Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

 

Д.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Т.Солонго /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Халиунгоо,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Алдандөш,

Иргэний нэхэмжлэгч “Баялаг ложистик трансХХК-ийн өмгөөлөгч Б.Бадамжаргал,

Шүүгдэгч: Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Прайд трансХХК-ийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэний хариуцагч Л.Баярдаваагийн өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Эрдэнэбаярт холбогдох 2329001130130 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар  сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Гашуунсухайт хилийн боомтод очин нүүрсээ буулгаад Ухаа-худаг уурхайн чиглэл буюу нүүрс тээврийн 58 дахь километрт замын хөдөлгөөн оролцож явахад тээврийн хэрэгслийн 1 дүгээр чиргүүл толгойноосоо салж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "а" заалт буюу "Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ. Тээврийн хэрэгслийн чиргүүлийн холбоос эвдэрсэн ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэснийг зөрчсөний улмаас хажуугаар нь зөрсөн буюу замын хөдөлгөөнд Ухаа-худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох чиглэлд оролцож явсан 38-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гансүлдийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Д.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

 

Очир овогт Дүгэрээгийн Эрдэнэбаярыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбаярт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.4-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаяраас тэтгэлгийн зөрүү 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг амь хохирогчийн төрсөн охин Боржигон овогт Гансүлдийн Номуундарьд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл cap бүр гаргуулан олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс үйлдвэрлэлийн осолтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээж,

 

 Иргэний хариуцагч “Прайд транс” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Эрдэнэбаяраас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч “Прайд транс” ХХК-ийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

           

          Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь Эрүүгийн 2329001130130 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Л.Баярдаваагийн жолоочоор ажиллаж байсан түүний ажилтан юм.

Тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Л.Баярдаваа болон “Прайд транс” ХХК нар хоорондоо түрээсийн гэрээ байгуулсны үндсэн дээр хамтран ажиллаж байсан.

Иргэний хариуцагч Л.Баярдаваа болон “Прайд транс” ХХК нар хоорондоо түрээсийн гэрээ байгуулах болсон нөхцөл шалтгаан нь уурхайгаас нүүрс тээвэрт явуулах тээврийн машинуудыг аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй байх ёстой гэх шаардлагыг “Эрдэнэс тавантолгой” компанийн зүгээс тавьдагтай холбоотой юм.

48-24 УАХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Л.Баярдаваагийн өмч юм. Төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компанийн зүгээс нүүрс тээвэрлэгч нарт тавьсан шаардлагыг хангаж нүүрсний тээвэр хийх зорилгоор иргэний хариуцагч Л.Баярдаваа нь өөрийн өмчлөлийн 48-24 УАХ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Прайд транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан.

Иргэний хариуцагч Л.Баярдаваа болон “Прайд транс” ХХК нар нь түрээсийн гэрээг хоорондоо байгуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын болон бусад нөхцөл байдлын талаар харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

Уг гэрээний 1.6 дугаар зүйлд Түрээсийн зүйлийг түрээслүүлэгч бүрэн хариуцан ажиллуулах, өөрөө болон ачаа тээврийн мэргэшсэн жолооч томилж болох бөгөөд мэргэшсэн жолоочийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг түрээслүүлэгч бүрэн хариуцна хэмээн заасан байдаг.

Мөн Түрээсийн гэрээний 3.1.6-д Түрээсийн зүйлийг өөрийн мэргэшсэн жолоочоор ажиллуулан, ажил хийлгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа тогтмол өгөх болон холбогдох дүрэм журмыг танилцуулан өгч чанд биелүүлж ажиллах үүрэгтэй.

Мөн гэрээний 4.1 дүгээр зүйлд зааснаар Түрээслүүлэгч нь түрээсийн зүйл болон түрээсийн зүйлийг ажиллуулахаар томилсон ачаа тээврийн мэргэшсэн жолоочийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн байдал /ХАБЭАБ/, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм, замын хөдөлгөөний дүрэм, журам, зааварчилгаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой цалин хөлс, нийгмийн даатгалыг бүрэн хариуцах бөгөөд үүнээс үүссэн хохирол, хариуцлагыг бүрэн хариуцахаар гэрээнд талууд тохиролцсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ бүх хохирлыг зөвхөн “Прайд транс” ХХК хариуцахаар шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй шийдвэр юм.

Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч Д.Эрдэнэбаяр унаж явсан 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь лавлагаагаар “Прайд Транс” ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгслийн хэмээн тогтоогдсон хэмээн дүгнэсэн байдаг. 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Прайд Транс” ХХК бүртгэлтэй боловч тээврийн хэрэгслийг хэрхэн, ямар тохиролцооны үндсэн дээр шилжүүлэн нүүрс тээвэрлэж байсан талаарх түрээсийн гэрээг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгч хавтаст хэрэгт хавсаргуулсан байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж “Прайд Транс” ХХК осол гарахад тээврийн хэрэгслийн эзэмшигч байсан учраас бүх хохирлыг “Прайд Транс” ХХК хариуцах ёстой хэмээн бүх хохирлыг “Прайд Транс” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй юм.

Түүнчлэн талууд хоорондоо харилцан тохиролцоод хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний хууль дүрэм, ачаа тээврийн дүрэм журам зэргийг зөрчсөнөөс үүссэн бүх хохирлыг түрээслүүлэгч буюу иргэний хариуцагч Л.Баярдаваа хариуцахаар түрээсийн гэрээндээ тусгасан байдаг.

Шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байхаар хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх иргэний хариуцагч Л.Баярдаваа болон “Прайд транс” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.6, 3.1.6, 4.1-дэх заалтуудыг анхаарч үзэх ёстой байтал анхаарч үзээгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээний холбогдох заалтуудад хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн юм.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болох онцгой ач холбогдол бүхий иргэний хариуцагч Л.Баярдаваа болон “Прайд транс” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.6, 3.1.6, 4.1-дэх заалтуудыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хуулийн заалтыг зөрчсөн буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь лавлагаагаар “Прайд Транс” ХХК- ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл хэмээн тогтоогдсон учраас хохирлыг бүгдийг нь “Прайд транс” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн талаар дүгнэсэн байдаг.

Харин иргэний хариуцагч Л.Баярдаваа болон “Прайд транс” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг харахад 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь иргэний хариуцагч Л.Баярдаваа хэвээрээ байгаа гэдэг нь тодорхой харагддаг болно. Гэтэл анхан шатны шүүх харилцан зөрүүтэй дээрх хоёр нотлох баримтын аль нэгийг нь авахдаа буюу тээврийн хэрэгслийн лавлагааг үнэлэхдээ бусдыг үнэлээгүй буюу түрээсийн гэрээг хэрхэн яагаад нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлийг тайлбарлаж бичих, дүгнэх ёстой байсан атал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр шийтгэх тогтоол гаргасан байдаг нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэхээр хуульчилсан байдаг. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо иргэний хариуцагч “Прайд транс” ХХК гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Эрдэнэбаяраас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй хэмээн тусгасан байдаг.

Дээрх дүгнэлтийг харахад шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь иргэний хариуцагч Л.Баярдаваагийн ажилтан ба шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь “Прайд Транс” ХХК-ийн ажилтан биш, “Прайд Транс” ХХК-тай ямар ч хамааралгүй этгээд юм.

Мөн Эрүүгийн 2329001130130 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан нөгөө этгээд болох шүүгдэгч Д.Эрдэнэбаярын жолоодож явсан 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч, эзэмшигч Л.Баярдаваагаас анхан шатны шүүх ямар ч хохирлыг хариуцуулахгүй, гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаагүй, тусгаагүй дүгнээгүй байдаг.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Эрдэнэбаяраас асуухад би иргэний хариуцагч Л.Баярдаваагийн машиныг жолоодож, Л.Баярдаваагийн ажлыг хийдэг, Л.Баярдаваагаас цалин хөлс авдаг хэмээн тодорхой мэдүүлдэг болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хуулийн заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан заалтуудыг зөрчсөн, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй юм.

Иймээс “Прайд транс” ХХК-иас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шийтгэх тогтоолыг зөвтгөж “Прайд транс” ХХК нь бүх хохирлыг хууль ёсоор арилгах этгээд биш гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Д.Эрдэнэбаяр нь тус хэрэгт холбогдсон цагаасаа л өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас тус зам тээврийн осол гарсан болохыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөвөөр нь, тууштайгаар мэдүүлгээ өгсөөр ирдэг бөгөөд ийнхүү өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлж буй байдал нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарах тул түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгөхийг хүсэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон оролцогч нарын зүгээс Д.Эрдэнэбаярт заавал биечлэн ял эдлүүлэх гэхгүй, энэ хүн өөрийн гэм бурууг хүлээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэдгээ илэрхийлж байгаа учраас тэнсэж өгөөч гэсэн саналыг гаргадаг тул талуудын санал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Эрдэнэбаярт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хариуцагч Л.Баярдаваагийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

 

          Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. “Хас үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан нь үндэслэлгүй буюу зах зээлийн үнийг хэт хөөрөгдүүлж “Баялаг ложистик транс” ХХК-д ашигтай, давуу байдал бий болгосон үнэлгээ гаргасан байдаг. Тодруулбал үнэлгээ гаргахдаа сэлбэг засварын үнийн тарифыг зах зээлийн бодит жишиг үнэд тулгуурлаагүй хуульд заасан аргачлалаар гаргаагүй, хуулийн шаардлага хангаагүй байдаг ба прокурорын шатанд энэ талаар хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт энэ асуудлыг хөндөж мэтгэлцсэн боловч шүүх анхаарч үзсэнгүй.

“Хас үнэлгээ” ХХК-ийн гаргасан тайланг өөр сэлбэг нийлүүлдэг “Байна” ХХК-ийн “Сэргэлэн” дэлгүүр болон “Эрхт сэнтий” ХХК-ийн “Хово центр” дэлгүүрийн үнийн саналтай харьцуулан үзвэл маш их үнийн зөрүүтэй нөхцөл байдал тогтоогддог юм. Тухайлбал дээр дурдсан хоёр компанийн үнийг харьцуулбал:

1. “Баялаг ложистик транс” ХХК урд салхины шил 450 000 төгрөг гэсэн бол “Баян” ХХК 360 000 төгрөг зөрүү 90 000 төгрөг,

2. Хаалга /баруун, зүүн/ 1 100 000 төгрөг бол 850 000 төгрөг, зөрүү 250 000 төгрөг,

3. Их гэрэл урд 2ш 600 000 төгрөг бол 310 000 төгрөг, зөрүү 290 000 төгрөг,

4. Нэмэлт гэрэл 2ш 240 000 төгрөг бол 90 000 төгрөг, зөрүү 150 000 төгөрг,

5. Хөдөлгүүр 18 сая төгрөг бол 16 сая төгрөг, зөрүү 2 сая төгрөг,

6. Радиатор ком 3 200 000 төгрөг бол 630 000 төгрөг, зөрүү 2 570 000 төгрөг,

7. Кабин дан 36 000 000 төгрөг бол 26 000 000 төгрөг, зөрүү 10 000 000 төгрөг,

8. Станц 1 500 000 төгрөг бол 350 000 төгрөг, зөрүү 1 150 000 төгрөг мэтчилэн бүх эд ангиудын үнэлгээг хэт өндөр үнээр тооцож хөөрөгдүүлэн гаргасан байгаа юм.

“Хас үнэлгээ” ХХК нь бусад сэлбэг худалдааны компани болон дэлгүүрүүдийн үнийн харьцуулсан судалгааг огт гаргаж хийлгүйгээр хэт нэг талд ашигтай байдлаар үндэслэлгүй үнэлгээний тайлан гаргасан болох нь хүсэлт, гомдол хавсралтаар гаргаж өгсөн баримтуудаар нотлогддог юм.

Мөн шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршиг болон бусад зардалд 165 299 188 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Баялаг ложистик транс” ХХК-д 115 016 000 төгрөгийг “Прайд транс” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтыг хүчингүй болгож иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй орхиж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хэлэлцэгдсэн учир үндэслэл бүхий шийдвэр болсон байна. Харин шүүгдэгч Д.Эрдэнэбаярын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаарх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунгоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хохирлыг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар хэвээр байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбогдуулж тайлбар хэлье. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунгоогийн хувьд миний аавтай ойролцоо насны хүн байна. Мөн 2 хүүхэдтэй юм байна. Миний аавтай ялгаа алга. Аав маань бас 2 хүүхэдтэй байсан. Энэ хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэдэг тайлбарыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж байсан. Хэдий 21 нас хүрч байгаа, тухайн шүүх хуралдаан болж байхад 20 настай байсан охин ийм том шийдвэр гаргаад энэ хүнд боломж эдлүүлье гээд хэлж байсан. Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ энэ саналыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дэмжин оролцож байна. Түүнд энэ боломжийг эдлүүлж өгнө үү.

          Д.Тамир өмгөөлөгч болон “Прайд транс” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хохирлыг зөвхөн “Прайд транс” ХХК төлөхөөр шийдвэрлэсэн гэдэг. Гэтэл үгүй. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлтэй холбогдолтой заалтыг буюу цалин олговорт амь нас, хохирогчийн цалингийн зөрүүг Д.Эрдэнэбаяраас Г.Халиунгоогийн дүү Номуундарьд сар болгон 18 нас хүртэл 300 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнийг шийдэх тогтоолд мөн дурдаж өгсөн. Энэ хүнд шүүхээс хорих ял оногдуулаад 4 сар хорогдсон. Одоо ажил хөдөлмөр эрхлээд төлөх ёстой төлбөрөө төлөөд явах нь хохирогчийн эрх ашиг сэргээгдэх нөхцөл байдалд нөлөөлнө. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдэх тогтоолд энэ байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү.

          Хоёрдугаарт иргэний хариуцагч Баярдаваа 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунгоо болон өмгөөлөгч надтай өөрийн биеэр уулзаж байсан. Өөрийн биеэр уулзахдаа Д.Эрдэнэбаяр боломжгүй, би энэ бүх хохирол төлбөрийг гаргаж өгнө гээд буцаж байсан. Гэтэл өнөөдрийн хүртэл ямар ч хохирол төлбөр төлөөгүй. Төлнө гээд яриад явдаг. Бид нар энэ хүний тоглоом биш. Хоёрт, шүүхэд ийм тайлбар өмгөөлөгчөөрөө гаргуулаад явж байгаа хэрнээ үүнийг иргэний журмаар хэлэлцэхэд нээлттэй орхиж өгнө үү гэдэг тайлбарыг гаргаад яваад байдаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Д.Тамир өмгөөлөгч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гээд байдаг. Гэтэл яаж буруу тайлбарлаж хэрэглэсэн бэ? Энэ талаарх тайлбарыг гомдолдоо дурдаж өгөөгүй. Ямар хуулийг яаж буруу тайлбарлаж хэрэглээд байна вэ? Баярдаваа гэдэг этгээдийн хувьд гарч ирээд би энэ машины жинхэнэ эзэн нь байна, би энэ хохирол төлбөрийг төлнө, 2 өрөө байр өгье, ийм байдлаар өгье гээд байсан. Хамгийн сүүлд 01 дүгээр сарын 24-ны өдөр буюу шүүх хуралдаан хойшилдог өдөр хохирогч талтай утсаар холбогдсон. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч зүйл төлөөгүй. Үнэхээр Баярдаваа жинхэнэ эзэмшигч нь юм бол манай болон “Баялаг ложистик” ХХК-ийн хохирлыг төлчихвөл бид нар заавал “Прайд транс” ХХК-ийн талаар яриад байхгүй. Хууль хэрэглээний хувьд нээлттэй орхигдуулах гэдгээр энэ хэргийг завхруулах гээд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахгүйгээр шийдвэрлүүлэх гэсэн бохир арга хэрэглээд яваад байна. Үүнийг нь мэдэхгүй гэж боддог юм уу. Ийм тайлбар гаргаад байдаг.

          Хоёрдугаарт, “Прайд транс” ХХК-ийн өмгөөлөгч А.Очбадрал 5, 6 хуудас гомдол гаргасан байдаг. Өмнө нь тайлбарлаж хэлсэн. Гомдолд нь нэг ч хуулийн зүйл заалт байхгүй. Зөвхөн гэрээний асуудал яригддаг. Яагаад Иргэний хуулийн 499 болон 511 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн гэм хорыг шийдвэрлээд байна вэ? гэдэг дээр ямар ч тайлбар өгөөгүй. Яагаад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг биш гэж үзээд байгаа, яагаад Иргэний хуулийн 511 дүгээр зүйл биш гэж үзэж байгаа талаар ямар ч хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Гэрээ л гээд байдаг. Иргэн хоорондоо байгуулсан гэрээтэй холбоотой асуудал байдаг бол түүнийгээ тусдаа шийдвэрлэх хэрэгтэй. Мөн дээрээс нь энэ 2 хүний хооронд, “Прайд транс” ХХК нь Д.Эрдэнэбаярын эзэмшлийн машиныг шилжүүлсэн талаар, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ, иргэний хууль зөрчсөн гэрээ хэлцэл гэж гаргасан шүүхийн шийдвэр, тогтоол хаана ч байхгүй. Бодит байдал дээр 1 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар талд 48-24 УАХ тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Прайд транс” ХХК байна гэсэн лавлагаа тодорхойлолт гараад ирчихсэн байгаа. Гэтэл төрөөс гаргасан бодлогын дагуу бид нар Д.Эрдэнэбаярын машиныг “Прайд транс” ХХК-д шилжүүлсэн гээд байдаг. Тэгвэл бодлого хууль хоёрын аль нь илүү хүчин чадалтай вэ? хууль, гэрээ хоёрын аль нь илүү хүчин чадалтай вэ? Иргэний хуулийн 499 дүгээр зүйл дээр зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй талаар заасан. Тухайн үед буюу энэ осол гарах үед  2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Прайд транс” ХХК эзэмшиж байсан нь хөтөлбөргүй баримт хэрэгт лавлагаагаар авагдсан байгаа. Хуулийн дагуу “Прайд транс” ХХК-аар хохирлыг төлүүлэх нь зүйн хэрэг болж байна. Гомдолдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлтэй холбогдолтой асуудлаар ямар нэгэн байдлаар тайлбар хийгээгүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Хоёрдугаарт, Д.Эрдэнэбаяраас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 4.1-т заасны дагуу сар болгон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Энэ нь зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

          Баярдаваа гэдэг хүн үнэхээр эзэмшигч нь мөн бол яах вэ гэдэг талаар хуульд тодорхой заачихсан асуудлууд байгаа. Хохирсон хүнийг дахин хохироох шийдвэр гаргуулах гээд зориод байгаа нь хуульд нийцээгүй. Мөн Д.Эрдэнэбаяр болон “Прайд транс” ХХК-ийн хооронд түрээсийн гэрээтэй холбоотой асуудал байдаг бол үүнийг энэ хэргээс тусад нь шийдвэрлүүлнэ. Шүүх Баярдаваа, “Прайд транс” ХХК нар нь шүүгдэгч буюу Д.Эрдэнэбаяраас зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Дахиад энэ маргаан тусдаа үргэлжлэх боломжийг нь нээлттэй орхиж өгсөн. Иймд “Прайд транс” ХХК болон Д.Тамир өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг дүгнэсэн шүүхийн шийдэл зөв, хуулийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн холбогдох шаардлагуудыг бүрэн хангасан. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагч, өмгөөлөгч нарын гаргасан гомдолд тайлбар өгөх байдлаар оролцож байгаа. Тайлбараа бичгээр гаргасан байгаа.

          Өмнө нь дурдсан хохирогчийн өмгөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч “Прайд транс” ХХК-ийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд 3 зүйлийг ерөнхий байдлаар тусгасан. Бусдаар хууль хэрэглээний хувьд өрсөлдөх хэм хэмжээ, үгүйсгэсэн эсвэл няцаасан, тайлбарласан зүйл гомдолд байхгүй. Зөвхөн иргэний хариуцагч Баярдаваатай түрээсийн гэрээ байгуулсан байсан. Мөн 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Баярдаваагийн өмч мөн. Осол гаргасан жолооч Д.Эрдэнэбаяр нь “Прайд транс” ХХК-ийн жолооч биш гэсэн энэ 3 ерөнхий үндэслэлийг зааж тайлбарладаг. Энэ үндэслэлүүд бүгдээрээ няцаагддаг. Хавтаст хэргийн 143, 144 дүгээр талуудад тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн зүтгүүр болон чиргүүлийн гэрчилгээ бүгд нотлох баримтаар авагдсан. Эдгээр Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа дээрээс энэ тээврийн хэрэгсэл “Прайд транс” ХХК-ийн өмч хөрөнгө байна гэдэг нь хөтөлбөргүй баримтын хүрээнд тогтоогддог. Түрээсийн гэрээ байгуулсан эсэх асуудлаар анхан шатны шүүх түрээсийн гэрээтэй холбоотой маргаантай асуудал, гомдол, санал байдаг бол тэрийг иргэний журмаар “Прайд транс” ХХК болон Л.Баярдаваа нар хоорондоо тусад нь бие даасан байдлаар шийдэгдүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэдэг. Энэ шүүхийн шийдэл зөв. Үнэхээр түрээсийн гэрээний үндсэн дээр ажил хэргийн харилцаатай, түүнээсээ болоод санал гомдолтой байдаг бол энийгээ бие даасан байдлаар Л.Баярдаваа нь “Прайд транс” ХХК-г шүүхэд өгөөд явах боломжтой. Түрээсийн болон аль нэг гэрээ хэлцлээр хуульд заасан хариуцлагыг шилжүүлэх, тэр хууль зүйн хариуцлагаас чөлөөлүүлэх, хууль зүйн хариуцлагаас зайлсхийх үндэслэл болдоггүй. Хууль тогтоогчийн зүгээс тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож бусдад учруулсан гэм хор хохирлыг хариуцах нь зүйтэй. Хэрвээ аль нэг гэрээ хэлцлээр хууль зүйн хариуцлагаа шилжүүлбэл эрх зүйн мухардалд орох зүйлүүд байгаа. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүй, эсвэл өндөр насны тэтгэвэрт гарсан, хөрөнгөгүй компани, хуулийн этгээд рүү гэрээний үндсэн дээр хууль зүйн хариуцлагыг шилжүүлэх сөрөг үр дагавар үүсэх боломжтой. Энэ нь амьдрал дээр ч, хууль хэрэглээний хувьд ч боломжгүй зүйл. Хуульд заасан үндэслэл, шаардлага нь тухайн тээврийн хэрэгсэл хэний нэр дээр бүртгэлтэй байна вэ гэдгийг шалгуур болгодог. Энэ хүрээнд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн.

          Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тээврийн хэрэгсэл эзэмшигч энэ гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин учруулсан гэм хорыг гэм буруутай этгээдээс шаардах эсэх асуудал нь “Прайд транс” ХХК-ийн эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбаяраас нэхэмжлэх эсэх асуудал нь “Прайд транс” ХХК-д нээлттэй үлдэж байгаа. Зөвхөн дан ганц “Прайд транс” ХХК хохироод, бүгдийг нь хариуцаад үлдэж байгаа зүйл биш. Хохирогчийн өмгөөлөгч мөн дурдсан. Осол гаргасан шүүгдэгч Д.Эрдэнэбаяр гэдэг хүн “Прайд транс” ХХК-ийн жолооч биш гэдэг асуудлыг тавьдаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч компанийн жолооч мөн эсэх асуудлууд хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх, цаашлаад энэ хэргийн шийдэлд ач холбогдолтой зүйл биш. Учир нь Монгол Улсын иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт энэ талаар тодорхой заасан байдаг. Тээврийн хэрэгслийн ашиглагч, өмчлөгч буюу эзэмшигч нь өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг  өмчлөгч, эзэмшигч хариуцаж арилгах үүрэгтэй гээд заачихсан байгаа. Энэ тохиолдолд  “Прайд транс” ХХК нь Баярдаваатай түрээсийн гэрээг байгуулах замаар тээврийн хэрэгслийг шилжүүлээд өгчихсөн. Тэгэхээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад “Прайд транс” ХХК нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийн үндэслэл болгоод “Баялаг ложистик” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв. Тиймээс “Прайд транс” ХХК-ийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн болоод бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Ийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Хоёрдугаарт, иргэний хариуцагч Баярдаваагийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд тайлбар хэлье. Үнэлгээ хэт өндрөөр тогтоогдсон, бодит байдалд нийцэхгүй, дээрээс нь нэг талд гаргасан ийм дүгнэлт гаргасан гэдэг байдлаар гомдол гаргасан. Нуулгүй хэлэхэд би үүнийг ойлгоогүй. Яагаад гэвэл анхан шатны шийтгэх тогтоолд иргэний хариуцагч Баярдаваатай холбогдож ямар нэгэн үүрэг болон хариуцлага хүлээлгээгүй. Шийтгэх тогтоол дээр энэ талаар дурдаагүй. Гомдол гаргах эрхтэй этгээд биш. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт Баярдаваагийн эрх ашиг хөндөгдөөгүй. Хоёрдугаарт “Хас үнэлгээ” ХХК гээд хохирлын үнэлгээний компани мөрдөгчийн тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааны явцад томилогдож үнэлгээ гаргасан байдаг. Энэ мөрдөгчийн тогтоол хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан. 05 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор “Хас үнэлгээ” ХХК-г томилж, Хас үнэлгээ” ХХК нь тайлангаа 2023 оны 05 дугаар сарын 5-ны өдөр гаргасан байдаг. Цаг хугацааг яагаад дурдаад байна вэ гэхээр 05 дугаар сарын 05-ны өдөр энэ үнэлгээг хэргийн оролцогч, зохигч нарт танилцуулахад энэ талаар үнэлгээ өндөр эсэх, бодитой эсэх, зах зээлийн үнэд тулгуурлаагүй эсэх асуудлаар ямар нэгэн гомдол санал, хэргийн оролцогч болон хэргийн хариуцагч нараас гаргаагүй. Прокурорт гомдол гаргасан гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрсдөө үнэлгээ хийлгээд түүнийгээ нотолсон ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Тэгсэн атлаа шүүхэд энэ асуудал шилжээд шийдэгдсэн дараа одоо энэ асуудлаар үндэслэлгүй өндөр үнэтэй үнэлгээ гарсан байсан. Үүнийг үндэслэж анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь буруу гэж тайлбарлаж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн цаашлаад иргэний хариуцагчаар оролцсон Баярдаваа гэдэг хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө би энэ өмч хөрөнгийн улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Нэгэнт ингэж мэдүүлэг өгч байсан учраас мөрдөгч иргэний хариуцагчаар хамтад нь татсан энэ үйлдлийг буруутгах үндэслэл байхгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татагдаж хариуцлага хүлээвэл зохих этгээд нь хэн байх вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгөх эрх нь шүүхийн эрх хэмжээнд хамаардаг учраас үүнийг нээлттэй орхисон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед энэ талаар талуудаас гомдол гаргаж шүүх үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн үндсэн хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар шийдвэрлэсэн тогтоол хэрэгт авагдсан байгаа. Үүнээс иргэний хариуцагч мөн, биш гэдэг асуудал дээр шүүхийн шийдэлд нөлөөлөх ач холбогдолтой зүйл биш. “Прайд транс” ХХК нь энэ хохирол, хор уршгийг хариуцах нь зүйтэй. Дараа нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэсэн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр болсон үйл явдалд маш их харамсаж байна. Би 2 хүүтэй. Дээрээс нь 2 охинтой болж байна гэж бодож байгаа. Би талийгаачийн өмнөөс насан туршдаа хариуцлага хүлээж, 2 охиныг нь өөрийн 2 хүү шигээ харж хандаж явахаа хуулийн өмнө андгайлж байна. Миний биеэр эдлэх ялыг тэнсэж, ажил хийх боломжоор хангаж өгөөч. Би 4 хүүхдээ өөрийн чадах хэмжээндээ харж хандаж явахаа амлаж байна гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгын талаар хуульчилсан. Үүнд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Д.Эрдэнэбаярт биечлэн хорих ял эдлүүлэхээс илүү оногдуулсан хорих ялыг тэнсэх нь энэ хуулийн зорилго, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбаяр тэнсэж, биечлэн ял эдлээгүй тохиолдолд хохирогчид хохирол төлбөрөө төлөх, нийгэмших зорилгын мөн чанарт нийцэж байгаа учраас түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгөөч гэсэн гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн ангиллын талаар хуульчилж, хөнгөн гэмт хэрэг болон хүнд гэмт хэргийн талаар тодорхой зааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Хууль тогтоогчид яагаад энэ гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт хамааруулж зүйлчилсэн бэ гэхээр хор уршиг, хохирол болгоомжгүйгээр хүргэдэг гэдгийг мэдэж байгаа учраас хөнгөн гэмт хэргийн ангилалд оруулсан. Хэргийн нөхцөл байдлаас харахад чиргүүлийн холбоос салаад талийгаачийн амь нас эрсэдсэн асуудал яригддаг. Мэдээж Д.Эрдэнэбаяр чиргүүлийн холбоомоо албаар салгаагүй. Хүний амь насыг эрсдүүлчихье, энэ хохирлыг гаргачихъя гэсэн санаа зорилго байгаагүй. Болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэдэг нь хэргийн хүрээнд нотлогддог. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаачийн үр хүүхдүүдэд тэтгэлэг төлөхөө илэрхийлдэг. Үүнийг харж үзээд анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Д.Эрдэнэбаярт заавал биечлэн ял эдлүүлэх шаардлагагүй гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгөөч гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэний хариуцагч “Прайд транс” ХХК-ийн өмгөөлөгч А.Очбадрал, иргэний хариуцагч Л.Баярдаваагийн өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

 

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 48-24 УАХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Гашуунсухайт хилийн боомтод очин нүүрсээ буулгаад Ухаа-худаг уурхайн чиглэл буюу нүүрс тээврийн 58 дахь километрт замын хөдөлгөөн оролцож явахад тээврийн хэрэгслийн 1 дүгээр чиргүүл толгойноосоо салж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "а" заалт буюу "Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ. Тээврийн хэрэгслийн чиргүүлийн холбоос эвдэрсэн ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэснийг зөрчсөний улмаас хажуугаар нь зөрсөн буюу замын хөдөлгөөнд Ухаа-худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох чиглэлд оролцож явсан 38-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гансүлдийн амь нас хохирсон гэмт хэргийг  үйлдсэн болох нь

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 73-78 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунгоогийн миний аав байгаа юм...ээж маань зуурдаар нас бараад удаж байна...3ам тээврийн ослоос болж нас барсан. Аав маань бид нарыг тэжээдэг байсан... гомдолтой байна...”

2023 оны 05 дугаар 11-ний өдрийн “...Баялаг ложистек ХХК-ийн зүгээс 3.000.000 төгрөг. Нөгөө мөргөсөн машины эзэн нь гэх эрэгтэй нэрийг нь мартсан байна хүн 7.000.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардал энэ мөнгөндөө болсон. Би өөрөө 20 настай манай охин дүү Г.Номуундарь 10 настай, 5 дугаар ангид сурдаг юм. Номуундарийн тэжээгчээ алдагдсан тэтгэмжийн зөрүү болон амь насны хохирлыг нэхэмжилнэ. Би өөрөө оюутан, талийгаач аав маань санхүүгийн бүх асуудлыг хариуцдаг байсан. Гэтэл энэ хүн нас барсан тул маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Тамирын “... намайг 2023 оны 03 дугаар сарын 25-ны шөнө Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутаг байрлах кемп дээрээ амарч байхад жолооч Дэлгэрсайхан над руу утсаар залгаж "Манай компанийн жолооч нүүрс тээврийн 58 дахь км-т осолд орсон байна” гэхээр би юу болсон талаар тодруулахад "жолоочийн биеийн байдал нь ухаангүй хүнд байна" гэж хэлсэн.

Би тэгээд албаны машинаар ганцаараа явж нүүрс тээврийн 58 дахь км-т дээр очиход манай компанийн 38-21 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин хэсэг рүү 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 дүгээр чиргүүл нь салж очиж мөргөсөн байдалтай байсан.

Жолооч Гансүлд ухаангүй байдалтай байсан ба сумын Аврах ангийн хүмүүс ирж кабинаас гаргахад талийгаач Гансүлд нас барсан байсан...Осол болох үед Гансүлд албаны ажлаар явж байсан.

Эрдэнэс таван толгой ХХК-ний уурхайгаас өдөр 10 цагийн үед ачуулж гараад замаараа түлшээ аваад урагшаа Цагаан хад руу явж байсан.

Компанийн нийт жолооч нараас цуглуулсан хандив мөнгө гэж 9.800.000 төгрөг, байгууллагаас 3.000.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байгаа ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Гэрч Л.Баярдаваагийн “...Д.Эрдэнэбаяр бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 48-24 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн босоо файлцийн түлкийг сольсон, дагуу 2 ширхэг шарнерыг сольсон. Тэгээд би Д.Эрдэнэбаярыг энэ машины эмээлийг тослоод тахаа шалгаарай суларсан байж болзошгүй гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай “1. Б.Гансүлдийн цогцост үзлэг шинжилгээгээр гавлын орой болон суурь яс, 2 талын хоншоор, эрүү ясны үйрч бяцарсан ил хугарал, тархины эдийн бяцрал, өвчүү, олон хавирганы хугарал, зүүн эгэм, тавхайн хугарал, зүүн дунд чөмгөний ил хугарал, баруун уушгины хатгагдсан шарх, элэгний баруун дэлбэн, баруун бөөрний бяцрал, урагдал, нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, хуйх, баруун эгэм, зүүн гуя, шагайн үений дотор хэсэг дэх шарх, цээж, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шилбэ, баруун өсгийний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэсэн гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохгүй.

3. Б.Гансүлдийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Б.Гансүлд нь тухайн осол болсон цаг хугацаанд нас барсан байх боломжтой.

4. Б.Гансүлд нь амьдрах боломжгүй олон хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 69-72 дахь тал/,

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/06 дугаартай техникийн шинжээчийн “...Хариулт 1. Дүгэрээ овогтой Эрдэнэбаярын жолоодож явсан 48-24 УАХ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл, гэмтэл үүссэн байна.Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа автомашины ерөнхий харагдах байдлыг 1-р зурагт харууллаа

  1. Чирэгчийн чиргүүлийн холбоос эвдэрсэн,

Чиргүүлийн холбоосны түгжих механизмын, түгжээг суллах бариултай хөндлөн хөшүүрэг тахийсан, хийцийг өөрчлөн гагнуур хийсэн (2-р зураг),

Бариултай хөндлөн хөшүүргийн үзүүрт суурилагдах нугасан холбоосны цөн мултарсан (3-р зураг),

Нугасан холбоосны цөнгийн "дөр"-ийг зориулалтын бус төмөр утсаар орлуулж хийснээс шалтгаалан хугарч унасан (4-р зураг), Эмээлийн суурь хэсэгт ан цав үүсэж гагнасан, дахин цууралт үүссэн (5-р зураг),

Б.1-р чиргүүлийн чиргүүлийн холбоостой холбогдох "Kingpin босоо хурууны"-ны суурь хэсэг гагнаасаараа салсан (6-р зураг).

B. 1-р чиргүүлийн тэвшний урд хэсэг эвдэрсэн,

Г. Арын чиргүүлүүд руу холбогдох тоормосны хийн шугам эвдэрч, тасарсан...

Хариулт 2. Чиргүүлийн холбоос эвдэрсэн, 1-р чиргүүлийн чиргүүлийн холбоостой холбогдох суурь хэсэг гагнаасаараа салсан, арын чиргүүлүүд руу холбогдох тоормосны хийн шугам эвдэрч, тасарсан эвдрэлүүд нь ослын өмнө үүссэн гэмтэл байна. Харин 1-р Чиргүүлийн тэвшний урд хэсэг эвдэрсэн нь ослын үед үүссэн байна...

Хариулт 3. Тухайн автомашины чиргүүлийн холбоос ослын өмнө эвдэрсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...

Хариулт 4. Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн 48-24 УАХ улсын дугаартай Хово маркийн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна...

Хариулт 5. 48-24 УАХ улсын дугаартай Хово маркийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.4 "а"-р заалт буюу "Жолооч .... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ. Тээврийн хэрэгслийн чиргүүлийн холбоос эвдэрсэн ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна... Мөн 48- 24 УАХ улсын дугаартай Хово маркийн автомашиныг эзэмшигч байгууллагын холбогдох шалгах механик, инженер техникийн ажилтан нь 27.2 "в"-р заалт буюу "Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд нь ... тээврийн хэрэгслийн техникийн байдалд хяналт тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй ... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх .... үүргийг хүлээнэ" гэснийг зөрчсөн байна...

Хариулт 6. 38-21 ӨМЭ улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна...

Хариулт 7. 48-24 УАХ улсын дугаартай Хово маркийн автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.4 "а"- р заалтыг зорчин чиргүүлийн холбоос эвдэрсэн автомашины хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн, 48-24 УАХ улсын дугаартай Хово маркийн автомашиныг эзэмшигч байгууллагын холбогдох шалгах механик, инженер техникийн ажилтан нь 27.2 "в"-р заалтыг зөрчин чиргүүлийн холбоос эвдэрсэн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...

Хариулт 8. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...

Хариулт 9. Зам тээврийн ослын улмаас 38-21 ӨМЭ улсын дугаартай автомашинд дараах эвдрэл, гэмтэл үүссэн байна.

• Чирэгчийн бүхээг бүхэлдээ дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн,

• Чирэгчийн бүхээг доторх эд ангиуд бүгд гэмтсэн.

Чирэгчийн бүхээг болон автомашины арал хоорондын бүх төрлийн шингэний, хийн, цахилгааны, механик холбооснууд тасарч, эвдэрсэн,

"Рам" гулзайсан,

Бүх төрлийн хөргөлтийн радиаторууд эвдэрсэн, Хөдөлгүүрийн дээд хэсэг бүхэлдээ эвдэрсэн,

Цилиндрийн блок хагарсан,

Ослын улмаас чиргүүлийн холбоос эвдэрсэн,

Ур талын гэрлүүд хагарч эвдэрсэн, Нумны "U" болт тасарсан, тэнхлэг хоорондын зай алдагдсан,

"Рам" дээр бэхлэгдэх тулгуурууд хагарч, гулзайсан...” гэсэн дүгнэлтүүд /1-р хавтаст хэргийн 86- 91 дэх тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай Автотехникийн хохирлын үнэлгээний /38-21 ӨМЭ/“... 108.494.000 төгрөг...” гэсэн тайлан /1-р хавтаст хэргийн 96-111 дэх тал/,

 

 

 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь “...Д.Эрдэнэбаярт “оногдуулсан ялыг тэнсэх”, иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Тамир “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Эрдэнэбаярт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тиймээс, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...ялын төрөл хэмжээг өөрчлөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү..” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Харин анхан шатны шүүх амь хохирогч Б.Гансүлдийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунгоод сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад зардалд нийт 165 299 188 төгрөгийг иргэний хариуцагч Прайд транс ХХК-аас гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Их Хурал  Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд уг хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан ба цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол болон хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт бөгөөд үүнтэй холбоотойгоор иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буцаан хэрэглэсэн нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ. Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар заасан. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунгоод анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно:, 511.5-т Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж зааснаар сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад зардалд нийт 165 299 188 төгрөгийг иргэний хариуцагч Прайд транс ХХК-аас гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна. Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг, мөн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно, төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. 508.4.1 дэх хэсэгт Бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэж тус тус заасан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.4-т заасныг гэж Иргэний хуульд байхгүй заалт барьсныг давж заалдах шатны шүүх зөвтгөв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу тогтоосон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, Иргэний хариуцагч Прайд трансХХК-ийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэний хариуцагч Л.Баярдаваагийн өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулан, шүүгдэгч Д.Эрдэнэбаярт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 137 /нэг зуун гучин долоо/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 

-  7 дахь заалтыг хасч,

  - 9 дэх заалтын “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.4-т зааснаар...” гэснийг “ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-т зааснаар “ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хариуцагч Прайд трансХХК-ийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэний хариуцагч Л.Баярдаваагийн өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 137 /нэг зуун гучин долоо/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

 

 

                                                                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ