2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/03076

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 11 191/ШШ2025/03076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ........дүүрэг, ..... хороо, ...... тоот хаягт оршин суух Б овогт С.А /РД:......../-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ...... дүүрэг, ...... хороо, ........ тоот хаягт оршин байрлах ӨХК ХХК /РД:6047726/-д холбогдох,

 

нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...С.А нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр unegui.mn хаягаар нэвтэрч мэдээлэл авсны үндсэн дээрБ.Н хтай уулзаж, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо /хуучнаар 5 дугаар хороо/, 73 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай 63.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 127,600,000 төгрөгийг бэлнээр төлж, мөн өдрөө Орон сууц захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж байгуулсан.

Орон сууц худалдан авах үед ӨХК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мын 7-14 хоногийн дотор гэрчилгээ гарна гэж хэлсэнд итгэж үнийг бүрэн төлсөн байдаг. Улмаар гэрчилгээ хэзээ гарах талаар удаа дараа лавлан асуухад удахгүй гарна, түр хүлээгээрэй гэж худал ярьсаар өдийг хүрсэн.

Тодорхой хариу өгөхгүй болохоор нь биечлэн уулзахад гэрчилгээ гарахгүй байгаа шалтгааныг ...ХХ ХХК-д 50,000,000 төгрөгийн өр төлбөртэйн улмаас тус 73 дугаар байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжилсэн тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж чадахгүй байна... гэж хэлсэн.

Орон сууц захиалгын гэрээний 5.1.4-т зааснаар гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж, орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан атал ӨХК ХХК нь захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна.

Иймд ӨХК ХХК-д Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо /хуучнаар 5 дугаар хороо/, 73 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай 63.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.А д шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...С.А тай 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу төлбөр төлөгдсөн. Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй шалтгаан нь манай компани 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр уг төслийг эхлүүлсэн бөгөөд Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан үнийн өсөлтийн улмаас санхүүгийн хүндрэл гарч, хамтран ажилласан ХХХХК-д түрээсийн төлбөр 50,000,000 төгрөгийг төлөөгүйн учир шүүгчийн захирамжийн дагуу 73 дугаар байр /дуусаагүй барилга/-ны гэрчилгээ, газрын гэрчилгээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүхэлд нь хориг тавьсан юм. Манай компанийн зүгээс өр төлбөрөө барагдуулж нэхэмжлэгчийн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх болно. ... гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01952 дугаар шийдвэрээр хариуцагч ӨХК ХХК-иас 60,896,535 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/Ш32021/14091 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22250021 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ӨХК ХХК-иас огт төлбөр төлөөгүй учир тус компанийн барьж ашиглалтад оруулсан буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204124985 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж 73 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн атал С.А тай 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг хүлээн авсан байна.

ӨХК ХХК-ийн захирал Б.М нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, хөрөнгөө нуун дарагдуулах санаа зорилготой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих боломжгүй байна. ... гэжээ.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

4.1. нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Ц д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, С.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьдчилсан тэмдэглэл мэдүүлэг хүлээн авсан баримтын загвар, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1065 дугаар тодорхойлолт, ӨХК ХХК-тай байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний хуулбар,Б.Н хтай хийсэн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0532 дугаар Мөнгө өгч авалцсан тухай хэлцлийн хуулбар, ХБ дахь С.А ын эзэмшлийн ..... дугаар дансны хуулга /2023.3.01-2023.3.31/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/15840 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 3-18/-ийг,

 

4.2. хариуцагч талаас: ӨХК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 27/-ыг,

 

4.3. гуравдагч этгээдээс: ХХХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /нээлттэй мэдээллийн цахим сангаас татсан хувь/, Л.Б д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01952 дугаар шийдвэрийн хувилсан хувь, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22250021 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хувилсан хувь, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04-223/25627 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хувилсан хувь, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хариу албан бичгийн хувилсан хувь, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204124985 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж 73 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хувилсан хувь /хх36-38, 42-51/-ийг тус тус гаргаж өгсөн.

 

4.4. нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/13357 дугаар захирамжийн дагуу:

- Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10-3/374 дугаар ...Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 73 дугаар байр, 60 тоот хаягт байрлалтай орон сууцны зориулалттай эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна. гэсэн лавлагаа бүхий албан бичиг /хх 79/-ийг бүрдүүлсэн.

4.5. хариуцагч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч ӨХК ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу үүргээ биелүүлж, орон сууцны үнийг бүрэн төлсөн атал хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх буюу эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан.

3. Хариуцагч ӨХК ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу ХХХХК-д төлөх өр төлбөрөө барагдуулаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн хэмээн гэрээний үүргээ биелүүлэхэд саад болж буй шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлаж, цаашид өр төлбөрөө барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээ илэрхийлсэн.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжээгүй болно.

5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Талууд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч ӨХК ХХК нь Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо /хуучнаар 5 дугаар хороо/, Кино үйлдвэрийн хойд талд орших Өргөө-88 үйлчилгээтэй, орон сууцны 73 дугаар байр, 9 давхар, 60 тоотод байршилтай 63.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч С.А ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, С.А нь орон сууцны нийт үнэ болох 127,600,000 төгрөгийг төлөх, үнийг бүрэн төлж дууссаны дараа ӨХК ХХК нь өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 9-11, 27/

7. Дээрх гэрээний зорилго, агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болохоор байх ба энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж заасантай нийцжээ.

8. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ байна.

9.  Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагчийн хариу үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөх юм.

10. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж дууссан, өнөөг хүртэл орон сууцыг эзэмшиж /амьдарч/ байгаа талаарх үйл баримтад зохигчийн хэн алин маргаагүй. /хх 8, 12-15/

11. Нэхэмжлэгч ийнхүү үүргээ биелүүлснээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй тул Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо /хуучнаар 5 дугаар хороо/, Г.Лувсанцэвээний гудамж, 73 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай 63.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

12. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Тухайн хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа бүхий албан бичгээр тогтоогдсон. /хх 71/

13. Иймээс нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан бөгөөд гэрээнд заасан хаягийг шийдвэрт тусгав.

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн ХХХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.

15. Гуравдагч этгээдээс ...Б.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204124985 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж 73 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн атал С.А тай 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг хүлээн авсан байна гэж тайлбарлах боловч энэхүү үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүйн сацуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй болно. /хх 41-51/

16. Нөгөөтээгүүр, хариуцагчаас гуравдагч этгээдэд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөр төлөгдөөгүй явдал талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй бөгөөд хариуцагч үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан, үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

17. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ. /хх 3-4/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо /хуучнаар 5 дугаар хороо/, Г.Лувсанцэвээний гудамж, 73 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай 63.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.А д шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ӨХК ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 866,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 866,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН