Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 121/ШШ2025/0007

 

2025        06              27                                               121/ШШ2025/0007    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***холбогдох зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***, хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***, гуравдагч этгээд ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурорын гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны холбогдогч *** овогтой ***д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. 

2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:

2.1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн  Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор шилжүүлж ирүүлсэн “*** овогтой *** /ЙБ***/ нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт *** ӨВЕ улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслээр технологийн горим зөрчиж мод тээвэрлэсэн...” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.2. Улмаар маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу ***г гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Холбогдогч *** нь дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 300.000 төгрөгийн торгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн байх ба тус шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй байна.

2.4. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***гаас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтийг шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***гаас шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

3.1. Зөрчлийн БО-11 дугаартай “*** нь зохих зөвшөөрөлгүйгээр унанги мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар холбогдогч *** овогтой *** /ЙБ***/-д 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шалгалтын хүрээнд хяналаа.

3.2. Зөрчлийн материалыг хянахад зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Холбогдогч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Агуйт гэх газраас унанги модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн” гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

3.3. Эрх бүхий албан тушаалтан нь тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

3.4. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн” гэх зөрчил нь иргэн, аж ахуй нэгж нь холбогдох хуульд зааснаар гэрээ байгуулах эсхүл зохих зөвшөөрөл /мод бэлтгэх эрхийн бичиг авах/ авсны үндсэн дээр мод бэлтгэх явцдаа гэрээ эсхүл эрхийн бичигт заасан нөхцөлийг зөрчиж мод бэлтгэсэн бол шийтгэл оногдуулах зохицуулалт юм.

3.5. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7.иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах; зэргийг ойд хориглох үйл ажиллагаа гэж тодорхойлсон. Энэ тохиолдолд холбогдогч *** нь ойгоос унанги модыг гэрээ байгуулахгүйгээр, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэснээр зүйлчилж шийтгэл оногдуулах боломжтой юм.

3.6. Гэвч эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ холбогдогчоос зөрүүтэй мэдүүлэг авсан, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, тухайн модыг бэлтгэхэд хамааралгүй эрхийн бичгийг хэрэгт хавсаргах зэргээр нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй, модны шинж чанар, үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан аваагүй, зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоогоогүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулахгүйгээр зөрчлийг шийдвэрлэж, холбогдогчид шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

3.7. Иймд эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул холбогдогч ***д шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах нь зүйтэй байна.

3.8. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч *** нь холбогдогч *** овогтой *** /ЙБ***/-д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хүчингүй болгуулах саналтай байна” гэжээ.

4. Хариуцагч  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

4.1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Хойд Агуйт гэх газарт 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчлийг талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор *** овогтой *** /Й6***/ нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий 4-р багт *** ӨВЕ улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслээр технологийн горим зөрчсөн гэх Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Б нь зөрчлийн 1100-1377 дугаартай гомдол, мэдээлэлд экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.О-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлэх саналын дагуу ирсэн 14 хуудас материал бүхий иргэн ***ийн *** /ЙБ***/-д холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9.4-д заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

4.2. Бат-Өлзий уул нөхөрлөлийн ахлагч гэх гэрч А-ийн Э-ын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд ачигдсан модны гэрэл зураг, ӨВА серийн М*** дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг зөрчлийн хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан мөчир модны уг зэрэг нотлох баримтууд, холбогдогч ***гийн өөрөө үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлгээр мод бэлтгэх технологийн горим зөрчсөн болох нь нотлогдсон, холбогдогч өөрөө үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа.

4.3. Иймд *** дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн ***д Зөрчлийн тухай хуулийн 7.9.4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээд ***гээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

5.1. “Миний бие *** овогтой *** Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Агуйт гэх газраас унанги мод бэлтгэж тээвэрлээд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсаар ***г Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 

3. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.  

4. Прокуророос маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн” гэх зөрчил нь иргэн, аж ахуй нэгж нь холбогдох хуульд зааснаар гэрээ байгуулах эсхүл зохих зөвшөөрөл /мод бэлтгэх эрхийн бичиг авах/ авсны үндсэн дээр мод бэлтгэх явцдаа гэрээ эсхүл эрхийн бичигт заасан нөхцөлийг зөрчиж мод бэлтгэсэн бол шийтгэл оногдуулах зохицуулалт юм.

...холбогдогч *** нь ойгоос унанги модыг гэрээ байгуулахгүйгээр, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэснээр зүйлчилж шийтгэл оногдуулах боломжтой,

...эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ холбогдогчоос зөрүүтэй мэдүүлэг авсан, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, тухайн модыг бэлтгэхэд хамааралгүй эрхийн бичгийг хэрэгт хавсаргах зэргээр нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй, модны шинж чанар, үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан аваагүй, зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоогоогүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулахгүйгээр зөрчлийг шийдвэрлэж, холбогдогчид шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, холбогдогч *** нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Бат-Өлзий сумын Хойд агуйт гэх газрын орчим *** ӨВЕ улсын дугаартай Портер-2 маркийн машинаар мод ачиж яваад цагдаагийн албан хаагчид саатуулагдсан, тэрээр 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн модонд мод бэлтгэх болон гарал үүслийн эрхийн бичиг байхгүй, ...ууланд унаад хатаад хөхөрсөн байсан моднуудаас түүж ачсан босоо мод тайраагүй, ...уртаар нь өргөж ачихад амар юм болов уу гээд уртаар нь аччихсан юм. Хөрөө даахгүй байсан болохоор тэгээд аччихсан юм...” гэж мэдүүлсэн байна. /хх-8-9 тал/

6. Улмаар цагдаагийн байгууллагаас дээрх зөрчлийг харьяаллын бус гэж үзэж, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн, эрх бүхий албан тушаалтан нь ***гээс дахин мэдүүлэг авахад “...ойн цэвэрлэгээнээс гарсан модны уг, гишүү мөчрийг ачиж ирсэн, ...Бат-Өлзий уул нөхөрлөлийн цэвэрлэгээний модноос ачсан, эрхийн бичгийг аваарай гэсэн боловч би аваагүй явсан...” гэж мэдүүлсэн. /хх-24 тал/

7. Мөн эрх бүхий албан тушаалтан нь Бат-Өлзий нөхөрлөлийн ахлагч А.Э, байгаль хамгаалагч Ө.Г нарыг гэрчээр асууж, ӨВА М*** сери дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мод бэлтгэх гэрээ”-г зөрчлийн материалд хавсаргажээ. /хх-25, 26 тал/

8. Дээрх мод бэлтгэх эрхийн бичиг нь Бат-Өлзий уул нөхөрлөл /А.Э/-д олгогдсон байх бөгөөд мод бэлтгэх, тээвэрлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэж тэмдэглэсэн.  /хх-32 тал/

9. Харин “Мод бэлтгэх гэрээ”-г Ойн ангийн инженер, Бат-Өлзий уул нөхөрлөл нарын хооронд байгуулсан байх ба мод бэлтгэж, ашиглуулах хугацааг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл гэж тогтоосон, уг гэрээний 3.6-д “Мод бэлтгэгч нь бэлтгэсэн модыг тээвэрлэхдээ Сум дундын Ойн анги, байгаль хамгаалагчаар тэмдэглэгээ хийлгэж, хяналтын хуудсыг заавал хөтөлж, хянуулсан байх ба тэмдэглэгээ хийлгээгүй, хяналтын хуудасгүй тээвэрлэсэн тохиолдолд хууль бус мод гэж үзнэ” гэж заажээ. /хх-28-29 тал/

10. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд холбогдогч нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн, гэрчүүд нь ойн цэвэрлэгээний талбайгаас мод авсан, модны эрхийн бичгийг мартсан байсан зэргээр мэдүүлэх боловч хэрэгт бичгээр авагдсан модны эрхийн бичиг, мод бэлтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар мэдүүлэг нь нотлогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ. 

11. Учир нь, Ойн тухайн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.”, 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана.”, 34.З-т “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.” гэж зааснаар мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжид нэр заан олгох бөгөөд бусдад дамжуулахыг хориглосон тул Бат-Өлзий уул нөхөрлөл /А.Э/-д олгогдсон модны эрхийн бичгийг холбогдогч ***д олгогдсон гэж үзэх боломжгүй, түүнчлэн модны эрхийн бичиг, мод бэлтгэх гэрээний мод бэлтгэх, тээвэрлэх хугацаа нь зөрчил гарсан өдрөөс өмнө дуусгавар болсон байсан, хэрэв ойн цэвэрлэгээнээс мод тээвэрлэсэн бол дээрх гэрээний 3.6-д заасан тэмдэглэгээ, хяналтын хуудсыг гаргаж өгөх шаардлагатай байхад энэ талаар холбогдогч болон гэрчүүд огт мэдүүлээгүй зэргээс дүгнэхэд холбогдогч ***гийн *** ӨВЕ улсын дугаартай Портер-2 маркийн машинаар ачиж явсан модыг цэвэрлэгээний талбайгаас ачсан, эрхийн бичигтэй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.” гэж зааснаар аливаа иргэн нь ахуйн зориулалтаар /түлээний зориулалтаар/ мод бэлтгэхдээ зохих зөвшөөрлийг авах үүрэгтэй байна.

13. Зөрчлийн холбогдогч *** нь хуульд заасан зохих зөвшөөрлийг авалгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж явсан болох нь дээр дүгнэсэн баримтуудаар тогтоогдож байна.

14. Гэтэл эрх бүхий албан тушаалтан болох байгаль орчны хяналтын улсын байцаагч нь холбогдогчийн гаргасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн” зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

15. Тодруулбал, Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ -тай мод бэлтгэх гэрээ байгуулна. 33.2.Энэ хуулийн 33.1-д заасны дагуу байгуулах мод бэлтгэх гэрээнд дараах зүйлийг тусгана: ...33.2.3.мод бэлтгэлийн талбай тусгаарласан материал, мод бэлтгэх технологийн карт болон ойн нөөцийн тодорхойлолт;” гэж заасан.

16. Мөн Ойн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мод бэлтгэх заавар”-ын 3.2-т Мод бэлтгэгч мод бэлтгэх үйл ажиллагааг эхлэхээс өмнө технологийн картыг загварын дагуу боловсруулан, Ойн ангиар хянуулж, батална” гээд, мод бэлтгэлийн технологийн картын загварыг наймдугаар хавсралтаар баталжээ.

17. Дээрх хууль болон мод бэлтгэх заавар, технологийн картын загвараас үзэхэд ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь мод бэлтгэх гэрээг байгуулж, мод бэлтгэхдээ технологийн картад заасан горимоор мод бэлтгэдэг байна.

18. Иймд “мод бэлтгэх технологийн горимыг зөрчсөн” гэх зөрчил нь мод бэлтгэх гэрээ байгуулсан ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын мод бэлтгэхдээ технологийн горим зөрчсөн үйлдэлд хамааралтай гэж үзэхээр байна.

19. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 3.1 дүгээр зүйлийн 2-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж,

20. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.”, 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана.”, 4-т “Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж тус тус хуульчлан заажээ.

21. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх, цаашлаад гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлэх үүрэгтэй.

22. Энэ хэргийн тухайд, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч ***гийн ачиж авсан мод нь ургаа мод огтолсон эсхүл унанги мод, мөчир, гишүү бэлтгэсэн эсэх, модны шинж чанарыг нарийвчлан тогтоох зорилгоор мэргэжлийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол ойн сан, түүний нөөцөд ямар хэмжээний хохирол учруулсан эсэх  зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж, улмаар дээрх нөхцөл байдлаас хамааран холбогдогч нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь зөрчил эсэх, эсхүл гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байхад эдгээр нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй, энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

23. Гэвч одоо бодит нөхцөл байдалд тухайн үед ачиж явсан мод устгагдсан энэ тохиолдолд хохирол тогтоох, шинжээч томилох ажиллагаа хийх, улмаар зөрчлийн зүйлчлэлийг зөвтгөх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан нь нөхөн хийх боломжгүй болсон, мөн гуравдагч этгээд нь /холбогдогч/ шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаагүй байна. 

24. Иймд прокурорын дүгнэлтийн дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь эрх зүйн ач холбогдолгүй бөгөөд зөрчигдсөн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасан тус хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдогч ***д торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

25. Харин эрх бүхий албан тушаалтан нь цаашид энэ төрлийн зөрчлийг бүрэн шалган тогтоож, шаардлагатай хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн явуулж Зөрчлийн хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн эсэхийг тодорхойлж, байгаль-экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, хохирлын хэмжээг тогтоох, цаашлаад зөрчлийн хэрэг үүсгэх эсэх, эсхүл Эрүүгийн хуульд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинж байгаа бол харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг хийж зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоож шийдвэрээ гаргахыг анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***гаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны холбогдогч *** овогтой ***д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ө.БОЛОРЧИМЭГ