Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 120

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч Я.Б, Ц.Д,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __ овогт Б-ны Ц, Д овогт А-ны Ж нарт холбогдох эрүүгийн _____________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээн, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.Ж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээн, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Б мэдүүлэхдээ:

“...2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө “2F” караокед ажлаа хийж байхад шүүгдэгч нар үйлчлүүлэхээр орж ирсэн. Ж, Ц нар нь үйлчлүүлж байх явцдаа надтай маргалдаад намайг зодсон. Миний  хамар хугарсан. Хугарлыг нь засуулсан боловч одоо миний хамар далийсан. Хэрэг гарсанаас хойш шүүгдэгч нар миний эрүүл мэндийн талаар асууж байгаагүй. Миний хамарнаас нөжтэй цус гардаг болсон. Би эмчилгээ хийлгээгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Д мэдүүлэхдээ:

“...Байгууллагийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг,

                                    

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ц-ийн өгсөн:

            “... 2017 оны 11 сарын 24-ний өдөр би Гурван гал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад манай найз Ж намайг эргэхээр ирээд надтай уулзаад бид 2 гараад хоолонд ороод би өөрийн эхнэр хүүхдээ дуудаад бид 4 хамт сууж байгаад пиво уугаад тооцоогоо хувааж төлөөд тэндээсээ гараад хажуу талд байрлах 2f нэртэй караокед ороод өрөөнд орж суугаад нэг шил Жак данейлс виски, ус ундаа аваад уугаад дуулж байгаад манай эхнэр ядраад байна гэртээ харъя гэхээр нь би явж чадахгүй нилээд согтсон байсан чинь манай найз Ж манай эхнэр хүүхдийг аваад гэр рүү хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд би өрөөндөө сууж байгаад гэнэт би тасарсан байсан. Тэгээд би гэнэт ухаан ороход Караокены текэн дээр тооцооноос болж маргалдаж байсан. Тэгээд түүнээс хойш юу болсон талаар юу ч санахгүй байгаа.

Бид нар караокены өрөөнд ороод 200.000 төгрөгний вискиний багц авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 58-61/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Ж-гийн өгсөн:

“... 2017 оны 11 сарын 24-ний орой 19 цагийн үед манай найз Цоо эмнэлэгт хэвтэж байхад нь би эргэж очоод гарч хоол идэхээр болоод гадагшаа хамт гарсан. Тэгээд бид 2 БГД-н 2-р хороо BULL хоолны газар ороод Цоогийн эхнэр хүүхдийг дуудаад хамт хоол идээд дараа нь нэг хүний 0,75 литрийн пивоноос нэг хүний 3 шилийг уугаад тэндээсээ гараад караоке орохоор хажуу талын 2f нэртэй караоке ороод 1 литрийн Жак данейлс виски, ундаа ус аваад явцын дунд нэмж пицца захиалж аваад сууж байтал Цоогийн эхнэр гэртээ харихаар болоод би дуудлагын такси дуудаад эхнэр хүүхдийг нь гэрт нь хүргэж өгөөд эргээд караокед ортол Цоо гадаа тамхи татаад зогсож байхаар нь ороод тооцоогоо хийе гэтэл тооцоо 300.000 орчим төгрөг болсон гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас АТМ-ээс мөнгө авах гээд гараад эргэж орж иртэл Цоо нөгөө караокены зөөгч эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би өөрт байсан 100 ам.долларыг өгтөл надаас өөр мөнгө нэхээд байх шиг байхаар нь би тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэгээд Цоо өөрөөсөө 150.000 төгрөг гаргаж ирээд би нэмж тооцоог хийсэн.

Караоке дотор миний санаж байгаагаар би хүнтэй ноцолдоод байсан санагдаж байна. Түүнээс ямар нэгэн хүнтэй зодолдсон талаар санахгүй байна, зөөгч залуу Цоотой маргалдаад хоорондоо зууралдаад зогсож байсан. Тэгээд би дундуур нь орж салгахаар очсон. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Би ямар нэгэн өшиглөх цохих үйлдэл хийгээгүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54х/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Б-ийн өгсөн:

“... 2017 оны 11 сарын 24-25-нд шилжих шөнө БГД-н 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2f нэртэй караокед зөөгчийн ажлаа хийж байтал гаднаас 21 цагийн үед 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхдийн хамт орж ирээд 3 дугаар өрөөнд ороод 2 цаг аваад 1 литрийн виски, 4 ширхэг ундаа, 4 ширхэг ус, 2 литрийн жүүс захиалаад 2 дахь цаг болж байхад нэмж 1 ширхэг пицца, 1 ширхэг ус, 1 ширхэг ундаа нэмж захиалаад байж байгаад нөгөө эмэгтэйг хүүхдийн хамт нэг эрэгтэй нь хүргэж өгөхөөр гарсан. Тэгээд үлдсэн нэг залуу нь өрөөндөө унтаж байсан. Удалгүй үлдсэн Ц гэх залуу өрөөнөөсөө гарч ирээд манай өрөөнд байсан хүмүүс хаачсан юм гэхээр нь тантай хамт явж байсан залуу хүргэж өгөхөөр явсан гэж хэлсэн. Тэгтэл манай ширээн дээр байгаа дууссан ус ундаа сав болон бусад дууссан зүйлийг хураачих гэхээр нь би өрөөнд зохион байгуулагчийн хамт ороод дууссан хоосон савнуудыг авч цэвэрлэсэн. Тэгээд байж байтал гаднаас хамт явсан улаан өнгийн куртиктэй Ж гэх залуу орж ирээд тооцоогоо авъя гэхээр нь өрөөнд нь орж тооцооны хуудсыг үзүүлтэл яахаараа 365.000 төгрөг гардаг юм би энэ зүйлүүдийг аваагүй гэхээр нь хуудсыг үзүүлтэл би энэ олон ус ундаа аваагүй гэхээр нь хураасан байгаа гэтэл тэгвэл тэр савнуудаа буцаагаад аваад ир гэхэд хажуунаас нь хамт явсан Ц нь за за тооцоогоо хийе гэсэн. Тэгээд би өрөөнөөс нь гараад текний хажууд зогсож байтал Ц нь би 150.000 төгрөг өгсөн байгаа гэтэл нөгөө Ж нь халааснаасаа 100 ам.доллар гаргаж ирээд наадах чинь 244.000 төгрөг болно тэгээд наадхаа авчих гэхээр нь би үлдсэн мөнгийг нь яах юм гэтэл Ц нь би 150.000 төгрөг өгсөн гээд байхаар нь би надад тооцооны мөнгө өгөөгүй байгаа та өөрөө халаасаа шалгаад үз гэтэл энгэрийн дотор талын халааснаас 100.000 төгрөг гаргаж ирээд зохион байгуулагчид өгсөн.

Тэгснээ нөгөө улаан өнгийн куртиктай Ж нь 100 ам.доллар өгснөөсөө гадна нэмж 30.000 төгрөг өгөөд тооцоо болсон. Тэгээд тэр 2 манайхаас гарах гээд үүдэнд очоод буцаж ирээд манай зохион байгуулагч Дтэй хэрүүл маргаан хийгээд хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсаар байгаад 20-30 минут болсон. Тэгээд би текний хажууд нөгөө 2 залуугийн дэргэд очоод та 2 одоо болиоч гэж хэлтэл над руу анхаарлаа хандуулаад надтай юм ярихаар нь надад наад асуудал чинь хамаагүй гэтэл улаан өнгийн куртиктай Ж нь над руу салаавч гаргаад ам руу хийх гээд байхаар нь би гарыг нь нүүрнээсээ холдуулсан чинь ард нь зогсож байсан Ц нь шууд миний нүүр рүү 2 удаа цохихоор нь би нүүрээ дараад доошоо тонгойсон. Тэгэхэд Ц нь нэмж нүүр рүү өшиглөхөд хажуунаас Ж нь намайг үсдэж дараад нүүр рүү гараараа цохисон. Тэгээд зодож байгаад тэнд байсан хүмүүс гарч ирээд салгасан.

Дээрх 2 залууд зодуулсны улмаас миний биед баруун нүдний доод талд хавдсан, хамар хугарсан гэсэн, гэхдээ би өмнө нь 2012 онд хүнтэй мөргөлдөөд хамарнаас цус гарч байсан. Тэгээд эрүүний доод хэсэгт халцарч улайсан, баруун чихний хойно усан хавантай, дух хавдсан, баруун гарын бугуйнд шалбарсан байсан. Гэмтлийн эмнэлэгт 2017 оны 11 сарын 25-ны өдөр хамраа 100.000 төгрөгөөр тэгшлүүлсэн, томографийн зураг 120.000 төгрөгөөр авхуулсан, өвчин намдаах эм 17.400 төгрөгөөр худалдан авсан. Надад одоогоор 237.400 төгрөгний хохирол учраад байна. Би цаашдаа хамраа тэгшлүүлнэ, мөн зодуулснаас хойш 7 хоног ажилдаа яваагүй тэрний ажил алдалтын мөнгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Д-гийн өгсөн:

“... 2017 оны 12 сарын 15-ны шөнө 22 цаг өнгөрч байхад гаднаас манай караокед үл таних 2 залуу нэг эмэгтэй, нэг хүүхдийн хамт орж ирээд 3 дугаарын өрөөнд ороод нэг цаг аваад 1 шил виски, 4 ширхэг ундаа гэх мэт зүйл захиалж авсан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад нөгөө эмэгтэй нь хүүхдээ дагуулаад нэг эрэгтэй нь хамт гараад нэг эрэгтэй нь өрөөндөө үлдсэн. Тэгээд нөгөө үлдсэн залуугаас өрөөнд нь ороод тооцоогоо хэн нь төлөх юм бэ гэтэл манай нөгөө гарч явсан найз ирээд төлнө та нар харин ширээн дээр байгаа хоосон ундаа сав дууссан эд зүйлийг хураачих гэхээр нь манай зөөгч Б хураасан. Тэгээд байж байтал гаднаас нөгөө гарч явсан залуу орж ирээд тооцоогоо төлье гэхээр нь тооцооны хуудсаа өрөөнд нь оруулж өгөөд өрөөнөөс нь Б гарсан. Тэгээд түүнээс 30 орчим минутын дараа өрөөнд ямар нэгэн хүнд эд зүйл унах чимээ гарахаар нь би Бийг очоод үзээдэх гээд явуулсан. Тэгтэл мөс хийдэг хуванцар савыг хана руу шидсэн байсан. Тэгэхээр нь би ороод юу болж байна гэтэл нөгөө 2 залуу бид нар ундаа аваагүй авсан бол сав нь байх ёстой, пицца идээгүй идсэн бол таваг нь байх ёстой уг эд зүйлийг аваагүй учраас тооцоо хийхгүй гэхээр нь та нар үйлчлүүлж эд зүйл авсан учраас тооцоогоо төлөх ёстой гэж хэлээд өрөөнөөс нь гараад би текний ард зогссон юм. Тэгтэл араас улаан өнгийн цамцтай залуу ирээд дахиад л тооцооны хэрүүл маргаан хийж эхлээд тооцоо төлөхгүй гээд зогсож байтал 1 дугаарын өрөөнөөс нэг залуу гарч ирээд идэж уусан бол тооцоогоо хийчих гэтэл нөгөө залуу түрийвчнээсээ 100 ам.доллар гаргаж ирээд миний нүүр рүү шидсэн.

Тэгээд тэр өгсөн мөнгийг нь бодоход 270.000 төгрөг болоод цаана нь дахиж төлөх ёстой мөнгө үлдсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөө хэн нь төлөх юм бэ гэхэд нөгөө залуу нь би түрүүнд чамд 150.000 төгрөг дандаа 10.000 дэвсгэртээр өгсөн гээд би аваагүй гээд маргалдаж байгаад дотор талын халааснаасаа мөнгө гаргаж ирээд үлдэгдэл 95.000 төгрөг өгөөд тооцоо дуусаад надтай хэрүүл маргаан хийгээд гарахгүй над руу салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь зөөгч Б нь ирээд та нар эмэгтэй хүнийг арай дэндүү доромжлоод дээрэлхээд байгаа юм биш үү одоо тооцоо дууссан юм чинь гарчих гэтэл нөгөө улаан өнгийн цамцтай залуу бас Б рүү салаавч гаргахад түүнийг нь Б нь өөрийн нүүрнээсээ холдуултал ард нь зогсож байсан Ц гэх залуу шууд юу ч ярилгүй Бийн нүүр рүү цохиод үсдэж доошоогоо дараад нүүр рүү өвдөглөж байхад хажуунаас нь нөгөө салаавчаа гаргаад байсан А.Ж Бийн нүүр рүү өшиглөж байсан. Тэгэхээр нь би текний араас салгахаар очтол өөдөөс хэн нь мэдэгдэхгүй нэг хүн цээж рүү өшиглөхөд би арагшаа савж унахад бусад өрөөнөөс үйлчлүүлж байсан хүмүүс гарч ирээд Бийг салгаад 2 дугаарын өрөө рүү дагуулж ороод тусад нь байлгасан. Тэр үед Б рүү нөгөө 2 залуу дайраад л байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд ирэх хооронд тэрүүгээр караокены эд зүйл эвдэлсэн. Хаалганы дугуй хүрээ, дөрвөлжин хүрээ, хаалганы цоож эвдэлж манай байгууллагад нийтдээ засвар хийхээр шинээр сэлбэг бараа материал авахад 228.000 төгрөгний хохирол болсон. Хөлсөөр хүнээр хийлгэхэд ажлын хөлс 70.000 төгрөг болж байгаа. Одоогийн байдлаар нийт 300.000 төгрөгний хохирол учраад байгаа. Манай байгууллагад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, уг хохирлыг барагдуулж өгсөн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 41-43/

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14679 дугаартай:

     1. Я.Б-ийн биед хоншоор ясны далд хугарал, хамар ясны хугарал, зовхи, хацар, хамар, дал, суга, цээж, бүсэлхий, бугалага, дух, эрүү, шанаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

     3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

              5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 10/

 

     - Хохирол төлсөн баримт /хх-н 47, 49/

     - Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 76, 109/

     - Шүүгдэгч Б.Ц-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 73, 74, 75, 78, 80-81, 82-84, 85-87, 88-104/

     - Шүүгдэгч А.Ж-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 105-116/,

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 31-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Ц, А.Ж нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээн, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Б.Цийн “...би өрөөндөө сууж байгаад гэнэт би тасарсан байсан. Тэгээд би гэнэт ухаан ороход Караокены текэн дээр тооцооноос болж маргалдаж байсан. Тэгээд түүнээс хойш юу болсон талаар юу ч санахгүй байгаа. Бид нар караокены өрөөнд ороод 200.000 төгрөгний вискиний багц авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 58-61/, шүүгдэгч А.Ж-гийн “Караоке дотор миний санаж байгаагаар би хүнтэй ноцолдоод байсан санагдаж байна. Түүнээс ямар нэгэн хүнтэй зодолдсон талаар санахгүй байна, зөөгч залуу Ц-ой маргалдаад хоорондоо зууралдаад зогсож байсан. Тэгээд би дундуур нь орж салгахаар очсон. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Би ямар нэгэн өшиглөх цохих үйлдэл хийгээгүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54х/, хохирогч Я.Бийн “...2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө “2F” караокед ажлаа хийж байхад шүүгдэгч нар үйлчлүүлэхээр орж ирсэн. Ж, Ц нар нь үйлчлүүлж байх явцдаа надтай маргалдаад намайг зодсон. Миний  хамар хугарсан. Хугарлыг нь засуулсан боловч одоо миний хамар далийсан. Хэрэг гарснаас хойш шүүгдэгч нар миний эрүүл мэндийн талаар асууж байгаагүй. Миний хамарнаас нөжтэй цус гардаг болсон. Би эмчилгээ хийлгээгүй байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Д-гийн  “...Байгууллагийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн барагдуулсан...” мэдүүлэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14679 дугаар дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ц, А.Ж нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж гэмтээн, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ц, А.Ж нар нь хохирогч Я.Бөд 482.400  төгрөгийг, хохирогч Ц.Дд 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, хохирогч Ц.Д нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул хохирогч Ц.Д-д нэр бүхий шүүгдэгч нар төлөх төлбөргүй, хохирогч Я.Б нь цаашид дахин хагалгаанд орох эмчилгээний зардлыг нэхэмжилэх талаар мэдүүлж байх тул түүний цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч Б.Ц, А.Ж нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр өөрөөр хэлбэл нийгмээс тусгаарлахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж энэ хугацаанд засарч хүмүүжихийг үүрэг болгох нь Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт Б-ы Ц, Д овогт А-ы Ж нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээн, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц, А.Ж нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжихийг үүрэг болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Б.Ц, А.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

           

5. Хохирогч Я.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц, А.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ