Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

 

С.Ансаганд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Т.Солонго /цахим/,

Хохирогч “Инвестос ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахим/,

Иргэний хариуцагч “Сүлдэт бамбай” ХХК-ийн өмгөөлөгч Б.Алтандөш,

Иргэний хариуцагч “Шанх майнингХХК-ийн өмгөөлөгч Ш.Энхмаа /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,

Шүүгдэгч С.Ансаган,

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Элсэн говь” ХХК-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хохирогч “Инвестос ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Ундраагийн өмгөөлөгч Н.Энхтөр нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Ансаганд холбогдох 2229000730071 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч С.Ансаган нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрт “Шанх майнинг” ХХК-д ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “замаскаар хийсэн Дуйнхар бурхны загварыг хил гаргаж өгнө” хэмээн Ц.Шийрэвчогдонг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж бэлэн 300 000, 200 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 1 ширхэгийг авсан,

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бурхныг хилээр гаргах гэж байна гэж утсаар ярьж Б.Ундрахын эзэмшлийн Хаан банкны 5925209836 тоот дансаар 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Ансаган нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Монголиан Пин Чуан Интернэйшнл Ложистик” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Шакман маркийн 06-19 УАМ улсын дугаартай зүтгүүр, 07-19 АА, 06-19АА улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 29 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шакман маркийн 08-37УАМ улсын дугаартай зүтгүүр, 09-37АА, 06-37АА улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 29 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шакман маркийн 02-41УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, нийт 31 480 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Элсэн говь” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн 94-51УНА улсын дугаартай чирэгч, 46-06ГЧ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 13 505 000 төгрөгийн хохирол учруулсан,

“Элсэн говь” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн 35-31УБА улсын дугаартай чирэгч, 89-40ОЧ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 30 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Юниверсал транс” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн 05-29ӨМҮ улсын дугаартай чирэгч, 47-88БЧ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 11.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн 15-39ХӨВ улсын дугаартай чирэгч, 84-40БЧ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 17 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдхөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу Б.Баттүвшингийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн 19-40УНХ улсын дугаартай чирэгч, 75-52АЧ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 20 690 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Инвестос ББСБ” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн 04-96УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, нийт 25 821 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Дорнын өртөө” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн 65-94ӨМҮ улсын дугаартай чирэгч, 24-16БЧ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 16 350 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Сүндэр Ложистик” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн 46-52УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, 12 880 000 төгрөгийн хохирол тус тус учирсан буюу нийт 237 971 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь С.Ансаганы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ансаганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

Шүүгдэгч Ботагара овогт Сатыбалдыгийн Ансаганыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шуүгдэгч С.Ансаганд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ансаганд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч С.Ансаганд оногдуулсан ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, цагдан хоригдсон 547 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч С.Ансаганаас 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Шийрэвчогдонд, 2 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ундрахад тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан “Монголиан Пин Чуан Интернэйшнл ложистик” ХХК-аас нэхэмжилсэн 90 080 000 төгрөг, хохирогч “Элсэн говь” ХХК-аас нэхэмжилсэн 43 680 000 төгрөг, хохирогч “Юниверсал транс” ХХК-аас нэхэмжилсэн 11 220 000 төгрөг, хохирогч “Хөвсгөл ирээдүй зам” ХХК-аас нэхэмжилсэн 17 250 000 төгрөг, хохирогч Б.Баттүвшингээс нэхэмжилсэн 20 690 000 төгрөг, хохирогч “Инвестос ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 25 821 000 төгрөг, хохирогч “Дорнын өртөө” ХХК-аас нэхэмжилсэн 16 350 000 төгрөг, хохирогч “Сүндэр ложистик” ХХК-аас нэхэмжилсэн 12 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Ансаганыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д зааснаар буюу түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч С.Ансаган нь “Сүлдэт бамбай секьюрити" ХХК-нд харуул хамгаалалтын даргаар ажиллаж байхдаа хариуцан хамгаалж байсан тээврийн хэрэгслүүдийн дугуй болон бусад эд ангиудыг бусдад зарж борлуулан өөртөө орлого олсон байдаг.

Гэтэл шүүхээс шүүгдэгч С.Ансаганыг тухайн “Сүлдэт бамбай секьюрити” ХХК болон “Шанх майнинг” ХХК- ниудын алинд нь харьяалагдан ажилладаг, ямар үүрэгтэй ажил алба хашдаг талаар нотлох баримт байхгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ансаган нь “Сүлдэт бамбай секьюрити” ХХК-нд харуул хамгаалалтын даргаар ажиллаж байсан, цалин хөлс авч байсан, “Шанх майнинг” ХХК-ны авто зогсоолд байсан тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хадгалж, хамгаалж байсан, тухайн эд хөрөнгүүдийг зарж борлуулан завшсан байхад итгэмжлэн хариуцсан этгээд болох нь тодорхойгүй, завших гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Уг гэмт хэргийн улмаас бусдад нийт 237 971 000 төгрөгийн хохирол учирсан байхад үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу уг дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн тул тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нь дээрх хэргийг шийдвэрлэхдээ илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг хамааруулж давж заалдах гомдлыг гаргаж байна.

Гэмт хэрэгтэн Ансаган нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн үйл ажиллагааны нэг хэсэг болох авто зогсоолын харуул хамгаалалтын ажлыг хариуцан хамгаалалтын ажлын чиг үүргийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тухайн байгууллагаас цалин цалинжиж эрх үүргээ хэрэгжүүлдэг. “Сүлдэт бамбай” ХХК-ийн сонгон авч ажиллуулж байсан ажилтан гэх хамгаалалтын албаны ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нэг бүр нь ойролцоогоор 100 сая төгрөгийн үнэ бүхий том оврын ачааны хүнд даацын тэрэг, автомашины эд анги, дугуй, гэрэл, аккумлятор, цахилгааны эд анги, чиргүүл зүтгүүрийн чухал эд ангиудыг бүгдийг нь тонон авч бусдад зарсан гэх. Энэ үйлдлийг ганцаараа үйлдэх боломжгүй хүн хүч, машин механизм, багаж зэвсгийн оролцоотойгоор үйлдэх боломжтой. Мөн бусад харуулын ажилтанд бүгд мэдэх боломжтой. Тус шүүгчийн захирамжаар хэргийг хулгайн хэргийн бүлэглэн үйлдсэн үйлдэлд байж болох нотолгоог гүйцэд шалгаж нөхцөл байдлыг тогтоох. Түүнчлэн Ансаган нь тухайн эд хөрөнгүүдийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн бишийг тодорхойлох нотлох баримтыг нэгтгэж цуглуулах шаардлагатай зүйлчлэлээр зүйлчлэхийг иргэний хариуцагч “Шанх майнинг” ХХК, “Сүлдэт бамбай секьюрити” компаниуд нь хэн нэгний өмнө иргэний хариуцагч байхыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцүүлэн нотлох баримтыг нэмж цуглуулах ажиллагааг хийлгэхийг захирамжлан хэргийг буцаасан ч прокурорын газраас хэрэгт шаардлагатай нэмэлт ажиллагаа хийгээгүй хэргийн талаар бодит байдлыг тогтоох гэж буруутай этгээд бүрийг хуулийн хариу хариуцлагад татах үйлдэл оролцоог хулгайн хэрэг үү завших хэрэг үү гэдгийг зөв зүйлчлэх ажиллагааг огт хийгээгүй.

Шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй. Буцаж шүүхэд хэргийг шилжүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ гэмт этгээдийн гэмт үйлдлийг гэмт үйлдэлгүй байна гэж үзэж цагаатгасан шийдвэр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ноцтой зөрчиж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Цагаатган шийдвэрлэж эд хөрөнгийн асар их хохирол үзэж байгаа хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчлөө. С.Ансаган нь бусадтай бүлэглэж өөрийн ажиллаж байсан ажлын байрны бусдын эд хөрөнгөд онц их хэмжээгээр буюу 237 сая 941 мянган төгрөгийн хохирол учруулсан хэргийг огт гэмт хэргийн шинжгүй байна гэж ЭХХШТХ-ийн 30 ЭХХШТХ-ийн 34.19.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь тухайн хэрэгтнийг дахин эрүүгийн хэрэгт татаж шалгах, шийтгэх, Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй болгож байна. Нэгэнт шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдлээр өөрийн эзэмшилд хууль бусаар авсан байх үйлдэл нь хавтаст хэрэгт хангалттай нотлогдож байхад цагаатгах шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үндэслэлгүй шийдвэр юм.

Түүнчлэн иргэний хариуцагч “Шанх майнинг” ХХК өөрийн бизнес болох автомашины зогсоол ажиллуулах явцдаа бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүргээ хэрэгжүүлэхдээ сайтар судлаагүйгээс хараа хяналт тавихгүй камер бусад ажиллах нөхцөлөөр хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас хамтран бусдын хөрөнгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх хэрэгжүүлэхээр ажилласан аж ахуйн нэгж болох “Сүлдэт бамбай секюрити” ХХК-ийн бүх ажилтнуудад оролцож байж болох шүүх шүүхийн шийдвэр үндэслэлтэй хамтад нь иргэний хариуцагчаар татагдаж тогтоогдох ёстойг зааж шийдвэрлээгүй зөвхөн Сүлд дунпа ХХК-г иргэний хариуцагч байх боломжтой гэж үнэлсэн нь үндэслэлгүй юм. Шүүх дээрх 2 аж ахуйн нэгжүүдийг хоорондоо байгуулсан хэлцэл гэрээнд ач холбогдол өгч дүгнэлт хийх нь өрөөсгөл бөгөөд автомашины хулгайд тонуулсан эд зүйлээ алдан хохирсон иргэн, хуулийн этгээд, компанид нь бүгд “Шанх майнинг” ХХК-ийн итгэл хүлээлгэж итгэмжлэн хариуцуулсан төлбөр төлж үлдээсэн юм. Дээрх хэргүүдийг хамгаалах үүргээ өөр бусдаар гүйцэтгүүлэн гэмт халдлага оруулж хамгаалах, харах, бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн Шанх майнингийн иргэд компаниудын хооронд байгуулсан хэлцлийн үр дагаврыг үнэмлэхгүй орхигдуулсанд иргэний хариуцагч байж бусдад учирсан хохирыг, хохирлыг хариуцах хууль, ёсны, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх, иргэний хариуцагч байх хууль зүйн үндэслэлийг үнэн зөв тогтоогоогүйд гомдолтой байна. Түүнчлэн Ансаганы хэрэг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэмт хэрэгтнийг ял завших эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсныг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатын шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж үзээд байгаагаа тодорхой тайлбарласангүй. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр С.Ансаганд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Хянан хэлэлцээд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаад яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.Ансаганд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. Шүүгдэгч С.Ансаган нь “Бамбай секьюрити ХХК-д хамгаалалтын даргаар ажиллаж байхдаа “Шанх Майнинг” ХХК-ийн авто зогсоол байсан автомашинуудыг хариуцаж, бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан. Уг автомашин “Шанх Майнинг” ХХК-ийн авто зогсоол дээр байсан машинуудыг өөр газар талбайд шилжүүлэх үедээ тэнд байсан автомашинуудын эд ангиудыг худалдаж, тонож, бусдад зарж худалдсан. Энэ орлогоо өөрийнхөө дансаар авсан үйлдэл байдаг. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулдаг. Анхан шатны шүүхээс завших гэмт хэргийн шинж болон итгэмжлэн хариуцуулсан этгээд гэж ямар этгээд болох, энэ гэмт хэргийн субъект нь ямар этгээд байх талаар үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байдаг. Гэвч С.Ансаган энэ гэмт хэргийн субъект болох  шинжийг агуулахгүй байна гэж үзсэн. С.Ансаганыг “Бамбай секьюрити” ХХК-д ажилладаг юм уу, эсвэл “Шанх Майнинг” ХХК-д ажилладаг юм уу, тухайн эд хөрөнгүүдийг хариуцан ажиллаж байсан юм уу гэдэг нь тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хавтаст хэрэгт С.Ансаганыг “Бамбай секьюрити” ХХК харуул хамгаалалтын ажилтнаар авсан, цалин авч байсан, хөдөлмөр эрхэлж байсан гэсэн гэдгийг баримтуудаар нотолсон байдаг. Гэтэл үүнийг хангалттай нотлоогүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. С.Ансаган нь “Бамбай секьюрити” ХХК-д ажиллаж байсан тухайн эд хөрөнгүүдийг хариуцаж байсан. Мөн тухайн эд хөрөнгүүдээ зарж үрэгдүүлж гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн гэв.

 

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Алтанцэцэг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулаад 2 зүйлийг хэлнэ. “Шанх Майнинг” ХХК-г буруутгасан гомдлыг гаргасан байдаг. “Шанх Майнинг” ХХК нь анхнаасаа ажилтнуудаа судалж аваагүй, харуул хамгаалалтын дүрэм журмыг танилцуулаагүй гэдэг. Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т тухайн харуул хамгаалалтын ажилтныг авч ажиллуулж байгаа компани нь энэ бүх үүргийг хүлээх болохоос биш гэрээ байгуулсан “Шанх Майнинг” ХХК-д энэ хамааралгүй гэдгийг агуулгаар нь тусгасан байдаг. С.Ансаган гэдэг хүн эрүүгийн хэрэгт хэдэн удаа холбогдож байсан тухай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд байгаа. Гэтэл “Сүлдэт бамбай” ХХК нь энэ хуулийн заалтыг зөрчиж авсан байдаг. Хамгийн гол зүйл нь харуул хамгаалалтын ажилтнаар ял шийтгэлгүй хүнийг авч ажиллуулна гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл “Сүлдэт бамбай” ХХК нь С.Ансаганыг ямар байдлаар авсан нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр үүн дээр хариуцлага хүлээх гол эзэн нь “Сүлдэт Бамбай” ХХК болох нь хуулиар тодорхой болж байна. Үүнээс гадна “Сүлдэт Бамбай” ХХК, “Шанх Майнинг” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээ бий. Энэ гэрээн дээр аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т тодорхой заалтууд бий. Энэ дээр хамгаалалтын компани хамгаалалтын ажилтнуудыг албан ёсоор томилж, тэдэнд гэрээнд заасан ажил үүргийг танилцуулан мэргэжлийн удирдлагаар хангана гэсэн заалт байдаг. Үүнийг “Сүлдэт бамбай” ХХК биелүүлээгүй байдаг. Гэтэл М.Алтанцэцэг өмгөөлөгч “Шанх майнинг” ХХК руу хандсан гомдол гаргасан байсан.

          Хоёрдугаарт, би давж заалдах гомдол гаргаагүй. Гэхдээ хуульч хүний хувиар харж байхад С.Ансаганд ял шийтгэл оногдуулалгүй завших гэмт хэргийн субъект биш гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн үндэслэл заагаад хэрэгсэхгүй болгосон. Гэтэл С.Ансаган нэгдүгээрт өөрөө хэлдэг. Хоёрдугаарт өөрийнх нь дансаар мөнгө орж гарсан байдаг. Энэ нотолгоо болохгүй юу? Дараагийн дугаарт нь хөрөнгө завших гэмт хэрэгт “Сүлдэт бамбай” ХХК, “Шанх майнинг” ХХК ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна гэсэн ийм үндэслэлийг заасан байдаг. “Сүлдэт бамбай” ХХК-д ямар хариуцлага тооцох, “Шанх Майнинг” ХХК-д ямар хариуцлага тооцох вэ гэдгийг шүүхийн шийдэх асуудал биш байсан. 200 000 000 гаруй төгрөгийн хохиролтой асуудал яригдаж байхад С.Ансаганыг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёс, хууль ёс гэдгийг хаагуураа өнгөрөөчхөв. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл зайлшгүй байх гэсэн эрүүгийн эрх зүйн гол зарчим хаашаа явчихав. Иймээс анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дээр гаргасан өөрийн саналаа дэмжиж байгаа гэв.

         

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэх тогтоол гаргахдаа өмнө 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан явагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тодорхой ажиллагааг хийлгэе гээд шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Тухайн ажиллагаагаар юу хийх болсон бэ гэхээр С.Ансаган нь би ганцаараа энийг хийсэн гээд байдаг боловч хэд хэдэн хамаарал бүхий этгээд буюу Батмөнх, Алтанхуяг нарын үйлдэл гарч ирдэг. Энэ үйлдлийг шүүх шалган тогтоогоод ороод ир, хоёрдугаарт энэ хүн тэр эд хөрөнгийг буюу хохирогч нарын хохирол болоод байгаа машин техник алга болсон хохирлыг хэн хариуцах ёстой байсан бэ? зөв иргэний хариуцагчийг тодорхойлж шүүх хуралдаанд оруулж ирэх нь зүйтэй байна гэдэг үүднээс хойшлуулсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж орж ирсэн баримтын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоогоод шийдвэрлэх гэтэл боломжгүй нөхцөл байдал гарч ирсэн буюу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал нь С.Ансаган энэ хэргийг ганцаараа үйлдээгүй. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь энэ хүн болж чадахгүй байна гэдэг үүднээс үүнтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүрэн нийцсэн. Учир нь шүүхээс дахин ажиллагаа хийлгүүлье мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооё гэтэл тогтоогдож ирсэн нөхцөл байдал нь бүрэн тогтоогдож ирж чадаагүй. Зөвхөн С.Ансаганы би бүх хэргийг ганцаараа үйлдсэн гэдэг нь энэ хэргийг нотлох нотолгоо болж чадахгүй гэдгийг анхан шатны шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тогтоосон байдаг. 11 дүгээр  сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолдоо ч дурдсан байдаг. Хэрэгсэхгүй болголоо гээд хохирогч нар хохирчихлоо гэсэн үг биш. Мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байгаа учраас хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдсэн. Гэхдээ ингэж шийдлээ гээд хохирогч нарын эрх ашиг тэр чигээрээ хохироод үлдэхгүй. Иймд хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

         

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: С.Ансаган харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа машины эд ангийг тоноод өөртөө авсан үйлдэл байгаа. Энэ үйлдлийг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилж оруулж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч өөрөө хэргээ хүлээгээд би дугуйнуудыг нь авсан, эд ангиудыг нь авсан. Авсан нь үнэн гэдгээ хэлсэн, ингэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. Гэм буруутай нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нь шүүхийн шатанд ямар нэгэн урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байж шүүх хуралдаан дээр ирэхээрээ ямар нэгэн хүсэлт гаргаад, шүүх хуралдааныг хойшлуулаад цаг хугацаа удсан ажиллагаануудыг хийгээд байдаг. Хохирогчийн өмгөөлөгч гэдэг хохирогчийн эрх ашгийг хамгаалж байдаг. Хохирогчид ямар хохирол учирсан бэ, хохирлыг хэнээс нэхэмжлэх вэ гэдгийг ярих ёстой. Энэ талаар хуульд заасан байгаа. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн асуудал яриад, улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гурав хоорондоо гэм буруугийн асуудлаар маргаагүй байхад хохирогчийн өмгөөлөгч энэ хэргийг бүлэглэн хийсэн, хулгай хийсэн, энийг хулгайгаар шийдсэнгүй. Энэ хэргийн зүйлчлэл нь өөр байх байсан гэдэг зүйл яриад байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр С.Ансаган энэ эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш гэж М.Алтанцэцэг, Б.Алтандөш өмгөөлөгч нарын зүгээс маргасаар байгаад шүүхээс энийг биш байна гэж үзэж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл М.Алтанцэцэг өмгөөлөгч өнөөдөр дахиад давж заалдах гомдол гаргаад дахиад энэ шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гээд байна. Итгэмжлэгдсэн хариуцагдсан этгээд биш гэж өөрөө хэлсэн. Үүнийх нь дагуу шүүх шийдсэн. Гэтэл давж заалдах гомдол гаргаад,  гомдолдоо хуулийг буруу хэрэглэсэн, илтэд хууль зөрчсөн, бодит байдалтай нийцээгүй гэдэг үндэслэлүүд тавьсан. Гэхдээ энэ үндэслэлд нь ямар, ямар зүйл ороод байгаа гэдгийг нарийн тусгаагүй. Болсон үйл явдлыг ярьсан зүйл харагдаад байдаг. Тийм учраас давж заалдах гомдлыг хүлээж авахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

        

           Шүүгдэгч С.Ансаган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнөөдрийг хүртэл 21 сар буюу 642 хоног цагдан хоригдож байна. Би хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэдгээ хэлсэн. Иймд хэргээ хурдан түргэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Ансаганд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг, Н.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна. 

3. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг. 

4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ. Прокуророос С.Ансаганы үйлдэлд завших гэмт хэргийг үйлдсэн холбогдуулж ирүүлсэн хэрсэгт түүний гэм буруугүй эгж үзсэн үндэслэлээ тодорхойлоогүй, түүний үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгасан атлаа, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй байна.   

5. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ансаганы гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ансаган нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанх Майнинг” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан “Сүлдэт бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон үйлдлийг “...Сүлдэт бамбай секьюрити ХХК болон Шанх майнинг ХХК-ын алинд нь харьяалагдан ажилладаг, ямар үүрэгтэй ажил алба хашдаг талаар нотлох баримт байхгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжгүй...” гэж үзэж цагаатгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүйгээс гадна хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж тогтоосон.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1 -т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заажээ.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “...цагаатган шийдвэрлэж эд хөрөнгийн асар их хохирол үзэж байгаа хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн “...анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

7. Иймд дээрх үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч С.Ансаганд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Н.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. С.Ансаганд холбогдох 2229000730071 дугаар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

         3. Шүүгдэгч С.Ансаганд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ