Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 119

 

 

     

   

      

 

 

 

 

 

                                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч Б.Чнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___овогт Ч-ын Л-д холбогдох эрүүгийн ..............тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Ч.Л нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар гудамж 216 тоотод 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дугаар сарын 11-ний өдөр, 12 дугаар сарын 12-ны өдөр ахмад настан болох 78 настай өөрийн төрсөн эх Б.Ч, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн эгч Ч.Рнарыг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт,

мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дугаар сарын 11-ний өдөр, 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар гудамж 216 тоотод  өөрийн төрсөн эх хохирогч Б.Ч, төрсөн эгч  хохирогч Ч.Р нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л мэдүүлэхдээ:

  “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн үед ажил төрөл бүтэмжгүй болоод хэцүү байсан. Цаашид өөрийн хийсэн алдаа дутагдлаа давтахгүй амьдарна. Ээжээ хүүгээ уучлаарай...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Чмэдүүлэхдээ:

“... Миний хүү архи уугаад согтохоороо эгчээсээ мөнгө төгрөг битгий нэхээд бай гэхэд цохисон. Л архи уухгүй эрүүл байвал ажилсаг хүүхэд. Хүүг минь өршөөж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

   Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Л-гийн өгсөн:

“...Би өөрийн эх Ч, эгч Р нартай хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо 12-216 тоотод оршин суудаг юм. Намайг 2005 оны үед Солонгос улсад байхад манай эгч Р надаас 4.500 ам.долларыг зээлж байсан юм. Тухайн үед манай эгч Р гадаад хэлний орчуулагчаар ажилладаг байсан. Би 2006 оны 09 дүгээр сард ирсэн бөгөөд Монголд ирээд энд тэнд олдсон бүх ажил төрлийг хийж байсан. Энэ хугацаанд би Баянгол дүүргийн 16 дугаар хороо 12-216 тоотод байх гэртээ эх Ч, эгч Ч.Рнартай хамт амьдардаг байсан. Энэ тэнд ажил хийж байгаад 2009 оноос 2011 он хүртэл хугацаанд Солонгос улсын элчин сайдын яаманд виз хүлээн авагчаар ажиллаж хажуугаар нь өөрийн ах Дтэй хамт барилга дээр ажилладаг байсан. Тэгээд 2012 онд би Солонгос улс руу дахиад явах гээд чадаагүй юм. Учир нь би урьд нь харлаад визээ хар даруулсан байсан учраас буцаад Монгол улсад ирсэн. Монголд ирээд би ах Дийн барилгын компанид мужаан, арматурчин зэрэг ажил хийж эхэлсэн. Би сүүлийн жилүүдэд өөрийн амьдарч байгаа амьдралаас залхаж эхэлсэн бөгөөд энэ шалтгааны улмаас архи уух болсон. 2015 онд манай эгч Р тархины саажилттай болоод грүпп тогтоолгож гэртээ байнгын асаргаанд байх болсон. Р эгчийг эх Б.Ч харж гэртээ байдаг юм. 2016 онд би гэртээ согтуу орж ирсэн бөгөөд эгч Ргаас мөнгөө нэхэж зодсон. Энэ үед манай эх Б.Ч хажуугаар орж зодооныг салгах гэж байгаад гарт өртөж түлхэгдээд толгойгоороо юм цохисон юм. Уг асуудлыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгуулаад шийдүүлсэн.

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орсон бөгөөд тэр үед би эгч Ргаас урьд зээлсэн мөнгөө эргэж өгөх талаар маргалдах үед эх Б.Чбид хоёрын маргаан дундуур орж надад чамайг машин ч тоож мөргөхгүй гэхээр нь би дэргэд байсан давсны савыг нүүр рүү нь шидчихсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ согтуу орж ирсэн бөгөөд уусан архинаасаа болоод ямар асуудал гарсан талаар мэдэхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтуудаа би эгч Ргаас зээлсэн мөнгөө нэхэж мөн эх Б.Чгээс мөнгө нэхэж 2000 төгрөгийг нь авсан бөгөөд бас л согтуудаа ямар үйлдэл хийсэн талаар санахгүй байгаа. Тэгтэл нэг мэдсэн чинь гаднаас манай ах Д орж ирээд намайг барьж авсан бөгөөд араас нь цагдаа нар орж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 62/

  

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ч-гийн өгсөн:

“...Би 1954 оноос хойш Баянгол дүүргийн 16 дугаар хороо 12-216 тоотод байх хаяган дээр оршин сууж байгаа юм. Би хоёр охин, арван хүүтэй байсан юм. Таван хүү маань нас барсан. Одоо би гэртээ өөрийн охин Ч.Р, хүү Л хоёртой хамт амьдардаг. Манай охин Ч.Р нь урьд нь гадаад хэлний орчуулагч байсан боловч 2015 онд ажил дээрээ ухаан алдаж унаад тэр цагаас хойш тархины гэмтэл гэдэг өвчтэй болсон бөгөөд энэ өвчнөөс болж саажилттай болсон одоо 80% грүпп тогтоолгон гэртээ байдаг юм. Харин миний төрүүлсэн  Л нь урьд нь 6 жил Солонгос улсад ажиллаж байгаад Монголд ирсэн. Лгийн ах Д нь Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг бөгөөд дүү Л-г өөртөө туслах маягаар ажиллуулж Солонгос явах гэж байгаа хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлэх ажил хийлгэж байсан юм. Бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс Лд архи өгсөөр байгаад Л нь одоо архи уудаг болчихсон. Эрүүл байх үедээ бол их сайн хүү байгаа юм. Харин архи уусны дараа зан ааш нь маш их эвдэрч танихын аргагүй хүн болдог.

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ Л, Р хоёртой хамт байсан. Тэгээд би хоол идээд сууж байхад Л нь надруу чи өлсөж үхэх гэж байна уу би чамайг хангалттай тэжээж байгаа биздээ гичий минь гэж хэлээд миний зүүн талын хацар руу давсны төмөр сав шидчихсэн. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг гээд Гандан орчихоод эргээд ирсэн. Тэгэхэд Л гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирсэн. Би тэгэхэд нь боорцог идээд сууж байсан юм. Тэгтэл хамаг боорцог идчих юм би өлсөж байна шүү дээ гээд уурлаж миний толгой руу, дух руу  хуванцар жижиг сандлаар цохиод, орон дээр байсан элстэй дэрээр нүүр рүү цохиод байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд Л гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг гэрт орж ирэхэд шууд надаас мөнгө нэхэхээр нь би надад мөнгө байхгүй гэхэд Л чи лам нарт мөнгө өгөөд байдаг юм байна лээ сайн явж байгаа чинь хаана байгаа юм надад мөнгө өгөөдөх гээд намайг заамдаад эхлэхээр нь би өөрт байсан 2.000 төгрөгөө түүнд өгсөн. Тэгээд би Д рүү утсаар яриад Л нь урьд шөнөжингөө намайг зодоод өнөөдөр бас зодчихлоо гэхэд Д би тэгвэл яваад очье гэсэн. Тэгээд Дийг ирж байх хооронд Л нь хөгжлийн бэрхшээлтэй эгч Ргаас зээлсэн мөнгөө өгсөн бол ингэж амьдрахгүй байсан юм. Чиний наад тархинд байгаа ухаан чинь надад байсан бол олигтой амьдрах байсан юм гээд өшиглөөд, хана мөргүүлээд, орон дээрээс нь хэд хэдэн удаа авч шидсэн. Тэгтэл гаднаас ах Д нь орж ирээд Лг болиулах гэтэл ахтайгаа барьцалдаж авсан бөгөөд араас нь цагдаа нар ирсэн, Цагдаа нар ирсэн байхад чи битгий худлаа ярь, наад чавганц чинь худалч байгаа юм гээд байсан. Тэгээд цагдаа нар түүний аваад явсан.

Намайг урьд нь 2016 онд зодож байсан. Мөнгө төгрөг нэхээд л надад ямар хөрөнгө үлдээх гэж байна гичий минь чи, хүмүүсийг хар үр хүүхэддээ эд хөрөнгө үлдээж байна гээд л надаас мөнгө төгрөг нэхээд зодох шалтгаан нь болдог. Эгч Р нь эрүүл саруул байх үедээ урьд нь Лгээс хэдэн төгрөг зээлж авсан юм. Тэр мөнгөө эргүүлж өгч чадаагүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Тэгтэл эгч Ргаасаа мөнгөө нэхээд зодоод байдаг юм..” гэх мэдүүлэг /хх-н 7-13х/

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Р-гийн өгсөн:

“...Ч.Л нь миний төрсөн дүү байгаа юм. Би өвчнөөсөө болоод зарим зүйлийг санахгүй байна. Л намайг саяхан гэртээ орон дээрээ цаашаа хараад хэвтэж байхад согтуу гэрт орж ирээд намайг орноос татаж унагаад миний хэвтэж байсан орны модон хүрээг мөргүүлж хавсарч цохисон. Тэр үед би ухаан алдсан байсан бөгөөд нэг ухаан ороход би гэрийн үүдэнд газар хэвтэж байсан ба гэрийн хаалга газар онгорхой Л ээжийн хэвтэж байсан орыг өшиглөөд ээжийг заамдаж байгаа харагдсан. Бусад болсон зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Л гэр орон цэвэрлэх, аяга таваг угаасангүй гэх байдлаар сүүлийн үед байнга уурлаж зүхдэг байсан. Лгээс мөнгө төгрөг зээлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16х/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Д-ийн өгсөн:

“... Би Ч.Л-гийн төрсөн ах нь байгаа юм. ... Л нь эхнэр хүүхэд байхгүй. Сүүлийн 10 хоногийн турш байнга архи ууж байгаа. Манай эгч Р нь 2015 оноос хойш 80%-н групп тогтоолгон гэртээ асаргаанд хэвтсэн бөгөөд манай ээж Б.Чнь 78 настай өндөр настай хүн байгаа юм. Л нь манай эгч, ээж хоёртой хамт ганданд амьдардаг. 2017 оны 12 сарын 08-ны өдөр Л нь гэртээ согтуу орж ирээд манай эх Б.Чг юм идээд сууж байхад нь нүүр рүү нь давсны сав аваад шидсэн гэж эх Б.Чхэлсэн бөгөөд тухайн өдөр нь би эх Б.Чтэй уулзах гээд гэрт нь очиход Л гэртээ байхгүй байсан ба харин ээжийн зүүн талын нүдний доор хөхөрсөн байдалтай байсан. 2017 оны 12 сарын 11-ний өдөр Л нь манай эх Б.Ч-г хоол идээд сууж байхад нь гэрт байдаг хуванцар сандлаар мөн орон дээр байдаг дэрээр цохиод байсан гэж хэлсэн бөгөөд эгч Р-г нь бас зодсон гэж хэлсэн. Б.Л гэдэг хүнийг манай эх Б.Ч, эгч Р нарыг хэзээ алчих бол гэхээс айж байна. Л гэдэг хүнийг ээж, эгч хоёроосоо тусгаарлаж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-н 17-18х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар:

 1. Б.Ч-гийн биед зүүн хацар, баруун бугалга, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 914 дугаар:

1. Ч.Р-гийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 46/

 

Шүүгдэгч Ч.Л-гийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29, 63/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 32-37/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 85-86/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

                            

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

           

Шүүгдэгч Ч.Л нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар гудамж 216 тоотод 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дугаар сарын 11-ний өдөр, 12 дугаар сарын 12-ны өдөр ахмад настан болох 78 настай өөрийн төрсөн эх Б.Ч, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн эгч Ч.Р нарыг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг  

мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дугаар сарын 11-ний өдөр, 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар гудамж 216 тоотод  өөрийн төрсөн эх хохирогч Б.Ч, төрсөн эгч хохирогч Ч.Рнарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ч-гийн “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ Л, Р хоёртой хамт байсан. Тэгээд би хоол идээд сууж байхад Л нь надруу чи өлсөж үхэх гэж байна уу би чамайг хангалттай тэжээж байгаа биздээ гичий минь гэж хэлээд миний зүүн талын хацар руу давсны төмөр сав шидчихсэн. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг гээд Гандан орчихоод эргээд ирсэн. Тэгэхэд Л гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирсэн. Би тэгэхэд нь боорцог идээд сууж байсан юм. Тэгтэл хамаг боорцог идчих юм би өлсөж байна шүү дээ гээд уурлаж миний толгой, дух руу  хуванцар жижиг сандлаар цохиод, орон дээр байсан элстэй дэрээр нүүр рүү цохиод байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд Л гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг гэрт орж ирэхэд шууд надаас мөнгө нэхэхээр нь би надад мөнгө байхгүй гэхэд Л чи лам нарт мөнгө өгөөд байдаг юм байна лээ сайн явж байгаа чинь хаана байгаа юм надад мөнгө өгөөдөх гээд намайг заамдаад эхлэхээр нь би өөрт байсан 2.000 төгрөгөө түүнд өгсөн. Тэгээд би Д рүү утсаар яриад Л нь урьд шөнөжингөө намайг зодоод өнөөдөр бас зодчихлоо гэхэд Д би тэгвэл яваад очье гэсэн. Тэгээд Д-ийг ирж байх хооронд Л нь хөгжлийн бэрхшээлтэй эгч Ргаас зээлсэн мөнгөө өгсөн бол ингэж амьдрахгүй байсан юм. Чиний наад тархинд байгаа ухаан надад байсан бол олигтой амьдрах байсан юм гээд өшиглөөд, хана мөргүүлээд, орон дээрээс нь хэд хэдэн удаа авч шидсэн ...” гэх мэдүүлэг

хохирогч Ч.Р-гийн “...Л намайг саяхан гэртээ орон дээрээ цаашаа хараад хэвтэж байхад согтуу гэрт орж ирээд намайг орноос татаж унагаад миний хэвтэж байсан орны модон хүрээг мөргүүлж хавсарч цохисон. Тэр үед би ухаан алдсан байсан бөгөөд нэг ухаан ороход би гэрийн үүдэнд газар хэвтэж байсан ба гэрийн хаалга онгорхой Л ээжийн хэвтэж байсан орыг өшиглөөд ээжийг заамдаж байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг

гэрч Ч.Д-ийн “... 2017 оны 12 сарын 08-ны өдөр Л нь гэртээ согтуу орж ирээд манай эх Б.Чг юм идээд сууж байхад нь нүүр рүү нь давсны сав аваад шидсэн гэж эх Б.Ч хэлсэн бөгөөд тухайн өдөр нь би эх Б.Чтэй уулзах гээд гэрт нь очиход Л гэртээ байхгүй байсан. Харин ээжийн зүүн талын нүдний доор хөхөрсөн байдалтай байсан. 2017 оны 12 сарын 11-ний өдөр Л нь манай эх Б.Чг хоол идээд сууж байхад нь гэрт байдаг хуванцар сандлаар мөн орон дээр байдаг дэрээр цохиод байсан гэж хэлсэн бөгөөд эгч Рг нь бас зодсон гэж хэлсэн. Б.Л гэдэг хүнийг манай эх Б.Ч, эгч Р нарыг хэзээ алчих бол гэхээс айж байна. Л гэдэг хүнийг ээж, эгч хоёроосоо тусгаарлаж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж  байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 205 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 914 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа-ын гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 /нэг/ жил хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Л-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ял дээр 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаар тооцож хорих ялаар шилжүүлэн хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах нь хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоохдоо түүний цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгч Ч.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч .... овогт Ч-ын Л-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Л-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ял дээр 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаар тооцож хорих ялаар шилжүүлэн 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Л-гийн урьдчилан цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Ч.Л-гийн эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Л-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ