| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2025/0014/З |
| Дугаар | 121/ШШ2025/0011 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 121/ШШ2025/0011
2025 09 04 121/ШШ2025/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо /цаашид Тендерийн үнэлгээний хороо гэх/ нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагч тендерийн үнэлгээний хорооны дарга Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1. “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот тэмдэглэл, мөн өдрийн 02 тоот үнэлгээний дүгнэлт, зөвлөмжүүдийг хүчингүй болгуулах”.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар тендерийн үнэлгээний хороог байгуулж, ӨВАГУСЗДТГ2025/0101001 урилгын дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг зарласан.
2.2. Тус тендерийн үнэлгээний хороо нь “М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулж, “М” ХХК-тай 1,247,976,476 /нэг тэр бум хоёр зуун дөчин долоон сая есөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгөөр гэрээ байгуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтад заасны дагуу шийдвэрлэн баталгаажуулах тухай зөвлөмжийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сумын Засаг даргад хүргүүлсэн. /хх-62-63 хуудас/
2.3. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” А/75 дугаар захирамжаар “М” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож, мөн өдрийн 1/92 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон болохыг мэдэгдэж, улмаар 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Төрийн албан хаагчдын орон сууц шинээр барих ажлын гэрээ”-г байгуулжээ. /хх-64-67 хуудас/
2.4. Харин 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тендерийн үнэлгээний хороо нь дахин хуралдаж 04 дүгээр тэмдэглэлээр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргад гэрээг цуцлах тухай 02 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн байна. /хх-68-70 хуудас/
2.5. Улмаар Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн7.1.7, 12.1, Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны “Б” агуулгын 8.1 дэх заалтыг үндэслэн оролцогч тал болох нь батлагдсан тул гэрээг цуцлах хүсэлтийг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.
2.6. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/114 дугаартай “М” ХХК-д хүргүүлсэн албан бичигт “Танай компанитай байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Төрийн албан хаагчдын орон сууц шинээр барих” ажлын гэрээг цуцалсан шийдвэр буюу захиргааны акт гаргаагүй болно” гэжээ.
2.7. Нэхэмжлэгч “М” ХХК-аас дээрх Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот тэмдэглэл, мөн өдрийн 02 тоот үнэлгээний дүгнэлт, зөвлөмжүүдийг хүчингүй болгуулахаар шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анх нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 121/ШЗ2025/0078 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч “М” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. “М” ХХК нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас зарласан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-т холбогдох хууль тогтоомжийн дагуу оролцож 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор шалгарч Тендерийн үнэлгээний хорооноос ирүүлсэн Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн дагуу захиалагч болох Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын Тамгын газартай 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Төрийн албан хаагчдын орон сууц шинээр барих ажлын гэрээ” байгуулан ажиллаж байгаа билээ.
3.2. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7, 12.1, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны “Б” агуулгын 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн оролцогч тал болох нь батлагдсан тул танай байгууллагатай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг хүргүүлж, хавсралтаар Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Төрийн албан хаагчдын 12 айлын орон сууц шинээр барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот хурлын тэмдэглэл, мөн өдрийн 02 тоот үнэлгээний дүгнэлт, зөвлөмж зэргийг хавсарган ирүүлжээ.
3.3. Дээрх хурлын тэмдэглэл, үнэлгээний зөвлөмж, дүгнэлтүүдээс үзэхэд тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7, 12.1, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны “Б” агуулгын 8.1 дэх заалтаар оролцогч тал болох нь батлагдсан гэж үзэж манай компанид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, захиалагчид манай компанитай байгуулсан гэрээг цуцлах хүсэлт хүргүүлсэн байна. Манай компанийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7, 12.1, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны “Б” агуулгын 8.1 дэх заалтуудыг зөрчөөгүй байхад манай компанийг тендерт оролцогч гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ 04 тоот хурлын тэмдэглэлээр хүчингүй болгож, 02 тоот үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн нь үндэслэлгүй, дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, тендерт шалгарч гэрээ байгуулсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 7.1.7-д “тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэж тус тус заажээ.
3.5. Гэтэл манай компани энэхүү тендер шалгаруулалттай холбоотой ямар ч зөвлөгөө өгсөн оролцсон зүйл байхгүй бөгөөд маргаан бүхий актуудад дурдсан зураг төсөл боловсруулах ажлын гэрээ нь энэхүү орон сууц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендертэй хамааралгүй, тусдаа ажлын гэрээ бөгөөд уг зураг төслийн ажлыг “А” ХХК боловсруулж хүлээлгэн өгсөн билээ. Ийм байхад манай компанийг “оролцогч” болох нь тогтоогдсон, тендерийн ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
3.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "оролцогч" гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг” ойлгохоор хуульчилсан байхад ямар үндэслэлээр оролцогч болох нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно”, 50 дугаар зүйлийн 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасныг үнэлгээний хороо зөрчиж хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.7. Хариуцагчийн зүгээс нэгэнт гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ өөрөө хүчингүй болгож, гэрээ цуцлах дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлж байгаа нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.12, 7.1.7, 12.1 28.6, 50.2.3 дахь заалтуудыг зөрчиж, тендерт шалгарч гэрээ байгуулсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, тендерт шалгарсан ажлаа хийх боломжгүй болгож байна.
3.8. Бид захиалагчтай байгуулсан гэрээнд үндэслэн туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч нартай олон тооны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд захиалагчтай байгуулсан гэрээг цуцалсан тохиолдолд уг гэрээнүүдийн үүрэг биелэгдэхгүй болж, эдийн засгийн асар их хохирол учруулж байгаад гомдолтой байна.
3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна”, 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу үнэлгээний хорооны шийдвэр нь хурлын тэмдэглэлээр хэлбэрээр баталгаажсан шийдвэр байх бөгөөд уг шийдвэрт үндэслэн мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасны дагуу захиалагчид үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн учир эдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тендерийн үнэлгээний хорооны маргаан бүхий дүгнэлт зөвлөмжийг үндэслэн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7, 12.1, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны “Б” агуулгын 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн оролцогч тал болох нь батлагдсан тул танай байгууллагатай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг манайд ирүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийг бид Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл гэж ойлгож, сумын Засаг даргад хандан холбогдох тайлбар, нотлох баримтыг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн билээ.
3.10. Захиалагч болох Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын зүгээс манайхтай байгуулсан гэрээг цуцлах тухай захиргааны акт буюу захирамжилсан шийдвэр хараахан гаргаагүй, сонсох ажиллагаа явуулж боловч бидэнтэй байгуулсан гэрээгээ тендерийн үнэлгээний хорооны дээрх маргаан бүхий актуудад үндэслэн цуцалсан захиргааны акт гаргах тухайгаа бидэнд мэдэгдсэн учир дээрх маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
3.11. Захиалагчийн зүгээс бидэнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан захиргааны акт гаргасан нөхцөлд бид шүүхэд хандан нэхэмжлэл гаргах болохоо илэрхийлж байна. Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны зүгээс манайд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, захиалагчид үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа огт хийгээгүй нь хууль бус болсон гэж үзэж байна.
3.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 заасны дагуу гэрээ байгуулснаас хойших хугацаанд гаргаж байгаа гомдол тул шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
3.13. Иймд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот хурлын тэмдэглэлээр баталгаажсан 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр, мөн өдрийн 02 тоот Үнэлгээний дүгнэлт, зөвлөмжүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. ... хуулийн 7.1.7-д заасан хууль зүйн үндэслэл огт бүрдээгүй. Өөрөөр хэлбэл тендерийн хуулийн 7.1.7-д ямар заалт байгаа вэ гэхээр тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, эсхүл тухайн зөвлөгөөг өгсөн оролцсон этгээдтэй харилцан хамааралтай бол ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэсэн ийм хуулийн зохицуулалтыг нэгдүгээрт баримталсан.
4.2. Хоёрдугаарт хуулийн 12.1-д захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм дүрэм зааврыг тусгана гэдэг заалтыг зөрчсөн гэж үзсэн. Гуравдугаарт тендер шалгаруулалтад өгөх зааварчилгааны “Б” агуулгын 8.1-д тендер шалгаруулалтын баримт бичиг нь доор дурдсан бүлэг болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээс бүрдэнэ. Тендер шалгаруулалтын зааварчилгаа өгөгдлийн хүснэгт, техникийн тодорхойлолт тавигдах шаардлага, тендерийн үнэлгээний шалгуур үзүүлэлт, тендерийн жишиг маягт, гэрээний нөхцөл гэсэн ийм баримт бичгээс бүрдэнэ гэсэн энэ гурван заалтыг зөрчлөө гээд маргаан бүхий актуудыг гаргасан байдаг.
4.3. Гэтэл маргаан бүхий актыг гаргах үндэслэл болоод байгаа нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “М” ХХК, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргатай барилгын зураг төсөл байгуулах гэрээ байгуулсан байдаг. Уг зураг төсөл байгуулах гэрээгээр барилгын иж бүрэн зураг төсөл хийж гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцоод ажлын хөлсөнд гэрээ байгуулсны дараа өдөр 18,800,000 төгрөгийг гэрээний ажлын хөлс гэж шилжүүлсэн. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч тал дээрх 12 айлын орон сууцных нь барилгын иж бүрэн зураг төслийг нь хийж гүйцэтгээд одоо хавтаст хэрэгт нотлох баримтаар ирсэн “А” ХХК гэдэг компаниар гүйцэтгэсэн зураг төсөл 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар батлагдаад, эцэслэгдээд хавтаст хэрэгт авагдчихсан ийм зураг төсөл байгаа юм.
4.4. Харилцан хамааралтай этгээд юм гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд тендер шалгаруулалт нь 2025 оны 05 дугаар сард анх зарлагдсан. Зураг төсөл 2024 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Ерөнхий архитектур болоод Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онцгой байдлын газраар баталгаажаад, эцэслэгдээд энэ ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дууссан. Үүнээс хойш хугацаанд яг барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой нээлттэй тендер шалгаруулалт явагдаад түүнд нь “М” ХХК нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийнхаа хувьд нээлттэй тендерт нь оролцоод шалгарчихсан ийм үйл баримт тогтоогдоно.
4.5. Өөрөөр хэлбэл энэ 2 ажил нь 2 тусдаа ажил байсан. Нэг нь яах вэ гэхээр барилгын зураг төсөл гүйцэтгэх ажил нөгөөдөх нь барилга угсралтын ажил гүйцэтгэх. Өмнөх зураг төсөл гүйцэтгэх ажил нь бол 18,800,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, шууд гэрээ байгуулах аргаар хийгдчихсэн ажил. Дараагийнх нь 1,300,000,000 төгрөгийн өртөгтэй нээлттэй тендер шалгаруулалтын аргаар хийгдсэн ийм 2 өөр ажлыг энэ “М” ХХК нь хоёуланг нь аваад хийчихлээ. Тэгэхээр энэ чинь нэг ажил учраас өмнөх манайд зарласан тендер шалгаруулалтын оролцогч байна гээд дүгнээд байгаа нь ерөөсөө бодит байдалд зөрөөтэй юм.
4.6. Тийм учраас энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Үүнтэй холбоотой сая хавтаст хэрэгт бид нар нотлох баримтаар гаргаж өгсөн тэр 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулах хүсэлт хүргүүлж байна. Нээлттэй тендер шалгаруулалтад анхнаас нь оролцоод тендерийн баримт бичгийн дагуу баримтаа бүрдүүлээд шалгарсан байхад энэ гэрээг цуцлах үндэслэлгүй байна гээд хариу тайлбараа хүргүүлсэн боловч уг хариу тайлбартай холбоотой ямар нэгэн Засаг даргаас хариу ирээгүй.
4.7. Одоо манай үйлчлүүлэгчийн хувьд яг гэрээ хүчинтэй юм уу? хүчингүй юм уу? тэр цуцлах хүсэлт хүргүүлж байна гэдэг албан бичгийг манайх Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл юм байна. Гэрээ цуцлах ямар нэгэн акт гаргах гээд тайлбараа өгөөч, нотлох баримт байвал гаргаж өгөөч гэж байгаа юм байна гэж ойлгоод сонсох ажиллагааны мэдэгдлийнх нь хариу тайлбар өгсөн боловч хариу өгөөгүй.
4.8. Тэгэхээр 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нотлох баримтаар өгсөн албан бичигт маш тодорхой бичсэн. Энэ гэрээгээ та цуцалсан юм уу, цуцлаагүй юм уу. Бид энэ гэрээг хүчин төгөлдөр гэж ойлгох уу, үгүй юу энэ талаар хариу өгөөч гэтэл Засаг даргаас 1/114 тоотоор ямар хариу өгөв гэхээр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрээр тендерийн хуулийн 7.17, 12.1, “Б” агуулгын 8.1 дэх заалтыг зөрчөөгүй нь батлагдсан тохиолдолд энэ тендерийн ажлын гэрээг цуцлахгүй үргэлжлүүлж хамтран ажиллахыг мэдэгдье, танай компанитай байгуулсан ажлын гэрээг цуцалсан шийдвэр буюу захиргааны акт гараагүй болно гэдэг ийм хариу өгсөн.
4.9. Эндээс бид хууль зүйн хувьд юу гэж үзсэн гэхээр ямар ч байсан захиалагч өөрөө энэ тендерийн үнэлгээний хороог байгуулсан этгээд, энэ тендерийн үнэлгээний хорооны эрх дууссан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 5.4-р Засаг дарга эрх залгамжлагч хүн тэгэхээр шүүхэд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь үүсээд, тендерийн үнэлгээний хороо нэхэмжлэлээ гардаад авсан цаг хугацаанд 08 дугаар сарын 11-ний тодруулга маань Засаг даргад очсон. Тэгэхээр Засаг дарга маань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна гэж ойлгоод энэ хариуг өгч байна гэж би ойлгоод байгаа юм.
4.10. Өвөрхангай аймаг дахь гээд бүр шүүхэд заагаад энэ, энэ заалтыг зөрчөөгүй нь батлагдсан гэхээр нэхэмжлэгч юу гэж ойлгосон гэхээр тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэг хэрхэн шийдэгдсэнээс хамаараад энэ гэрээ цуцлагдах эсэх асуудлыг шийднэ гээд захиалагч хариу өгчихсөн учраас бид захиалагчтай гэрээ цуцалсан гэдэг байдлаар маргах хууль зүйн хувьд боломжгүй, мөн шаардлагагүй юм байна. Яагаад гэхээр захиалагч бол өөрийнхөө байгуулсан тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг шүүхээр эцэслэн хянагдсан тохиолдолд тэр гэрээтэй холбоотой шийдвэрээ гаргах юм байна гэдгийг мэдэгджээ. Тийм учраас яг одоо энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм байна.
4.11. Дээрээс нь шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой юм байна гэж үзээд ямар нэгэн байдлаар захиалагчтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, ямар нэгэн байдлаар маргаагүй ийм нөхцөл байдал байгаа. Тендерийн үнэлгээний хорооны дээрх 06 дугаар сарын 25-ны өдрийн 2 актаас болоод тендерт шалгарсан оролцогч маань байгуулчихсан хүчин төгөлдөр гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болоод тендерт оролцогчийн эрх нь зөрчигдөж байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгаа.
4.12. Нэгэнт тендерийн үнэлгээний хороо ямар ч хууль зөрчилгүйгээр энэ компанийг шалгаруулж гэрээ байгуулуулаад, тендерийн баталгаа байршуулаад тодорхой хэмжээний мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх үр дүн гаргасан учраас Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэнэ. Хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой энэ тохиолдолд нэхэмжлэгчид хууль ёсны итгэл үүссэн гэж үзнэ. Нөгөөтээгүүр тендерийн үнэлгээний хороо 06 дугаар сарын 13, 23-нд манайхыг шалгаруулчихаад 23-нд гэрээ хийчихээд, 25-нд энэ шалгаруулсан шийдвэрээ цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ огт биелүүлээгүй.
4.13. Өөрөөр хэлбэл цуцлахаасаа өмнө сонсох ажиллагаа хийгээд, нөхцөл байдлуудыг тодруулаад шийдвэрийг гаргасан энэ хариуцагчийн шийдвэр өөрчлөгдөх боломжтой байсан ийм хууль зүйн үндэслэлүүд байгаа тийм учраас дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэсэн ийм нэхэмжлэл гаргасан.” гэв.
5. Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
5.1. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо ӨВАГУСЗДТГ2025/0101001 урилгын дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлаж, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл тендер хүлээн авч, 10:30 цагт нээсэн.
5.2. ӨВАГУСЗДТГ2025/0101001 урилгын дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлэгдсэн “М” ХХК-тай 1,247,974,476 (нэг тэрбум хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа) төгрөгөөр гэрээ байгуулахаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтад заасны дагуу шийдвэрлэн, баталгаажуулж, сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/92 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлж, 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан.
5.3. Гэтэл тендерт оролцогч “М” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 1 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 24-ний өдөр тендерт шалгарсан “М” ХХК-руу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн орон сууцны зураг төслийг хийлгэхээр захиалагч тал буюу Засаг даргын Тамгын газраас 18,860,000 (арван найман сая найман зуун жаран мянга) төгрөг шилжсэнийг олж мэдсэн, Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.1, ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны Б агуулгын 8.1, хуулийн 7.1.7-оор оролцогч тал болох нь батлагдаж, энэ компанитай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн, Иймд тендерт оролцогч “М” ХХК нь зураг төслийг “А” ХХК-иар хийлгэсэн боловч санхүүжилт мөнгийг өөрийн дансаар авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.1, ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны Б агуулгын 8.1, хуулийн 7.1.7 дахь заалтын дагуу үнэлгээний хорооны гишүүдийн саналаар оролцогч тал гэж үзсэн” гэжээ.
6. Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. Манай үнэлгээний хороо “М” ХХК-ийг шалгаруулсан. 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудад Өвөрхангай аймгийн төрийн аудитын газраас хяналт шалгалт хийгдсэн. Ингээд “М” ХХК-тай гэрээ байгуулаад зураг төсөв хийлгүүлэх гээд 18,800,000 төгрөг шилжүүлснийг мэдсэн. Үнэлгээний хороо тухайн үедээ энэ компаниар зураг төсвөө хийлгэсэн гэдгийг мэдээгүй байсан.
6.2. Хяналт шалгалтаар зураг төсвөө хийлгэсэн гэдгээ мэдээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7-д заасныг зөрчсөн юм байна гээд аудитын хүмүүсээс асуухад бидэнд ийм зөвлөгөө өгсөн. Би үнэлгээний хорооныхондоо хэлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7-д заасан оролцогч яалт ч үгүй мөн байна. Би сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч хийдэг. Санхүү талаасаа бол яалт ч үгүй зөрчил гэж харагдаад байгаа учраас 25-ны өдөр үнэлгээний хороо хуралдаад ийм шийдвэр гарсан.
6.3. Техникийн тодорхойлолт зөрчсөн гэдэг нь “М” ХХК-тай гэрээ байгуулаад мөнгө шилжүүлсэн болохоор манайх харилцан хамааралтай буюу оролцогч тал гэж бид үзээд байгаа. Яагаад гэвэл тендерийн баримт бичгийн “Б” агуулгын 8.1 гэдэг нь зураг төсөв нь гол техникийн тодорхойлолт учраас байгуулсан гэрээгээ цуцлах хүсэлт гаргаад явж байгаа.” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн болон цахим нотлох баримтуудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагад хамаарах захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчийн Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
1.1. ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг сумын Засаг даргад хүргүүлсэн.
1.2. Тус зөвлөмжийг үндэслэн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” А/75 дугаар захирамжаар “М” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож, мөн өдрийн 1/92 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон болохыг мэдэгдэж, улмаар 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Төрийн албан хаагчдын орон сууц шинээр барих ажлын гэрээ”-г байгуулжээ.
1.3. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо нь дахин хуралдаж, “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” тендерийн гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, татгалзах тухай асуудлыг хэлэлцээд үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, Сумын засаг даргад тендер шалгаруулалтын үр дүнгийн зөвлөмжийн тайланг хүргүүлэхийг нарийн бичиг ...-т даалгаж шийдвэрлэсэн талаарх 04 дугаартай тэмдэглэлийг гаргасан байна.
1.4. Улмаар мөн өдрийн 02 дугаартай үнэлгээний зөвлөмж дүгнэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба уг зөвлөмжид “...тендерт оролцогч “М” ХХК-ийн ......Иймд энэ компанитай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг хүргүүлж байна.” гэжээ.
1.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны акт нь захиргааны үйл ажиллагаанд хамаарахаар заажээ.
1.6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж захиргааны актын үндсэн шинжийг хуульчилсан.
1.7. Хуулийн уг заалтуудаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа болох захиргааны актад холбогдох маргааныг иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хүлээн авч шийдвэрлэдэг.
1.8. Дээрх маргаан бүхий тэмдэглэл дэх үнэлгээний хорооны гишүүдийн хэлэлцсэн байдлаас дүгнэхэд өмнө гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох талаар сумын Засаг даргад санал хүргүүлэх талаар шийдвэрлэсэн саналын шинжтэй шийдвэр байх тул уг тэмдэглэл нь дангаараа эрх зүйн үр дагаврыг шууд үүсгэхгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байна.
1.9. Тодруулбал, Тендерийн үнэлгээний хорооны 04 дүгээр хурлын тэмдэглэл нь захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарахгүй юм.
1.10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
2.1. Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай зөвлөмжид “...тендерт оролцогч “М” ХХК-ийн материалыг дахин нягталж үзэхэд Уг гэрээг байгуулсанаас хойш 1 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 24-ний өдөр тендерт шалгарсан “М” ХХК-руу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн орон сууцны зураг төслийг хийлгэхээр захиалагч тал буюу Засаг даргын Тамгын газраас 18,860,000 (арван найман сая найман зуун жаран мянга) төгрөг шилжсэнийг олж мэдсэн, Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.1, ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны Б агуулгын 8.1, хуулийн 7.1.7-оор оролцогч тал болох нь батлагдаж, энэ компанитай байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлж байна.” гэжээ.
2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.1.тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах; 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.” гэж тендерийн үнэлгээний хорооны хэрэгжүүлэх чиг үүргийг тусгайлан хуульчилсан.
2.3. Харин мөн хуулийн 28 дугаар зүйлд Захиалагчийн шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх талаар хуульчилсан бөгөөд тус зүйлийн 28.1-т Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; 28.1.2.шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай; 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэж тус тус зааснаас үзэхэд тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахаас өмнөх захиалагчийн гаргах шийдвэрүүдийг зохицуулсан байна.
2.4. Дээрхээс дүгнэхэд тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж хүргүүлэх чиг үүрэг нь хуулийн 28 дугаар зүйлд заасан захиалагчийн шийдвэр гаргахад хамааралтай болохоос гэрээг байгуулснаас хойш гэрээг цуцлах талаар захиалагчийн шийдвэр гаргуулахаар зөвлөмж хүргүүлэх агуулгагүй байна.
2.5. Иймд тус Тендерийн үнэлгээний хороо нь хуулиар олгосон өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар зөвлөмж гаргаж захиалагчид хүргүүлсэн байх тул уг зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ...47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасанд хамаарах илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
2.6. Дээрх үндэслэлээр Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай зөвлөмж нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул тухайн зөвлөмжийн хууль зүйн үндэслэл буюу тендерт шалгарсан хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12 дугаар зүйлийн 12.1, ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны Б агуулгын 8.1 дэх хэсгийг зөрчсөн талаар шүүх дүгнэх шаардлагагүй.
2.7. Хэдийгээр нэхэмжлэгч нь захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолд тайлбарласан болно.
2.8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дээрх зөвлөмж нь эрх зүйн ямар нэгэн үйлчлэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйл, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмж нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ӨВАГУСЗДТГ2025/0101001 дугаартай “Төрийн албан хаагчийн 12 айлын орон сууц шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооноос гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ