| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2025/0951/З |
| Дугаар | 128/ШШ2025/0531 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2025/0531
2025 07 29 128/ШШ2025/0531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “Т” ХХК /РД:/
Гомдол гаргагчийн төлөөлөгч: И.Г
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б
Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн , Н.Т
Гуравдагч этгээд: “П ” ХХК /РД:/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Н /ШТЭҮД-/
Гомдлын шаардлага: “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн , Н.Тын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1., Н.Т нь “Т” ХХК галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан гэж үзэж, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гомдлын шаардлага гаргасныг шүүх хүлээн авч бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, улмаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: ““Т” ХХК нь Б дүүргийн 1 дүгээр хороо, , хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 онд худалдан авсан. Ийнхүү худалдаж авсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгөд буюу барилгын хийц бүтээцэд ямарваа нэгэн өөрчлөлт хийгээгүй, анх авсан тэр байдлаар нь үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа болно.
“Т” ХХК нь оёдлын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн үйл ажиллагааг явуулахдаа галын аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлж байсан, галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг огтхон ч зөрчөөгүй.
Гэтэл тус объектод үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага буюу 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг CU дэлгүүр болон уг байрыг анх барьж, улсын комисст өгч ашиглалтад оруулсан хүн, хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаа, галын аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөнтэй холбоотойгоор манай компанийн өмчлөлийн объектод гал түймэр гарсан асуудлыг , Н.Т нь дутуу шалгаж, зохих хүн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулахгүйгээр “Т” ХХК-д шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог бөгөөд зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн буюу холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; өөрийгөө өмгөөлөх; мэдүүлэг өгөх; зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох; зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг хуульд заасан эрхийг эдлэх, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй байна.
“Т” ХХК-ийн захирал И.Ггийн зүгээс гал түймэртэй холбогдуулан анх дуудлага өгч уг түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулж өгөхийг хүсэж гомдол, мэдээлэл гаргасан, уг гал түймрийн улмаас хохирол амссан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зохих мэдүүлэг тайлбараа гаргаж, бичгээр санал хүсэлтийг байцаагчид гаргаж байсан атал уг тайлбар мэдүүлэг, санал хүсэлтийг дутуу шалгаж, улмаар дутуу бүрдсэн ажиллагааны материалд үндэслэн буруу шийдвэрийг гаргасан болно.
Иймд, ийн шийтгэлийн хуудас хууль бус бөгөөд “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн , Н.Тын 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
ийн № дугаар шийтгэлийн хуудсыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан бөгөөд шийтгэлийн хуудсанд дурдсанаар шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргаж байгаа болно.” гэжээ.
3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, Н.Т би, Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасны дагуу Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож тайлбар гаргаж байна. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б дүүргийн 1 дүгээр хороо, 34 дүгээр байр В2 тоотод иргэн И.Ггийн 172.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны угаалгын өрөөнд гал түймэр гарч шатсан гэх асуудалд зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Үүнд:
1.“Т ХХК” нь оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэргийн газрын үзлэг явуулахад тус угаалгын өрөөний хэсэг шатсан байсан ба тухайн хэсгээс 3 өөр төрлийн цахилгааны утсыг дээжид авч Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд хүргүүлж дүгнэлт гаргуулахад угаалгын өрөөний дотор хананд байрлаж байсан тухайн өрөөнд байх угаалгын автомат машиныг цахилгаан тэжээлээр хангаж байсан гэх цахилгааны залгуур нь хананд байрлаж байсан цахилгааны розеткатай наалдаж хайлсан нөхцөл байдал илэрсэн /шинжилгээнд ирүүлсэн 3 гэж тэмдэглэсэн цахилгаан дамжуулах утас, цахилгааны залгуурт байх /залгуурын нэмэлт газардуулгын шон/ зүйлд хайлж наалдсан байх зүйл нь хүлээн авагч буюу розетканы нэмэлт газардуулгын шон хүлээн авагч байна¹/
2.Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Дэлгэрийн 2023 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн дүгнэлтээр тухай угаалгын өрөөний цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй, гал түймрийн голомт нь тухайн угаалгын өрөөний хойд хэсэгт байна гэж дүгнэсэн байна.
, Н.Т би Т ХХК- д торгох шийтгэл оногдуулахдаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл 5.5 дахь заалтад гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана; мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэг Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ; 17.2.1 холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтыг томилох; 17.2.10 дах заалт галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулах; Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 1.2 дахь заалт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Галын аюулгүй байдлын хууль тогтоомж болон энэхүү дүрэм, галын аюулгүй байдлын норм, нормативын бусад баримт бичгийг дагаж мөрдөнө; 1.3 дахь заалт иргэн аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон энэхүү дүрэм, галын аюулгүй байдлын норм, нормативын бусад баримт бичгийг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ; 4 дүгээр зүйл Цахилгаан болон хийн тоног төхөөрөмж, зуух ашиглах үед баримтлах галын аюулгүй байдлын шаардлага 4.1 дэх заалт Цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглах үед дараах зүйлийг хориглоно: 4.11.7 дах заалт цахилгаан дамжуулах утсыг хадаасаар бэхлэх, хаалганы хавтасны завсраар гаргах, цахилгааны утас, унтраалгаас эд зүйл өлгөх; гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон.
Мөн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны зүгээс “С ******* *******” ХК нь бусдын өмчлөлөөр цахилгааны утас татсан байгаа нь Т ХХК-ны эрх ашгийг хөндсөн гэж үзэж 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тогтоол хүргүүлэхэд 2023 оны 08 дугаар сарын 24-ний 1/1549 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь шинжээчээр ажиллах ажилтан томилох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн; мөн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тогтоол хүргүүлэхэд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/2461 дугаартай албан бичгээр дүгнэлт гаргахаар татгалзсан хариу ирсэн тул хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн.
Эрх бүхий албан тушаалтны зүгээс иргэн И.Ггаас танай объектын 1 дүгээр давхарт байрлах С ******* ******* ХК нь цахилгааны 380 вольтын цахилгааны утсыг танай объектоор дамжуулан хэзээ татсаныг мэдэх үү гэж тодруулахад хэзээ цахилгааны утас татсаныг би мэдээгүй байсан гал түймэр гарсан гэх өдөр мэдсэн гэж мэдүүлэг өгсөн нь хэргийн нөхцөл байдлыг тодорхойгүй болгож байсан бөгөөд цахилгааны 380 вольтын кабелийг татахад Т ХХК-ийн оффист хүн байсан байж цахилгааны утсыг татсан нь тодорхой юм.
Иймд гал түймрийн улсын хяналт байцаагч, Н.Т би Т ХХК-ны 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
4.Гуравдагч этгээд “П ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Онцгой байдлын газрын ид холбогдох зөрчлийн хэргийг ханан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцож буй манай компанийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна
Нэхэмжлэлд дурдсан гал түймэртэй холбоотой гарсан галтай холбоотой зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, "Б дүүргийн 1 дүгээр хороо, ******* байрны гал түймэр гарсан гэх. сүлжээ дэлгүүрийн 380В цахилгаан дамжуулах утас манай таазаар явж байсан байна гэх" дуудлагуудын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, манай "С ******* *******" ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг мянган нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Үүнийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, "Нийслэлийн Онцгой байдлын газрын Н.Тын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0071483 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Уг зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчдийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12/123 дугаар дүгнэлтээр тус гал түймэр нь манай компанийн үйл ажиллагаанаас бус харин иргэн И.Ггийн буюу “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг тогтоосон. Уг дүгнэлттэй танилцаад “Т” ХХК-ийн захирал И.Г дахин шинжээч томилуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.1.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Гомдол гаргагч “Т” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч Н.Т нь Зөрчил шалан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн нөхцөл байдал болсон үйл явдалтай холбогдуулан “Т” ХХК, “П ” ХК гэх хоёр хуулийн этгээдийг холбогдогчоор татаж, шалгасан. Улмаар тухайн хоёр хуулийн этгээдэд шийтгэлийн хуудас оногдуулж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдэд гал түймрийн шалтгаан нөхцөлтэй холбоотой шийтгэлийн хуудас оногдуулаагүй гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийг Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.9, 4.10-т заасныг зөрчсөн гэж шийтгэлийн хуудсаар торгосон. Тухайн Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.9-т заасныг үзэхэд гал түймэртэй ямар ч хамааралгүй зөрчил гаргасан гэж гуравдагч этгээдийг торгосон гэж үзсэн. Гал түймрийн улсын байцаагчаас гал гарсан нөхцөл байдлыг шалгаж, тухайн илрүүлсэн зөрчилд хуульд заасан хариуцлага ногдуулах эрхтэй тул энэ эрхийн хүрээнд шийтгэл оногдуулсан байх. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.9-д механик гэмтэл учирч болох хэсэгт төмөр хоолой болон нэмэлт хамгаалалт хийнэ, 4.10-т цахилгааны шугам утсыг инженерийн шугам, утааны яндан, халуун усны хоолойтой зэрэгцүүлж, ил, далд байдлаар татаж ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж гуравдагч этгээдэд хариуцлага ногдуулсан. Тус шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрээр зөрчил бүрэн тогтоогдохгүй гэж үзэж гуравдагч этгээдэд оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тухайн шүүхийн шийдвэр нь өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Гал түймэртэй холбогдуулан, гал гарсан галын голомт, нөхцөл байдалтай холбогдуулан гомдол гаргагч “Т” ХХК-ийг Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.11-т цахилгаан тоног төхөөрөмж ашиглах үед дараахь зүйлийг хориглоно гэж заасныг үйлдсэн байна гэж үзэж заасан шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь хяналтын улсын байцаагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шинжээч томилон ажиллуулж, дүгнэлтийн хүрээнд шийдвэр гаргасан талаар хариу тайлбартаа дурдсан учир хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёрдугаарт гомдлын шаардлагын үндэслэлд хариуцагчийг ажиллагааг дутуу хийсэн гэж үздэг. Гэхдээ ямар ажиллагааг дутуу хийсэн талаар .тодорхой дурддаггүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гуравдагч этгээдийн цахилгааны шугам сүлжээний утсыг татахтай холбоотой зөрчил байгаа эсэхийг шинжээч томилуулахаар эрх бүхий албан тушаалтан нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандсан боловч шинжээч томилон ажиллуулах боломжгүй гэх хариуг ирүүлсэн байдаг. Тэгэхээр хариуцагч эрх бүхий албан тушаалтны зүгээс хуульд заасан боломжийн хүрээнд ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн. Гуравдагч этгээдтэй холбоотой асуудал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага нь үндэслэлгүй байна. Шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа ямар ажиллагааг хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгээгүй талаар тодорхой дурдаагүй байгаа гэдгийг харгалзан үзнэ үү. Тиймээс гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гомдол гаргагч “Т” ХХК-аас Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Н.Тад холбогдуулан “түүний гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2.Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.1.Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод зохих журмын дагуу мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч талаас байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх, харин хариуцагчийн хувьд гал унтраах ажиллагаатай байгаагаа тайлбарласан ч хурлыг хойшлуулах болон шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт, санал гаргаагүй, нөгөөтэйгүүр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэрэг маргааныг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
3.Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, Н.Т нь Б дүүргийн 1 дүгээр хороо, ******* байрны В2 тоотод гал түймэр гарсан гэх сүлжээ дэлгүүрийн 380В цахилгаан дамжуулах утас манай таазаар явж байсан байна гэх асуудлыг шалгаад “Т” ХХК нь галын аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гал гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
4.Хэргийн нөхцөл байдлын тухайд:
4.1.Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр байр В2 тоотод иргэн И.Ггийн үйлчилгээний зориулалттай байрны угаалгын өрөөнд гал түймэр гарч шатсан гэх бүртгэлийн 2023/54 дугаартай гомдлын дагуу шалгалт хийжээ.
4.2.Улмаар Б дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр байр В2 тоотод иргэн И.Ггийн үйлчилгээний зориулалттай байрны угаалгын өрөөнд гал түймэр гарч, бохирын хоолой цоорч, бараа материал усанд автаж хохирол үүссэн гэх асуудалд гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
4.3.Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б дүүргийн 1 дүгээр хороо, ******* байрны В2 тоотод гал түймэр гарсан байна гэх гомдол мэдээллийг иргэн И.Г өгсөн байх ба уг гомдол мэдээллийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 10 минутад хүлээн авсан талаар эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн /Зөрчлийн хэргийн 4 дэх тал/, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг 40 минутад гал гарсан газарт үзлэг хийсэн талаар мөн тэмдэглэл үйлдэж зургийг хавсаргасан /Зөрчлийн хэргийн 5-15 дахь тал/, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол, мэдээлэл гаргасан иргэн И.Ггаас гэрчийн мэдүүлэг авсан /Зөрчлийн хэргийн 18-20 дахь тал/, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөн иргэн И.Ггаас гэрчийн мэдүүлэг авсан /Зөрчлийн хэргийн 21-23 дахь тал/, хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн И.Ггаас мэдүүлэг авахаар өрөөнд 19 цаг 18 минутад эхэлж, түүний эрх, үүргийг тайлбарлан мэдүүлэг өгөхөд татгалзал зүйл байгаа эсэхийг тодруулахад “Миний хувьд өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Мэдүүлэг өгөхгүй” гэснээр мэдүүлгийг авах ажиллагааг 19 цаг 52 минутад дуусгасан /Зөрчлийн хэргийн 55-56 дахь тал/ нь гомдол гаргагч “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
5.Гомдол гаргагч “Т” ХХК-аас “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог бөгөөд зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн буюу холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; өөрийгөө өмгөөлөх; мэдүүлэг өгөх; зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох; зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг хуульд заасан эрхийг эдлэх, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй байна.
“Т” ХХК-ийн захирал И.Ггийн зүгээс гал түймэртэй холбогдуулан анх дуудлага өгч уг түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулж өгөхийг хүсэж гомдол, мэдээлэл гаргасан, уг гал түймрийн улмаас хохирол амссан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зохих мэдүүлэг тайлбараа гаргаж, бичгээр санал хүсэлтийг байцаагчид гаргаж байсан атал уг тайлбар мэдүүлэг, санал хүсэлтийг дутуу шалгаж, улмаар дутуу бүрдсэн ажиллагааны материалд үндэслэн буруу шийдвэрийг гаргасан ...” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлан маргаж байх ба
харин хариуцагчаас “...Тийм, розетка буюу цахилгаанаас угаалгын машиныг салаагүй тохиолдолд гал гарах боломжтой гэж шинжээч нар үзэж байгаа. Гал гарсан нөхцөл байдлыг зургаас үзэхэд розеткаас эхлээд дээшээ гурвалжин байдлаар хөө, тортог үүссэн байдаг. Гал түймэр дээрээсээ эхэлж гарсан бол тэр чигтээ тортог үүсэх байсан. Улмаар нэхэмжлэгч “Т” ХХК-д шийтгэл оногдуулсан. Мөн “С ******* *******” ХХК нь 380 вольтын цахилгааны утсаа тухайн объектоор татах ёсгүй байсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан.” гэж тайлбарлаж байна.
6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.“Холбогдогч дараахь эрхтэй:2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;”, 3.3 дугаар зүйлийн 2.“Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.”, 3.3 дугаар зүйлийн 4.“Өмгөөлөгч дараахь эрхтэй:4.1.холбогдогчтой ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих, тэмдэглэлд тусгуулах;”, 4.1 дүгээр зүйлийн 1.“Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” гэж тус тус хуульчлан тогтоожээ.
6.1.Гэтэл гомдол гаргагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ггийн гомдол, мэдээллээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-д дурдсанчлан түүнийг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авч байсан атлаа хэрэг бүртгэлтийн хугацаа дуусахаас өмнөх өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Гг гэнэт холбогдогчоор мэдүүлэг авахаар дуудан ирүүлж /бямба гарагийн 19 цаг 18 минутад/ эрх, үүргийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг тодруулсан байх бөгөөд И.Г нь “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байна, тайлбар өгөхгүй” гэсэн байтал түүний эрхийг эдлүүлэхгүйгээр мөн өдрөө № дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль бус байна гэж шүүх үзлээ.
6.2.Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд холбогдогчийн эрх зүйн байдлыг тодорхойлж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт түүний эрхийг нэрлэн заасан байх ба хууль зүйн туслалцаа авах, тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, цаашлаад мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Т” ХХК-ийн захирал И.Г нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болох бөгөөд өмгөөлөгч нь мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүхий л арга хэрэгслээр түүний эрхийг хангуулахаар хүсэлт, санал, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой атал хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Т” ХХК-ийн захирал И.Г нь өөрөө дуудлага, мэдээлэл өгч 2023 оны 7 сараас хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцсон хэдий ч холбогдогч болохынхоо хувьд нэг ч удаа тайлбар, хүсэлт, гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах гэх мэт эрхээ эдлээгүй, эдлэх цаг хугацааны боломж байгаагүй, амралтын өдөр үдшийн цагаар дуудаж тайлбар авах гэхэд нь өмгөөлөгч авъя гэсэн боловч эрх бүхий албан тушаалтан тэр өдрөө маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь түүний Үндсэн хууль бусад хуулиар эдлүүлэхээр тодорхойлсон эрхийг ноцтой зөрчсөн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрхийг хэрэгжүүлэн оролцсон байсан бол түүний гэм буруу, зөрчил үйлдсэн эсэх нь өөрөөр тогтоогдох боломжтой байсныг үгүйсгэх боломжгүй юм.
6.3.Харин гуравдагч этгээд “П *******” ХХК буюу “С******* ******* *******” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Э*******г 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тогтоож /Зөрчлийн хэргийн 71 дэх тал/, тухайн байгууллага нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа үйлчилгээ авсан, тайлбараа холбогдох баримтын хамт 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр гаргаж өгсөн /Зөрчлийн хэргийн 201-202 дахь тал/ гэх мэтээр холбогдогчийн эрхээ эдэлсэн, харин “Т” ХХК-ийн төлөөлөгчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үйл явцыг санаатайгаар удаашруулах, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт ирэхгүй байх гэх мэт өөрөөс шалтгаалсан нөхцөл байдлын улмаас эрхээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсонгүй.
6.4.Түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдол мэдээлэл гаргагч И.Ггийн гомдлоор эрх бүхий албан тушаалтан гал гарсан газарт очиж үзлэг хийсэн атлаа 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 10 минутад гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.“Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:2.4.зөрчлийн хэрэг нээх” гэж заасныг зөрчсөн, тодруулбал гомдол мэдээллийг 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр /баяр наадмын амралт таарсан тул дараагийн ажлын эхний өдөр/ гаргах ёстой байсан хэдий ч хугацаа хэтрүүлснээс зөрчлийн хэрэг үүсгэсэн огноо цаг хугацааны хувьд хойшилж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа өөрчлөгдснийг дурдах нь зүйтэй.
7.Шүүхээс хариуцагч эрх бүхий албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч буюу холбогдогчийн эрхийг эдлүүлээгүйгээс гомдол гаргагч хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн, “Т” ХХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2 дахь заалт, 3.3 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтуудыг тус тус баримтлан гомдол гаргагчаас Нийслэлийн Онцгой байдлын газрын Н.Тад холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн Н.Тын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” № дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА