Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0016

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0016

Улаанбаатар хот

 

 

    “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “С м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0821 дүгээр  шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээд “С м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0821 дүгээр  шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, 63 дугаар зүйлийн 63.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31.3-д заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  306 дугаар шийдвэрээр “С м” ХХК-д олгосон 343.38 га ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас “Н” ХХК-ийн газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ … Шийдвэрийн 9 дүгээр хуудаст “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 11.1.7-д “ашигт малтмалын тойм судалгаа хийх хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэжээ.

Дээрхээс үзвэл Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн дарга нь /хуучин нэрээр/ эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бусад этгээдэд газар эзэмшүүлсэн эсэхийг хяналтгүйгээр гуравдагч этгээдэд давхцуулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцээгүй байна. Өөрөө хэлбэл нэхэмжлэгч хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлсэн байхад уг эрхийг нь хязгаарлаж гуравдагч этгээдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу байна” гэж хариуцагч байгууллагыг буруутгаж дүгнэсэн байна.

Дээрх дүгнэлтийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй болно. Учир нь Монгол Улсын Их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргаж нийтэд мэдээллэн зарлаж үүний дагуу аж ахуй нэгж байгууллагууд хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдөл гаргасныг захиргааны байгууллага хянан шийдвэрлэсэн байдаг. /Энэ талаар хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт дэлгэрэнгүй дурдагдсан болно/

Дээрх хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр хайгуулын ХУ-019145 тоот тусгай зөвшөөрлийг “С м” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д “ашигт малтмалын тойм судалгаа хийх хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэсэн заалтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон тайлбарласан байдаг. Гэтэл энэхүү заалт нь төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгжийн чиг үүргийн асуудлыг зохицуулсан заалт бөгөөд тусгай зөвшөөрөл олгох харилцаа буюу кадастрын нэгжийн үйл ажиллагааг зохицуулаагүй болно.

Шийдвэрийн үндэслэл болсон тойм судалгаа хийх хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн этгээд тойм судалгааг тусгай зөвшөөрөлгүй явуулж болох бөгөөд судалгаа явуулах талбай, түүний байршил, өөрийн нэр, хаягийг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж бүртгүүлнэ'” гэж хуульчилсан байна.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж хариуцагч байгууллага үзэж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 128/ШШ2017/0821 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С м ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ … Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйл (Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэх)-ийн 63.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ”, Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон газар эзэмшигчийн хооронд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар ямар нэгэн маргаан одоогоор гараагүй байна. Ирээдүйд тийм маргаан гарах эсэх нь тодорхойгүй. “Н” ХХК-ийг өөрийн эзэмшдэг гэх газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах үйл ажиллагаанд нь “С м” ХХК ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Тийм төрлийн маргааны хариуцагчаар “С м” ХХК-ийг “Н” ХХК-ийн зүгээс заагаагүй.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; 14.1.2-д хуулийн этгээд татан буугдсан”, 14.1.3-д “тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон”, 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцел, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулинд үүнээс өөрөөр тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй байна.

Харин маргаан гарвал Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд эдгээр хуулиудад мөн л тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт байхгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Энэ нь газрыг зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан зохицуулалт бөгөөд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалт биш юм.

Төрийн захиргааны байгууллага хууль зөрчөөгүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох процессийн ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас олгодог. “С м” ХХК-ийн зүгээс “Н” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй болох нь харагдаж байна.

Иймд эдгээр үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэл гаргах хугацааг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, зарим нотлох баримтыг дутуу цуглуулсан, хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаарх хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр “С м” ХХК-д олгосон 343.38 га ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас “Н” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ.

“Н” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэж, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газарт гомдол гаргаж, Ашигт малтмалын газраас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/937 дугаар албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд 4 сарын дараа нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан хугацааг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШЗ2016/9721 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2016/10131 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2017/1081 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан” талаар дурдсан боловч эдгээр захирамжууд болон нэхэмжлэлийг 11 дүгээр сарын 30-ны өдөр буцааснаас хойш 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь эргэлзээтэй байна.

Энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч дээрх захирамжууд болон холбогдох баримтууд хэрэгт авагдаагүйгээс давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй байх тул анхан шатны шүүхэд хэргийг буцааж дээрх баримтуудыг цуглуулж нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийлгэх шаардлагатай гэж үзлээ.

2. Хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан “... Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.3, 11.1.7-д заасныг буруу хэрэглэсэн, “тойм судалгаа” хийх хүсэлт шийдвэрлээгүй байхад эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй ...” гэх гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь өөрсдийн эзэмшдэг газартай давхцуулан гуравдагч этгээд “С м” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагч Кадастрын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан. Гэтэл шүүх уг маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй хамааралгүй Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “тойм судалгаа ...” гэж , 11 дүгээр зүйлийн 11.1.7-д “...” гэж заасныг хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэжээ.

3.  Гуравдагч этгээд нь гомдолдоо “... Ашигт малтмалын тухай хуулийн 63, Газрын тухай хуулийн 27.1, 31.3 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн ...” гэжээ.

             Уг маргаан нь газрыг “мод үржүүлж, нөхөн сэргээх” зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмшигч болон газрын хэвлийг ашиглагч буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд үүссэн “эзэмшил газар болон хайгуул хийх талбай хэсэгчлэн давхацсан” талаарх маргаан бөгөөд уг маргааныг шийдвэрлэхэд Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг дангаар нь хэрэглэх боломжгүй юм.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “... хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцаагүй байна” гэж заасан нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  хүссэн хүсэлтэд хамаарахгүй тул уг хуулийг хэрэглэж ашигт малтмалын эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийх үндэслэлгүй. Мөн үүний адил зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргах, шийдвэрлэх заалтыг хэрэглэж газар эзэмшигчийн эрх зүйн байдалд дүгнэлт өгөх боломжгүй.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар ... эзэмшигчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно: 1/ геологийн судалгаа хийх” гэж, 20 дугаар зүйлийн З-д “Газрын хэвлийг ашиглагчид нь газар өмчлөх, эзэмших, ашиглах талаарх бусдын эрхийг аливаа хэлбэрээр хөндөхгүй байх үүрэгтэй бөгөөд ийм зөрчлийн улмаас тэдгээрт учруулсан хохирлыг өөрийн хөрөнгө, зардлаар нөхөн төлнө” гэж тус тус зохицуулжээ.

Үүнээс үзвэл Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшүүлсэн газрыг /0 тэнхлэгээс дээш/ Ашигт малтмалын тухай болон Газрын хэвлийн хуулиар хориглоогүй бол тухайн газрын хэвлийг ашиглах зориулалтаар тусгай зөвшөөрөл олгож болохоор байх бөгөөд харин газрын хэвлий ашиглагч нь газар эзэмшигчийн эрхийг хөндөхгүйгээр түүний зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж болохоор байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эрх, ашиг сонирхол нь маргаан бүхий актаар “С м” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноос, эсхүл хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа газар эзэмшигчээс зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулсны улмаас зөрчигдсөн эсэхийн аль нь болохыг тодруулж, дээр дурдсан хуулиудаас холбогдох заалтыг хэрэглэж шийдвэрлэх шаардлагатай.

Мөн нэхэмжлэгчийн эзэмшиж буй 400 га газартай гуравдагч этгээдийн хайгуулын талбайн 53,3 га газар хэсэгчлэн давхацсанаас гадна бусад этгээдийн ашиглалтын болон хайгуулын талбай давхацсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байх бөгөөд газрыг нөхөн сэргээх зорилго хангагдах эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуул буюу геологийн судалгаа хийх, мөн ашиглалт явуулж дуусахаас өмнө мод тарих, нөхөн сэргээх нь ач холбогдолгүй болохоор байна.

Түүнчлэн  нэхэмжлэлд “... сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас “Дэмжихгүй санал” өгсөн байхад тусгай зөвшөөрөл олгосон ...” талаар дурдсан байх бөгөөд тухайн орон нутгийн захиргаа тухайн газрыг ямар үндэслэлээр нөхөн сэргээх шаардлага гарсан, аймгийн Засаг дарга “Дэмжинэ” гэдэг саналыг хуулийн дагуу гаргасан эсэх, түүнийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлтэй эсэх, хайгуул, ашиглалт хийсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээд газрыг нөхөн сэргээх үүрэгтэй атал нэхэмжлэгч ямар шалтгаанаар уг үүргийг хүлээсэн, маргаан бүхий актын улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тодруулах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлүүдээр холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэл гаргах хугацаа, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг тодруулан хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, тухайн харилцааг зохицуулсан хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0821 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “С м” ХХК-ийн захирлаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ