Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 93

 

`

     

   

      

 

 

 

 

 

                                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Б-ын Д-д холбогдох эрүүгийн .............. тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадна Б.Ж-ийг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө таксинд явж байхад хохирогч ганцаараа гарч ирээд надтай маргалдаад байхаар нь машиндаа ороод суусан. Хэсэг хугацааны дараа хохирогч найзтайгаа гарч ирээд карманаасаа гараа гаргах гэхээр нь намайг цохих гэж байна бодоод цохисон. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн бодит хохирлыг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ж мэдүүлэхдээ:

  Б миний биед гэмтэл учруулснаас хойш эмнэлэгт  эргэж ирээгүй. Би эмнэлэгт байхдаа шүүгдэгч Б рүү залгаад эм тариа аваад ирээч гэхэд “Цайз захын ойролцоо явж байна” гэж хэлсэн боловч ирээгүй. Би шүүгдэгчтэй мөнгө төгрөг бага үедээ залгаж ярихад мөнгө төгрөг өгье гэж ярьж байгаагүй. Б 1 сар орчмын өмнөөс “эгч цалингийн зээл бүтэхээр уулзана” гэж хэлсэн боловч уулзаагүй. Миний биеийн байдал одоогоор толгой байнга өвддөг, нүдэнд оёдол тавьсан учраас оёдол нь таталддаг, хараа муу, дахин хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Эмч толгой, нүдний имрай зураг авахуул гэсэн боловч мөнгө төгрөг муу учраас эмчлүүлж чадахгүй байна. Би шүүгдэгч Бгээс 3.675.405 төгрөг нэхэмжилж байна. Хэрэг гарах үед миний хажууд Б ганцаараа байсан. Би халаасандаа гараа хийгээд зогсож байсан. Миний урдаас ирээд алаад өгнөө гээд цохисон гэв.

 

   Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Д-гийн өгсөн:

“... 2017 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө байнга хүн зөөдөг Эргэн дурсахуй баарны гадна хүн авахаар хүлээнгээ машинаасаа буугаад тамхилж байсан чинь үл таних залуу над дээр ирээд согтуурхаад онгироод байсан. Тэгэхээр нь би дуугүй л байсан. Тэгэж байгаад тэр залуу баар руугаа орчихсон. Тэгээд би гадна хүн олдохгүй хүлээгээд зогсож байсан чинь нөгөө залуу гарч ирээд ахиад над дээр ирээд миний урд шүлс цэрээ хаяад согтуурхаад олон юм яриад байхаар нь тухайн үед гэнэт уур хүрээд 1 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисонд тэр залуу хоошоо саваад унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ 

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ж-ийн өгсөн:

          “... Би 2017 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Иргэн дурсахуй баарны гадаа найз Дэлгэрсайхан, мөн Цээгий гэх залуугийн хамт байж байхад үл таних хүнд шалтгаангүй зодуулж биедээ гэмтэл аван ухаан алдан нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэгт 10 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед ухаан орж сэрсэн. ... баарнаас гараад шатаар бууж байхад шатны доор 2 залуу байснаа алаад өгнөө гэж орилж байснаа шууд намайг цохиж зодсон. ... Намайг нэг залуу нүүр хэсэг рүү хүчтэй гараараа цохисон ... Би зодуулсан асуудлаас үүдэж баруун нүдний нулимсны суваг тасарсан, баруун нүдний дотор, гадна зовхи тасарсан хагалгаанд орсон. Мөн толгойны зүүн хойд хэсэгт хагарсан, хамрын яс цууралттай байгаа. Одоогоор би нүдний хагалгаанд 2 удаа орсон. Хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа ... Би тухайн үед гадаа куртикгүй зогсож байсан. Намайг цохисоны улмаас би ухаан алдаж куртикаа баарнаас авч чадалгүй куртик, куртикан дотор байсан гар утас зэргийг алга болсон тул тус залуугаас нэхэмжилж байгаа ” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 40, 42, 44 дүгээр хуудас/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Х-ийн өгсөн:

          “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ах Ж Эргэн дурсахуй баарны гадна зодуулсан гэхээр нь Эргэн дурсахуй бааранд очиж хяналтын камерыг нь шүүж үзсэн чинь Жийг 1 залуу гараараа цохиж унагааж байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь тус бичлэгийг нь гар утсан дээрээ бичиж авсан. Жийг нэг л удаа цохиж зодсон байсан ба өөрөөр хэн нэгэн цохиж зодсон зүйл харагдаагүй тул зөвхөн цохиж байгаа хэсгийг бичиж Си ди дээр авч ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Дын өгсөн:

          “... 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрөөд найз Ж, Цээеэ нарын хамт Төмөр замд байдаг Эргэн дурсахуй нэртэй бааранд орсон. Бид 3 бааранд ороод 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан чинь Ж гадагшаа ганцаараа гарсан. Тэгээд удаад байхаар нь би араас нь гарсан чинь нэг танихгүй залуу Ж-ийг 1 удаа нүүр рүү нь гараараа цохиж тэгэхэд Ж унасан. Тэгэхээр нь би гүйж очоод цагдаа, эмнэлэгт дуудлага өгч, нөгөө залууг цагдаад бариулж Жийг эмнэлэгт хүргэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13243 тоот:

              1. Б.Ж-ийн биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний дээд, доод зовхинд урагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний  алимны салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зулайн хуйхны цус хуралт, дух, зүүн чамархай хуйх, зүүн бугалганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

 

            - Хохирогчийн хохирлын баримтууд /хх-н 10-33, 51, 85-88/,

            - Си ди-нд бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 37/,

            - Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си ди бичлэг болон,

 

Шүүгдэгч Б.Д-гийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Пгийн өгсөн:

“... Б бага насандаа яшли цэцэрлэгээр хүмүүжиж, гэр бүлээрээ Улаанбаатар хотод 2001 онд шилжин ирж Нийслэлийн 13 дугаар сургуульд элсэн суралцаж 9 дүгээр анги төгсөөд Монгол Солонгосын коллежид элсэн суралцаж автын механик мэргэжил эзэмшиж төгссөн ... Төлөв даруу, илүү дутуу зангүй ...” гэх мэдүүлэг /хх-н 50/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадна Б.Жийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний дээд, доод зовхинд урагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний  алимны салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зулайн хуйхны цус хуралт, дух, зүүн чамархай хуйх, зүүн бугалганд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Дгийн “...намайг цохих гэж байна бодоод цохисон. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг хүлээн зөвшөөрч байна ...”гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч хохирогч Б.Ж-ийн “... Хэрэг гарах үед миний хажууд Б ганцаараа байсан. Би халаасандаа гараа хийгээд зогсож байсан. Миний урдаас ирээд алаад өгнөө гээд цохисон гэв ...”гэх мэдүүлэг,

          мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Ж-ийн “...Намайг нэг залуу нүүр хэсэг рүү хүчтэй гараараа цохисон ... Би зодуулсан асуудлаас үүдэж баруун нүдний нулимсны суваг тасарсан, баруун нүдний дотор, гадна зовхи тасарсан хагалгаанд орсон ...” гэх,

          гэрч Б.Х-ийн “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ах Ж Эргэн дурсахуй баарны гадна зодуулсан гэхээр нь Эргэн дурсахуй бааранд очиж хяналтын камерыг нь шүүж үзсэн чинь Жийг 1 залуу гараараа цохиж унагааж байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь тус бичлэгийг нь гар утсан дээрээ бичиж авсан. Жийг нэг л удаа цохиж зодсон байсан ба өөрөөр хэн нэгэн цохиж зодсон зүйл харагдаагүй тул зөвхөн цохиж байгаа хэсгийг бичиж Си ди дээр авч ирсэн ...” гэх,

          гэрч Б.Д-ын “... 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой ... Ж гадагшаа ганцаараа гарсан. Тэгээд удаад байхаар нь би араас нь гарсан чинь нэг танихгүй залуу Жийг 1 удаа нүүр рүү нь гараараа цохиж тэгэхэд Ж унасан ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13243 тоот дүгнэлт, Си ди-нд бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Хохирогч Б.Ж-ийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлаг хангасан дараах хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 500,000 төгрөгийн баримт /хх11/+90,000 төгрөгийн баримт /хх12/+22,000 төгрөгийн баримт /хх13/+15,000 төгрөгийн баримт /хх14/+15,000 төгрөгийн баримт /хх15/+90,000 төгрөгийн баримт /хх17/+273,510 төгрөгийн баримт /18/+39,550 төгрөгийн баримт /хх19/+14,096 төгрөгийн баримт /хх21/+23,000 төгрөгийн баримт /хх22/+30,400 төгрөгийн баримт /хх23/+16,950 төгрөгийн баримт/хх25/+18,00 төгрөгийн баримт/хх26/+11,250 төгрөгийн баримт /хх27/+16,000 төгрөгийн баримт /хх28/+3,500 төгрөгийн баримт/хх29/+6000 төгрөгийн баримт/хх30/+1,400 төгрөгийн баримт /хх31/+711,250 төгрөгийн баримт /хх87/+113,000 төгрөгийн баримт /хх86/+987,600 төгрөгийн баримт /хх88/ нийт 2,997,506 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэмт хэргээс учирсан хохиролд тооцох боломжтой байна. Харин гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх огноо бүхий 264,000 төгрөгийн баримт /хх85/,гар утасны баталгааны хуудсан дээрх 500,000 төгрөгийн баримт зэргийг гэмт хэргийн хохиролд хамааралтай гэж үзэж тооцоолох хангалттай нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Иймд хохирогч Б.Ж-ийн гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Мөн шүүгдэгч Б.Д нь хохирогчид 800,000 төгрөг төлсөн байх тул нотлох баримтын шаардлага хангасан 2,997,506 төгрөгөөс хасч тооцон нийт 2,197,506 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жт олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дд торгох ял оногдуулсан болно.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.12, 36.13, 36.14, дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Б____н овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д-гийн торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Дгээс 2,197,506 /хоёр сая  нэг зуу ерөн долоон мянга таван зуун зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Жт олгож,

хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

                       

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ