Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0619/З |
Дугаар | 734 |
Огноо | 2016-10-03 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 734
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.Э*******, Г.А******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.Э*******, Г.А******* нарын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагч Т.Э*******, Г.А*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амарбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““М*******" ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э*******, Г.А******* нар хэсэгчилсэн шалгалт хийж, 90909091 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актаар 9090909.1 төгрөгийн нөхөн татвар, 2727272.7 төгрөгийн торгууль, 3797793.5 төгрөгийн алданги, нийт 15615975.3 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Актад “М*******” ХХК нь “С*******” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14709055 дугаар НӨАТ-ын падаанаар 41972727 төгрөгийн, 2013 оны 11 сарын 10-ны өдрийн 14709052 тоот НӨАТ-ын падаанаар 48936364 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ ногдуулалт, төлөлтийн тайланд тусган тайлагнаж НӨАТ ногдуулах орлого бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэл заажээ.
Тус компани ноос, ноолуур боловсруулах, самнах, ээрэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад, “А*******” ХХК-ийн зээлийг барагдуулж чадаагүй тул 2014 оны 01 дүгээр сард дуудлага худалдаагаар үйлдвэр, тоног төхөөрөмжөө шилжүүлэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон билээ.
"М*******” ХХК нь “С*******” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Түүхий эд худалдах, худалдан авах” 01/07/13 дугаар гэрээ байгуулж, тэмээ болон хонины угаасан ноосыг бэлэн мөнгөөр тооцоо хийж худалдан авсан. Худалдагчийн зүгээс албан ёсны тамга, гарын үсэг бүхий НӨАТ-ын падаанууд бичиж өгсөн байх тул худалдан авагч нь зохих журмын дагуу тухайн сарын НӨАТ-ын тайландаа тусгаж, НӨАТ-ын тайлан болон НӨАТ-ын падаануудыг интернетээр илгээхэд НӨАТ-ын падаан мөн, үнэн зөв гэж хүлээн зөвшөөрөгдөж харъяа татварын албаар баталгаажсан байдаг.
“Түүхий эд худалдах, худалдан авах” тухай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/07/13 дугаар гэрээ, “С*******” ХХК-иас бичиж өгсөн НӨАТ-ын 2 падаан, материалын зарлагын падаан, мөнгө хүлээн авсан кассын орлогын баримт, 2013 оны 10, 11 дүгээр саруудын НӨАТ-ын тайлан, жилийн санхүүгийн тайлан, худалдан авалтын дэвтэр, ажлын хүснэгт, ерөнхий журнал, кассын орлого, зарлагын тайлан зэргийг татварын улсын байцаагчдад гаргаж өгсөн байна.
Нийлүүлэгч компани НӨАТ-ын падааныг хуулийн дагуу хэрэглэж буй эсэхийг шалгах нь татвар төлөгчийн бус, харин татварын байгууллагын үүрэг, худалдан авагчийн зүгээс “С*******” ХХК-ийн тамга, гарын үсэгтэй НӨАТ-ын падаануудыг тайландаа оруулж, харъяа татварын албаар баталгаажуулж, нягтлан бодох бүртгэлийн журнал бичилтүүдийг холбогдох хууль, журмын дагуу хийж баримтжуулсан болно.
Татварын улсын байцаагчид нь Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газраас ирүүлсэн албан тоотыг үндэслэн тус компанийн худалдан авалтын падааныг хий бичилттэй хэмээн нотлогдсон гэж үзсэн. Гэтэл энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй, хэн нэгэн этгээдийн гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад “М*******” ХХК-ийг буруутгах үндэслэл болгон ашиглаж болохгүй юм. “С*******” ХХК-ийн НӨАТ-ын падаанууд хууль бус болохыг татварын байгууллага нь цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр олж мэдсэн атлаа худалдан авагч урьд нь тэдгээрийг хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг анхааралгүйгээр худалдан авагч талд хариуцлага ногдуулж байгаа нь шударга бус байна.
“М*******” ХХК нь ноос худалдан авах үед худалдагчаас олгосон НӨАТ-ын падаанууд хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан, худалдан авалтын талаарх баримтыг татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан журмын дагуу бүрдүүлж, санхүүгийн тайландаа тусгасан болно.
“М*******” ХХК нь татварын албанаас тараасан жинхэнэ НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн бөгөөд энэ нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчөөгүй бөгөөд эсрэгээр, яг энэхүү шаардлагад нийцэж баримтаар нотлогдож буй НӨАТ-ын падааныг үндэслэж хасч тооцсон болно. Үүнийг нь ч харъяа татварын албанаас удаа дараа хасах нь зүйтэй гэж үзэж баталгаажуулж байсан байдаг.
Татварын акттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэхдээ үнэхээр бараа материал худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд татвар төлөгчийг буруугүй гэж үзэж татварын актыг хүчингүй болсон шийдвэрлэж байгаа практик нэгэнт тогтсон байгааг анхаарна уу.
Иймд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Т.Э*******, Г.А******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн татварын газартай харилцдаг 20******* регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 9011137077 дугаар гэрчилгээтэй, "М*******" ХХК-ийн 2013 оны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдлыг хэсэгчлэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 албан тоотын дагуу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын ажлын (22/15)0100016 дугаар томилолтоор 2014 оны 04 дүгээр сарын 02-оос 2015 оны 4 дүгээр сарын 07-ны хооронд санхүүгийн тайлан тэнцэл, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд,нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн тайлан болон падааны судалгаа, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 албан тоот зэрэгт үндэслэн Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Э*******, Г.А******* бид нар шалгалт хийж, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22/0017230 тоот актаар 15615975.30 төгрөгийг ногдуулсан билээ.
Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичгийн дагуу шалгахад “М*******” ХХК нь 5385261 тоот регистрийн дугаартай “С*******” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14709055 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 41972727.00 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14709052 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 48936364.00 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн тайланд тусган тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д ”Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй...” гэж заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.
Иймээс "М*******" ХХК-ийн 90909091.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 9090909.10 төгрөгийн нөхөн татвар, 2727272.73 төгрөгийн торгууль, 3797817.91 төгрөгийн алданги ногдуулсан болно.
Мөн "М*******" ХХК нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гарган 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22/0017230 тоот актыг хэвээр баталсан, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22/0017230 дугаар актыг тус тус хэвээр баталсан байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******аас гаргасан “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны 220017230 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын удирдлага арга зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан “Тус хэлтэст шалгагдаж буй “Ц.Ж******* нь 5385261 регистртэй “С*******” ХХК-ий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2012-2013 оны хооронд бусдад зарж борлуулан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй 2014250004082 тоот хэрэгт хавсралтад дурдагдсан регистрийн дугаар нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь дээрх компаниас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж, холбогдох акт дүгнэлтийг гаргуулах ажыг зохион байгуулж хариуг ирүүлнэ үү” гэжээ.
Дээрх албан бичгийг үндэслэн, Нийслэлийн татварын газраас “М*******” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэн, татварын улсын байцаагчийн 2015 оны 220017230 дугаар актаар 9090909.1 төгрөгийн нөхөн татвар, 2727272.7 төгрөгийн торгууль, 3797793.5 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 15615975.3 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг зөрчөөгүй байна.
Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актаар “М*******” ХХК нь 5385261 тоот регистрийн дугаартай “С*******” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14709055 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 41972727 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14709052 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 48936364 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусган тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
“М*******” ХХК, “С*******” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 01/07/13 дугаартай “Түүхий эд худалдах худалдан авах гэрээ” байгуулж, мөн оны 08 дугаар сарын 16, 30 болон 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд түүхий эд нийлүүлсэн талаарх орлого, зарлагын баримт , 8 дугаар сарын 30, 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд кассын орлого болон зарлагын баримт , 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын 0014709052, 0014709055 дугаар падаан үйлджээ.
Эдгээр баримтуудаас дүгнэхэд “С*******” ХХК хонь, тэмээний ноос худалдсан гэх боловч нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд утас, ээрсэн утас гэж бичсэн, бэлэн мөнгөний баримт, барааны орлого, зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны огноо зөрүүтэй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд татварын улсын байцаагчийн 2015 оны 220017230 дугаар актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчсөн гэж үзэн төлбөр ногдуулсныг буруутгах боломжгүй байна.
Харин тус актаар ногдуулсан 2727272.7 төгрөгийн торгууль, 3797793.5 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д ”Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж зааснаар өршөөж, хасах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актаас 2727272.7 төгрөгийн торгууль, 3797793.5 төгрөгийн алдангийг хасч, 9090909.1 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актын маргаан бүхий 15615975.3 төгрөгийн төлбөрөөс 2727272.7 төгрөгийн торгууль, 3797793.5 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, 9090909.1 /есөн сая ерэн мянга есөн зуун есөн мянга/ төгрөг болгон багасгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН