Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

            Шүүгдэгч/хохирогч: Б.О, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

Шүүгдэгч/хохирогч: Н.Ц, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэст зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт Н-н Ц, __ овогт Б-н О нарт холбогдох эрүүгийн _______ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _.

     Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчимд өөрийн төрсөн дүүгийн эхнэр Б.Ог “хүүхэд зодлоо” гэж хэлсний улмаас гэр бүл, төрөл садангийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

                        Шүүгдэгч Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчимд өөрийн нөхрийн төрсөн эгч Н.Ц-ийг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар гэр бүл, төрөл садангийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эх нялхаст хүүхдээ үзүүлээд явж байхад Энхмаа намайг дуудсан. Энхмаа дээр очиход танай хүүхдийг чинь дагуулаад явахад өөрөө Өргөө кино театр дээр хүрээд ирсэн байна гэхээр нь Өргөө кино театр дээр очсон. Тэр үед манай хамтран амьдрагч хүүхдээ хөхүүлээдэх гэхээр нь хүүхдээ хөхүүлж байхад Цэгч намайг хүрээд ир гэхээр нь очсон. Тэгээд би очиход шууд намайг өшиглөж, цохьсон. Тэгэхээр нь би яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд “танай хүүхэд яагаад хов зөөдөг юм бэ, гуйлгачингууд зайлцгаа” гэж хэлсэн. Цнамайг цохиж байхад би эсэргүүцэж цохиогүй, харин өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Холдоод явах гэхээр араас зулгааж байгаад маажаад байсан. Тэгээд арай гэж салахад охин нь ирээд намайг цүнхээрээ цохиж өшиглөсөн. Тэгээд манай охин Саранчимэг эгчийг дуудаад Саранчимэг эгч салгах гэхэд Саранчимэг эгчийг хүүхэд нь бас зодсон. Би Цаас уучлалт гуйж байна” гэв.

Шүүгдэгч Н.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Од учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би О-д ганцаараа гэмтлийг учруулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. О-гаас уучлалт гуйж байна.Манай дүүгийн хоёр хүүхдийг төрүүлж өгсөн, би цаашид ч хохирогчид туслаж байх болно” гэв.

Хохирогчоор Б.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Цаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Хохирогчоор Н.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний биед учирсан гэмтлийг О учруулсан. Огаас нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчим Баянгол дүүргийн 10-р хороо Өргөө кинотеатрын гадаа би хүүхдээ тоглуулах гээд зогсож байхад манай хадам эгч Цнамайг дуудахаар нь очсон чинь “танай охин Азаа юу яриад хов зөөгөөд байгаа юм бэ, хүүхдүүдээ аваад манайхаас зайлаарай” гэхээр нь би юу яриад байгаа юм бэ манай хүүхдийг танай хүүхэд алгадсан юм байна лээ, түүнийг л манай төрсөн эгч Сарантуяад хэлсэн юм байна лээ гэсэн чинь ална шүү гээд миний нүүр самардаад үснээс зулгааж үс туг тугаар нь салгаад газар унагаж өшиглөсөн. Би биеэ хамгаалах гээд Цэгчийг түлхээд унагасан юм. Тэгсэн цагдаа ирсэн ба учраа ол гээд явсны дараа түүний охин Соёлоо, хүү Баян-Эрдэнэ нь ирээд бас намайг зодсон. Гэтэл Сарантуяа эгч салгах гээд ирсэн чинь эгчийг бас Цболон хүү Баянаа нар нь зодсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 17-18/,

Хохирогч Н.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед хүү Баян-Эрдэнэ, манай төрсөн дүү Энхмаагийн 2 хүүхэд, Огийн 2 хүүхэд, Өргөө кино театрын гадна худалдаа хийдэг эмэгтэй 2 хүүхэд нарыг дагуулж Энхмаагийн машинтай Өргөө-2 кино театр явсан. Намайг Өргөө-2 кино театр ороод  Нийгмийн Даатгалын дэвтрээ аваад гараад ирэхэд Огийн 2 хүүхэд байхгүй болчихсон, олдохгүй байсан. Огийн охин 12-13 настай А нь 2 настай дүүгээ дагуулаад байхгүй болсон байсан. Бид нар Өргөө-2 кино театрын орчим хайгаад олдохгүй, нилээн удаан хайсан. Тэгсэн Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө-1 кино театрын урд талбайд худалдаа хийдэг хүмүүс Аг дүүтэйгээ хамт автобусанд суугаад ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид нар ирээд манай хүү Баян-Эрдэнэ Огийн охин Аг загнаад, толгой руу нь нясалсан чинь А нь уйлаад ээждээ очиж ховолсон. Манай хүү Баян-Эрдэнэ явчихсан, дүү Энхмаа надад зарж байсан бараагаа үлдээгээд бариа засал хийлгэх гээд явчихсан байсан. Тэгсэн намайг сандал дээр сууж байхад О ирээд “Баян-Эрдэнэ яахаараа хүүхэд зоддог юм” гэж хэлсэн. Би Од “бид нар 2 хүүхдийг нь зөндөө удаан хайсан, ойрхон байсан бол би ч гэсэн зодох байсан” гэж хэлсэн. Тэгсэн О янз бүрийн юм яриад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад үснээсээ зулгаалцсан. Тэгээд салаад би сандал дээр сууж байхад О гүйж ирээд намайг түлхэхэд би сандалтай хойшоо унасан. Тэгээд би босоод Отай дахин үсдэлцсэн. О намайг газар унагаад өшиглөөд цохиод байсан. ...О миний зүүн гарын долоовор хурууг базаад хойш нь дарж гэмтээсэн. Сандалнаас унагаснаас хойш миний нуруу хөндүүрлэж эхэлсэн. Миний биед учирсан гэмтлийг О учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч Н.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхнэр О, бага хүү Ж нарын хамт Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө-1 кино театрын гадна жижиглэнгээр ус, ундаа зарж байсан. Манай эхнэр О худалдаагаа хийгээд би хүүхдээ хараад хажууд нь сууж байсан. Тэр өдөр төрсөн эгч Цманай охин А, хүү Б нарыг тоглоомонд тоглуулна гээд дагуулж явсан. Тэгсэн үдээс хойш эхнэр бага хүүхдээ хөхүүлээд сууж байхад эгч Цирээд “А бид нарт хэлэлгүй дүүгээ дагуулаад түрүүлээд ирчихсэн байна, бид нар зөндөө хайсан” гэж хэлээд эхнэр Отай хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би бага хүүхдээ аваад хэрүүлээс нь холдох гээд явсан. Тэгээд эргээд харахад Ц, О хоёр хоорондоо зууралцаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн хүү Анужин, Мөнххүлэг нарыг Өргөө-1 кино театрын гадна тоглоом дээр тоглуулахаар дагуулж явсан. Тэнд байхад миний төрсөн дүү Огийн охин А уйлчихсан байдалтай ирсэн. Би юу болсон талаар асуухад “Өргөө-2 кино театрын гадна дүүгээ шээлгээд машин дээрээ ирэхэд машин байхгүй, явчихсан байсан. Тэгэхээр нь дүүгээ дагуулаад автобусанд суугаад ирсэн чинь Баяка ах намайг няслаад байна” гэж хэлсэн. Тэр үед О бага хүүхдээ тэвэрчихсэн нөхөртэйгөө хамт ирж байсан. Би Од “хүүхдийг чинь нясалсан байна” гэж хэлэхэд тэнд наймаа хийгээд сууж байсан Огийн нөхрийн эгч Энхмаа нь ирээд “яасан сүртэй юм, 2 нясалсны төлөө хэрүүл гаргалаа эгчийг дуудахаас” гэж хэлээд явсан. Тэгээд хүүхдүүдээ тоглуулаад зогсож байсан чинь А ирээд “ээжийг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудаад зодоон болж байна гэх газарт очиход Огийн нүүр нь хэд хэдэн газраа майжуулсан сорвитой болчихсон уйлаад зогсож байсан....Цагдаа нар ирээд явсны дараа Цдахин Ог үснээс нь зулгааж татаж унагаад өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гэрч Н.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Н.Ц эгчийг өөрийнхөө зарж байсан бараан дээр суулгаад, би өөрөө бариа заслын эмнэлэг явсан. Би яваад 1 цаг гарангийн дараа Өргөө-1 кино театрын урд ирсэн чинь Аг өмөөрч О, Цэгч нар хоорондоо зодолдсон гэж байсан. О, Цнарын хоёулангийнх нь үс нь арзайсан, нүүр нь шалбарсан, хоёулаа уйлчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч Э.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Р.Энхтөрийн хамт Бугат-112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 18:30 цагийн үед Бугат-10-аас “Өргөө кино театрын автобусны буудал дээр манай дүүг зодсон байна” гэх дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиж шалгахад Өргөө кино театрын урд гар дээрээ худалдаа хийдэг эмэгтэй байсан ба уг эмэгтэй “манай нөхрийн эгч нь ирээд намайг зодчихлоо” гэж хэлсэн. Харин нөгөө зодсон гэх эгч нь тухайн үед байсан ба “намайг бас зодсон” гэж хэлсэн. Тэр үед зодуулсан эмэгтэй “манай гэр энэ эгчийн хашаанд байдаг юм, хамаатан садан болохоор хоорондоо учраа олоод эвлэрье, манай нөхөр, эгч байгаа болохоор зүгээр” гэж хэлсэн учир хууль сануулаад дараагийн дуудлаганд явсан. Тэгсэн удалгүй дахин хөндлөнгийн хүмүүсээс дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход нөгөө зодуулсан гэх эмэгтэй “манай нөхрийн эгч намайг хэл амаар доромжлоод, өшиглөж, цохиж байгаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд уг эмэгтэйг, нөхөр, хүүхдийнх нь хамт албаны машинд суулган хадам эгчийнх нь гэрт очиж зодсон гэх эгчийг нь дагуулан цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн.

Дуудлаганд очиход зодсон гэх эмэгтэй, зодуулсан гэх эмэгтэй нар 2-лаа гартаа үс барьсан байдалтай, намайг зодсон, намайг зодсон гээд бие биерүүгээ заагаад байсан. Уг 2 эмэгтэйгийн нүүр нь улааж шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шинжээчийн 9237 тоот дүгнэлтэд: “...Он биед хамрын нуруу, хацар, зүүн, баруун талын нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зуун бугалга, 2 талын өвдөг, цээжний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 32/,

Шинжээчийн 9259 тоот дүгнэлтэд: “...Н.Цн биед зүүн гарын долоовор хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 34/,

Хохирогч нарын өргөдөл /хх-н 5-7/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 51-53, 66-69, 73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

  Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчимд өөрийн төрсөн дүүгийн эхнэр Б.Ог “хүүхэд зодлоо” гэж хэлсний улмаас гэр бүл, төрөл садангийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            - мөн Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчимд өөрийн нөхрийн төрсөн эгч Н.Цийг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар гэр бүл, төрөл садангийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь:

Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай хадам эгч Цнамайг дуудахаар нь очсон чинь “танай охин Азаа юу яриад хов зөөгөөд байгаа юм бэ, хүүхдүүдээ аваад манайхаас зайлаарай” гэхээр нь би юу яриад байгаа юм бэ манай хүүхдийг танай хүүхэд алгадсан  юм байна лээ түүнийг л манай төрсөн эгч Сарантуяад хэлсэн юм байна лээ гэсэн чинь ална шүү гээд миний нүүр самардаад үснээс зулгааж үс туг тугаар нь салгаад газар унагаж өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 17-18/, хохирогч Н.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Од “бид нар 2 хүүхдийг нь зөндөө удаан хайсан, ойрхон байсан бол би ч гэсэн зодох байсан” гэж хэлсэн. Тэгсэн О янз бүрийн юм яриад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад үснээсээ зулгаалцсан. Тэгээд салаад би сандал дээр сууж байхад О гүйж ирээд намайг түлхэхэд би сандалтай хойшоо унасан. Тэгээд би босоод Отай дахин үсдэлцсэн. О намайг газар унагаад өшиглөөд цохиод байсан. О миний зүүн гарын долоовор хурууг базаад хойш нь дарж гэмтээсэн. Сандалнаас унагаснаас хойш миний нуруу хөндүүрлэж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч Н.М-ын “...Тэгээд эргээд харахад Ц, О хоёр хоорондоо зууралцаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч Б.Сгийн “...зодоон болж байна гэх газарт очиход Огийн нүүр нь хэд хэдэн газраа майжуулсан сорвитой болчихсон уйлаад зогсож байсан. ...Цагдаа нар ирээд явсны дараа Цдахин Ог үснээс нь зулгааж татаж унагаад өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, гэрч Н.Э-гийн “...О, Цэгч нар хоорондоо зодолдсон гэж байсан. О, Ц нарын хоёулангийнх нь үс нь арзайсан, нүүр нь шалбарсан, хоёулаа уйлчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч Э.Пгийн “...Дуудлаганд очиход зодсон гэх эмэгтэй, зодуулсан гэх эмэгтэй нар 2-лаа гартаа үс барьсан байдалтай, намайг зодсон, намайг зодсон гээд бие биерүүгээ заагаад байсан. Уг 2 эмэгтэйгийн нүүр нь улааж шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шинжээчийн 9237, 9259 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хүүхэд зодлоо гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О, Н.Ц нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, одоо эвлэрч байна гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ог 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н.Ц-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар торгуулийн ял оногдуулж, хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү гэж тус тус санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 2 жилийн хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:           

1. Шүүгдэгчовогт Н-н Ц, Б___ овогт Б-н О нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, Б.О нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц, Б.О нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, Н.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР