Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар  128/ШШ2025/0492

 

 

 

 

 

 

    2025         07           01                                      128/ШШ2025/0492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* групп” ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э, Ч.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /ШТЭҮД: /

Хариуцагч: Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А., Т.

Маргааны төрөл: Татварын маргаан

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* групп” ХХК-аас Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “... татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.******* нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-*******0006 дугаар актын тэмдэглэх хэсгийн 2,3,4 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд: “ татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.******* нар "******* групп" ХХК-ийн 2020-2022 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-*******0006 дугаар актаар 30,759,697,860.98 төгрөгийн зөрчил илрүүлж нийт 5,169,613,937.29 төгрөгийн төлбөр ногдуулсан.

"******* групп" ХХК нь татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-*******0006 дугаар актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тус зөвлөл "******* групп" ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бичгээр гаргасан гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд татварын улсын байцаагчийн актаас тогтоосон төлбөрөөс 3,247,234,440 төгрөгийн төлбөрийг хасч 5,137,141,592.69 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.

Татварын улсын байцаагчийн актаар нийт 7 төрлийн зөрчил гэх үйлдлийг олж илрүүлсэн гэх бөгөөд татвар төлөгчийн зүгээс тэдгээрийн хууль бус болохыг тэмдэглэж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 1-д "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 6,950,979,117.45 төгрөг, 2021 онд 10,781,709,533.45 төгрөг, 2022 онд 12,684,717,713,89 төгрөг, нийт 30,417,406,364.79 төгрөг, нийт 30,417,406,364.79 төгрөгийн түүхий эд материалын баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогоо бууруулсан Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан "Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ" гэсэн заалтыг, хуулийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэсэн заалтыг зөрчсөн гэж тэмдэглэсэн.

Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт “... Татварын ерөнхий хуулийн 28.2, 28.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн, хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна" гэх үндэслэлээр актын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Ингэж шийдвэрлэхдээ татварын хяналт шалгалтаар илэрсэн бодит нөхцөл байдлыг авч үзээгүй.

Татварын улсын байцаагчийн “******* групп” ХХК-ийн нягтлан бодогч Н.Ундармаатай 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хийсэн ярилцлагын тэмдэглэлд хаягдал төмөр аваад хэвэнд бэлэн бүтээгдэхүүн болгож Хятад руу гаргадаг. Хаягдал төмрөөс хаанаас яаж авдаг вэ? гэсэн асуултад "Хувь хүмүүсээс авдаг гэж, Хаягдал төмрөө авахдаа и-баримт авдаг уу? гэсэн асуултад "Хувь хүмүүсээс авдаг учраас баримт гаргаж өгдөггүй”, “Энэ талаар зөндөө хандсан боловч шийдэлд хүрэхгүй байгаа" гэсэн хариултыг тус тус өгсөн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", хуулийн 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан байдаг. Гэвч татварын улсын байцаагч нар “******* групп” ХХК-ийг хаягдал төмөр авахдаа хувь хүмүүсээс и-баримт авч чаддаггүй, энэ талаар зөндөө хандсан боловч шийдэлд хүрээгүй гэх тайлбарыг хэрхэн үнэлж дүгнэж буй талаар актад болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргасан хариу тайлбартаа дурдаагүй байна.

2.Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 3-т "Аж ахуйн нэгжийн орлогын татварын тайлангаар 2020 онд тайлангийн худалдан авалтад 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал, дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1 дэх заалтыг" зөрчсөн гэжээ.

“******* групп” ХХК-ийн хувьд 2020 онд 11,200,000.00 төгрөгийн зардал нь бодитой гарсан бөгөөд төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хасаж тооцоогүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "анхан шатны баримт" гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог" хэлнэ гэж заасан. Мөн хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна" гэж тус тус зааснаас үзэхэд анхан шатны баримтыг цаасан болон цахим хэлбэртэй байж болохоор хуульчилсан. Татварын улсын байцаагчийн актаар 2021-2022 онд тогтоосон гэх зөрчил нь анхан шатны нотлох баримтын шаардлага хангасан баримтыг огт үнэлээгүй.

Иймд анхан шатны баримтын нэг хэлбэр болох дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн цахим баримт нь хүчин төгөлдөр, бусад анхан шатны баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тайланг хүлээн авахаас татгалзаж, залруулахыг шаардсан татварын албаны шийдвэрийг татвар төлөгч биелүүлээгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-т "Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно" гэж заасны дагуу татварын хяналт шалгалт хийж татварын ногдлыг тодорхойлдог ба хуулийн 36 дугаар зүйлд заасан нөхөн ногдуулалтын акт үйлдэх үндэслэл бүрдэхээр хуульд зохицуулжээ.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд татварын тайланд залруулга хийх тухай заасан бөгөөд татварын алба тайланг хүлээн авч баталгаажуулснаас хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар торгууль, алданги ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

3. Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 4-т нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 оны тайлангийн худалдан авалтад 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийсэн нь Татварын эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн баримтаар нотлогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн заалтыг" зөрчсөн гэжээ.

“******* групп” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагналыг зөрчилтэй гэдгийг тухайн үед мэдэх боломжтой байсан бол дараа онд буюу 2021 онд татварын тайланд залруулга хийх байдлаар зөвхөн нөхөн татварын өр үүсэх боломжтой байсан. Гэвч тухайн үед татвар төлөгчийн тайлагнасныг татварын алба хүлээн авч баталгаажуулснаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8- т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах итгэл үүссэн гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д заасан "татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах" татварын албаны чиг үүргийн хэрэгжилт хангалтгүйгээс үүдэлтэй эрсдэлийг татвар төлөгчид хариуцуулах нь зохимжгүй юм.

“******* групп” ХХК-ийн хувьд Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэгдэх анхан шатны маягтыг нөхөх зааврын дагуу төлбөрийн баримт үйлдэж тайлан илгээсэн.

татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.******* нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-*******0006 дугаар актын тэмдэглэх хэсгийн 2,3,4 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагч Н.*******, Н.******* нарын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн НА-*******000 дугаар актын тэмдэглэл хэсгийн 1, 2, 3-т заасан зөрчил тооцсон хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг бичгийн байдлаар гаргасан. Тиймээс тухайн шаардлага, үндэслэлээ дэмжиж, гол маргаж буй улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлая. Маргаан таслах зөвлөлд тухайн татварын улсын байцаагчийн акттай холбоотойгоор 5 169 613 927 төгрөгийн төлбөр ногдуулсан актыг эс зөвшөөрч маргасан. Маргаан таслах зөвлөлөөс тухайн нөхөн ногдуулалтын актын дүгийн тодорхой хэмжээг нь хассан. Үлдэх хэсгийг эс зөвшөөрөн нэхэмжлэл гаргасан. Татварын улсын байцаагчийн тэмдэглэл хэсгийн 1-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан 2020 оны 6 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 оны 12 тэрбум гэж нийтдээ 30 тэрбум төгрөгийн түүхий эд, материалын баримтаар нотлогдохгүй зардал гаргасан тул татварт ногдуулах орлогод тооцож, нөхөн татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Бид түүхий эд, төмрийн хог хаягдал, төмрийг худалдаж авсан. Тухайн зарлага нь бодитой гарсан. Улсын байцаагч нарийн зүгээс Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хасах зарлаад тавигдах шаардлагыг хангаагүй тул хасаж тооцох боломжгүй гэж актаа тогтоосон. Бил зардал бодитой гарсан, тухайн үед 2020- 2022 оноос иргэдийн зүгээс хаягдал төмрийг тушаахдаа төлбөрийн баримт шаардлага хангуулж өгдөггүй. Нэхэмжлэгчийн зүгээс хаягдал төмрийг худалдаж аваад гадагш экспортлон гардаг талаар баримт хэрэгт цугларсан нотлох баримтад авагдсан. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн борлуулалтын орлого олохтой холбоотой үйл ажиллагааны зардлыг хасаж тооцно гэж гол зарчим болсон зохицуулалт. Ерөнхийдөө 30 тэрбум гэдэг түүхий эд, материалын хувьд 2- 3 жилийн хугацаанд их дүнтэй, хамрах цаг хугацаа нь өргөн учир нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөж буй нөхцөл байдалтай байгаа. Дараагийн үндэслэлийн тухайд татвар төлөгч нь тухайн иргэн, төлбөр авагчтай борлуулалт хийх бүрдээ баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэхдээ тухайн үүргээ биелүүлээгүйг нь худалдан авагч буюу “******* групп” ХХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцуулахгүй байх нөхцөл болж байгаа компанийн хувьд үндэслэлгүйгээр их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн татвар ногдуулж буй нь тухайн нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Байцаагчийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөлд холбогдуулж үзээгүй тул маргаан бүхий татварын улсын байцаагч нарын акт нь учир дутагдалтай гарсан гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нарын актын 2 дахь хэсэг нь хувийн хэрэглээний зардалтай холбоотойгоор зөрчил тогтоосон. Энэ нь үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор зардлуудыг гаргасан. Тухайн татварын тайланг цаг тухайд нь илгээж, татварын албаны зүгээс манайхаас гаргасан тайланг буцаасан зүйл байхгүй. Биднээс гаргасан зарлага нь бодитой бөгөөд анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа. Зөвхөн төлбөрийн и-баримтаар баталгаажаагүй гэж зардалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэн хасаж тооцоогүй. Тус хэсгээр нийтдээ 91 сая төгрөгийн хувийн хэрэглээний зардлыг хасаж тооцоогүй. Тиймээс тухайн зардал нь цэвэр аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотойгоор гарсан зардал. Татварын улсын байцаагч нарын актын 3, 4-т 2 сая төгрөгийн “*******” ХХК-ийн хий бичилттэй баримттай холбоотой худалдан авалтын хасалт хийсэн нь буруу, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлөх татвараа бууруулж тооцож байна гэж үзсэн. Аж ахуйн нэгжийн хувьд тухайн зардал нь бодитойгоор гарсан. Тийм байтал хий бичилттэй баримтаа төлөх татвараа бууруулж тооцож байна гэж байгаа. Гэтэл тухайн “*******” ХХК-тай холбоотойгоор прокурорын байгууллагаас бусдад хий бичилттэй баримт тарааж буйг тогтоож, баримт гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр байхгүй атлаа татварын албанаас эрсдэлд суурилсан мэдээллээр тухайн компанийг хий бичилттэй баримт тарааж байна, тухайн хуулийн этгээдээс авсан баримтууд хуль бус гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт тогтоосон. “******* групп” ХХК-ийн зүгээс “*******” ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгодоггүй. Тухайн “*******” ХХК нь өөрөө нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар төлөгчийн хөө 50 сая төгрөгийн борлуулалтын орлогын болзлыг хангаж, холбогдох баримтыг өгсний үндсэн дээр бусад этгээдэд бараа үйлчилгээ үзүүлэх, худалдан борлуулах эрх нь үүсдэг. Бид бараа материал зарсан, авсан талаар хоёр талаасаа тайлбарласан атал үүнийг шалгаж тогтоолгүйгээр, зөвхөн өөрт байгаа мэдээлэлд үндэслэн хий бичилттэй гэж үзэн акт тогтоосон нь буруу байна. Зөвхөн эрсэлд суурилсан гэж байгаа нь тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоож актыг тогтоогоогүй байна. Иймээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хасагдах зардлын талаар заасан. Нэгдүгээрт татварын тайланд хамрагдсан байх гэж заасан. Татвар ногдуулах үйл ажиллагаа нь орлоготой шууд холбогдсон байх ёстой талаар тусгасан. Энэ заалтыг хангаж байгаа. Тухайн компанийн худалдан авахтай холбоотой баримт нь тухайн хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. Мөн зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх ёстой. Нягтлан болдох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13:5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж шаардлага тогтоосон. Тиймээс нэхэмжлэгчийн худалдан авах ажиллагаатай холбоотой баримт нь гарын үсэг зурагдаж баталгаажсан. Тиймээс дээрх хуулийн шаардлагыг хангаж байгаа. Харин баримтыг цахим хэлбэрээр бүртгүүлээгүй нь үнэн. Цахим хэлбэрээр бүргүүлээгүй тохиолдолд бараа материал нийлүүлсэн хуудсанд ногдуулах ёстой. Энэ талаар  Зөрчлийн хуулийн 11.19-д тодорхой заасан. Тиймээс тэр зөрчлийг нэхэмжлэгч компанид хариуцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.” гэв.

3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Гадаад худалдаа, төмрийн худалдаа, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 1 гишүүнтэй, 239,000.00 мянган төгрөгийн дүрмийн сантай, "Хаан банк” ХХК-д , тоот төгрөгийн, ******* тоот долларын, тоот юанийн харилцах данстай, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот гэрчилгээтэй, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн ******* тоот төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, Улаанбаатар хот Налайх дүүрэг 3-р хороо, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хаягт байрладаг.

Тус ГХОХХК нь Татварын хэлтэст аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар, үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлан, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, газрын төлбөр төлөхөөр бүртгүүлсэн байна.

“******* групп” ГХОХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх НА-*******0006 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Н.*******, Б.******* нар 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд иж бүрэн шалгалт хийсэн.

Маргаан бүхий актаар илрүүлсэн гэх зөрчлийн дийлэнх нь тайлангийн зөрүүнээс үүдэлтэй гэсэн нь 2020-2022 оны зөрчил тул Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1. Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна. 3.2. Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ. 3.3.Энэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийг тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг удирдлага болгосон.

1/Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 2021 онд 10,781,709,533.45 төгрөг, 2022 онд 6,950,979,117.45 төгрөг, 12,684,717,713.89 төгрөг, нийт 30,417,406,364.79 төгрөгийн түүхий эд материалын баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл. Татвар ногдуулалт, төлөлт 28.2. Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ." гэсэн заалтыг; 28.5. Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:", 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:. 16.1.1.энэ хуулийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно;" гэсэн заалтыг зөрчсөн...

Тайлбар 1: Татвар төлөгчийн гаргасан гомдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1."Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. "24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” Гэж заасны дагуу шалгалтын хугацаанд татвар төлөгчөөс шаардаж ирүүлсэн материалд худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, мөнгөн дүн тодорхойгүй, гэрээн дээр аж ахуй нэгжтэй гэрээ хийсэн боловч дансны дугаар нь хувь иргэний данс байх, мөн гэрээг дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдээгүй, Бараа материалын тайлан ирүүлээгүй, Үйлдвэрийн процесс тодорхойгүй зэргээс шалтгаалан нягтлан бодох бүртгэл, татварын зардлын бүртгэлийг тооцох бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Захирал Г.тай утсаар холбогдож тодруулахад би тус аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэрээн дээр гардаж гарын үсэг зурдаггүй, очиж тайлбар өгөх боломжгүй хөдөө явж байна гэж тайлбар өгч байсан.

2/Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:. 16.1.1.энэ хуулийн 13.1 заалтыг зөрчсөн. Тус борлуулалт хийсэн "Х” ХХК нь хуурамч падаан тараагч аж ахуй нэгжүүдийн жагсаалтад орсон мөн тус аж ахуй нэгжтэй хийсэн ажил, үйлчилгээний төлбөрийг харилцах дансанд шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй, анхан шатны баримт байхгүй тул нөхөн татвар ногдуулсан. 3. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 оны тайлангийн худалдан авалтад 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийсэн нь Татварын эрсдэлийн удирдлагын газраас ирүүлснээр нотлогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн "14.5. Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй." гэсэн заалтыг зөрчсөн. "Х” ХХК нь хуурамч падаан тараагч аж ахуй нэгжүүдийн жагсаалтад орсон мөн тус аж ахуй нэгжтэй хийсэн ажил, үйлчилгээний төлбөрийг харилцах дансанд шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй, анхан шатны баримт байхгүй тул нөхөн татвар ногдуулсан.

Тайлбар 2.3-т: Дээрх 2, 3 дахь зөрчил нь Татварын ерөнхий газрын 2024.03.06-ны өдрийн 08/594 тоот чиглэлд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулах зорилгоор борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ нь бодит бус хий бичилттэй газруудын жагсаалтад багтсан "Х" ХХК-с бараа авснаар тайлан гаргаж зардалд тооцсоныг ААНОАТ, НӨАТ-ын дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги тооцож ногдуулсан.Тухайн худалдан авалтад гэрээ болон санхүүгийн анхан шатны баримт, тооцоо нийлсэн актыг шаардсан ч дэмжих материал авч ирээгүй.” гэжээ.

3.1.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актын 1 дэх хэсэгт 2020, 2021, 2022 онуудад зөрчил ногдуулсан. Энэ талаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгчөөс шаардаж ирүүлсэн материалд худалдан авах гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус, гарын үсэг, тамга тэмдэггүй, мөнгөн дүн тодорхойгүй, гэрээнд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж байгаа боловч данс нь хувь иргэний дансаар гүйлгээ хийсэн байсан. Гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдээгүй, бараа материалын тайлан ирүүлээгүй, үйлдвэрлэлийн процесс тодорхойгүй гэх шалтгаануудаар нягтлан бодох бүртгэл, татварын зардлын бүртгэлийн бодит нөхцөл байдлаар тогтоох боломжгүй байсан. Тухайн үед гүйцэтгэх захирал н.тай утсаар холбогдож тодруулахад “Би аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэрээнд гарын үсэг зурдаггүй, зөвхөн миний нэр тухайн компанийн захирлаар байдаг” гэх тайлбарыг өгч байсан. Тухайн хүн нь хяналт шалгалтын хугацаанд огт ирж тайлбар, тодруулга өгөөгүй. Яагаад ирэхгүй байгаа талаар асуухад хөрөнгө оруулагч Хятад иргэн битгий оч гээд явуулахгүй байна гэх тайлбарыг өгдөг. Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс хувь хэрэглээний зардалтай холбоотой хэсгийг хүчингүйд тооцсон. ******* ХХК-ийн 11 сая 200 мянган төгрөгийн хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэж байгаа. Үүний нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хоёуланд нь зөрчил ногдуулсан.  Дээрх зөрчлүүд нь Татварын ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08/594 тоот чиглэлд нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулах зорилгоор бараа ажил үйлчилгээ үзүүлсэн, бодит бус хий бичилттэй баримт үйлдсэн газруудын жагсаалтад багтсан байсан. Тухайн баримт, жагсаалтыг Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн албан бичигтэй хавсарган нотлох баримтаар өгсөн байгаа.” гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зардал бодитой гарсан баримт ирүүлээгүй гэж хариуцагчаас тайлбарласан. Тухайн аж ахуйн нэгжээс тухайн нөхцөл байдалтай холбоотой баримтаа ирүүлээгүй. Шүүхэд цугласан нотлох баримтыг өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо түүвэрлэн үзсэн. Хариуцагчийн хэлж байгаагаар компанийн данснаас мөнгө огт гараагүй, касс гэж тайлбарлаж байгаа. Касс буюу хувь иргэний данснаас бараа нийлүүлэгч иргэдийн данс руу шилжүүлсэн баримтууд харагдсан. Тухайн компанийн албан ёсны дансаар гүйлгээ нь гараагүй байсан. Тиймээс тухайн зардлыг хасаж тооцох боломжгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж нь татварын төрлөөр бүртгэлтэй байгаа. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогод суутгаагүй орлогын тайлан байдаг. Тухайн нэхэмжлэгч нь өөрөө тухайн татварын төрөлд бүртгэлтэй байгаа. Хэрвээ тухайн хүмүүст мөнгө олгосон нь үнэн бол тухайн үеийн нягтлан тухайн татварын тайланг гаргаж, энэ талаар тайлагнах боломжтой байсан. Хяналт шалгалтын хугацаанд тухайн тайланг татвар төлөгч нь гаргаж өгөөгүй. Зардал бодитой гарсан гэдэг нь Татварын ерөнхий хуульд заасанд нийцэхгүй, хангахгүй байгаа гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Тус шүүхэд нэхэмжлэгч “******* групп” ХХК-аас Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.******* нарт холбогдуулан “... татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.******* нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-*******0006 дугаар актын тэмдэглэх хэсгийн 2,3,4 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

            1.2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

            2.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагч талын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч хэрэг маргааныг дараах байдлаар шийдвэрлэв.

            3.Хариуцагч Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.*******, Н.******* нар нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА-*******0006 дугаартай нөхөн ногдуулалтын акт/Хэргийн 50-54 дэх тал/-аар Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5, 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 3,062,356,727.09 төгрөгийн нөхөн татвар, 1,235,879,494.03 төгрөгийн торгууль, 871,377,716.17 төгрөгийн алданги, нийт 5,169,613,937.29 төгрөгийн төлбөрийг “******* групп” ХХК төлүүлэхээр акт тогтоосон байна.

            3.1.Нэхэмжлэгч компани уг актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 3, 4-т заасан “1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 6,950,979,117.45 төгрөг, 2021 онд 10,781,709,533.45 төгрөг, 2022 онд 12,684,717,713.89 төгрөг, нийт 30,417,406,364.79 төгрөгийн түүхий эд материалын баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.“Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ.” гэсэн заалтыг, 28.5.“Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрин баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1.энэ хуулийн 13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:” гэсэн заалтыг;

2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 27,088,265.00 төгрөг, 2021 онд 22,227,809.00 төгрөг, 2022 онд 42,564,379.00 төгрөг, нийт 91,880,453.00 төгрөгийн хувийн хэрэглээний зардлыг татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:.”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй: 16.1.1.энэ хуулийн 13.1,13.1.2-т заасныг;” ...

3.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:16.1.1.энэ хуулийн 13.1,...: дэх заалтыг;

 4.Нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 оны тайлангийн худалдан авалтад 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийсэн нь Татварын эрсдэлийн удирдлагын газраас ирүүлснээр нотлогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэсэн заалтыг тус тус эс зөвшөөрч маргаж байна.

            3.2.Харин Маргаан таслах зөвлөлийн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хувийн хэрэглээний зардалтай холбоотой 183,760,906.00 төгрөгийн зөрчилд 18,376,090.60 төгрөгийн нөхөн татвар, 7,350,436.24 төгрөгийн торгууль, 5,369,940.08 төгрөгийн алданги, нийт 31,096,466.92 төгрөгийг хүчингүй болгож...” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас уг асуудлаар маргахгүй талаараа шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй.

            3.3.Шүүх дээр дурдсан зөрчлүүдээс тэмдэглэх хэсгийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан зөрчилд нөхөн ногдуулалтын акт бичсэн нь үндэслэлтэй эсэхийг хянав. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн заалтыг зөрүүтэйгээр хэлж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч шүүх болон хэргийн оролцогчид, ялангуяа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нэхэмжлэгч нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-д дурдсан маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгосон хувийн хэрэглээний зардалтай холбоотой зөрчлийн талаар маргаагүй, тодруулбал нөхөн ногдуулалтын актын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар маргаагүй нь нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгчийн хэлсэн тайлбараар тогтоогдоно.

4.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... зардал бодитой гарсан, тухайн үед 2020-2022 оноос иргэдийн зүгээс хаягдал төмрийг тушаахдаа төлбөрийн баримт шаардлага хангуулж өгдөггүй. Нэхэмжлэгчийн зүгээс хаягдал төмрийг худалдаж аваад гадагш экспортлон гардаг талаар баримт хэрэгт цугларсан нотлох баримтад авагдсан. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн борлуулалтын орлого олохтой холбоотой үйл ажиллагааны зардлыг хасаж тооцно гэж гол зарчим болсон зохицуулалт. Ерөнхийдөө 30 тэрбум гэдэг түүхий эд, материалын хувьд 2- 3 жилийн хугацаанд их дүнтэй, хамрах цаг хугацаа нь өргөн учир нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөж буй нөхцөл байдалтай байгаа.

... Татварын улсын байцаагч нарын актын 3, 4-т 2 сая төгрөгийн “*******” ХХК-ийн хий бичилттэй баримттай холбоотой худалдан авалтын хасалт хийсэн нь буруу, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлөх татвараа бууруулж тооцож байна гэж үзсэн. Аж ахуйн нэгжийн хувьд тухайн зардал нь бодитойгоор гарсан. Гэтэл тухайн “*******” ХХК-тай холбоотойгоор прокурорын байгууллагаас бусдад хий бичилттэй баримт тарааж буйг тогтоож, баримт гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр байхгүй атлаа татварын албанаас эрсдэлд суурилсан мэдээллээр тухайн компанийг хий бичилттэй баримт тарааж байна, тухайн хуулийн этгээдээс авсан баримтууд хууль бус гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт тогтоосон. ... Бид бараа материал зарсан, авсан талаар хоёр талаасаа тайлбарласан атал үүнийг шалгаж тогтоолгүйгээр, зөвхөн өөрт байгаа мэдээлэлд үндэслэн хий бичилттэй гэж үзэн акт тогтоосон нь буруу.

... Тухайн төмрийн хаягдал нь бараанаас өөр. Бараа биш түүхий эд шүү дээ. Бизнесийн ойлголтоор бол шал өөр зүйлс. Нэг газраас бараа авлаа гэхэд 10 хувийг суутгана гэж байхгүй. Манай компанийн зүгээс өөр нэг байгууллагад, хувь хүнд техник, тоног, төхөөрөмж түрээслүүллээ гэхэд түүнээс суутгал хийдэг.” хэмээн дээрх зөрчлүүдийг эс зөвшөөрч маргаж байна.

4.1.Харин хариуцагч талаас “...Нэхэмжлэгчийн хувьд хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгчөөс шаардаж ирүүлсэн материалд худалдан авах гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус, гарын үсэг, тамга тэмдэггүй, мөнгөн дүн тодорхойгүй, гэрээнд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж байгаа боловч данс нь хувь иргэний дансаар гүйлгээ хийсэн байсан. Гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдээгүй, бараа материалын тайлан ирүүлээгүй, үйлдвэрлэлийн процесс тодорхойгүй гэх шалтгаануудаар нягтлан бодох бүртгэл, татварын зардлын бүртгэлийн бодит нөхцөл байдлаар тогтоох боломжгүй байсан. Тухайн үед гүйцэтгэх захирал н.тай утсаар холбогдож тодруулахад “Би аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэрээнд гарын үсэг зурдаггүй, зөвхөн миний нэр тухайн компанийн захирлаар байдаг” гэх тайлбарыг өгч байсан. Тухайн хүн нь хяналт шалгалтын хугацаанд огт ирж тайлбар, тодруулга өгөөгүй. Яагаад ирэхгүй байгаа талаар асуухад хөрөнгө оруулагч Хятад иргэн битгий оч гээд явуулахгүй байна гэх тайлбарыг өгдөг. Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс хувь хэрэглээний зардалтай холбоотой хэсгийг хүчингүйд тооцсон. “*******” ХХК-ийн 11 сая 200 мянган төгрөгийн хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэж байгаа. Үүний нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хоёуланд нь зөрчил ногдуулсан. Дээрх зөрчлүүд нь Татварын ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08/594 тоот чиглэлд нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулах зорилгоор бараа ажил үйлчилгээ үзүүлсэн, бодит бус хий бичилттэй баримт үйлдсэн газруудын жагсаалтад багтсан байсан. Тухайн баримт, жагсаалтыг Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн албан бичигтэй хавсарган нотлох баримтаар өгсөн ...

... Суутгагчийн хувь хүнд олгосон орлогод суутгаагүй орлогын тайлан байдаг. Тухайн нэхэмжлэгч нь өөрөө тухайн татварын төрөлд бүртгэлтэй байгаа. Хэрвээ тухайн хүмүүст мөнгө олгосон нь үнэн бол тухайн үеийн нягтлан тухайн татварын тайланг гаргаж, энэ талаар тайлагнах боломжтой байсан.

... Тухайн үед бидэнд өгсөн баримтуудаа байгаа нь л энэ гээд өгч байсан. Өөр баримт байгаа талаар хэлээгүй. Тухайн баримтуудыг шүүхэд ирээд л анх удаа харсан. Тухайн үед байгаа баримтуудаа л гаргаж өгсөн гэж тайлбарласан. Тус баримтууд шүүхийн шатанд сүүлд л гарч ирсэн. Бид хяналт шалгалтын шатанд баримтаа нэхсэн. Татвар төлөгчийн зүгээс баримтаа цувуулж авч ирсэн. Сүүлдээ баримт байхгүй гэсэн.

... Маргаан таслах зөвлөлийн хуралд тухайн компани нь тус анхан шатны баримтуудыг авч ирэх боломжтой байсан.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

5.Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 1-д заасан зөрчлийн тухайд:

5.1.Нэхэмжлэгч компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нийт 30,417,406,364.79 төгрөгийн түүхий эд материалын зардлыг хасч, татвар ногдуулах орлогоос бууруулсан нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэж төлбөр ногдуулж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр зөв байна.

5.2.Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.“Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх; 13.1.4.б.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдох гарах зардал.”, 13.1.5.зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн эсхүл төлөхөөр тайлагнасан байх.” гэж тус тус зохицуулснаас үзвэл хуульд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд л зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг тодорхойлохоор байна.

5.3.Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.“Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардлыг доор дурдсан хязгаар, нөхцөлтэйгөөр албан татвар ногдох орлогоос хасна:13.2.12.албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх.” гэж зардлыг хасах хязгаар, нөхцөлийг тухайлан хуульчилж, түүнчлэн 16 дугаар зүйлийн 16.1.“Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;” гэж албан татвар ногдох орлогоос зардал хасахгүй тохиолдлыг тодорхой зааж өгсөн буюу татвар төлөгч нь түүхий эд материалыг бодитоор худалдан авсан эсэхээс үл шалтгаалан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй л бол зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй.

5.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүхий эд материал нь бараа биш гэж маргаж байгаа нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд 84.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөөс бусад эд юмс нь “хөдлөх эд хөрөнгө”-д хамаарна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай түүхий эд материал нь хөдлөх эд хөрөнгө бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт зааснаар 13.1.4.а.“энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал”, 13.1.4.б.“хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал” нь л Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байхыг шаардаж байна.

5.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цалин, хөлсний зардалд төлбөрийн баримт шаардаагүй хассан атлаа түүхий эд худалдан авсан зардалд төлбөрийн баримт шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нь дээрх байдлаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл, цалин хөлсний зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4.а, 13.1.4.б-д заасан төлбөрийн баримтаар баталгаажсан байх ёстой зардалд хамаарахгүй.    

5.6.Хариуцагч талаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнах ёстой, ийнхүү суутган тайлагнасан тохиолдолд зардлыг хасч тооцох боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа нь ч хуульд нийцэхгүй. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардлыг доор дурдсан хязгаар, нөхцөлтэйгөөр албан татвар ногдох орлогоос хасна:” гэснээс үзвэл орлого олгохдоо суутган тайлагнасан байсан ч 13.1.4 дэх хэсэгт заасан зардал мөн бол зайлшгүй төлбөрийн баримтаар баталгаажсан байхыг хууль тогтоогчоос шаардсан байгааг дурдах нь зүйтэй.

5.7.Түүхий эд материал худалдаж авахдаа хувь хүмүүсээс төлбөрийн баримт авч чадаагүй, энэ талаар олон удаа хандаж байсан боловч шийдэлд хүрэхгүй байгаа гэх тайлбар нь шүүхийн журмаар гаргуулсан Татварын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06/1267 дугаартай албан бичиг, Нийслэлийн татварын газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/361 дугаартай албан бичиг, Татварын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/719 дугаартай албан бичгээр тус тус үгүйсгэгдэж байна.

5.8.Нотлох баримтын тухайд, хариуцагч татварын хяналт шалгалтын явцад холбогдох баримтуудыг шаардсан боловч нэхэмжлэгч талаас анхан шатны баримтуудаа бүрэн гаргаж ирүүлээгүй, тэр байтугай Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хянуулахдаа ч гомдлын үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолын Үндэслэх хэсгийн Нэг. “... Иймд гомдол гаргагчийн зүгээс баримтаар нотлогдохгүй зардалтай холбоотой зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч магадлагааны явцад зөрчлийг үгүйсгэх, холбогдох баримтыг ирүүлээгүй ...” гэснээр тогтоогдож байна.

5.9.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь түүхий эд материалын зардал бодитоор гарсан гэдгийг зарим талаараа нотолж байгаа хэдий ч эдгээр баримтууд байснаараа Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан төлбөрийн баримттай байх шаардлагаас чөлөөлөгдөхгүй.

5.10.Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийг баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хассан зөрчил гаргасан гэж үзэж төлбөр төлүүлэхээр тогтоосон хариуцагчийн шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

6.Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 3-т заасан зөрчлийн тухайд:

6.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан гэх зөрчилд шийтгэл оногдуулсан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

6.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа “... Зардал бодитой гарсан ч хий бичилттэй падаан тараадаг аж ахуйн нэгжээс баримт авч баримтаа нөхөж хийдэг. Тэрийг байцаагч хуурамч баримт гэж үзэж байгаа байх. Гэтэл аж ахуйн нэгжийн хувьд зардал бодитой гарсан байдаг.” гэж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эаас ““*******” ХХК-аас хуурамч баримт авсан гэж үзэх нь үндэслэл муутай байна. Тухайн компани тайлан тооцоо ирүүлээгүй нь манай компанийн асуудал биш. Үзүүлэх үйлчилгээгээ үзүүлж, баримтаа өгсөн. Тайлагнаагүй байна гэх үндэслэлээр хуурамч падаан олгосон гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн шүүх, цагдаа, прокурорын байгууллагаас хуурамч хий бичилттэй баримт үйлдсэн гэж тогтоогоогүй.” гэжээ.

6.3.Шүүх хуралдааны явцад тухайн төлбөрийн баримтын огноог нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О өөрийн компанийн татварын цахим системээс лавлаад бохир усны тээврийн үйлчилгээг 2020 онд авч, “Х” ХХК-аас төлбөрийн 4 баримт олгосон талаар мэдүүлсэн ба энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй.

6.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж хуульчилсан.

6.5.Энэхүү зөрчлийг гаргасан гэж нэхэмжлэгч компанийг буруутгаж байгаа нь үндэслэлтэй эсэхийг тогтоохын тулд ажил, гүйлгээ болон зардал бодитой гарсан эсэхийг шалгах нь зүйтэй байх тул шүүх нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2020, 2021 оны баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд иргэнээр ажил гүйцэтгүүлсэн бага үнийн дүн бүхий бохир усны тээвэр хийсэн талаарх баримтуудаас өөр “бохир усны тээвэр”-ийг “Х” ХХК-аар хийлгэсэнтэй холбоотой ажил, гүйлгээний баримт байгаагүй.

6.5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар сануулж баримтаа өгөх эсэхийг шүүх лавлаж байсныг дурдах нь зүйтэй.

6.6.Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандаж энэхүү ажил, гүйлгээний дүнг хасагдах зардалд тооцоогүй гомдолдоо “3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 11,200,000 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийсэн гэсэн. ... 2020 оны үйл ажиллагаатай шууд хамааралтай тус ондоо ажил гүйлгээг анхан шатны баримтаар бүртгэсэн буюу 11,2 сая төгрөгийн худалдан авалтыг хийхдээ нийлүүлэгч компанийн харилцах дансанд бараа материалын үнийг шилжүүлсэн бөгөөд манай компанид тус бараа материалыг худалдан авсантай холбоотой анхан шатны баримтууд бүгд байсан ...” гэсэн нь шүүх хуралдааны явцад “шилжүүлэг гүйлгээ нь цаасан баримтаар нотлогдоно” гэх мэтээр өөрчлөгддөг төдийгүй хариуцагчийн гаргаж өгсөн “******* групп” ХХК-ийн 2020 оны 06 сарын 30-аас 2021 оны 01 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Хаан банкны дансны хуулгаар нэхэмжлэгч компани болон “Х” ХХК-уудын хооронд хийгдсэн гүйлгээ байхгүй, нэхэмжлэгч тал “Х” ХХК-тай ажил, гүйлгээ хийгдсэн талаарх банкны дансны хуулгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

6.7.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанид “Х” ХХК-ийн тайлан гаргасан эсэх асуудал хамааралгүй гэх тайлбар үндэслэлтэй боловч түүнээс худалдаж авсан ажил, үйлчилгээг нотлох баримт огт байхгүй байх тул “Х” ХХК-ийг эрүүгийн журмаар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ажил, гүйлгээний баримтыг бодит бус, хий бичилттэй гэж шууд үзсэн гэж хариуцагч нарыг буруутгах боломжгүй байна.

6.8.Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах бүрэн эрхтэй, хяналт шалгалтыг томилолттой хийх бөгөөд бүрэн эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр, түүнчлэн татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийх, эрсдэлд эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг шалгах бүрэн эрхтэй байна.

6.8.1.Хариуцагч нар нь татварын хяналт шалгалт хийх  2924100570 дугаар бүхий 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн томилолтоор хяналт шалгалтыг хийсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан Татварын ерөнхий хуулийн 30.8 дугаар зүйлд заасантай хамааралгүй бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, харин мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу “эрсдэл”-д суурилсан (Татварын эрсдлийн оноо “69” буюу дунд үнэлгээтэй нь нөхөн ногдуулалтыг актад тусгагдсан) хяналт шалгалт байх бөгөөд мөн хуулийн 41.11.1-д заасан “энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх” хориглосон үйлдэлд хамаарахгүй тул энэ үндэслэлээр маргаж байгааг мөн хүлээн авах боломжгүй.

7. Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 4-т заасан зөрчлийн тухайд:

7.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 оны тайлангаар 11,200,000.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан гэх зөрчилд шийтгэл оногдуулсан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

7.2.Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д дүгнэснээр нэхэмжлэгч компани нь “Х” ХХК-аас бодитоор үйлчилгээ аваагүй, ажил гүйлгээ хийсэн нь холбогдох баримтаар нотлогдоогүй байхад мөн энэхүү зардлыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа хасагдах зардлаар тусгасан нь үндэслэлгүй.

7.3.Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэх хуулийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул зөвхөн төлбөрийн баримтад үндэслэж зардлыг хасч тооцохооргүй байна.

 

8.Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хуульд үндэслэсэн бөгөөд хариуцагчдын нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “******* групп” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* групп” ХХК-аас Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийг татварын улсын байцаагч Н.*******, Н.******* нарт холбогдуулан гаргасан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн НА-*******0006 дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА