 74 дүгээр хуудаснаас 75 дугаар хуудсанд авагдсан.
Гэрч Уламбаярын Энхтүвшин ах та нар одоо орж амар гэж хэлээд түлхтэл Д.Батпалам Чинболдын суган дээр сэжээд тавьсан. Тэгээд Чинболд намайг хутгалчихлаа гэж орилоход Энхтүвшин Д.Батпаламыг түлхэж гаран дахь хутгыг нь авах гээд дийлээгүй гэх мэдүүлэг.
Мөн гэрч Балдандоржийн наад муу хоёрыг чинь шөнө унтаж байхад нь хоолойг нь хэрчинэ гээд орилсон. Тэгээд тэр хутгалсан залуу гэр рүүгээ орж ирээд элдэв үгээр хэлээд байхаар нь бид 2 босоод уулзсан. Тэгээд манай найз тэр хутгалсан залуу 2 гэрийн хаалганы наана цаана маргалдаад байж байхад дундуур нь орж ирээд манай найзын суга руу цохих шиг болсон. Д.Батпалам хотоос ирсэн 2 гөлгийг хутгалж ална гээд гэрийн урдуур орилоод яваад байсан гэх мэдүүлэг хавтаст хэргийн 56 дугаар хуудаснаас 59 дүгээр хуудсанд авагдсан.
Шүүгдэгч Д.Батпалам хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Харин шүүгдэгч нь хохирогчтой ачаа буулгах асуудлаас маргалдан улмаар хоолойг нь хэрчинэ, хутгалж ална гэх зэргээр заналхийлж санаатай үйлдлээр иртэй зүйлээр олон удаагийн үйлдлээр амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл үүсгэсэн байх боломжтой гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдач нөхцөл болох ойр дотны хүн гэдэгт гэмт этгээдийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, үрчилж авсан хүүхэд, ач, зээ зэрэг нь төрөл садан буюу ойрын хүнд хамаарна.
Хүндээр доромжилсон гэдэг нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндсэн зан заншил, уламжлал болсон тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгэвэр сонжворгүйгээр гутаасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Хохирогчийн хууль бус үйлдэл гэдгийг гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хүч хэрэглэх, хүчирхийлэхээр заналхийлэх, хүндээр доромжлон эрхшээл дарамтад байлгах үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн харилцаа, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа хохирогч, шүүгдэгчийн нарын биеэ авч яваа байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг анхаарч үзэлгүй үндэслэлгүйгээр зүйлчилж дүгнэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батпаламд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Д.Батпаламыг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "ЕАИ" ХХК-ийн уурхайн кемп дээр иргэн Д.Чинболдтой маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батпаламын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Батпаламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөрт нь ойр дотны хүний нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Батпаламыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Батпалам нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад “...Хохирогч Д.Чинболд, Д.Батпалам нар нь 4-5 жилийн хугацаанд бие биенээ таньж мэддэг, хуурай ах, дүүсийн харилцаатай талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх ба хохирогч нь шүүгдэгчийн гэр бүлийн байдлын талаар болон ахуй амьдралын байдлыг мэддэг, түүнчлэн шүүгдэгч Д.Батпаламын эхнэр хөхний хорт хавдартайн улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй, өвчний учир эмчилгээ, асаргаатай байдаг талаар мэдэж байсан тул гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгчийн дээрх эмзэг байдлыг өдөөн хатгаж, эхнэрийнх нь эрүүл мэндийн байдал, өөрийнх нь үр хүүхэдгүй байдлын талаар хүндээр доромжилсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. ...Иймд шүүгдэгч Д.Батпаламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрт нь ойр дотны хүний нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Хяналтын прокурор Б.Мөнхдөл нь “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон хойно хохирогч, шүүгдэгч нарын биеэ авч явсан байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа зэрэг хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдол бүхий шинж байдлыг зөв дүгнэж чадаагүйгээс хэргийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн ба шүүх хэргийн хүрээнд нотлогдоогүй үйл баримтыг тогтоож, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...”, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батпаламд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шийгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Д.Батпаламд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч Д.Батпаламд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/121дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Батпаламд холбогдох 2328000230099 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Батпаламд урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Л.УГТАХБАЯР