Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 203/МА2021/00023

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нарт холбогдох

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 144/ШШ2021/00054 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10 409 447.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрсүлд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, хамтран зээлдэгч М.Оюун-Эрдэнэ нар нь *******тай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 211000159372 тоот зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 211000159372 тоот нэмэлт зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211000159372 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан нийт 14,100,000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэн авсан.

Зээлийн эргэн төлөгдсөн хуваарийг тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.

Зээлийн барьцаанд: 5 ханатай гэр, хөргөгч, зурагт, цалин зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, хамтран зээлдэгч М.Оюун-Эрдэнэ нар нь зээл авснаас хойш үндсэн зэлээс 4,427,905.18 төгрөг, хүү 4,585,957.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,379.67 төгрөг нийт 9,016,242.79 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, хамтран зээлдэгч М.Оюун-Эрдэнэ нар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн буцаан төлөх хуваарь -ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч нар нь зээлийг төлөлгүй байсаар өдий хүрсэн. Зээлдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, хамтран зээлдэгч М.Оюун-Эрдэнэ нар нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 9,672,094.82 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 723,017.90 төгрөг нийт төлөх дүн 10,394,947.58 төгрөг байна гэжээ.

Хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоогоор Говь сүмбэр аймаг дахь ШШГГ-ийн харьяа хорих 425-р ангид ял эдэлж байгаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын *******наас 2017 оны хавар 12.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Тухайн үед би Хан дизель гэх орон нутгийн өмчит үйлчилгээний газарт зуухны машинистаар ажил хийж байх үедээ тухайн зээлийг авсан.

2017 оноос 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус банкны зээлийн мөнгийг цаг тухайд нь төлж байсан. Надтай хамтран зээлдэгчээр******* орж байсан.

М.Оюун-Эрдэнэтэй хамтран амьдарч байхдаа зээлийн мөнгөөрөө гэрийн тавилга болон хэрэгцээний зүйлүүдийг авсан. Одоогоор миний бие ял эдэлж байгаа болохоор зээлийг төлөх боломжгүй байна. Үлдсэн зээлийн мөнгийг Мөнх-Очир овогтой*******эр төлүүлж өгнө үү. Учир нь тэр зээлийг авахад М.Оюун-Эрдэнийн гэр байшинг тус бүр барьцаанд тавьж шкаб, хөргөгч, телевизор, буйдан, угаалгын машин, бүгдийг нь тэр зээлийн мөнгөөр авч байсан. М.Оюун-Эрдэнэ одоогоор надаас салсан. Би тэр гэрээс авч үлдсэн зүйл байхгүй нь үнэн болно. гэжээ.

Хариуцагч М.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сард Ц.Мөнх-Эрдэнэтэй гэр бүл болон хамтран амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байгаагүй. Бид хөдөө мал маллан амьдардаг байсан ба 2017 оны 09 дүгээр сард Ханбогд сумын төвд нүүж ирснээс хойш буюу 2018 оны 01 дүгээр сараас нөхөр болох Ц.Мөнх-Эрдэнэ нь Хан дизель ХХК-д галчаар 6 cap ажиллаад банкнаас цалингийн зээл авах эрхтэй болж 2018 оны 07 дугаар сард машин авна гээд *******наас зээл авсан. Хэдэн төгрөг зээлж авсныг сайн мэдэхгүй байна.

Ц.Мөнх-Эрдэнэ нь банкнаас зээл авахад хамтран зээлдэгч байх хэрэгтэй гэж байна гээд намайг гарыг үсэг зураад өг гэсэн. Би зээл авахад банк дээр очиж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээтэй уншиж танилцаагүй. Би гарын үсэг зурж чадах ч сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй.

2019 оны 05 дугар сард Ц.Мөнх-Эрдэнэ нь бүр салаад явсан. Түүнээс хойш бараг уулзалдаагүй. Банкнаас дахиад 2 удаа цалингийн зээл авсан. Бас яг хэдэн төгрөг авсныг сайн мэдэхгүй байна. Эхний зээлээр Ц.Мөнх-Эрдэнэ машин аваад салахдаа унаад явсан, одоо хаана байгааг мэдэхгүй байна. Дараа нь амбаар авна гэж банкнаас зээл авсан, тэр амбаараа мөн аваад явсан. Одоо сүүлд суусан эхнэрийнх нь хашаанд байна лээ.

Хамгийн сүүлд банкнаас хашаа авна гэж зээл авсан. Хашаагаа авсан боловч хашаагаа газартай нь хамт Ц.Мөнх-Эрдэнэ зарчихсан байсан. Мөнгөнөөс нь би 1 ч төгрөг аваагүй.

Банкнаас авсан зээлнээс 450,000 төгрөгөөр хөргөгч, 310,000 төгрөгөөр зурагт, бас хувцасны шкаб, гал тогооны шкаб зэргийг авсан байснаа Ц.Мөнх-Эрдэнэ салахдаа бүгдийг нь аваад явсан. Тухайн банкны зээлээс би 1 ч төгрөг үрээгүй бөгөөд Ц.Мөнх-Эрдэнэ машин, амбаар, хашаа, хөргөгч, зурагт зэрэг эд зүйл худалдан авч өөртөө зарцуулсан тул надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг хариуцагчаас чөлөөлж, уг зээлийг Ц.Мөнх-Эрдэнээр төлүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран зээлдэгч М.Оюун-Эрдэнийн зүгээс тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

М.Оюун-Эрдэнийн хувьд тухайн ******* ХХК-аас Ц.Мөнх- Эрдэнийн авсан зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг. Ц.Мөнх-Эрдэнийн авсан зээлээс М.Оюун-Эрдэнэ нэг ч төгрөг аваагүй. Тухайн зээлийг авъя гэсэн хүсэлт өргөдөл М.Оюун-Эрдэнийн зүгээс гаргасан зүйл байдаггүй. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь тухайн зээлийн үүргийг хамтран хүлээнэ гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй.

Хэрвээ зээлдэгчийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь зээлийн нэгэн адил эрх үүрэг хүлээнэ гэсэн заалт байгаа. Уг эрхийнхээ дагуу хамтран зээлдэгчийн нэгэн адил үүрэгтэй гэж үзэх юм бол тухайн гэрээгээр тохиролцсоны дагуу банкны талаас зээл олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм бол М.Оюун-Эрдэнэд банкнаас нийтдээ 14,100,000 төгрөгийг М.Оюун-Эрдэнийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан. Энэ мөнгийг бол шилжүүлээгүй.

Зөвхөн Ц.Мөнх-Эрдэнийн дансанд шилжүүлсэн байдаг. Ц.Мөнх-Эрдэнийн зээлийн дансанд М.Оюун-Эрдэнийг хамтран зээлдэгчээр бүртгүүлээгүй байдаг.

Тэгэхээр тухайн зээлийг М.Оюун-Эрдэнэд олгосон гэж үзэх үндэслэл байхгүй. Ц.Мөнх-Эрдэнийн авсан зээлд хамтран зээлдэгчээр бүртгүүлээгүй учраас тухайн зээлийг авч ашиглах эрх үүрэг байхгүй.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байдаг.

Зээлийн дансыг М.Оюун-Эрдэнийн нэр дээр хийгээгүй зөвхөн Ц.Мөнх-Эрдэнийн нэр дээр 2110000159772 гэсэн данс нээсэн байдаг.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас М.Оюун-Эрдэнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нараас 10 409 447.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 269.20 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, Улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нараас 181 269.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарын давж заалдах гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21100159372 дугаартай барьцаат зээлийн гэрээний /цалингийн зээл/ 3.3 дугаар зүйлд Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээнд хариуцагч М.Оюун-Эрдэнийн зүгээс гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй болно. ..., М.Оюун-Эрдэнэ нь зээлдэгч Ц.Мөнх-Эрдэнэтэй хамтран амьдарч байсан хугацаандаа өрхийн хэрэгцээнд хэрэглэхээр авчээ гэсэн дүгнэлт хийж хамтран зээлдэгчийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж буруу ойлгон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг үндэслэл болгоогүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаас үзэхэд М.Оюун-Эрдэнэ нь тухайн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох үндэслэлгүй байна.

Учир нь: Хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ нь тухайн үед Хан дизель ОНӨААТУГазарт туслахаар ажиллаж байсан. Өөрийн цалингаа барьцаалж, 60 сарын хугацаатай зээл авахаа тухай бүр илэрхийлж, *******анд өргөдөл гаргасны дагуу *******наас Ц.Мөнх-Эрдэнэд түүний цалинг барьцаалж зээл олгосон. Ц.Мөнх-Эрдэнэ тухайн зээлийг авсан байдаг.

Тухайн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэгтэй гэвэл банк зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байдаг.

Зээлийн гэрээнд зааснаар банк нийт 14 100 000 сая төгрөгийг М.Оюун-Эрдэнийн дансанд шилжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй. Эсвэл Ц.Мөнх-Эрдэнийн зээлийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх ёстой.

Хамтран эзэмшигчээр бүртгээгүй байдаг болохоор тухайн дансыг М.Оюун-Эрдэнэ эзэмших, ашиглах эрхгүй байгаа болохоор банкнаас үүргээ зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан байдаг. М.Оюун-Эрдэнийн дансанд тухайн зээл ороогүй. Тийм болохоор М.Оюун-Эрдэнийг зээлдэгч, хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Оюун-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,394,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ 211000159372 тоот зээлийн гэрээнүүдэд үндэслэсэн байна.

Хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ нь хорих ял эдэлж байгаа тул төлөх боломжгүй, зээлийн мөнгөөр гэрийн тавилга авсан, зээлийн барьцаанд Оюун-Эрдэнийн гэр, байшинг барьцаалсан, үлдэх зээлийг*******эр төлүүлж өгнө үү гэж, хариуцагч М.Оюун-Эрдэнэ нь хамтран зээлдэгчийн гарын үсэг хэрэгтэй гэхээр нь гарын үсгээ зурсан, зээлээс нэг ч төгрөг аваагүй тул хариуцахгүй гэж тус тус эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 30, 37 дугаар хуудас/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч М.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

******* ХХК-ийг төлөөлж Өмнөговь аймаг, Ханбогд сумын тооцооны төв болон Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 11, 12 дугаар сарын 13-ны өдөр 211000159372 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагджээ.

Сүүлийн буюу 12 дугаар сарын 13-ны өдрийн 211000159372 дугаартай зээлийн гэрээгээр өмнөх гэрээний үүргийн үлдэгдлийг 12,086,327.02 төгрөг болохыг тогтоож, энэ үлдэгдэл дээр 1,000,000 төгрөгийн зээл нэмж авахаар, уг дүнг нэгтгэн зээлийн нийт хэмжээг 13,086,327.02 төгрөг гэж, зээлийн жилийн хүүг 18%, нэмэгдүүлсэн хүү 20%, зээлийг ашиглах хугацааг 60 сар гэж тохиролцжээ. /хэргийн 16-18 дугаар хуудас/

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211000159372 дугаартай зээлийн гэрээнд өмнөх зээлийн гэрээний харилцаа үргэлжлэхээр заагаагүй байх тул 7 болон 9 дүгээр сард байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болж, шинээр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211000159372 дугаартай зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээр шилжүүлсэн үндсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 9,672,094.82 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрөөр төлбөл зохих хүүг тооцож 723,017.90 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч нар мөнгөн дүнгийн хэмжээ нь дээр маргаагүй байна.

Иймд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний биелэлтийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх хамтран хариуцагчаар М.Оюун-Эрдэнийг оролцуулж, нэхэмжлэлийг хариуцуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний нөхцөл зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Банкнаас зээлийг цалингийн зээлийн зориулалтаар Ц.Мөнх-Эрдэнийн цалингийн орлогыг барьцаалж олгосон нь Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/, Ц.Мөнх-Эрдэнийн цалингийн зээл авахыг хүссэн өргөдөл, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна. Хариуцагч нарын тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй байна. /хэргийн 09, 16-18, 66-66 дугаар хуудас/ Хэрэгт Ц.Мөнх-Эрдэнийн өргөдлөөс өөр түүний болон М.Оюун-Эрдэнийн ажил эрхлэлт, орлогын байдлын тухай мэдээлэл бүхий баримт авагдаагүй байна.

Иймд зээл олгох, төлөх, гэрээний нөхцөл зэрэг нь Ц.Мөнх-Эрдэнийн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар өөрийн сайн дураар хөдөлмөрлөж, хөдөлмөрлөснийхөө төлөө ажил олгогчоос авах цалингийн орлогоос хамаарч байна гэж үзэх нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох... зохицуулалттай нийцнэ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч энэ эрх нь хуулийн хүрээнд байх нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчимд нийцэх ёстой.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.З дахь хэсэгт банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсний дагуу банк нь иргэн, хуулийн этгээдэд зээл олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуульд заасан зохицуулалт, шаардлагыг баримтлах үүрэгтэй.

Банк нь зээлдэгч гэх М.Оюун-Эрдэнэд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10-т заасан зээлдэгчийн орлогын мэдээлэл-ийг буюу зээлийн хувийн хэрэгт хамаарах бүрдүүлбэрийг бүрдүүлж зээл олгосон, мөн хуулийн 30 дугаар зүйлд зааснаар зээл төлүүлэх ажиллагааг явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг ойлгоно гэж тайлбарласан.

Үүргийг хэд хэдэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй боловч банктай хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан ажил олгогчоос цалин авдаггүй М.Оюун-Эрдэнээс Ц.Мөнх-Эрдэнийн цалин орлогоо барьцаалж авсан зээлийн гэрээний үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь Ц.Мөнх-Эрдэнэд хариуцуулах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардаагүй нотариатын зардлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн талуудын зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 144/ШШ2021/00054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нараас 10,409,447.58 гэснийг Ц.Мөнх-Эрдэнээс 10,394,947.58 гэж, 2 дугаар заалтын Ц.Мөнх-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ нараас гэснийг Ц.Мөнх-Эрдэнээс гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар М.Оюун-Эрдэний давж заалдах гомдол гаргахдаа 221070013393 төлбөрийн даалгавраар Өмнөговь аймгийн Татварын албаны дансанд төлсөн 90634.6 /ерэн таван мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Н.НАСАНЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                    Х.ГЭРЭЛМАА

                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ