Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

 

Б.*******-*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.*******маа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болортуул /цахимаар/,

Шүүгдэгч: Б.*******-*******,     

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******-*******д холбогдох 2206000001446 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.*******маагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Б.*******-******* нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим орчинд өвчтэй хүүхдийн зураг оруулж, “миний хүү *******гэрэл нь зүрхний цоорол, уушгины артерийн даралт өндөр гэсэн оноштойгоор Солонго улсад эмчлүүлж байна, хагалгааны зардал 27 сая вон буюу 66 сая төгрөгийг яаралтай бүрдүүлэх боллоо. Хүүд минь амьдрал хайрлаж, хандивын гараа сунгана гэж найдаж байна, 5 тавдахгүй, 10 аравдахгүй шилжүүлээрэй. Хандивын данс Хаан банкны ******* *******-*******, Голомт банкны *******, Хаан банк ******* Ж.*******-*******” гэсэн хуурамч зар, мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, хандив гуйж, өөрийн Хаан банкны ******* тоот дансаар нэр бүхий 393 хохирогчоос 5387300 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнхүү нь Б.*******-*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

 

Шүүгдэгч Б.*******-*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******-*******д 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******д оногдуулсан 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ын яллагдагчаар цагдан хоригдсон 51 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******- *******аас гэм хорын хохиролд 2000 төгрөгийг гаргуулж О.*******өд, 5000 төгрөгийг гаргуулж Б.т, 15000 төгрөгийг гаргуулж Н.д тус тус олгохоор, 386 хохирогчийн 5609300 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.*******-*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          Шүүгдэгч Б.*******-******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Маш их гэм буруутай үйлдэл хийснээ би өөрөө хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Би өөрөө нэг өвчтэй дүүтэй байсан тэр дүүгээ алдаж байсан. Гэхдээ энэ хэргийг сэдсэндээ маш их гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа..., 2020 оны 02 сард нэг пост оруулаад, 2020 оны зуны дундуур бас нэг пост оруулаад энэ хэргийг үйлдсэн, миний хувьд энэ гэмт хэргийг үйлдэж байх хугацаандаа “Эко Пайк” гэдэг компанид ажиллаж байсан...

Хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их харамсан байна. /Шийтгэх тогтоолын 2 дахь тал/ гэж мэдүүлсэн нь шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж. харамсаж байгаагаа илэрхийлж болсон үйл баримтыг мэдүүлсэн атал шүүх “мэдүүлж маргасан” гэж дүгнэсэн.

Миний үйлчлүүлэгч Б.*******-******* одоо 25 настай. Өөрийн хийсэн энэхүү хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогч нараас уучлалт гуйж байгаа, түүний санаачилгаар ар гэрийнх нь зүгээс хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын зүгээс Б.*******-*******д “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /энэ нь хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарын хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон/, хувь хүний зан байдал, хүмүүжил төлөвшлийн хувьд түүнийг нийгмээс удаан хугацаанд тусгаарлаж “цээрлүүлэхээс” илүүтэйгээр хорих ялыг хуулийн боломжит бага хугацаагаар оногдуулж, Б.*******-*******д дахин шинээр ажиллаж амьдрах боломжийг олгох нь хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”.

Мөн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах" гэж заасан заалтыг Б.*******-*******д хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие /Шийтгэх тогтоолын 3-5 дахь тал/ зүйлчлэлийг өөрчлөх байр суурьтай оролцсон байхад миний үйлчлүүлэгч Б.*******-*******ыг маргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөлгүй гэж үзэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл Б.*******-******* нь агуулга нь ижил хэдий ч 2 өөр зурагтай пост мэдээллийг бэлтгэж цахим сүлжээнд тавьсан, 389 иргэн хандив тусламж нэрээр хохирсон хэдий ч шүүгдэгчийн зүгээс 389 хохирогчийг тус бүрт нь залилсан идэвхтэй үйлдэл хийгээгүй бөгөөд хэдэн хүн, хэдэн төгрөгөөр хохирох нь урьдчилан таамаглан тооцоолох боломжгүй онцлогтой гэмт хэрэг юм.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.*******-*******д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******-******* нь 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хугацаанд буюу 1 жил 8 сарын хугацаанд уг гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр өөрийн амьдралын эх үүсвэр болгож буюу мөрийтэй тоглоом тоглодог байснаа мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн шатанд ч мэдүүлдэг. Амьдралын эх үүсвэр болгож залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглаагүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал тухайн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг ашиглана.

Б.*******-******* нь энэ гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр удаан хугацаагаар үйлдсэн. Хэдийгээр хохирол төлбөрөө төлсөн ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байна гэв.

 

          Шүүгдэгч Б.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Нэгдүгээрт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие зүйлчлэл болон хүндрүүлэн үзсэн нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилсэн нь буруу гэж маргасан.

Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн маргаангүй. Хохирол төлбөрийг миний үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн данс нь олдохгүй байсан 3 хүний 22 000 төгрөгийг төлж хохирол төлбөргүй болгосон.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хандив тусламж хүссэн постыг 2 удаа оруулсан, хандив тусламжийг амьжиргаандаа зарцуулаагүй нь хавтаст хэрэгт авагдсан *******сайхан гэх хүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс харагддаг. Зураг нь өөр 2 удаа пост оруулсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр 2 удаагийн үйлдэл байсан. Үүнийг байнга гэж үзэхгүй гэж маргаж, мэтгэлцэх зарчмаар оролцсон.

Тухайн гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанд Б.*******-******* нь тодорхой эрхэлсэн ажилтай, цалин, орлоготой, нийгмийн даатгал төлдөг байсан. Тиймээс амьжиргаандаа хэрэглээгүй. Мөн 389 хохирогчоос орж ирсэн мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх тайлбарыг Б.*******-******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан. Ингэхдээ би амьжиргаандаа зарцуулаагүй. Би мөрийтэй тоглоомд донтчихсон байсан, энэ мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон гэдгээ тайлбарлаж хэлсэн байдлыг анхан шатны шүүх гэм буруугаа ойлгоогүй, маргасан гэж үзсэн.

          Шүүгдэгч 2022 оны 10 дугаар сард мэдүүлэг өгсөн. Тэгээд 2023 оны 05 дугаар сард буюу Б.*******-******* гар утсаа гээсэн үеэр мөрдөгч залгасан. Тухайн үед холбогдох боломжгүй байсан. 2023 оны 09 дүгээр сард Б.*******-*******тай дахин холбогдсон. Тэгээд Б.*******-******* өөрийн биеэр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Энэ нь мөрдөгчийн тэмдэглэл, хугацаа сунгасан байдал, оргодол эрэн сурвалжилсан, зарласан мэдээлэл зэрэг баримтаар тогтоогдсон гэж шүүх үзсэн.

Гэтэл Б.*******-*******ын хувьд хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас 05 дугаар сард холбогдоход нь очоогүй. Гэхдээ тэгж холбогдохдоо дуудаагүй. Харин 09 дүгээр сард холбогдоход нь шууд очсон. Б.*******-******* нь тухайн үед би гэмт хэрэг үйлдсэн, цагдаагийн газарт байнга очих ёстой гэдгээ ухамсарлаж ойлгоогүй байсан. Бусдаар оргосон асуудал байхгүй. Мөрдөгчийн эрэн сурвалжлах ажлаа дутуу хийсэн нөхцөл байдлаас болж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон.

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэсэн байгаа. Гэтэл шүүгдэгч Б.*******-******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн. Өөрөө өвчтэй дүүтэй байсан, дүүгээ алдсан. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа хэлдэг.

          2020 оны 02 дугаар сард 1 пост оруулсан. 2020 оны 06 дугаар сард 1 пост оруулсан. Цахим мэдээлэл гэдэг нэг дор хэдэн ч хүнд хүрэх боломжтой. Б.*******-******* 389 хүн болгонтой харилцаа үүсгээд дансанд мөнгө хийсэн байна уу, ингэсэн үү, тэгсэн үү гэсэн асуудал байхгүй. Хэдэн хүнээс хэдэн төгрөгийн хандив тусламж орж ирэх вэ гэдгийг урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд энэ гэмт хэрэгт холбогдсон.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасныг шүүх хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан.

          Б.*******-******* нь одоо 25 настай залуу хүн. Урьд нь гэмт хэрэг болон ямар нэгэн захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Хийсэн хэргийнхээ эрүүгийн хариуцлагыг хүлээж, гэм буруугаа ойлгож, харамсаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй шалтгаан нь оргон зайлсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.*******-******* нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим орчинд өвчтэй хүүхдийн зураг оруулж, “миний хүү *******гэрэл нь зүрхний цоорол, уушгины артерийн даралт өндөр гэсэн оноштойгоор Солонго улсад эмчлүүлж байна. Хагалгааны зардал 27 сая вон буюу 66 сая төгрөгийг яаралтай бүрдүүлэх боллоо. Хүүд минь амьдрал хайрлаж, хандивын гараа сунгана гэж найдаж байна, 5 тавдахгүй, 10 аравдахгүй шилжүүлээрэй, хандивын данс Хаан банкны ******* *******-*******, Голомт банкны *******, Хаан банк ******* Ж.*******-*******” гэсэн хуурамч зар, мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, хандив гуйж, өөрийн Хаан банкны ******* тоот дансаар нэр бүхий 393 хохирогчоос 5387300 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Х.*******сайханы гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дүгээр хавтас хэргийн 36 дахь тал/, Х.*******сайханы гар утас үзлэг хийсэн “уг гар утасны аррs цэс рүү ороход Налайх зар доод хэсэгт “*******гэрэл” гэсэн нэртэй фейсбүүкт оруулсан “зүгээр хараад битгий өнгөрөөрэй Savegerel” постны зураг, зүүн тийш гүйлгэхэд *******гэрэл гэсэн фейсбүүк мөн адил утгатай оруулж, нялх хүүхдийн зурагтай постны зураг байв” тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 46-47 дахь тал/,

Налайх зар групп-д оруулсан мэдээлэл, Дархан аймгийн ...зар групп-д оруулсан мэдээлэл, , ************** гэх фейсбүүк хаягаас оруулсан зарууд /16 дугаар хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

Б.*******-*******ын эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 14-90 дэх тал/, Б.*******-*******ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 91-203 дахь тал/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар явуулсан баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 91-204 дэх тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

   Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******-*******ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Шүүгдэгч Б.*******-*******д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуул нь “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгожээ.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч Н.д 15000 төгрөг, Б.т 5000 төгрөг, О.*******өд 2000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн болно.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хохирогч нараас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Б.*******-*******д холбогдуулан үйлдэл бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа түүнээс яллагдагчаар мэдүүлэг авахад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

        Шүүгдэгч Б.*******-******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан  хохирлыг төлсөн, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******-*******д 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж”, гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******-*******д 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж” гэж, шийтгэх тогтоолыг 3 дахь заалтын “шүүгдэгч Б.*******-*******д оногдуулсан 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын” гэснийг  “шүүгдэгч Б.*******-*******д оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

           2. Шүүгдэгч Б.*******-******* нь хохирогч  Н.д 15000 төгрөг, Б.т 5000 төгрөг, О.*******өд 2000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ