| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2328000230099 |
| Дугаар | 2024/ДШМ/04 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/04
О.Анаржаргалд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Т.Солонго /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/146 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Анаржаргалд холбогдох 1829002740202 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Анаржаргал нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баянхөөврийн 1076 тоот хашаан дотор Д.Болорцагаантай үл ялих зүйлээр маргалдаж түлхэж унаган нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүд /11,12,21-р шүд/-ний сулрал, дээд уруулд цус хуралт үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь О.Анаржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч О.Анаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анаржаргалд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Анаржаргалд мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Анаржаргалаас 1 170 000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болорцагаанд олгож,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж гэмт хэргийн ойлголт шинжийн талаар тодорхой хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд л заагаагүй бол тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна.
Гэтэл тухайн үед болсон үйл явдалд дүгнэлт хийвэл О.Анаржаргал нь “Д.Болорцагааныг ээж Цэцэгмааг нь доромжилж, зодсон үйлдэлд нь уурлаж, ээжээсээ холдуулахаар түлхсэн үйл баримт л тогтоогддог” бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заагаагүй учир түүнд холбогдох хэргийг дээрх хуулийн агуулгад нийцүүлэн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Тодруулбал санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулах үйлдэл нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа үйлдэл”-ээр илрэх бөгөөд Д.Болорцагаан нь О.Анаржаргалын ээжийг савтай пивоор цохиж, янхан гичий гэх мэтээр зүй бусаар харааж доромжилсон болох нь гэрч Т.Цэцэгмаагийн танихгүй эмэгтэй хүн гартаа байсан пивоор нуруу хэсэгт шавхарсан тэгээд дараа нь намайг хараалын үгээр доромжилсон.
Тэнэг янхан гичий гэх мэтээр хараагаад байсан... энэ үйл явдал болох үед манай хүү Анаржаргал гэрээсээ гараад ирсэн. Тэгээд... яагаад ээжийг зодож дээрэлхээд хараалын үгээр доромжлоод байгаа юм гэхэд чи муу юу вэ гээд Анаржаргалын нүүр хэсэгт цохисон. Дараа нь Анаржаргал тухайн эмэгтэйг түлхэж унагасан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Болорцагааны "Би Цэцэгмаа гээд хүнтэй маргалдсан асуудал байгаа, яах вэ уурандаа хараалын үгээр доромжилсон асуудал байгаа намайг уучлаарай" гэсэн мэдүүлэг, гэрч О.Шинэжаргалын “...нөгөө эмэгтэй манай ээжийг гичий гэж дуудаад чи юу вэ гээд байсан. Тэгсэн чинь манай дүү Анаржаргал манай ээжийг яагаад гичий гээд байгаа юм чи өөрөө ч гэсэн ийм ээжгүй юу гэсэн" мэдүүлэг,
О.Анаржаргалын мэдүүлгүүдээр тус тус нотлогддог бөгөөд ийнхүү ойр дотнынх нь хүн болох ээжийг нь зодож. доромжилсон хууль бус үйлдлийн улмаас О.Анаржаргал Д.Болорцагааныг түлхэж, унагахдаа хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогддог. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг харьцуулан судалж, анхаарч үзэлгүй хэт яллах талыг барьж О.Анаржаргалыг гэмт буруутайд тооцсон нь учир дутагдалтай, шийдвэр үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээ төрөхөөр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл болон 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн шалгаж нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон. О.Анаржаргал ээжийнх нь нэр төр, биед халдсаны улмаас сэлгэл санаа нь цочрон давчдаж Д.Болорцагааны биед халдсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна.
Тухайн хэрэг учрал болсон 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр О.Анаржаргалын хийсэн бичлэг хэрэгт авагдсан. Энэ бичлэг болон гэрч нарын мэдүүлгээр Д.Болорцагаан нь О.Анаржаргалын эрүүл мэндэд халдсан гэх үйл явдал тогтоогдоогүй. Д.Болорцагаан гэдэг хүний хувийн байдлын хувьд өрх толгойлсон, 3 охинтой, 1975 онд төрсөн эмэгтэй хүн. О.Анаржаргал нь 20 настай залуу хүн.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар хуульчилсан. Үүний 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Анхан шатны шүүхээс О.Амаржаргалын үйлдэл санаатай гэмт хэрэг үү болгоомжгүй гэмт хэрэг үү гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд буюу хэргийн бодит байдалд нийцсэн байдлаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчмын талаар хуульчилсан. Үүний 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан.
Шүүх шударга байх ёстой. Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоохоор хуулийг хэрэглэдэг. Гэтэл анхан шатны шүүх Д.Болорцагаан гэх хүнд гэмтэл учирсан байна. Гэмтэл учирсан учраас энд хэн нэгэн хүн заавал буруутай байх ёстой гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэх нэг шалтгаан болж байна. Хэргийн хүрээнд тухайн үйл явдал болсон процессын хувьд О.Анаржаргал, Д.Болорцагаан хоёроос гадна 4 гэрч байдаг. Энэ 4 гэрчийн мэдүүлгүүдийг Д.Болорцагааны яриад байгаа үнэн үү, О.Амаржаргалын яриад байгаа үнэн үү гэдэг байдлаар харьцуулж шинжлэн судлах шаардлагатай.
Д.Болорцагаан 2 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Эхний мэдүүлэгтээ би согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан учраас болсон үйл явдлын талаар санахгүй байна гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэгтээ би Цэцэгмаа гэдэг хүнийг хэл амаар доромжилсон асуудал байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь О.Амаржаргалын мэдүүлгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл, О.Анаржаргалын ээжийг хүндээр доромжилсон үйлдлээ нотолж байна.
Д.Болорцагааны найз Өлзийсайхан гэх хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ хүн тухайн болсон үйл явдлыг харсан гэж мэдүүлдэг боловч Өлзийсайханы нөхөр гэх тухайн үед эрүүл байсан Баатарын мэдүүлгээр Өлзийсайханы мэдүүлэг няцаагддаг. Баатар мэдүүлэгтээ бид 2 маргалдаад, асуудал ярилцаад гэрт байсан учраас бид 2 гадаа болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлдэг. Гэтэл энэ нотлох баримтыг харьцуулалгүйгээр энэ хүн харсан байна уу? үгүй юу? Өлзийсайханы мэдүүлгийг 100 хувь үнэнд тооцох боломжтой эсэхийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Цэцэгмаа гэж хүн Д.Болорцагаан намайг хэл амаар доромжлоод савтай пивоор цохиод байсан үйлдэл гаргасан гэж мэдүүлсэн. Энэ нь О.Анаржаргалын мэдүүлгийг нотолдог. Шинэжаргал гэх хүн мэдүүлэхдээ Цэцэгмаа болон О.Анаржаргал нарын мэдүүлгийг нотолж мэдүүлдэг.
Монголын ёс заншил, Дээд шүүхийн тайлбарт хүний зан харилцааны тогтсон ёс заншлаас гажууд байдлаар бусдыг доромжилсон тохиолдолд хүндээр доромжилсон гэж үзэхээр тайлбарласан байдаг. Хэн нэг хүнийг янхан, гичий зэрэг элдэв үгээр хэлэх нь тогтсон ёс заншил, хэм хэмжээ биш учраас үүнийг хүндээр доромжилсон гэж үзнэ.
Хүүхдийг нь гараад ирэхэд ээжийг нь элдэв үгээр доромжлоод савтай пивоор цохиод байгаа согтуу эмэгтэйд хүлээцтэй хандах ёстой юу? тэр хүнийг ээжээсээ холдуулах ёстой юу гэдэг дээр ээжтэй хүн бүр нэг дүгнэлт хийх байх.
Тухайн нөхцөл байдлаас харахад ээжийгээ тэр хүнээс хамгаалах гээд та яагаад миний ээжийг доромжлоод, зодоод байгаа юм бэ гэхэд нь хохирогч Д.Болорцагаан гөлөг минь чи юу юм бэ гэх байдлаар мөн О.Анаржаргалыг цохисон үйлдлийг гаргадаг. О.Амаржаргал өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Тэгээд босож ирэхэд нь уруулаас нь цус гарчихсан байсан гэдгийг гэрч Цэцэгмаа болон О.Анаржаргал нар тодорхой мэдүүлдэг. Энэ үйлдэл нь санаатайгаар хохирол учруулаад байна уу эсвэл санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаад өөрийгөө болон ээжийгээ хамгаалах гэж үйлдсэн үйлдлээс болж учраад байна уу гэдгийг шүүх үнэн зөв тогтоож чадаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугүйд тооцох зарчим байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад үзэхэд хэрвээ эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульд тодорхой хуульчилчихсан. Гэтэл энэ эргэлзээтэй нөхцөл байдлууд байхад зөвхөн Д.Болорцагаан, Өлзийсайхан нарын мэдүүлгийг үнэнд тооцож хэргийг шийдвэрлэж О.Анаржаргалыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч О.Анаржаргал нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баянхөөврийн 1076 тоот хашаан дотор Д.Болорцагаантай үл ялих зүйлээр маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Д.Болорцагааны “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд гэрээсээ гараад ...Нараагийн гэрт очиж тэнд цай уугаад дээрээс нь 0.75 литрийн ерөөл архи нэгийг уугаад сууж байсан...хаалга тогшоод Өлзийсайханы нөхөр байна хаалгаа нээ гэсэн чинь нөгөө залуу босоод хаалгаа нээгээд бид 2 зөрөөд гартал бас нэг 20 орчим насны танихгүй залуу намайг түлхэж унагаад би босоод ирсэн чинь нөгөө залуу миний уруул хэсэг рүү нэг удаа цохиод авсан.
Миний урд, дээд талын 3 шүд унахад бэлэн хөдөлгөөн орсон уруулын дотор талд язарсан шарх гэмтэл үүссэн.”, “...Өсөхөөгийн дүү танихгүй эрэгтэй хүн миний биед халдаж зодсон. Сүүлд нэрийг нь мэдэхэд Анаржаргал гэж нэртэй байсан. Уг Анаржаргал нь намайг газарт түлхэж унагасан, би газарт унасан, намайг босоод ирэхэд миний ам хэсэгт гараараа нэг удаа цохисон.
Би О.Анаржаргал гэгчийн биед огт халдаж зодсон зүйл байхгүй. Би Улаанбаатар хотод очиж шүдэндээ эмчилгээ хийлгэхэд 1170000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын мөнгийг би барагдуулж аваагүй байгаа. Шүд хийлгэсэн мөнгөө эргүүлэн авмаар байна.”, ”... Би хэрэг болсны дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой Ханбогд сумын эрүүл мэндийн төвд очиж үзлэг хийлгэсэн эмчлүүлэгсдийн карт надад өөрт байгаа. Миний биед эмч Тогосмаа үзлэг хийсэн.
Би шүүх эмнэлэгт мөрдөгчийн тогтоолын дагуу өөрийн биеэр очиж үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон.
Шинжээч эмч миний шүдийг бээлийтэй гараараа тэмтэрч үзлэг хийсэн. Үзлэг хийж дуусаад 3 шүд хөдөлгөөнтэй байна гэсэн бусдаар хэд хэддүгээр шүд хөдөлгөөнтэй байна гэж хэлээгүй.
Улаанбаатар хотод “Арано” эмнэлэгт 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цаг аваад үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд үүдэн 3 шүд хөдөлгөөнтэй болсон байна, уруул хавдсан болохоор эмчилгээ хийхэд хэцүү, шүднүүдийг унагахгүй тулд барилт хийсэн гэсэн тайлбар хэлсэн.
Дуудлагын дагуу 2 цагдаагийн алба хаагч нар ирсэн, энгэр дээр байдаг нэрийг нь уншихад Ганзориг гэж нэртэй цагдаагийн алба хаагч байсан шиг санаж байна. Цагдаагийн алба хаагч намайг бусдад зодуулсны дараа ирсэн. Би тэгээд болсон үйл явдлыг тайлбарлаж хэлсэн. Миний шүд хөдөлсөн, уруул хавдчихлаа гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 5, 7, 77-р хуудас/,
Гэрч Т.Цэцэгмаагийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байсан. Үдээс хойш манай нөхөр Цэрэнноров гаднаас гэрт орж ирэхдээ хүү Шинэжаргалын гэрт нь 2 согтуу эмэгтэй пиво, архи бариад орж байгаа харагдлаа гэж надад хэлсэн.
...Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Шинэжаргалын гэрийн гадаа мотоциклтой хүн ирж байгаа чимээ гарсан. Удалгүй үдээ гээд дуугараад байсан. Цэрэнноров гэрээс гараад, хөөе үүд хаалгыг эвдлээ болиоч гэж хэлсэн.
Шинэжаргалын гэрийн үүдэнд танихгүй эрэгтэй хүн ганцаараа зогсож байгаа харагдсан. Би уг залууд хандаж үүд хаалгыг битгий эвдчих гээд хэлсэн. Би Шинэжаргалын гэрийг хаалгыг тогшиж нээлгэсэн.
Шинэжаргалын гэрт нь ороход танихгүй 2 эмэгтэй пиво уугаад сууж байсан. Би Шинэжаргалын гэрт нь орсны дараа хаалга тогшиж байсан танихгүй эрэгтэй миний араас орж ирээд танихгүй эмэгтэй хүнтэй маргалдсан.
Шинэжаргалын гэрт миний танихгүй хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болох шинжтэй болсон. Тэгээд Шинэжаргалын гэрээс хүмүүсийг гаргасан. Гэрийн гадаа гарсан хойно хүмүүс дахин маргалдаад байхаар нь би битгий маргалдаад бай гэхэд танихгүй эмэгтэй хүн нь гартаа байсан пивоор нуруу хэсэгт шавхарсан.
Тэгээд дараа нь намайг ...тэнэг янхан, гичий гэх мэтээр хараагаад энэ үйл явдал нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн. Энэ үйл явдал болох үед манай хүү Анаржаргал гэрээсээ гарч ирээд намайг хараалын үгээр доромжилсон эмэгтэйг яагаад ээжийг зодож дээрэлхээд хараалын үгээр доромжлоод байгаа гэхэд чи муу юу вэ гээд Анаржаргалын нүүр хэсэгт цохисон.
Анаржаргал тухайн эмэгтэйг түлхэж унагасан, тухайн танихгүй эмэгтэй газарт унаад босч ирэхдээ шүдний завсраар нь цус гарсан байсан. Уг үйл явдлын дараа Анаржаргалын нүд нь хавдсан байсан. Миний нуруу хэсэгт гэмтэл учраагүй. Би эмнэлэг үзүүлээгүй. Болорцагааны биед Анаржаргалаас өөр халдсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч П.Өлзийсайханы “...Би Д.Болорцагаан гэх хүнтэй найз нөхдийн холбоотой, О.Анаржаргал гэх хүнийг танихгүй.
Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ханбогд сумын төвд гэртээ байсан тухайн үед цагаан capын баяр болоод хуучраагүй байсан шиг санаж байна. Намайг гэртээ байхад найз Болорцагаан гаднаас ганцаараа ирсэн. Болорцагаан бид хоёр Наранцэцэгийн гэрт очих үед Өсөхөө гэрт байсан. Өсөхөө нь манай гэрт очиж цай уу гэж хэлсэн тэгээд Болорцагаан бид хоёр Наранцэцэгийн гэрээс гараад Өсөхөөгийн гэрт орсон.
Өсөхөөгийн гэрт ороход Өсөхөө гэрийнхээ хаалгыг түгжсэн байсан. Энэ үед манай нөхөр Баатар Өсөхөөгийн гэрт намайг авах гээд ирсэн. Баатар Өсөхөөгийн гэрийн хаалгыг тогшсон, Өсөхөө хаалгаа нээж өгсөн. Би гэрээс гараад нөхөртэйгөө уулзаад байж байсан. Энэ үед Өсөхөөгийн ээж болох Цэцэгмаа гээд хүн гэрээсээ гарч ирээд Болорцагаан бид хоёрыг хоёр янхан юу хийгээд хүүхэдтэй архи уугаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд Болорцагаантай маргалдсан, тэгсэн дундуур нь Цэцэгмаагийн эрэгтэй хүүхэд /нэрийг мэдэхгүй байна/ одоо бодоход таны асуусан Анаржаргал гээд эрэгтэй хүүхэд байх, Анаржаргал нь Болорцагааныг гэрийн гадаа түлхэж унагасан. Болорцагаан газарт унаад босч иртэл Анаржаргал нь дахиад нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирээд намайг машинд суу гээд суулгасан.
Болорцагаан нь тухайн үед Анаржаргалын биед халдаж зодсон асуудал байхгүй. Би тухайн хэргийн үед яг хажууд нь байж байсан хүн болохоор бүх зүйлийг харж байсан. Анаржаргалын биед халдаж зодсон хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 166-р хуудас/,
Гэрч Н.Баатарын “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ ирэхэд эхнэр Өлзийсайхан гэртээ байхгүй байсан. Би эхнэр Өлзийсайханы гар утас руу залгахад утсаа авахгүй тасдаад байсан. Тэгээд би Болорцагаан эгчийн гар утас руу залгаад хаана байгаа талаар асуухад Өлзийсайхан бид хоёр хамт Өсөхөөгийн гэрт нь байна гэсэн.
Би эхнэр Өлзийсайханыг авах гээд Өсөхөө гэгчийн гэрт нь очиход Болорцагаан, Өлзийсайхан нар халамцуу архи уусан байдалтай байсан. Би эхнэр Өлзийсайханыг явъя гэртээ харья гэж хэлсэн. Энэ үед Өсөхөөгийн дүү нь танихгүй эрэгтэй хүн Болорцагаантай гэрийн гадна маргалдаад байсан.
Би гэрээс гарч ирэхэд Өсөхөөгийн ээж, дүү, Болорцагаан нар маргалдсан байдалтай байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Намайг гэрээс гарч ирэхэд Болорцагаан зодуулсан байдалтай байсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Б.Тогосмаагийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ханбогд сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ өдөр 20 цаг 20 минутын орчимд Болорцагаан гэх эмэгтэй хүн хүүхдийн хамт ирж үзлэг хийлгэсэн.
Болорцагаан гэгчид үзлэг хийхэд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, амнаас архи үнэртэж байсан. Тухайн үзүүлэгчээс юу болсон талаар асуухад цагаан сарын баярын өдрөөр буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчимд очсон айлынхаа хүнд цохиулсан гэсэн тайлбар хэлж байсан.
Үзлэг хийхэд Болорцагааны биеийн байдал дунд, амин үзүүлэлт хэвийн, хэсэг газрын үзлэгт дээд уруул хавдартай, уруулын дотор хэсэгт хөхрөлт үүссэн, үүдэн 3 шүд бага зэрэг хөдөлгөөнтэй шинэ гэмтэл байсан. Ингээд би буйл болон зөөлөн эдийн гэмтэл гэсэн онош тавиад өвчин намдаах эм зөвлөөд, уруул хөхөрсөн, шүд хөдөлсөн байхаар нь ариутгалын тамиданаар амаа зайлах, өвчин намдаах эм уух, шүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгөөд картанд бичилт хийгээд өгч явуулсан.
Би шүдний эмч биш болохоор шүдний дугаарыг картад тусгаагүй. Миний санаж байгаагаар дээд үүдэн 2 шүд тэрний баруун талын шүд хөдөлгөөнтэй байсан. Тэгээд үүдэн 3 гэж картад тусгасан. Тухайн үед зураг авч баримтжуулсан зүйл байхгүй. Д.Болорцагааны биед өөр гэмтэл илрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
Гэрч Ч.Ганзоригийн "...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ерөнхий жижүүрийн цагдаагийн ахлах дэслэгч Э.Буяннэмэхийн хамт дуудлага мэдээлэлд ажилласан. Тухайн үед дуудлагаар очсон хаягийг санахгүй байна гэхдээ уг хаягт амьдардаг Цэцэгмаа гэх нэртэй айлынд очсон байдаг. Дуудлагын дагуу очиход танихгүй 2-3 эмэгтэй хоорондоо хэрүүл маргаан хийсэн бололтой байсан бөгөөд зодуулсан гэх Д.Болорцагааны уруулын дотор хэсгээс цус гарсан байдалтай, өөр ил харагдах шарх сорвигүй байсан.
Хэн хэн зодсон талаар асуухад Цэцэгмаагийн хүүхэд нь намайг түлхсэн, цохисон гэж ярьж байсан. Цэцэгмаагийн хүүхэд нь гэх эрэгтэй хүн байсан бөгөөд тухайн залуу би наад эмэгтэйг чинь түлхэж цохиогүй худлаа ярьсан байна гэсэн тайлбар хэлж байсан.
Тухайн үед Д.Болорцагаан согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлнэ, цагдаад хандана гэсэн тайлбар хэлэхээр нь би Д.Болорцагаан гэгчтэй хамт явж байсан. ...О.Анаржаргалын биед ил харагдах гэмтэл шарх учирсан байгаа харагдаагүй. Цэцэгмаа гэх хүний хүүхэд болох О.Анаржаргалын хамраас цус гарсан зүйл харагдаагүй. Ил харагдаж гэмтэл шарх байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80, 174-р хуудас/,
Гэрч О.Шинэжаргалын “...манай ээж Цэцэгмаа битгий маргалдаад бай гарцгаа гээд гэрээс гаргасан чинь Баатар, Өлийсайхан гэх хүмүүс манай гэрт маргалдаад үлдсэн. Болорцагаан гэх хүн пиво бариад гарсан. Тэгээд гадаа байж байгаад бас маргалдаан болоод нөгөө эмэгтэй манай ээжийг гичий гэж дуудаад чи юу вэ гээд байсан. Тэгсэн чинь манай дүү Анаржаргал манай ээжийг яагаад гичий гээд байгаа чи өөрөө ч гэсэн ийм ээж үгүй юу гэсэн чинь манай дүүг Болорцагаан гэх эмэгтэй ам руу цохичихсон. Тэгээд дүүгийн хамарнаас цус гарсан, Анаржаргал Болорцагаан гэх хүнийг түлхсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа дуудаад цагдаа ирсэн чинь Болорцагаан гэх хүн миний шүд уначихлаа гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 173-р хуудас/,
Т.Цэцэгмаагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн159-160-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаартай "Д.Болорцагааны биед тархины доргилт, гурван шүд унасан, дээд уруулын цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 731 дугаартай “Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Д.Болорцагааны биед хийсэн №100 дугаартай дүгнэлтийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй байна.
Д.Болорцагааны биед хийсэн үзлэгээр баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүдтэй /11,12,21-р шүд/ байна. Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн №100 дугаартай дүгнэлтийн үзлэгээр 11,12,13 буюу баруун дээд 1,2,3-р шүд суларсан, сууриараа ганхсан гэсэн нь шүдний байрлалын хувьд зөрүүтэй байна.
Д.Болорцагааны биед баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүд /11,12,21- р шүдний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн №100 дугаартай дүгнэлтийн үзлэгийн хэсгээс тархи доргилт гэмтэл тогтоогдохгүй байна.
Тогтоогдсон шүдний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 165-167-р хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Анаржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч О.Анаржаргалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Анаржаргалд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч О.Анаржаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хавтас хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар О.Анаржаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/146 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Ц.ОТГОНЦЭЦЭГ