Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 22 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/11                                                         Даланзадгад сум

 

 

 

Ц.Мөнхдөлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Э.Дөлгөөн /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Жамъян /цахимаар/,

Шүүгдэгч: Ц.Мөнхдөл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъян нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Мөнхдөлд холбогдох 2329001680427 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 04 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах замд 32 дахь км-ийн шонгийн замд мазда маркийн 75-15 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас норд бенз маркийн 97-38 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч Б.Баярцэцэг, С.Ууган-Эрдэнэ, С.Хангал нарын эрүүл мэндэд хөнгөн, Т.Нямдоржийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир нь Ц.Мөнхдөлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Ц.Мөндөлийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.Мөнхдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхдөлд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхдөлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Ц.Мөнхдөлд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхдөлөөс 5 080 491 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Нямдоржид, 66 518 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Баярцэцэгт тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Нямдорж цаашид гаргах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг, иргэний нэхэмжлэгч Б.Баярцэцэгийн унааны зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, цалингийн зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхдөлөөс 6 126 570 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          Ц.Мөнхдөл нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 04 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах замын 32 дахь километрийн орчимд “Мазда” маркийн 75-15 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалт ...жолооч нь урдаа яваа тээрийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй... байх хэмжээний хоорондын ...зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.. гэнийг зөрчсөний улмаас норд бенз маркийн 97-38 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байдаг ба, гэмт хэрэг гарсан цагаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Анхан шатны шүүх хуралдаанаас хойш түүний эхнэр Б.Оюунбямба нь хохирогч Т.Нямдоржид эмчилгээний төлбөр болон өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд нийтдээ 7 080 491 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр түүний Хаан банкны 5721302304 тоот дансанд, иргэний нэхэмжлэгч Б.Баярцэцэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр түүний Хаан банкны 5700576797 тоот дансанд 66518 төгрөгийг, мөн Төрийн сан банкны Эрүүл мэндийн даатгалын сангийн 1009000020080 тоот дансанд 6126570 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь банкны хуулгуудаар бүрэн дүүрэн нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д ...шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.., мөн зүйлийн 2-т ...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульд заасан.

Иймд миний үйлчлүүлэгч Ц.Мөнхдөл нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нараас уучлал гуйсан, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэрэг шалтгаан нөхцөлүүдийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан болон эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,-заасан гэмт хэргийн хохирогчдод хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн оношийг тодорхойлох гарын авлага, өвчний ангилал, сэтгэцийн үйл ажиллагааны чадамж ангилал, түүнчлэн тодорхой судалгаанд үндэслэн хүлээн зөвшөөрөгдөхүйц оношилгоонд тулгуурлан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтийг гэмт хэргийн төрөл тус бүрээр ялгамжтай тогтоож, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартад нийцсэн, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалжийн шинжийг агуулсан тул шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 хэсгийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн 5 дугаар зэрэглэлийг тогтоов. /ХХ-ийн 239 дүгээр хуудас/ гэх агуулгатай баримт хэрэгт авагдсан.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор баталсан аргачлалын дагуу 5 дугаар зэрэглэлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлснээр хохирол, нөхөн төлбөрийг тооцож олгохоор зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг дүгнээгүй, хохирогчоос сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан  байна.

Иймд анхан шатны хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 тоот тушаал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор баталсан аргачлалын дагуу шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан байдаг. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Энэ гэмт хэргийг 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн учраас сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлээгүй үлдээсэн байгаа нь нэг талдаа буруу.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан.

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын тухайд нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэл оногдуулсан байна.

Хэрвээ хүнд өвчтэй, хорих ялыг биеэр эдлэх боломжгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байвал Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт батлах тухай тушаал байдаг. Энэ журамд зааснаар холбогдох шинжилгээгээ өгөөд хорих ялаас чөлөөлөгдөх боломжтой гэв.

 

          Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүх хуралдааны үеэр хохирогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 5 хоногийн завсарлага аваад хохирлоо төлчих гэдэг асуудлыг хөндсөн боловч шүүгдэгч Ц.Мөнхдөл тухайн үед хууль эрх зүйн туслалцаагаа дулимаг авсан учраас завсарлага авахгүй байж байгаад хэргийг хэлэлцүүлээд хорих ял авсан.

Хохирогчийн зүгээс хохирол төлбөрөө төлчихвөл ямар нэгэн санал гомдолгүй гэдгээ анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа шүүгдэгчийн зүгээс хохирогчид нэмж хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Хохирогч Нямдорж материаллаг хохирлын хувьд ямар нэгэн санал гомдол байхгүй.

Харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудсанд мөрдөгч Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор баталсан аргачлалыг хохирогч Нямдоржид танилцуулаад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-аас 149 дахин нэмэгдүүлснээр сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхтэйг танилцуулж гарын үсэг зуруулсан баримт  авагдсан.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч миний бие Улаанбаатар хотоос цахимаар оролцохдоо сэтгэц болон сэтгэл санааны хохирлыг хэргийн материалд цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэж асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэргийн 239 дүгээр талд авагдсан мөрдөгчөөс хохирогчоор гарын үсэг зуруулж авсан Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор баталсан аргачлалын дагуу бодсон энэ баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Сэтгэл санааны хохирлыг шийдвэрлүүлэхээр нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж хэргийн материалд тусгасан. Тийм учраас энэ асуудлыг шүүх шийдэх нь зүйтэй гэдэг агуулгаар гомдол гаргасан.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийнхээ хувийн байдалтай холбогдуулан гаргасан дүгнэлт, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдалтай санал нэг байгаа. Учир нь шүүгдэгч Ц.Мөнхдөлийн биеийн байдал хүнд байгаа нь илэрхий, ойлгомжтой байна. Тийм учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Хүн чанар, ёс зүй талаасаа боломжтой гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

 

          Шүүгдэгч Ц.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс өөрийн гэм буруугаа анхнаасаа ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хохирол төлбөрийг миний эхнэр төлж барагдуулсан. Тиймээс надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

          Одоогоор миний биеийн байдал тааруу байгаа. Би хамгийн түрүүнд чөмгөний сүлжээний хагалгаандаа орж алхаж явдаг болмоор байна. Энэ осол аваараас болж миний дал яс, эгэм, цээж цөмөрсөн, 6 хавирга хугарсан. Би өнөөдрийг хүртэл цагдан хорих байранд байхдаа нэг удаа ч бүтэн хэвтэж унтаж үзээгүй. Далны хугарлаасаа болоод байнга суугаагаараа унтдаг. Мөн 6 хавирга хугарахдаа миний уушгийг базаж, уушги маань унасан.  Миний мөрний сүлжээний гэмтэлд олон хялгасан судаснууд дарагдаж тасарсны улмаас би баруун гараа өөрөө удирдаж хөдөлгөж чадахгүй болсон. Өдрийн цагаар байнга ийм сойлттой, оройн цагаар уналттай сойлттой унтдаг. Хагалгаандаа орж чадахгүй бол би насан туршдаа энэ хэвээрээ үлдэнэ. Мөн хоригдож байх хугацаандаа цуг хоригдож байсан хүмүүс болон алба хаагч нарынхаа асаргаанд байсан. Унтаж, хэвтэх, усанд орох гээд бүх үед хүний асаргаа надад хэрэгтэй байсан. Хоригдож байх хугацаанд хэдэн удаа миний артерийн даралт 212, 117 хүрч маш олон хүмүүсийг сандаргаж сум дундын эмнэлэгт очиж эмчилгээнд орж өдөртөө буцаад ирдэг байсан. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Намайг уучлаарай. Би дахин энэ алдаагаа давтахгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахаар дүгнэхдээ Ц.Мөнхдөл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байх боловч төлбөрийн чадвартай болохоо нотолж, хохирлыг ямар хугацаанд хэрхэн нөхөн төлөх талаар хохирогчтой эвлэрсэн, хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр гаргасан саналгүй, хохирлыг нөхөн төлөх эх сурвалжаа тодорхойлоогүй тул хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй гэдэг үндэслэлээр хорих ялыг биечлэн оногдуулахаар заасан.

Миний үйлчлүүлэгчийн эхнэрийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлын үнийн дүнг өсгөсөн байдлаар төлсөн. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн хүрээнд байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэдэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээч.

          Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа ослын улмаас Ц.Мөнхдөлд цээжний ил гэмтэл, баруун эгэм, далны яс хугарал, баруун 1-6 дугаар хавирганы хөндий рүү цөмөрсөн ясны хэлтэрхий зөрөөтэй хугарал, баруун уушгины уналт, баруун уушгины шарх зэрэг гэмтлүүд тогтоогддог. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 69 дүгээр хуудаснаас 70 дугаар хуудсанд авагдсан. Үүнтэй холбогдуулан баруун талын 2-4 дүгээр хавиргыг бэхлэх мэс засалд орсон. Одоо гар нь байнгын металл бэхэлгээнд бэхлэгдэж байдаг. Олон сар хоригдож байх хугацаандаа хөдөлгөөнгүй удаан байсны улмаас дал руу нь өвчин орж, мөрөнд нь хөшингө үүсэж, баруун талынх нь хөл рүү өвчин нь орчихсон зовуурь шаналгаатай байгаа.

Цагдан хорих байранд хоригдож байх явцад даралт нь удаа дараа 215-аас дээш гарч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эмнэлэг рүү яаралтай байдлаар очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ хоёр ч удаа авсан. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сараас хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 04 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах замд 32 дахь км-ийн шонгийн замд мазда маркийн 75-15 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас норд бенз маркийн 97-38 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, Т.Нямдоржийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Т.Нямдоржийн “... тухайн машинд надаас гадна 3 том хүн 2 жаахан хүүхэд байсан. Тэгээд бид нар явж байгаад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу салдаг уулзвар дээр биеийн чилээгээ гаргаж дуусгаад цааш хөдөлсөн.

Унтаад сэрэхэд машин удаан яваад байгаа юм шиг эсвэл хурдан яваад байгаа юм шиг байхаар нь жолоочид нойр нь хүрээд байгаа бол би жолоо барих уу гэхэд жолооч залуу зүгээр ээ гэхээр нь би буцаад унтсан ба сэрэхэд эмнэлэг дээр байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч С.Энхтүвшингийн “... найз Алтанхуягийн хамт Цогтцэций сумаас хойш засмал замаар явж байхад засмал замын 31 км өнгөрөөд засмал зам дээр саарал өнгийн автомашин осолд орсон байдалтай зогсож байсан.

Тэр үед машины араас 1 эмэгтэй 2 хүүхдийг аваад приус машинд аваад явсан. Би болсон зүйлийн талаар Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Осолд орсон машины зорчигч залуу осолд орсон жолоочийг үүргэлж яваад том машины араас орчих шиг боллоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч Ж.Алтанхуягийн "... тухайн үед засмал зам дээр өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. Осолд орсон машины зорчигч залуу осолд орсон жолоочийг үүргэлж яваад том машины араас орох шиг болсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, гэрч Д.Баттөрийн “...Миний хажууд нэг эмэгтэй 2 хүүхэдтэйгээ суусан машиндаа дөрвөн том хүн хоёр хүүхэдтэй явцгаасан. Эмэгтэй бид хоёр машины арын суудал дээр 2 хүүхдийн хамт суусан машины өмнө талд нэг залуу сууж явсан. ...Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум өнгөрөөд явж байгаад машины жолооч гэнэт үүрэглээд замын хажуу хөвөө рүү орсон. Тэгэхээр нь би "хөөе яаж байна, нойр чинь хүрээд байгаа юм уу гэхэд жолооч зүгээр байна” гэж хэлээд цаашаа явж байгаад дахиад үүрэглээд замын шороо хөвөө хэсэг рүү орсон чинь хажууд талд нь сууж явсан залуу "Алив би жолоо баръя, үүрэглээд байна" гэхэд жолооч "зүгээр би өөрөө бариад явна" гэж хэлээд жолоогоо шилжүүлээгүй.

Би тэгээд цаашаа явж байгаад унтчихсан тэгээд гэнэт машин юм мөргөөд зогсохоор би сэртэл машин унтраад зогссон байсан. Би машинаас буугаад харахад машины өмнө тал нэлээн их эвдэрсэн, салхины шил хагарчихсан, копуд нь чихэгдсэн цөмөрсөн байсан.

Би тэгээд машин дотор байгаа хүмүүсээс "бие нь яаж байна" гэхэд жолооч болон хажууд сууж явсан залуу хоёр юм хэлэхгүй ёолоод байсан. Хажууд сууж явсан эмэгтэй арын суудал дээр хэвтчихсэн бас юм хэлэхгүй хоёр хүүхэд нь намайг дагаад машинаас буусан. Би тэгээд зам дээрээс явж байгаа машин зогсоогоод эмэгтэйг хоёр хүүхэдтэй сумын эмнэлэг рүү явуулсан.

Осол 2023 оны 06 дугаар сарын 04-ний 04 цагийн үед Өмнөговь аймгаас Цогтцэций сум руу явдаг засмал замын 32 дахь км дээр болсон. Намайг машинаас буугаад харахад машины тоормосны мөр огт гараагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, гэрч Х.Батзоригийн "... Өмнөговь аймгаас өөрийн эзэмшлийн 97-38 УНВ улсын дугаартай Норд бенз маркийн машинаар Цогтцэций сум руу явдаг засмал замаар ганцаараа явсан. Тэгээд засмал замаараа явж байгаад замдаа зогсоол дээр очиж зогсоод нойр хүрээд байхаар нь би кабиндаа орж амарсан.

Тэгээд өглөө 04 цагийн үед сэрчхээд машинаа унаад Цогтцэций сум руу явж засмал замаар чигээрээ яваад сумын гэр хороололд байдаг гэртээ ирж зогссон. Тэгээд машинаа хашаанд оруулчхаад байж байтал эхнэр араас чинь машин тэрэг орчихсон юм биш үү гэхээр нь би очоод үзэхэд машины арын төмөр соёон дээр машины шилний хагархай, мөн машины гүперийн нэлээн их хэсэг нь зөв талын арын дугуй нумны засвар хавчуулагдсан байсан.

Тэгээд эхнэр бид хоёр жижиг машинаар хойшоо засмал замаар явж юу болсон юм бол гээд явж байхад засмал зам дээр Мазда маркийн тээврийн хэрэгсэл мөргүүлсэн байдалтай, өмнө талын нүүр, мотор хэсэг арагшаа чихэгдэж хонхойсон байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, иргэний нэхэмжпэгч Б.Баярцэцэгийн "... Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын пост өнгөрүүлээд хоёр хүүхдээ хажуу талдаа суулгачхаад тэгээд унтчихсан байсан. Би тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн уруулдаа оёдол тавьж байсан. Эмчээс юу болсон талаар асуухад эмч "намайг осолд орсон ар гэрийнхээ хүмүүст мэдэгд" гэхээр нь би эмчийн гар утсыг нь аваад нөхөр Сүхбаатар рүү залгаж би осолд орчихсон юм байна Цогтцэций сумын эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49, 200 дахь тал/, гэрч Н.Дэлгэрмаагийн “... маргааш 05 цагийн үед машин дуугарахаар нь би Батзоригийг гэж бодоод гарахад хашааны гадаа ирж байсан.

Тэгээд би хашааны том хаалгыг онгойлгож өгсөн. Машин хашаанд ороод би хаалгаа хаачхаад эргээд харсан чинь 1892 бч дугаартай чиргүүлийн зөв талийн хамгийн арын дугуйнд хар өнгийн пиавор зүйл хавчуулаатай байсан. Тэгээд нөхрөөсөө энэ одоо юу вэ гэхэд манай нөхөр ирээд хараад энэ зам дээр унасан зүйл дайрагдаад ирсэн байх гээд татаж байгаад салгаад хогийн поошигний тийш шидсэн.

 Тэгээд би хоёр эргээд гэр рүү орох гээд явж байхад 1892 бч дугаартай чиргүүлийн зөв талын арын унжуурга нь тос мэт зүйлээр бохирлогдоод юманд үрэгдсэн юм шиг болсон байсан бас чиргүүлийн тогтсон тоосон дээр шилний үртэс байсан.

Би нөхөртөө чиний араас машин тэрэг орсон юм биш үү гэхэд манай нөхөр Батзориг өчигдөр орой зогссон зогсоол хүртлээ явж үзье гээд бид хоёр өөрийн эзэмшлийн корован маркийн 7346 өмө тээврийн хэрэгслээр буцаад Цогтцэцийгээс Даланзадгад чиглэлд явж байхад авто замын 32 дахь км-т дээр цагдаагийн машин ирсэн байсан. Тухайн үед хажуугаар эмнэлгийн машин зөрсөн. Тухайн хэрэг болсон газар ирэхэд цагдаа нар хэмжилт хийгээд байж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 178 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн ...дээрх гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Баярцэцэг нь 1038670 төгрөг, Т.Нямдорж нь 5087900 төгрөгийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6126570 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна.

Тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Мөнхдөлөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 245 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Гантөгсийн "...Осол гарсан талаар Батзоригийн эхнэрээс сонссон. Тухайн Норд бенз маркийн 97-38 УНВ дугаартай автомашин болон 18-92 УЧ дугаарын чиргүүл нь манай байгууллагын буюу Хар алтан орд ХХК-ний нэр дээр байдаг автомашин юм.

         Тухайн автомашины жолооч Батзоригтой хамтран ажиллах гэрээтэй бөгөөд тухайн автомашиныг Батзориг нь унаж нүүрс тээвэрт явдаг юм.” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 20 дахь тал/,

Яллагдагч Ц.Мөнхдөлийн "... зорчигч нар болон би хамгаалах бүсгүй явж байсан. ...Нөгөө залуус яагаад надаас түр машинаа унуулах уу гэж асуусныг мэдэхгүй.

Хөдлөөд ойролцоогоор 80 км/цагийн хурдтайгаар 30 орчим км явж байтал гэнэт урд нэг юм бүүдийгээд л явчихсан бөгөөд ардаа ямар нэгэн гэрэл байсан эсэхийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 228 дахь тал/,

Техникийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07/03 дугаартай “75-15 УНЗ улсын дугаартай мазда маркийн автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалт буюу "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

97-38 УНВ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

75-15 УНЗ улсын дугаартай мазда маркийн автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8389 дугаартай “1. Т.Нямдоржийн биед гавлын баруун чамархайгаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн хугарал, тархины баруун чамархайн урд хонхрын хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, баруун нүдний ухархайн гадна хана, дотор хана, доод хана, баруун хацар яс, хацрын нум, баруун хоншоорын хөндийн бүх ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславч мурийлт, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зовхи, баруун хацар, дээд уруул, эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

 Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

  Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Мөндөлийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

 Шүүгдэгч Ц.Мөнхдөлд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг “шүүгдэгч Ц.Мөнхдөлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”, хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъян “хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг  гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт иргэний нэхэмжлэгч Б.Баярцэцэгт 66518 төгрөг, хохирогч Т.Нямдоржид 7080491 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 6126570 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж ирүүлжээ.

 

       Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдал, уг гэмт хэргийн улмаас өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан тайлбарыг тус тус  хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

        Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, нэмэлт оруулжээ.

        Иргэний хуулийн дээрх зүйлүүдийг өөрчлөн найруулж, нэмэлт оруулсан заалтыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж зааснаас дүгнэхэд Ц.Мөнхдөлийн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн авто ослын гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр гэм буруутай этгээдээс гаргаж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

        Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд Иргэний хуулийн 230, 497 дугаар зүйлүүдэд найруулга, нэмэлт өөрчлөлт ороогүй байсан ба Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж зааснаас үзвэл одоогоор хүчин төгөлдөр дагаж мөрдөн байгаа Иргэний хуулийг буцаан хэрэглэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

          Иймд хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъянгийн ““хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг магадлалд дурдаж өгөхөөр тогтов.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялыг тэнсэх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Шүүгдэгч Ц.Мөнхдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ц.Мөнхдөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхдөлд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъянгийн ““хохирогчийн сэтгэл санаа, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхдөл нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Ц.Мөнхдөлд анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхдөлд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

           5. Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь гэм хорын хохиролд  хохирогч   Б.Баярцэцэгт 66 518 төгрөг, Т.Нямдоржид 7 080 491 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6 126 570 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 94 /ерэн дөрвөн/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          8. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

 

                                                                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ