| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2025/0013/З |
| Дугаар | 121/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 121/ШШ2025/0010
2025 09 02 121/ШШ2025/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “***” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Бд холбогдох зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С, түүний өмгөөлөгч Б.Баттогтох /цахим/, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “***” ХХК нь “Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.
2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:
2.1. Анх иргэн С.Ө, Б.Цнараас гаргасан захиалсан орон сууцны төлбөрийг төлсөн боловч төлбөрийн баримт өгөхгүй байна гэх гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.Б нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “***” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
2.2. “***” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гарган маргасныг тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 121/ШШ2025/0004 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шийдвэрт хэргийн оролцогч, өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон.
2.3. Улмаар эрх бүхий албан тушаалтан нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулаад 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсаар “***” ХХК-ийн төлбөрийн баримт олгоогүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т заасныг үндэслэн 2,267,700 /хоёр сая хоёр зуун жаран долоон мянга долоон зуу/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
2.4. “***” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан бөгөөд шүүхээс 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Гомдол гаргагч “***” ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. Өвөрхангай аймгийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Б нь “***” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Содон хотхон 24 айлын орон сууцны иргэн С.Ө, Б.Цнарт төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу 2,267,700 (хоёр сая хоёр зуун жаран долоон мянга) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
3.2. Өвөрхангай аймгийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Б нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй нь тус хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
3.3. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгохоор заасан. Гэтэл манай компанийн хэдэн сарын борлуулалтын орлогын 2 хувийг сонгон авч хариуцлага хүлээлгэж буй талаар бид нарт албан ёсоор мэдэгдээгүй.
3.4. Татвар төлөгч нь зөрчлөө арилгаж төлбөрийн баримтыг нэр бүхий иргэдэд олгосон. “***” ХХК нь өөрийн борлуулалтын орлогод ААНОАТ, НӨАТ ногдуулж төлөхөөс гадна татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн нь санхүүгийн хувьд нэмэлт дарамт үүсгэж байна.
3.5. Иймд Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасныг хэрэглэж, 2,267,700 хоёр сая хоёр зуун жаран долоон мянга) төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Шүүхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийг зөв хэрэглэсэн гэсэн ийм тайлбарыг хоёр үндэслэлтэй тайлбар гаргасан байсан. Өмнө нь 15 сая төгрөгөөр 2 иргэн гомдол ирсэн учраас дотроос нь байцаагч хүлээн авч олгоогүй байна гээд үндэслэл болгосон. Шүүхээс энэ 15 сая төгрөгтэй холбогдсон нөхцөл байдал нь бодит нөхцөл байдалтайгаа нийцэхгүй байна, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна, гээд эхний нөхцөл байдлыг тодруул гээд актын биелэлтийг түдгэлзүүлж, 58 хоногийн хугацаанд дахин зөрчил шалгах үйл ажиллагааг явуулсан.
4.2. Байцаагчийн тайлбарт зөрчил илэрхий байсан гэсэн ийм үндэслэлийг заадаг. Гэвч зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг 58 хоногийн хугацаанд явуулсан. Энэ хугацаанд зөрчлийн шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх захирал Ц.Сийг дуудаж тайлбар аваагүй. Сонсох ажиллагааг огт хийгээгүй. Энэ торгочихсон байгаа 2 сая гаруй төгрөгийн торгуулийн хугацаа шийдэгдсэн байгаа. 2,267,700 төгрөгөөр торгосон. Тэгэхээр энэ яг хэдэн сарын хэдний өдрийн Тайлан, аль сарын борлуулалтын орлого юм бэ гэдгийг нь холбогдогчийн зүгээс мэдэхгүй байгаа.
4.3. Өмнөх шүүх хуралдааны шийдвэрээр болон одоо ямар нөхцөл байдал тогтоож байна вэ гэхээр өмнөх шүүх хуралдааны 15 сая төгрөг торгуулсан нөхцөл байдалтай шүүх хуралдааныг хийж байхад иргэдэд баримтыг олгочихсон байсан. 2 иргэний хувьд олголтыг нь аваад явж байгаа ийм нөхцөл байдалтай байсан. Гэсэн хэдий ч 15 сая төгрөгөөр торгож байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байгаа учраас дахин шалгая гэсэн. Байцаагч дахиж шалгасны дагуу сонсох ажиллагаа хийхгүйгээр борлуулалтын аль тайлант сарынх нь мэдэгдэхгүй орлогыг нь нэмээд 2,267,700 төгрөгөөр торгож байгаа. Тэгэхээр энийг татвар төлөгчийн зүгээс шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийдвэр гаргаж байна гэж үзэж байгаа.
4.4. Нэгдүгээрт нь зөрчил гээд байгаа зүйлийг 2 иргэн нь Төрийн банканд олгогдоод явчихсан. 2,267,700 төгрөг төлөх нь өөрөө татвар төлөгчийн хувьд хохиролтой нөхцөл байдал үүсгэж байгаа. Одоо тэр иргэний эрх ашгийг хохироосон юм байхгүй. Татварын улсын байцаагч энэ дээр акт гаргаж шийдэж байгаа нь шударга ёсны зарчмын болон захиргааны акт зорилгодоо нийцсэн байх ёстой. Нэгэнт зөрчил арилчихсан, татвар төлөгчид ямар нэг байдлаар хохирол учруулаагүй ийм нөхцөл байдал үүсчихсэн байхад дахин шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж байгаа нь буруу гэж үзэж байна.
4.5. Б.Цэрэндулам, С.Өтай холбоотой асуудал төлбөрийн баримтыг өгчихсөн, зөрчил арилчихсан шүү дээ. Байцаагч тайлбартаа дурдаад байгаа Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д зөрчил үйлдэгдсэн нөхцөл, оногдуулах шийтгэлийн хэмжээ тохирсон байна, татвар бий болгох, ногдуулах, тайлагнах, хяналт шалгалт явуулах зэрэг зарчмыг барина, шударга байна гээд байгаа. Энэ торгуулийн шийтгэлийн хуудсаар ногдуулж байгаа үйлдэл нь өөрөө татварыг бий болгож байгаа зүйл биш, тогтоож байгаа зүйл биш, хяналт шалгалт хийж байгаа зүйл биш. Тэгэхээр зайлшгүй байх, шударга байх гэсэн зарчмыг барьж тайлбарлаж байгаа нь өөрөө хууль буруу хэрэглэж байна.
4.6. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бүх албан тушаалтнууд тухайлбал барилгын салбарт гэхэд байшин барилгатай холбоотой хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлээд албан шаардлага хүргүүлдэг. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа байцаагч мөн адилхан. Хэн нэгэн этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсэх юм бол албан шаардлагаар зөрчлийг арилгаад түүнээсээ татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг явдаг. Тэгэхээр энэ зайлшгүй торгох нөхцөл байдал үүсээгүй байхад торгож байгаа нь бизнес эрхэлж үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна.
4.7. Татварын хууль тогтоомжийг буруу хэрэглэж шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан байна гэсэн үндэслэлээр энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Үүний цаана хэн нэгэн этгээд Б.Цч юм уу С.Ө гэдэг хүнд эрх, ашгийг нь хөндчихсөн зүйл огт байхгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй. Зөвхөн татварын албаны эрх ашиг хөндөгдөж байна гэсэн ийм зүйл ярьж байгаа. Татварын албаны эрх ашиг гэх ч нийтийн эрх ашиг хөндөөгүй байгаа. Яагаад гэвэл татварын байцаагч торгохоос өмнө зөрчил гаргасан зөрчлөө аль өмнөх шүүхээс өмнө арилгачихсан байгаа. Тэгэхээр энэ торгуулийн хуудсаараа ингээд торгууль төллөө гээд эрх, ашиг сонирхол сэргээгдэх тийм зүйл байхгүй.
4.8. Компанийн хувьд торгууль, дээрээс нь аж ахуйн нэгж, НӨАТ-ын татвараа төлөөд явж байгаа. Тийм учраас сонсох ажиллагаатай холбоотойгоор өмнө нь шүүхийн шийдвэр гарахаас өмнөх зөрчлийн хэрэгтэй холбоотой хоёр зөрчил байгаа учраас өмнөх ажиллагааны хүрээнд хохирогчоос, холбогдогчоос тайлан авчихсан гэж үзээд дараагийнх нь зөрчлийг нь нээхдээ 58 хоногийн хугацаанд татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Захиргааны ерөнхий хульд заасан шийдвэр гаргахаас өмнө хууль зөрчсөн шинжтэй байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
5. Хариуцагч татварын улсын байцаагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад хэрэглэгдсэн хууль хэрэглээний тухайд: Өвөрхангай аймгийн Татварын газарт 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн С.Өаас, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Цэрэндуламаас тус тус гаргасан гомдлын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу зөрчлийг нотлох үүднээс зөрчлийн хэрэг нээх эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн прокурорт хүргүүлсэн. Уг тогтоолыг Прокурорын газар хүлээн авч хянан зөрчлийн 2426001126 дугаар хэргийг 2426001040 дугаар зөрчлийн хэрэгт нэгтгэн нээж шалгах үндэслэлтэй гэж дугаар олгосны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн, улмаар зөрчлийг нотолж холбогдогч “***” ХХК-д хариуцлага оногдуулсан.
5.2. Холбогдогчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №*** дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох шийдвэрийг дахин шийтгэлийн хуудас бичигдэх хүртэл түр түдгэлзүүлсэн.
5.3. Эрх бүхий албан тушаалтны зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд зааснаар дахин хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч Ц.Ст удаа дараа мэдэгдэж дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эс биелүүлж, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт ирэхгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл, чирэгдэл учруулсан.
5.4. Зөрчилд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх тухайд: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1-д “зайлшгүй байх", 5.1.3-т “шударга байх” гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж тус тус заасан.
5.5. Зөрчилд холбогдогч “***” ХХК нь бараа худалдан авсан иргэн С.Ө, Б.Цнарт буюу албан татвар төлөгчийн орон сууцны захиалгын гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болон ипотекийн зээлээр төлж барагдуулахад төлсөн албан татварыг суутган төлөх, албан татвар төлөгчид төлбөрийн баримт олгох үүргээ биелүүлээгүй хууль тогтоомж зөрчсөн. Зөрчилд холбогдогчийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь бусад баримтаар илэрхий нотлогдсон.
5.6. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “***” ХХК-ний Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг хүчингүй болгож, Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №*** дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр “***” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. *** ХХК-иас хүчингүй болгуулахаар маргаж байгаа шийтгэлийн хуудас нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 121/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийн дагуу хариуцагч эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагчаас дахин шинээр гаргасан шийтгэлийн хуудас байна.
2. Дээрх шүүхийн шийдвэрт “...Энэхүү маргааны тохиолдолд иргэд нь орон сууцны төлбөрийг 2024 оны 5 дугаар сард төлж барагдуулсан тул “***” ХХК нь борлуулалт хийсэн тухай бүрд төлбөрийн баримтыг өгөх хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2024 оны 05 сард төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй байсан.
2.1. ...Хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-ыг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх хэдий ч “***” ХХК нь төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 2-д Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж тус тус зааснаар зөрчилд тохирох хариуцлагыг оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн дээрх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ.
2.2. ...Иймээс эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч нь тус компанийн зөрчил үйлдсэнээс өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлого буюу 2024 оны 4 дүгээр сарын орлогыг нягтлан шалгах шаардлагатай байхад зөрчил үйлдсэн хугацааг буруу тодорхойлсноос шалтгаалан холбогдох сарын орлогыг тогтоогоогүй нөхцөл байдал нь шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэл болж байна.
2.3. ...гомдол гаргагч компани нь шийтгэлийн хуудас гарснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэдэд төлбөрийн баримт олгосон нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...зөрчлийг арилгасан тул зөрчлийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох ёстой байсан, заавал торгох шийтгэл оногдуулах шаардлагагүй...” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй.
2.4. ...гомдол гаргагч компанийн 2024 оны 04 дүгээр сарын олсон орлогыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар зүйлийн аль хэсгээр шийтгэл оногдуулахыг шийдвэрлэх нь татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон үүрэг...
2.5. ...Шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдох бөгөөд энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч нь “***” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сард олсон орлогыг холбогдох нотлох баримтын дагуу бүрдүүлэн шалгаж, дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах үүргийг хүлээнэ, шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.” гэж тус тус дүгнэн Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
3. Энэхүү шүүхийн шийдвэрт гомдол гаргагч “***” ХХК болон хариуцагч татварын улсын байцаагч нар нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4. “***” ХХК-иас дахин шинээр гарсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ “...Өвөрхангай аймгийн татварын газрын татварын улсын байцаагч нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй нь тус хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг /холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй/ зөрчсөн., ...манай компанийн хэдэн сарын борлуулалтын орлогын 2 хувийг сонгон авч хариуцлага хүлээлгэж буй талаар бид нарт албан ёсоор мэдэгдээгүй., ...татвар төлөгч нь зөрчлөө арилгаж төлбөрийн баримтыг нэр бүхий иргэдэд олгосон байхад 2,267,700 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй...” гэж маргасныг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар татварын улсын байцаагч нь өмнөх шүүхийн шийдвэрт заасан нэмж тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр “***” ХХК-ийн гаргасан зөрчилд тохирох шийтгэлийг оногдуулсан шинэ актыг дахин гаргах үүрэгтэй.
6. Эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацааны дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагааг хийж, тус компанийн 2024 оны 4 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, 2024 оны 2 дугаар сарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2024 оны 4 дүгээр сарын төлбөрийн баримт шивсэн мэдээлэл, Хас банкны харилцах дансны хуулга /2024.04.01-2024.04.30/ зэргийг нотлох баримтаар цуглуулсан байх бөгөөд Хас банкны дансаар орсон 4 сарын орлого 113,385,000 төгрөгөөс 2 хувийг тооцож 2,267,700 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд: 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь; ...тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасанд нийцсэн байна.
7. Тодруулбал, хууль тогтоогчоос Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар зүйлд аливаа иргэн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан бол өмнөх тайлант сарын хугацаанд “олсон орлого” нь тодорхой тохиолдолд 2 хувиар тооцож торгох, “олсон орлого”-ыг тодорхойлох боломжгүй бол хуулийн этгээдийг 15,000,000 төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
8. “***”-ийн хувьд орон сууц худалдан авсан иргэдэд төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргаснаас өмнөх сард тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь дансаар орлого орсон нь нотлох баримтаар тогтоогдож байх тул дансанд орсон орлогоос тооцож шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан.
10. Иймд гомдол гаргагч “***” ХХК нь орон сууц худалдан авсан иргэдэд төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан, зөрчилд тохирох шийтгэлийг оногдуулах нь хуульд нийцнэ, төлбөрийн баримтыг нөхөн олгосон нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар өмнөх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дүгнэсэн тул шүүх дахин дүгнэх шаардлагагүй бөгөөд гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зөрчлийг арилгасан байхад торгуулийн шийтгэл оногдуулсан талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
11. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийж байгаа энэ тохиолдолд холбогдогчид дахин эрх, үүргийг тайлбарлах шаардлагагүй бөгөөд гомдол гаргагчийн төлөөлөгч нь энэ хугацаанд хэрэг бүртгэлтийн материалтай танилцах, нотлох баримт гаргах, хүсэлт гаргах эрхээ өөрөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Мөн эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
12. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” гэж зааснаар зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг тус хуулиар нарийвчлан зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны зохицуулалт нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй юм.
13. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаас үзэхэд энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол түүнд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх тул хариуцагч татварын улсын байцаагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, “***” ХХК-ийн төлбөрийн баримт олгоогүй зөрчилд торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
14. Иймд “***” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 2, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 8.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “***” ХХК-иас гаргасан “Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ