Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 231

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Хувцагаан

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708015650128 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны орчимд эхнэр Б.Оийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад бүгдийг мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Манай эхнэр гар утсаа хаячихсан гэхээр нь би 2.7 сая төгрөгөөр шинэ гар утас авч өгсөн юм. Гэтэл гар утсаа хаяагүй гэдгийг нь найзаас нь сонсоод миний уур хүрч согтуу эхнэртэйгээ муудалцсан. Ер нь манай эхнэр О массажны газарт нууцаар ажиллаад байсан юм. Тэгээд би түүнд тийм газар битгий ажиллаад бай гэж хэлдэг, үүнээс болж хэрэлддэг байсан. Тухайн өдөр мөн массажны газрын айлд байсан.

Гэхдээ би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын О “... би 2011 онд Бтэй танилцаад хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би найз Нанзадын гэрт байж байхад Б ороод ирсэн. Намайг тэнд байгааг яаж мэдсэнийг нь мэдэхгүй байна. Б орж ирээд чи энд юу хийж байгаа юм бэ гээд намайг гэрээс нь чирч авч гараад, сүрдүүлээд, гадуур хүүхдээ хаяад явлаа гэж уурлаад, чамайг надаас салах юм бол хоёр нүдийг чинь ухаж сохолно, орц руу чирч оруулаад хаана байгаа газарт чинь очоод ална, аав, ээжийг чинь бас ална гээд миний хоолой амыг боож, үснээс зулгаасан.

Би Бийг хаалгаар орж ирэхэд нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчихсөн байсан юм. Намайг гадаа дарамталж байгаад миний монетон гинж байсныг тастаад, миний барьж байсан /I РНОNЕ-7/ маркийн гар утас барьчихсан байсан цагдаа нар буцааж залгаад одоо хаана байгаа вэ гэж хаяг асуух гээд залгасан чинь миний гар утсыг аваад зугтаагаад явчихсан. Зугтаагаад явсны дараа цагдаагийн алба хаагч нар ирсэн. Миний хүзүү улаан болчихсон толгой өвдөж байна өвдөг шалбарчихсан байдалтай байна. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү”,

“... өөрт учирсан хохирлыг эм уулгүй өөрөө эдгэсэн. Одоо Бөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.

Б намайг урьд нь 2 удаа зодож байсан. Тэр бүрт нь цагдаад дуудлага өгдөг байсан” /хх-н 8-9, 27-28/ гэж,

гэрч Бын М “... Б нь миний төрсөн дүү Отэй 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа Итгэлтөгс гэх нэг хүүтэй. Б нь Сандэй худалдааны төвд лангуун дээр суудаг, архи их уудаг, тоглоом их тоглодог. ... Б нь миний төрсөн дүүг олон удаа цохиж зодож байсан. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” /хх-н 14/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.О-ийн гэмтэлтэй холбоотой “Оийн биед тархи доргилт, хүзүү баруун өвдөгт зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх-н 33/ гэсэн 11065 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.Б урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 60/,

гэрч Оын Пын “... Б нь бүтэн өнчин, хамаатан садан, ах дүү гэхээр хүн байхгүй. Бор зүрхээрээ өөрийн амьдралаа авч яваа хүн. Амьдралын төлөө байдаг, архи дарс уугаад байдаггүй. Хувь хүний хувьд сайн хүн” /хх-н 49-50/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ.

 

Хохирогч Б.О нь “... Б.Б-ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд эмчилгээ хийлгээгүй, өөрөө эдгэрсэн, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-н 28/ тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. __ овогт Б-ийн Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Б-өд оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 275.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-өд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

          

 

                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   О.ЖАНЧИВНЯМБУУ