| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2025/0010/З |
| Дугаар | 121/ШШ2025/0008 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 121/ШШ2025/0008
2025 07 08 121/ШШ2025/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***/цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** /цахимаар/, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК-аас “Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:
2.1. Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нар нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар актаар 89,047,490.77 төгрөгийн нөхөн татвар, 27,223,588.47 төгрөгийн торгууль, 38,545,887.06 төгрөгийн алданги, нийт 154,816,966.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.
2.2. Дээрх нөхөн ногдуулалтын актыг “***” ХХК-аас эс зөвшөөрч гарсан гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.3. “***” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 121/ШЗ2025/0043 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч “***” ХХК-аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. “***” ХХК нь 280 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилгын ажлыг 2018-2020 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9-р хороонд хийж гүйцэтгэсэн. Татварын улсын байцаагч нар нь тус барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой 2017-2020 онд гарсан зардлын анхан шатны баримтыг үнэлж үзэхгүйгээр 2021 онд 1.940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг зөрчилд тооцсон.
3.2. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайландаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, төлбөрийн баримтаар нотлогдоогүй 2021 онд 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг 2021 оны тайлангаар гарсан 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлаар бууруулж, 2023 онд 69,615,209.73 төгрөгийн алдагдлаар бууруулсан зөрчил гаргасан” гэж төгрөгийн нөхөн татвар 86,188,034.38 төгрөгийн нөхөн татвар, 25,856,419.24 төгрөгийн торгууль, 37,281,496.24 төгрөгийн алданги, нийт 149,325,941.21 төгрөгийн төлбөр ногдуулсан.
3.3. Манай компани өөрийн хөрөнгөөр 2017-2020 онд барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал нь бодитой бөгөөд 2021 онд борлуулалтын орлогоор бүртгэж тайлагнасан. Гэтэл татварын улсын байцаагч татварын хөөн хэлэлцэх хугацаанд захирагдан өмнөх оны ажил, гүйлгээний талаарх анхан шатны баримтыг үнэлэхгүйгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж акт тогтоосон.
3.4. “***” ХХК дээрх барилгын ажлаас өөр ажил гүйцэтгээгүй бөгөөд барилгын ажил гүйцэтгэж, орлого олохтой холбоотой орлого, зардлыг хүлээн зөвшөөрч тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2019 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх” шаардлагыг хуульчилсан бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагад тайлант хугацаагаар хязгаарлах шаардлагыг хуульчлаагүй.
3.5. “***” ХХК-ийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно” гэсний дагуу 2021 онд 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг 2021 оны тайлангаар гарсан 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлаар бууруулж тайлагнасныг үндэслэлтэй гэж үзэж байна.
3.6. Мөн бид Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар Өвөрхангай аймгийн Татварын газрын Маргаан таслах зөвлөлд хандсан боловч тус актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3.7 Иймд Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, төлбөрийн актыг багасгаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “***” ХХК-ийн хувьд 2014 оноос хойш ажил үйлчилгээ явуулаагүй байсан. Тэгээд 2017 оноос 280 хүүхдийн концессын гэрээг авсан байдаг. Концессын гэрээ нь ойролцоогоор 3,900,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил бөгөөд энэ ажлыг 2017 онд авч ажилласан байдаг. 2017-2020 он хүртэл 2-н жилийн дотор 2017-2019 онуудад тухайн барилгын бүх зардлуудыг өөрсдөөсөө гаргаж барилгыг барьсан байгаа.
4.2. Үүнтэй холбоотой зардлын бүртгэлийг 2017 оноос хойш татварын цахим систем дөнгөж нэвтэрч байсан үед аж ахуйн нэгжүүд баримтын бүртгэлийг бүрэн бүртгэж жигдрээгүй байсан гэсэн үг юм. Энэ үед төлбөрийн баримтыг уламжлалт аргаараа анхан шатны баримтыг үдэж баримт материал бүрдүүлсэн. Анхан шатны баримтуудыг бүрдүүлээд 2019 онд барилга дуусахад 2017-2019 оны 3-н жилийн санхүүгийн тайлан 940,000,000 төгрөгийн бодит зардлыг баримтаар үдсэн хэлбэртэй бүрдүүлсэн байдаг. Цахимд бүртгэл хийгдээгүй байсан. Ингээд 2020 оноос цахим төлбөрийн системд компаниуд шалгагдаж эхлээд төлбөрийн системээ ашиглаж эхэлсэн.
4.3. 2019-2020 оноос жигдэрч эхэлсэн гэж ойлгож болно. Тэр үеэс төлбөрийн баримтууд, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг шивээд явсан байдаг. Нийтдээ 1,900,000,000 төгрөгийг 2021 онд бүх зардлууд тухайн барилгыг барьсан зардлууд нь 2017-2019 онд гарсан. Орлого нь 2021-2022 онд орж ирсэн байдаг. Иймд нягтлан бодох бүртгэлийн нөгөө орлого, зарлага уялдах нөхцөлийн хангах хүрээнд 2017-2019 оны зардалт өртөг 2020 онд борлуулалтын орлогоороо орж ирсэн байна гэсэн утга агуулгатай байгаа юм. Татвар болохоор орлого орж ирснээс хойших баримтуудыг үзээд татварын акт тавьсан байдаг. Харин зардал нь урьд онуудад гарсан байдаг. Үүнийг бид нар тооцуулж гаргуулъя гэхээр урьд оны татварын шалгалтаар орсон байна. Татварын байцаагч нар бид өмнөх шалгалтыг нөхөж шалгах боломжгүй гэдэг тайлбарыг хэлээд байгаа.
4.4. Бид татварын маргаан таслах комисс руу гомдлыг гаргасан. Энэ маргаан таслах комиссоос 2017-2019 онд гарсан энэ зардлуудын баримтын давхцал шалгагдсан эсэхийг дахиж шалгуулъя гэсэн тайлбарыг хэлсэн. Бид өмнөх онуудын баримтуудыг шалгуулаад үнэхээр зардал бүртгэгдээгүй байвал энэ зардлыг хойш нь орлого, зарлага уялдах нөхцөлийн хүрээнд зардлаасаа хасуулаад явбал 1 дэх заалтад орж ирсэн татварын актыг төлөх нөхцөл бүрдэхгүй болж байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг хангах ёстой болж байгаа.
4.5. Бусад аймаг болон дүүрэгт өмнөх татварын байцаагч нь байгаа тохиолдолд баримтыг шалгаж шууд шийдвэрлээд явах нөхцөлүүд байдаг гэж татвар мэддэг хүнээс болон маргаан таслах комиссоос иймэрхүү тайлбаруудыг хэлсэн. Бидний зүгээс 2017-2019 онд гарсан зардлуудыг анхан шатны баримтаар бүрдсэн зардлыг зардал мөн гэж үзээд өгнө үү гэж хүсэж байгаа. Бид татварын өндөр төлбөр төлөх нөхцөлгүйгээр шийдвэрлэх боломжтой байгаа гэсэн тайлбартай байна гэв
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. “***” ХХК-ийн зүгээс Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргаж маргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл татварын байцаагчийн актыг бүхэлд нь гэсэн үг биш бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан.
5.2. Тус байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 1 дэх заалтад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайлан дахин олголтын анхан шатны баримт жилийн байдлаар тогтоогдоогүй. 2021 онд 1,000,000,900 төгрөгийн зардлыг 2021 оны байдлаар гаргасан. 1,078,000,000 төгрөгийн зарлага алдагдлаар бууруулсан байна гэж үзэж акт тавьсан байгаа. Манай компанийн зүгээс өмнөх онуудад хийгдэж байсан ажил үйлчилгээг албан ёсоор дуусгаж, 2021 онд борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнасан. Үүнтэй холбоотойгоор гарсан зардлуудаа хүлээн зөвшөөрч борлуулалтын орлого олохтой холбоотойгоор гарсан зардлуудаа тайлагнах үйл явдал өрнөсөн. Цаана нь ямар ажил үйлчилгээ явагдсан бэ? гэвэл “***” ХХК-ийн Улаанбаатар хотод 280-н хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн барилгын ажлыг 2018-2020 онуудад хийж гүйцэтгэсэн. Уг ажил 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр захиалагч болон гүйцэтгэгч талуудад хоёр талаас гэрээгээ хийж гарын үсгээ зурж баталгаажуулж ажлыг албан ёсоор дуусгаж хүлээлгэж өгсөн. Үүнтэй холбоотойгоор байцаагч нар 2021 онд ажил үйлчилгээ, барилга бүтээн байгуулахтай холбоотойгоор гарсан зардал гарахгүй байна гэдгээрээ төлбөрийн баримт анхан шатны баримтгүй гэж үзсэн. Татварын байцаагч нарын зүгээс цэцэрлэгийн барилгатай холбоотой баримт материалыг бид нар үнэлүүлье гээд баримтуудаа өгсөн боловч татварын хөөн хэлэлцэх хугацаа 4-н жил байдаг учраас 2021 оны үйл ажиллагааг бид нар шалгаж байгаа. 2020 юм уу 2018, 2019 оны санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгахгүй гэсэн байдлаар актыг үйлдсэн байгаа.
5.3. Нийтдээ байцаагчийн актаар 154,000,000 төгрөгийн акт тогтоосон байгаа юм. Нөхөн татвар 89,374,077 төгрөг, торгуулийн хувьд 27,000,0000 төгрөг, алдангийн хувьд 38,000,000 төгрөг нийтдээ 154,000,000 төгрөгийн акт тогтоосон. Бид нар анхан шатны баримт болон бусад байдлуудаа шүүхэд мэдүүлж шүүхээр шийдүүлье гэж байгаа. Бидний гол маргаж байгаа зүйл нь 2021 онд барилгын ажилтай холбоотойгоо бүх ажил үйлчилгээ дуусгаж үүнтэй холбоотой гарсан зардлаа хүлээн зөвшөөрч тайлангаа зөв тайлагнасан.
5.4. Гэтэл улсын байцаагч нар 2021 оны тайлант хугацаанд өмнөх ажил үйлчилгээтэй холбоотой зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар акт гаргасан. Энэ бүгд бодитой байгаа. “***” ХХК нь 280 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга барьсан. Татварын улсын байцаагч нар нь тус барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор акт тавьсан. Энэ тухай байцаагч нарт тухайн үедээ тайлбарласнаар нөхцөл байдлыг хүлээж аваагүй. Мөн бид Өвөрхангай аймгийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6. Хариуцагч талаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
6.1. Өвөрхангай аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нар *** тоот регистрийн дугаартай “***” ХХК-ийг Цагдаагийн ерөнхий газар эрүүгийн цагдаагийн албаас ирсэн бичгийн дагуу эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 10241103765 тоот томилолтын дагуу 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн татварын хяналт шалгалт хийхэд зөрчил илэрч 2024 оны 12 дугаар сарын 09-ий өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,041,775,681.17 төгрөгийн зөрчилд 89,047,490.77 төгрөгийн нөхөн татвар, 27,223,588.47 төгрөгийн торгууль, 38,545,887.06 төгрөгийн алданги нийт 154,816,966.30 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.
6.2. Зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021, 2022, 2023 оны тайлан, дансны хуулга, харилцахын тайлан, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
6.3. Хууль зүйн үндэслэлээр тайлбар гаргах нь: Тус компанийн гомдолд 280 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой 2017-2020 онд зардал гарсан. Тухайн гүйцэтгэлийн орлого 2021 онд орсон гэсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага”, 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.1-д тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх гэж заасны дагуу тухайн онуудад зардлыг тусгаж алдагдалтай тайлан гарсан тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйл “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох”, 19.2-д “Харьяалах татварын албаар баталгаажуулсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг тухайн алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан дөрвөн жил бүр албан татвар ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиар хязгаарлан хасаж тооцно” гэж заасны дагуу татварын жилийн дараах дараалсан дөрвөн жилд алдагдал бууруулж тайлагнах байсан.
6.4. Нэхэмжлэлд тус компани өөрийн хөрөнгөөр 2017-2020 онд барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал нь бодитой бөгөөд 2021 онд борлуулалтын орлогоор бүртгэж тайлагнасан. Гэтэл татварын улсын байцаагч татварын хөөн хэлэлцэх хугацаанд захирагдан өмнөх оны ажил, гүйлгээний талаарх анхан шатны баримтыг үнэлэхгүйгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж акт тогтоосон гэжээ.
6.5. Тус компани нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1021501562 томилолтоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаагаар санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга зэрэгт үндэслэн татварын хяналт шалгалт хийгдсэн байсан бөгөөд нөхөн ногдуулалтын актын 6-д 2019 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 479,487,298.24 төгрөгийн алдагдалтай тайлагнаснаас, 40,448,208.30 төгрөгөөр алдагдлыг бууруулж баталгаажуулсныг 2021 оны зөрчлөөс Татварын ерөнхий газрын даргын А/265 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журмын 3.2-д Өмнөх жилүүдийн алдагдал шилжиж дуусаагүй тохиолдолд дахин алдагдал үүссэн бол уг шилжээгүй үлдсэн алдагдлыг энэ журмын 1.3-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-т заасны дагуу татварын албаар баталгаажуулсан татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан 4 жилд шилжүүлэн тооцно гэж заасан хугацаанд шилжүүлэн тооцно” гэж заасны дагуу 2021 оны зөрчилд 2019 оны хяналт шалгалтаар баталгаажуулсан 439,039,089.94 төгрөгийн алдагдал, 2021 оны тайланд гарсан 639,901,473.79 төгрөгийн нийт 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлыг бууруулсан. Хяналт шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж нөхөн ногдуулалтын акт тогтоосон.
6.6. Иймд гомдол гаргагч “***” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү.
7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. “***” ХХК нь анх хяналт шалгалтаар 2013 оноос эхэлж орсон байдаг. Манай татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгч талын маргаад байгаа 2017-2019 онд зарлага гарсан гээд байгаа. 2017-2020 оны хооронд хяналт шалгалт хийгдсэн байдаг. Тухайн хяналт шалгалт хийх үед Скайтел, Жи-мобайлын салбар, үсчин гоо сайхан түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг байсан бол, 2019 оноос “***” ХХК нь 280 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилгын ажлыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд барьж эхэлсэн гэсэн бүртгэлтэй байдаг.
7.2. Манай байцаагчийн бүртгэлтэй өмнөх хоёр актыг би аваад ирсэн байгаа. Манай байцаагч хяналт шалгалтыг явуулахдаа татварын хяналт шалгалтад ямар хугацааг хамруулах вэ? гээд 2017-2020 оны тухайн нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа компани дээр хяналт шалгалт хийхдээ нийт тухайн аж ахуйн нэгжтэй холбоотой 1414 ширхэг хөндлөнгийн мэдээллийг хяналт шалгалтад ашигласан байдаг юм. Энд Төрийн банкны болон төрийн сангийн зарлагын 15,000,000 төгрөгийн нэг ширхэг мэдээлэл байсныг тайландаа тусгасан. Мөн тендерийн 2 ширхэг мэдээлэл авсан байсан нь он, сар үнийн дүн тодорхой биш мэдээлэл байсан. Мөн дансны 4-н ширхэг мэдээлэл авснаас 1 дансны мэдээлэл нь авагдсан байсан. 2017-2020 онд шалгалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын 1410 ширхэг падааны мэдээллийг тайлан баталгаажуулахад ашигласан. Татварын хяналт шалгалтын шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйлд зааснаар тухайн хууль тогтоомжийг зөрчсөн нь акт дээр гараад ирсэн байгаа.
7.3. Нэмж хэлэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар албан татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага гэж байгаа. Энэ шаардлагыг нь заагаад өгсөн байгаа. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1.2-т албан татвар төлөгчийн албан татвар ноогдох орлого, олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх гэж байгаа. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1.3-т зардал бодитой гарсан бөгөөд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байна гэж заасан. Энэ нь өмнөх 2020 ондоо хяналт шалгалтаар орохдоо 2018-2019 оны бүх л материалууд нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийнх нь тайлан мэдээнүүдээр гаргаж байгаа бодитой нотлох баримтуудыг бүрдүүлж гаргаж ирж акт тавьсан.
7.4. Харин өнөөдрийн маргаж буй актаар 2021-2024 оных нь үйл ажиллагаа дээр хяналт шалгалт хийсэн. Нэхэмжлэгч компанийн хувьд тухайн өмнөх хяналт шалгалтаар орохдоо тухайн нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжтой байсан. Хэрвээ эргэлзээтэй асуудлууд байсан бол процесс ажиллагаа явагдаж байхад давхар шалгуулах ч юм уу? хяналт шалгалтын ажиллагаанд байцаагчдаа хэлэх сануулах аль эсвэл байцаагч урьд оны хяналт шалгалт дутуу хийгдсэн үйл ажиллагаандаа тавигдах шаардлагад нь хийх ёстой байсан. Одоо хөөн хэлэлцэх хугацаагаа гэж байгаа учраас 2017-2019 онуудын зарлагыг оролцуулах боломжгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан бөгөөд маргааны үндэслэлээ:
1.1. “***” ХХК нь 280 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилгын ажлыг 2018-2020 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9-р хороонд хийж гүйцэтгэсэн. Татварын улсын байцаагч нар нь тус барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой 2017-2020 онд гарсан зардлын анхан шатны баримтыг үнэлж үзэхгүйгээр 2021 онд 1.940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг зөрчилд тооцсон.
1.2. “***” ХХК дээрх барилгын ажлаас өөр ажил гүйцэтгээгүй бөгөөд барилгын ажил гүйцэтгэж, орлого олохтой холбоотой орлого, зардлыг хүлээн зөвшөөрч тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно” гэсний дагуу 2021 онд 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг 2021 оны тайлангаар гарсан 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлаар бууруулж тайлагнасныг үндэслэлтэй ... гэж маргаж байсан бол шүүх хуралдаан дээр ...2017-2019 онд бид зарлагаа дутуу тайлагнаад ашигтай тайлан гаргасан байгаа нь алдаатай үйл ажиллагаа болсон. Тухайн үед алдагдалтай тайлан гаргах ёстой байсан юм. Манайх тухайн үед нягтлан бодох бүртгэл хийж байсан хүний алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй тайлан буруу илэрхийлэгдэн шалгагдсан нөхцөл байдал үүссэн. Байцаагч нар нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой 2017-2020 онд гарсан зардлын анхан шатны баримтыг үнэлж үзэхгүйгээр 2021 онд 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг зөрчилд тооцсон нь үндэслэлгүй гэж,
2. Хариуцагч талаас “...Бид “***” ХХК-ийг эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийхдээ 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 10241103765 тоот томилолтын дагуу зөвхөн 2021.01.01-ний өдрөөс 2023.12.31-ний өдрийг дуусталх хугацааны тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн хяналт шалгалт хийсэн. Татварын ерөнхий газрын даргын А/265 дугаар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ын 3.2-д Өмнөх жилүүдийн алдагдал шилжиж дуусаагүй тохиолдолд дахин алдагдал үүссэн бол уг шилжээгүй үлдсэн алдагдлыг энэ журмын 1.3-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-т заасны дагуу татварын албаар баталгаажуулсан татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан 4 жилд шилжүүлэн тооцно гэж заасан хугацаанд шилжүүлэн тооцно” гэж заасны дагуу 2021 оны зөрчилд 2019 оны хяналт шалгалтаар баталгаажуулсан 439,039,089.94 төгрөгийн алдагдал, 2021 оны тайланд гарсан 639,901,473.79 төгрөгийн нийт 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлыг бууруулсан” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар 07-ны өдрийн А/127 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10241103765 дугаар томилолтын дагуу “***” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан-бүрэн/ хяналт шалгалт хийж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гаргасан байна. Тус актын ТЭМДЭГЛЭХ нь хэсгийн
1 дэх заалтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайландаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, төлбөрийн баримтаар нотлогдоогүй 2021 онд 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг 2021 оны тайлангаар гарсан 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлаар бууруулж, 2023 онд 69,615,209.73 төгрөгийн хасагдах зардлыг 2023 оны тайлангаар гарсан 69,615,209.73 төгрөгийн алдагдлаар бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 13.1.4а. “энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал” гэсэн заалтыг;
2 дахь заалтаар 2021 оны 5-р сард /***/-регистрийн дугаартай “***” ХХК-аас нийт 22,339,561.82 төгрөгийн баталгаажаагүй буцаалтыг худалдан авалтын падаанаар хасалт хийсэн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн заалтыг;
3 дахь заалтаар Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын суутгасан татварын тайландаа ажилчдад олгосон хөдөлмөрийн хөлс дутуу тусган татвар ногдох орлогоо бууруулсан 2021 онд 9,000,000.00 төгрөгийн цалингийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1 хөнгөлөлтийг хассан зөрчил нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,-т “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна: 7.1.1.ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэсэн (Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангаарх 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсөвт төлөх татварын 61,187,662.28 төгрөгийн үлдэгдлийг нийт 22,339,561.82 төгрөгийн зөрчилд ногдох 2,233,956.18 төгрөгийн нөхөн татварын дүнгээр нэмэгдүүлж 63,421,618.46 төгрөг болгож баталгаажуулав. 2021 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,078,940,563.73 төгрөгийн алдагдалтай гарсныг баталгаажуулж 1,078,940,563.73 төгрөгөөр алдагдал бууруулж, 2023 оны жилийн эцсийн аж ахуйн орлогын албан татварын тайлангаар 787,851,993.88 төгрөгийн алдагдалтай гарсныг 69,615,209.73 төгрөгөөр алдагдлыг бууруулж баталгаажуулав) заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 2,041,775,681.17 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь заалтыг тус тус үндэслэн 89,047,490.77 төгрөгийн нөхөн татвар, 27,223,588.47 төгрөгийн торгууль, 38,545,887.06 төгрөгийн алданги, нийт 154,816,966.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэжээ.
5. “***” ХХК-ийн дээрх актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь хянаад Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Өвөрхангай аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10241103765 дугаартай томилолтын дагуу хийж гүйцэтгэсэн байна.
7. Маргаан бүхий актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцон, актыг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсан нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус заасантай нийцсэн байна.
8. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хуулийн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
9. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Албан татвар ногдох нийт орлогоос энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан зардлыг хасаж, зардлын илүү гарсан хэсгийг татварын тайлангаар гарсан алдагдал /цаашид "алдагдал" гэх/ гэнэ, 19.2-т Харьяалах татварын албаар баталгаажуулсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг тухайн алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан дөрвөн жил бүр албан татвар ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиар хязгаарлан хасаж тооцно, 19.3-т Татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд хасагдаагүй үлдсэн болон тухайн татварын жилд энэ хуулийн 19.2-т заасан хязгаараас хэтэрсэн алдагдлын дүнг цаашид албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцохгүй гэж тус тус хуульчилсан.
10. Хэрэгт “Нэхэмжлэгч “***” ХХК-ийн 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр НА-10210000012 дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоож байсан баримт авагдсан байна. Тус актын Тэмдэглэх нь хэсгийн 6-д 2019 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 479,487,298.24 төгрөгийн алдагдалтай гарсныг баталгаажуулж, 40,448,208.30 төгрөгөөр алдагдлыг бууруулаж шийдвэрлэжээ. / нотлох баримтын 2-р хавтас 104-р тал/
11. Хариуцагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа баримтаар нотлогдоогүй 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг дээрх 2020 оны алдагдлаас шилжүүлсэн дүн 439,039,089.94 төгрөг, 2021 оны алдагдлаас шилжүүлсэн дүн 639,901,473.79 төгрөг, нийт 1,078,940,563.73 төгрөгийн алдагдал бууруулж татвар ногдох орлогыг тодорхойлсон нь хуулийн үндэслэлтэй байна.
12. Харин нэхэмжлэгч талын 2018-2020 онуудад Улаанбаатар хотод 280-н хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн барилгын ажлыг гарсан ажил үйлчилгээ барилга бүтээн байгуулахтай холбоотойгоор гарсан зардлыг бүрэн шалгаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
13. Учир нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1-д тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардлыг хасахгүй гэж тус тус заасан.
14.Нэхэмжлэгч компани нь дээр дурдсан өөрийн хөрөнгөөр барилга, байгууламж барихтай холбоотой зардлаа тухайн жилийн татварын тайландаа тухай бүрд нь бүрэн тайлагнаж өгөх эрх, үүрэг нь Татварын ерөнхий хууль болон бусад хуулиар олгогдсон байхад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь татварын улсын байцаагчийн гаргасан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
15. Дээрх нөхцөл байдлаас үзвэл татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд уг зөрчилд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
16. Иймд “***” ХХК-аас аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч ***, ***нарт холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, ***нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 13.1.4а, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн татварын газрын улсын байцаагч нарт холбогдох Өвөрхангай аймгийн татварын газрын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ