Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 125

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Б.З,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат /ҮД:0-053/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.Б-т холбогдох эрүүгийн 1803000010075 дугаартай, 187/2018/0105/Э индекстэй хэргийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Х овогт Т.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр, ........... хорооллын урд замд ............ ХХК-ийн эзэмшлийн .......... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас А.Б жолоочтой ........ маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.З, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол, А.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр, ........... хорооллын урд замд .......... ХХК-ийн эзэмшлийн ......... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон дуудлагаар ........ хүргэхээр 2 зорчигчтой явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрлэн дохион дээр зогсож байсан А.Б дуудлагын жолоочтой ......... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, зорчигч Б.З, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол, жолооч А.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Ц-н эзэмшлийн ........ улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгсэлд 4.815.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө эхнэрээ гэрт нь хүргэж өгөөд, замаараа ........ хүргэж өгөх гэж яваад өөрийн болгоомжгүй байдлын улмаас гэрэл дохион дээр зогсож байсан машиныг мөргөж, зорчигч нарын биед гэмтэл учруулсан. Хохирогч О.Б-д эмчилгээний зардалд 3.512.700 төгрөгийг бүрэн төлсөн ба сүүлд 560.000 төгрөг нэмж өгсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. А.Б-д эмчилгээний зардалд 265.500 төгрөг төлсөн ба нэхэмжилсэн 150.000 төгрөгийг төлсөн. Автомашиныг 3.640.000 төгрөгөөр худалдаж авсан ба даатгалаас 5.000.000 төгрөг, сүүлд 1.700.000 төгрөг тус тус өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Би тухайн үед пицца яаралтай хүргэж өгөх гээд явж байсан...Миний буруугаас осол гарсан...Би зогсох гээд тормос гишгэсэн боловч хөл хальтирч сандраад зогсож амжаагүй...Миний ар гэрийн байдлыг анхаарч үзээд хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг гарсан шөнө бид хоёр гэрлүүгээ харьж явсан. Бид хоёр юм яриад явж байсан ба урд байсан машиныг би харсан боловч манай нөхөр зогсож амжаагүй. Дараа нь юу болсныг санахгүй байна. Надад гомдол санал байхгүй, манай нөхөр одоогийн байдлаар ажил хийхгүй байгаа. Би 2 хүүхэдтэй, ажилгүй байсан болохоор ар гэрийн байдал хүнд байгаа анхаарч үзнэ үү...Улсын яллагчийн зүгээс гаргасан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/

             4. Хохирогч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд гэртээ харихаар манай нөхөр Т.Б нь “...........” ХХК-ийн эзэмшлийн ....... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа манай нөхөртэй хамт ажилладаг зүс таних эмэгтэйн хамт би тээврийн хэрэгслийн урд суудалд суугаад ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ....... хорооллын урд замд нөхөр Т.Б-той юм яриад явж байсан юм. Түүнээс хойш яг юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдсэн ГССҮТ-д очсон байсан. Тэгээд би эмнэлэг дээр ухаан орж өөрийгөө зам тээврийн осолд орсоноо мэдсэн. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй...Үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа харанхуй, зам түгжрэлгүй, асфальтан, шулуун тэгш, бороогүй, хуурай, явган хүний гарц, гэрэл дохиотой, суурингийн доторх, эсрэг хөдөлгөөнтэй, 3 эгнээ зам байсан...Би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин жолооч болон хойд суудалд сууж явсан зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Би эмчилгээндээ нийт хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Т.Б миний эмчилгээний бүх төлбөрийг гаргасан байгаа...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

            5. Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ нөхөр Г.Ц-н хамт гарч Хан-Уул дүүргийн ........ төвийн хажуу талд найз нартайгаа уулзсан юм. Нөхөр бид хоёр найзуудтайгаа хамт юм ярьж суунгаа ганц нэг шар айраг уусан. Тэгээд бид хоёр шөнө гэртээ харихаар дуудлагын жолооч дуудаж автомашинаа унуулаад би хойд суудалд нөхөр маань урд суудалд суугаад гэрлүүгээ явсан. Би тухайн үед хойд суудалд унтаад явж байсан юм. Би нэг сэрэхэд ГССҮТ-д эмнэлэгт хэвтэж байсан. Надад ослын талаар мэдэх зүйл юу ч байхгүй...Би ослын улмаас бүсэлхий нурууны 1 дүгээр нугалам хугарсан, аарцаг яс хугарсан, өвчүүний яс хугарсан, зүүн бөөр цус хуралттай байсан...Жолооч ах намайг эмнэлэгт хэвтэж байхад байнга эргэж тойрч байсан...Одоо миний байдал сайжирч байгаа. Хэвтрийн дэглэм сахиж байна...Би эмчилгээндээ нийт хэдэн төгрөг зарцуулсныг сайн мэдэхгүй байна. Жолооч Т.Б миний эмчилгээний бүх төлбөрийг өгсөн. Баримтууд нь жолоочид байгаа. Надад баримт байхгүй...Миний зүгээс одоо биеийн байдал сайжирч байгаа жолооч Т.Б миний цаашид гарах эмчилгээний мөнгө төгрөгийг бүрэн барагдуулах юм бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

            6. Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “...........” ХХК-д дуудлагын жолоочоор ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 02 цаг 20 минутын орчим ажлаа хийгээд явж байтал манай компанийн дуудлагын ............. дугаарын утсанд дуудлагын жолооч захиалах дуудлага ирсэн байсан. Тэгээд сервисээс станцаар өгсөн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн ............... “...........” караокены гадна зогсоолд ирж захиалга өгсөн иргэний .......... дугаарын гар утасруу залгаж дуудлагын жолооч ирчихлээ гэж хэлсэн. Удалгүй нэг залуу караокеноос гарч ирж надтай уулзсан. Тэгээд бид хоёр түүний эзэмшлийн ....... маркийн автомашин дээр очиход автомашин асаалттай дотор нь хойд суудал дээр нэг эмэгтэй хүн унтаж байсан. Тэгээд би автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн “...............” худалдааны төв орохоор ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй замын хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Би .......... хотхоны урд замд гэрэл дохио улаах асах үед дохион дээр дөнгөж зогстол араас автомашин ирээд мөргөсөн. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй...Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, асфальтан, шулуун тэгш, хальтиргаагүй, явган хүний гарцтай, гэрэл дохиотой, нэг чигийн хөдөлгөөнтэй, эсрэг, суурингийн доторх, 3 эгнээ, замын хөдөлгөөн сийрэг, автомашины түгжрэлгүй байсан...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Намайг цагдаагийн алба хаагч нар архи уусан эсэхийг шалгаж үзсэн...Миний унаж явсан автомашин миний үйлчлүүлэгчийн эзэмшлийн автомашин байсан...Би замын хоёрдугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан...Би кабиндаа 2 зорчигчтой явж байсан. Хойд суудалд сууж явсан эмэгтэй урд суудалд сууж явсан эрэгтэй, би өөрөө мөн гэмтсэн байгаа...Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Харин зорчигч нар хамгаалах бүсээ зүүгээгүй байсан...Би осол болох үед гэрэл дохион дээр дөнгөж ирээд хурдаа хасаад зогсох гэж байсан болохоор ойролцоогоор 4-5 орчим км/цагийн хурдтай байсан байх...Замын гэрэлтүүлэг асаалттай, гэрэл дохио хэвийн ажиллаж байсан...Ослын улмаас миний унаж явсан автомашины хойд хэсэг тэр чигтээ урагш чихэгдэж орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

            7. Иргэний нэхэмжлэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би эмчилгээндээ баримтаар 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг зарцуулсан...Надад жолооч эмчилгээний мөнгө төгрөг өгсөн. Баримт нь жолоочид өөрт нь байгаа...Одоо миний байдал сайжирсан. Эмчийн зөвлөгөөгөөр даарч болохгүй гам сайн барих, толгой тархиа ядрааж болохгүй гэсэн...Надад гомдол санал байхгүй. Баримтаар байгаа эмчилгээний мөнгө төгрөгөө авбал болоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

            8. Гэрч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .................. “..........” гэх нэртэй бааранд эхнэрийн хамт найз нартайгаа уулзсан юм. Эхнэр бид хоёр бага зэрэг шар айраг уусан юм. Тэгээд бид хоёр гэртээ харихаар шөнийн 03 цагийн орчим дуудлагын жолооч дуудсан. Удалгүй дуудлагын жолооч ирсэн. Дуудлагын жолооч миний эзэмшлийн .......... маркийн ........... улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй би жолоочийн хажууд, эхнэр хойд суудалд миний харалдаа суугаад Хан-Уул дүүргийн ........... хорооллын урд замд гэрлэн дохион дээр ирэх үед улаан асаалттай байсан болохоор жолооч дөнгөж зогсох үед тас түс хийсэн. Би юу болов гээд гайхаад хэсэг ухаан санаа балартсан. Тэгээд би жолооч руу хартал сонин болоод байсан. Би түүнээс чи зүгээр үү гэж асуутал дуугарч чадахгүй амьсгалаад байсан. Тэгээд би буугаад хойд хаалга нээх гэсэн боловч нээгдээгүй. Баруун хойд хаалга нээгээд эхнэрээ сэрээрэй гээд хэлтэл юм хэлэхгүй амьсгалж байсан. Тэр үед араас мөргөсөн автомашины жолооч яав зүгээр үү гээд ирсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар болон түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирээд манай эхнэр болон араас мөргөсөн автомашины зорчигчийг ГССҮТ-рүү авч явсан. Би өөрөө хоёр жолоочтой хамт хэргийн газрын үзлэг хэмжилт хийлгэсэн...Асфальтан, шулуун тэгш, хуурай, зохицуулдаг, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, гэрэлтүүлэгтэй, нэг чигийн хөдөлгөөнтэй, явган хүний замтай, явган хүний гарцтай, суурингийн доторх, 3 эгнээ зам байсан...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолооч хэрэглээгүй ажлаа хийгээд явж байсан юм...Замын гэрэлтүүлэг асаалттай байсан...Замын зохицуулдаг гэрэл дохио хэвийн ажиллаж байсан...Би ослын улмаас биедээ гэмтэл аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

            9. Иргэний нэхэмжлэгч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “..... маркийн ............ улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юмаа...автомашинд эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр нийт 4.815.000 /дөрвөн сая найман зуун арван таван мянга/ төгрөг болсон. Би автомашины хохирлоо бүрэн барагдуулж аваагүй байгаа. Жолооч Т.Б нь “.......” даатгалд жолоочийн хариуцлагын даатгалтай. Тийм болохоор бид хоёр даатгалын байгууллагаар хохирлоо шийдвэрлүүлж байгаа...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл даатгалаар хохирлоо барагдуулж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

            10. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4.815.000 төгрөг...” /хх-ийн 90/

            11. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13785/-ний дүгнэлт:

                        -Б.З-н биед цээжний хөндийд хий хуралдалт, 2 уушигны доод дэлбэнгийн авчилт, баруун 1, 2, 3-р хавирга, зүүн 1-р хавирганы хугарал, эрүүн доор шарх, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 43/

            12. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13785/-ний дүгнэлт:

                        -О.Б-н биед 2 талын умдаг ясны салаа сүүжний тогооны хугарал, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их бие болон арын сэртэн, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээж, зүүн бөөрний дээд булчирхайн орчим, нойр булчирхайн сүүл хэсгийн ар хэсгээр, зүүн psoas major булчинтай хиллэн, зүүн paracolic gutter зай, элэг орчим, бага аарцгийн хөндийд шингэн хуралдалт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 54-55/

            13. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13936/-ний дүгнэлт:

                        -А.Б-н биед дагз ясны гадна давхарын /0,7х0,4см/ ил хугарал, дагзны зүүн талын бөмбөлгийн тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт /0,5х0,4см/, дагзны хуйханд шарх, тархи доргилт, зүүн хөлний шилбэ, тавхайнд цус хуралт, баруун гарын тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 76/

            14. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №6196 дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн, ................ маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

                        -Уг автомашинд капот хонхойж, үрчийж, нугарч, будаг халцарч, цоорсон, нүүрний хэсэгт дуут дохионы суурь хугарсан, хөргөлтийн радиаторт шахаж ором гарсан, хөргөлтийн радиатор гулзайсан, баруун их гэрлийн дээр байрлах хөндөл гулзайсан гэмтэл, баруун их гэрлийн гэр хагарч бутарсан, зүүн их гэрлийн бүрхүүл, гэр хагарч эвдэрсэн, баруун урд далбаа хонхойж, нугарсан, бүхээг дотор хянах самбарын эд анги салсан, холимогийн хаалтны дөрөө хугарсан, хөргөлтийн радиатор, сэнс хойш шахагдсан, жолооны хүчлүүрийн шингэн агуулах хуванцар сав хагарсан, агаар шүүрийн гэр хагарсан, салхины шилэн дээр жолооч болон урд зорчигчийн талд цацарч цуурч хагарсан, ойрын гэрлийн чийдэнгийн ороомог утас тасарсан, урд, хойд дохионы гэрлүүд, тоормос, ухрахын, дугаарын, баруун урд оврын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

                        -Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байна.

                        -Ослын үед үүссэн тул осолд нөлөөлөх үндэсгүй.

                        -Шинжилгээнд ирүүлсэн .............. маркийн ................ улсын дугаартай автомашин нь шингэн дамжуулгатай, энгийн тоормосны системтэй.

                        -Тоормосны аппарат, шингэн дамжуулах хоолой, 4 дугуйн хавчигчууд бүрэн, битүүмжлэл алдаагүй, хавчигчууд шахаж ажиллаж байна. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийг тодорхойлох боломжгүй. /хх-ийн 97-99/

            15. Техникийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлт:

                        -............. маркийн ............. улсын дугаартай автомашин жолоодон явсан Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. Мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -.............. маркийн ............... улсын дугаартай автомашин болон ........... маркийн ............. улсын дугаартай автомашинуудын тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. /Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем болон фото зурган дээр тоормосны мөр тэмдэглэгдээгүй/

                        -............ маркийн ................ улсын дугаартай автомашин жолоодон явсан А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 114-115/

            16. Яллагдагч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй...Би “................” ХХК-д ............. хүргэлтийн жолоочоор ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчимд “..................” ХХК-ийн эзэмшлийн ................ маркийн ................ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг “..............” худалдааны төвд ............ хүргэж өгөх захиалга авч ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй кабиндаа эхнэр Б.З, хамт ажилладаг касс хийдэг Г.Э нарын хамт замын хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 80-90 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед би эхнэртэйгээ юм яриад түүнрүү хараад явж байсан юм. Тэгээд урагш хартал гэнэт урд автомашин зогсож байсан. Сандраад тоормос гишгэтэл хөл халтираад хааз болон тоормосны гишгүүрний завсраар хөл ороод зогсож чадалгүй урдаа байсан автомашины араас мөргөсөн. Тэгээд юу болов гээд хартал .............. хотхоны урд замд гэрлэн дохион дээр зогсож байсан автомашины араас мөргөснөө мэдсэн. Би автомашинаасаа буугаад иртэл нэг залуу гүйгээд ирсэн. Би тэр залууд хөгшөөн хурдан түргэн тусламж цагдаа дуудаарай гэж хэлсэн. Удалгүй түргэн тусламж цагдаагийн алба хаагч нар ирсэн. Түргэн тусламж ирээд хоёр автомашинд зорчиж явсан  зорчигч нарын биеийн байдлыг үзээд ГССҮТ рүү авч явсан. Би нөгөө автомашины жолооч болон цагдаагийн алба хаагч нартай хамт хэргийн газрын үзлэг хэмжилтээ хийлгэсэн...Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, асфальтан, шулуун тэгш, хальтиргаагүй, явган хүний гарцтай, гэрэл дохиотой, нэг чигийн хөдөлгөөнтэй, эсрэг, суурингийн доторх, тогтуун, замын гэрэлтүүлэг асаалттай, 3 эгнээ, замын хөдөлгөөн сийрэг, автомашины түгжрэлгүй, гэрлэн дохио хэвийн ажиллаж байсан...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Намайг цагдаагийн алба хаагч нар архи уусан эсэхийг шалгаж үзсэн...Миний унаж явсан автомашин “..................” ХХК-ийн эзэмшлийн автомашин. Гэхдээ би тус компанитай автомашиныг хоёр жилийн гэрээтэй такси түрээсээр унаж байгаад гэрээний хугацаа дуусаж хувьдаа авах гэж байсан юм. Тийм учраас миний эзэмшлийн автомашин...Би замын хоёрдугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан...Би кабиндаа 2 зорчигчтой явж байсан. Нэг зорчигч болох манай гэр бүлийн хүн Б.З гэмтсэн, нөгөө зорчигч гэмтээгүй зүгээр байгаа. Би өөрөө толгой болон өвдөгөндөө оёдол тавиулсан...Эхнэр бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Хойд суудалд сууж явсан зорчигч хамгаалах бүс зүүгээгүй байсан...Би ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай явж байсан...Би автомашинд учирсан хохирлыг “........” даатгалаар бүрэн төлж барагдуулсан...Би 2011 онд жолооч болсон. 7 жил автомашин жолоодож байна...Би автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй...Миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13785, №13936/-ний дүгнэлт, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №6196 дүгнэлт, техникийн шинжээчийн №03 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Б-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэр, .......... хорооллын урд замд ............ ХХК-ийн эзэмшлийн ........... маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон дуудлагаар пицца хүргэхээр 2 зорчигчтой явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрлэн дохион дээр зогсож байсан А.Б дуудлагын жолоочтой .............. маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, зорчигч Б.З-н биед цээжний хөндийд хий хуралдалт, 2 уушигны доод дэлбэнгийн авчилт, баруун 1, 2, 3-р хавирга, зүүн 1-р хавирганы хугарал, эрүүн доор шарх, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий хүнд гэмтэл, зорчигч О.Б-н биед 2 талын умдаг ясны салаа сүүжний тогооны хугарал, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их бие болон арын сэртэн, баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээж, зүүн бөөрний дээд булчирхайн орчим, нойр булчирхайн сүүл хэсгийн ар хэсгээр, зүүн psoas major булчинтай хиллэн, зүүн paracolic gutter зай, элэг орчим, бага аарцгийн хөндийд шингэн хуралдалт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл, жолооч А.Б-н биед дагз ясны гадна давхарын /0,7х0,4см/ ил хугарал, дагзны зүүн талын бөмбөлгийн тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт /0,5х0,4см/, дагзны хуйханд шарх, тархи доргилт, зүүн хөлний шилбэ, тавхайнд цус хуралт, баруун гарын тохой, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Ц-н эзэмшлийн ............ улсын дугаартай ............... маркийн тээврийн хэрэгсэлд 4.815.000 төгрөгийн хохирол тус тус учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-н жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Шүүгдэгч Т.Б-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Б,  иргэний нэхэмжлэгч Г.Ц, А.Б нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 211, 212, 216/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал /...32 настай, “....................” ХХК-д жолооч ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Т.Б-н ...... ангиллын ........ тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б-н цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн санал, шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус гаргасныг шүүх хүлээн аваад хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлъя.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Т.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Х овогт Т.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.  Т.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Т.Б-н ....... ангиллын ........ тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР