Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

М.Сүх-Эрдэнэ, Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

ялтан М.Сүх-Эрдэнэ, Э.Оюун-Эрдэнэ нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр,

ялтан Б.Золбоогийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

            нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Сүх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2015260000655 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол боржигин овогт Мишигдоржийн Сүх-Эрдэнэ, 1993 оны 7 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжны 1 тоотод оршин суух,

2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 455 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УП93071311/,

2. Боржигон овогт Баярын Золбоо, 1990 оны 6 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Алтантариа” ХХК-ийн бөөний төвд ачигч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ90061854/,

3. Боржигон овогт Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ, 1991 оны 6 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ91062801/,

М.Сүх-Эрдэнэ нь 2015 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Queen” баарны гадаа гудамж талбай, олон нийтийн газар Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ, Д.Батсуурь нартай бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Ц.Энхжин, Б.Хосбаяр нарыг ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйлээр олон удаагийн үйлдлээр хатган, өшиглөх, цохих зэргээр хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Энхжин, Б.Хосбаяр нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Золбоо нь М.Сүх-Эрдэнэ, Э.Оюун-Эрдэнэ, Д.Батсуурь нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Queen” баарны гадаа гудамж талбай, олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Энхжин, Б.Хосбаяр нарыг цохих өшиглөх зэрэг үйлдлээр оролцож биед нь гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан,

Э.Оюун-Эрдэнэ нь 2015 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Queen” баарны гадаа гудамж талбай, олон нийтийн газар М.Сүх-Эрдэнэ, Б.Золбоо, Д.Батсуурь нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, “алаад өг” хэмээн бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүч оруулж, мөн өөрөө өшиглөх цохих зэргээр хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Энхжин, Б.Хосбаяр нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.Сүх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  М.Сүх-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Б.Золбоог танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Э.Оюун-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар М.Сүх-Эрдэнийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Золбоог 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Э.Оюун-Эрдэнийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Сүх-Эрдэнэд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Золбоод оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Э.Оюун-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Сүх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Золбоод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Э.Оюун-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Сүх-Эрдэнийн цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Золбоод оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар, Э.Оюун-Эрдэнэд оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, энэ хугацаанд тэдгээрт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, М.Сүх-Эрдэнэ, Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Хосбаяр нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар М.Сүх-Эрдэнээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, М.Сүх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан М.Сүх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө эхнэр Оюун-Эрдэнэ, найз Золбоо, Д.Батсуурь бусад 2-3 найз нартайгаа “Панда” пабад уулзан, тэндээсээ гараад бүжиглэхээр ярилцан “Queen” гэдэг бааранд орсон. Тэгээд шөнийн 12 цаг өнгөрч бид гэртээ харихаар гарцгаасан ба намайг гарахаас өмнө Д.Батсуурь болон зарим хүмүүс түрүүлээд гарсан. Д.Батсуурь манай ахын куртикийг өмсөөд явж байсан ба би эхнэр Оюун-Эрдэнэтэй такси барих гээд замын хажууд зогсож байхад тэд муудалцсан. Хохирогч Хосбаяр нь тухайн үед надтай маргалдан намайг хутгалсан гэдэг нь худлаа. Тухайн үед Д.Батсуурь нь надад би хутгалсан гэдгээ хэлсэн, би түүнд хутгаа битгий хаяарай гэж хэлж байсан. 2015 оны 1 дүгээр сарын 26-нд намайг цагдаагийн газраас хорих 461 дүгээр ангид аваачин саатуулсан. Машинд суулгах үед миний ах Сүх-Дорж надтай ирж уулзсан. Би ахдаа Д.Батсуурийг хутгатай байсан, мөн тэр хүүхдүүдийг хутгалсан талаар хэлсэн. Мөн хорих 461 дүгээр ангид саатуулагдсан хоригдож байхдаа мөрдөн байцаагчдаа энэ талаар хорих газрын тоо бүртгэлээр дамжуулан бичгээр өргөдөл өгч байсан. Гэтэл намайг Д.Батсуурийг нас барсан хойно хэргээ талийгаач руу чихэх гэсэн хандлагаар хандаж байгаад гомдолтой байна. Талийгаач Д.Батсуурийг нас барахаас өмнө ах Сүх-Доржийг гэрчээр асуусан намайг юу гэж хэлж байсан талаар мэдүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа. Талийгаач өөрөө хэргээ хүлээнэ гэж хэлж байсан тул би анхны мэдүүлэгтээ талийгаачийг хэлээгүй. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-т заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрнө. Зөвхөн хохирогч Хосбаярын худал мэдүүлгээр надад олон жил хорих ял оногдуулж байгаад гомдолтой байна. Хосбаяр, Энхжин нарын мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр худал гэдэг нь харагдана. Энэ хоёртой гудамжинд таараагүй, тэд “Queen” бааранд орж гарч, архи ууж байсан. Үүнийг “Queen” баарны зохион байгуулагч Эрдэнэчимэг хэлдэг, Хосбаяр 1 шил архи уухаар орж ирэхэд нь уулгаагүй гаргасан гэсэн мэдүүлэг өгсөн. Хосбаяр намайг хутгатай байсан гэж андуураад байгаа учир нь Хосбаяр согтуу байсан. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Хосбаяр, Энхжин, шинжээч нарыг оролцуулахгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Хэрвээ анхан шатны шүүх рүү буцаах шаардлагагүй гэж үзвэл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэжээ.

Ялтан М.Сүх-Эрдэнэ, Э.Оюун-Эрдэнэ нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн шүүх хуралдаан нийт 6 удаа болж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд хохирогч нарыг оролцуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээж авахгүйгээр шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан. Хохирогч Хосбаяр нь М.Сүх-Эрдэнийг хутгатай байсан гэж мэдүүлэг өгсөн тул үүнийг шүүх хуралдаан дээр тодруулж асуух хэрэгтэй байсан. Хохирогч Хосбаяр нь эхлээд “хутгатай байсан” гэж мэдүүлчихээд дараа нь “хутга шиг зүйлтэй байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Харин анх Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр цагдаад мэдүүлэг өгөхдөө М.Сүх-Эрдэнийг хутгатай байсан хүн биш гэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг 2 удаа анхан шатны шүүхэд буцаахдаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулах тухай заасан. Гэтэл анхан шатны шүүх магадлалын заалтыг биелүүлэхгүйгээр шийдвэр гаргасан. Өөрийн үйлчлүүлэгч М.Сүх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хэрвээ анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж үзвэл М.Сүх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийг хэрэглэн хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Золбоогийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Золбоогийн гэм бурууг тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Сүх-Эрдэнэ нь давж заалдах гомдолдоо “хутга хэрэглээгүй” гэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогчийн мэдүүлгээр М.Сүх-Эрдэнэ танхайрахдаа хутгатай байсан нь тогтоогдсон. Хохирогч Хосбаяр анх мэдүүлэг өгөхдөө “23 дугаартай залуу гартаа хутга барьчихсан Энхжингийн дээрээс цохиод, зодоод байсан” гэдэг. Дахин мэдүүлэг өгөхдөө “23 дугаартай залуу гартаа хутга шиг зүйл барьчихсан байсан” гэж хэлсэн. Мөн таньж олуулах ажиллагаагаар 23 дугаартай, гартаа хутга барьсан байсан залууг М.Сүх-Эрдэнэ гэж заасан. Тиймээс М.Сүх-Эрдэнийг танхайрах явцдаа хутга хэрэглэсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                  ХЯНАВАЛ:

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

М.Сүх-Эрдэнэ нь 2015 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Queen” баарны гадаа гудамж талбай, олон нийтийн газар Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ, Д.Батсуурь нартай бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Ц.Энхжин, Б.Хосбаяр нарыг ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйлээр олон удаагийн үйлдлээр хатган, өшиглөх, цохих зэргээр хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Энхжин, Б.Хосбаяр нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Золбоо нь М.Сүх-Эрдэнэ, Э.Оюун-Эрдэнэ, Д.Батсуурь нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Queen” баарны гадаа гудамж талбай, олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Энхжин, Б.Хосбаяр нарыг цохих өшиглөх зэрэг үйлдлээр оролцож биед нь гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан,

            Э.Оюун-Эрдэнэ нь 2015 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Queen” баарны гадаа гудамж талбай, олон нийтийн газар М.Сүх-Эрдэнэ, Б.Золбоо, Д.Батсуурь нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, “алаад өг” хэмээн бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүч оруулж, мөн өөрөө өшиглөх цохих зэргээр хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ц.Энхжин, Б.Хосбаяр нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Энхжингийн “...Би 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчим гэрээсээ гараад Дунд нарангийн 3 дугаар гудамжинд байдаг найз Шинэбаярындаа байж байгаад 21-22 цаг өнгөрөөгөөд гараад явган алхаад 1 дүгээр хорооллын Саппоро буудлын дэргэд явж байхад гэр нь манай ойролцоо байдаг Хосбаяр гэдэг ахтай 23 цаг өнгөрч байх үеийн орчимд тааралдаад бид хоёр тэндээсээ явган алхаад баруун тийш Цамбагаравын буудлын тийш яваад хойш гэр хороололын тийш явдаг шинэ зам руу гараад тэндээсээ гэр гэрлүүгээ салцгаая гээд юм яриад алхаж байсан чинь “Цамбагаравын урд талын автобусны буудлын зүүн талын орчимд алхаж байтал “Queen” баарны хашааны гадна талд нь нэг залуу зогсож байснаа бид хоёрыг хөгшөөн юм асууя гэх шиг болсон. Тэгэхээр нь яваад очиход гадуураа шар билүү ногоондуу ч гэмээр юм шиг тиймэрхүү өнгөтэй хүрэмтэй, түүнийхээ энгэрийг ярчихсан түүнийхээ дотуур 23 гэсэн дугаар бичигтэй саарал өнгийн цамцтай 20 гаруй насны гэмээр 168-170 орчим см өндөр нуруутай биеийн галбир нь туранхайвтар залуу байсан. Тэрээр биднээс гал байна уу гэж асуухад нь Хосбаяр ах байхгүй гэж хэлэхэд нөгөө залуу дахин тамхи байна уу гэж асуусан. Тэгэхэд нь Хосбаяр ах бас байхгүй гэхэд нөгөө залуу ер нь та хоёрт юу байна гэж хэлсэн. Тэгэхэд нь Хосбаяр ах юу ч байхгүй гэж хэлсэн. Тэгтэл баарны хашааны орчмоос хоёр залуу гэнэт гарч ирэх шиг болсоноо би тэднийг сайн харж амжаагүй байтал араас бариад хөлөөрөө хавсрах шиг болоод намайг газарт унагаачихсан. Тэгээд л тэр хоёр нь намайг тал талаас өшиглөөд зодсон. Нэг нь Хосбаяр ахыг цохисон байх. Бужигнаж байсан. Тэгэхэд тэр гурван залуутай хамт явсан бололтой нэг эмэгтэй хүн алаад өг наадуулаа гэсэн утгатай үг хэлээд бахирч байх шиг сонсогдсон. Тэгээд намайг тал талаас цохиод л байх шиг байсан. Тэгэхэд Хосбаяр ах над руу ирээд миний дээрээс дараад хүн аллаа шүү дээ, та нар болиоч гээд миний дээрээс дарахад нөгөө гурван залуу Хосбаяр ах бид хоёрыг толгойн үснээс зулгаагаад хоёр тийш нь салгаад нэг нь намайг зодоод цохиж байхад нь би өндийгөөд түүнийг түлхээд 1-2 метр орчим холдох зай гарахаар нь би зүүн тийш зугтаасан. ...Гэрт ороод хувцсаа үзэхэд миний хүрэм, цамц, өмд нил цус болчихсон нуруу далны орчим бөөр, хэвлий, бөгсний орчим хутгалагдсан байсан. Тэгээд Эрхэмбаяр намайг харчихаад эмнэлгийн тусламж дуудсан. ...Хэн нь хутгалсаныг нь анзаарч харж чадаагүй. Би зодуулж байхдаа нүүр лүүгээ цохиулчихаж магад гэж санаад нүүрээ гараараа дараад хамгаалж байсан болохоор сайн харж чадаагүй. ...Хосбаяр ахын хэлж байгаагаар бол намайг зодуулж байхыг хажуунаас харахад “23” гэсэн бичигтэй цамц өмссөн залуу нь гартаа хутга шиг гялалзсан зүйл барьсан намайг зодож байсан гэсэн. Тэгэхэд Хосбаяр ах “хүн аллаа шүү дээ” гээд намайг хамгаалан дээрээс дарахад түүнийг бас зодсон. Тэгэж байхдаа хутгалсан байсан...” /1-р хх-ийн 45-46, 160/,

Хохирогч С.Хосбаярын “...Тэгээд 23 гэсэн бичигтэй цамцтай залуу Энхжин бид хоёр луу хандаж тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гэхэд дахиад гал байна уу гэж асуухаар нь гал байхгүй гэхэд ер нь чамд юу байна гэхээр нь юу ч байхгүй гэсэн чинь цаана нь байсан хоёр залуу хүрч ирэнгүүтээ шууд наадуул чинь яагаад байгаа юм бэ гээд дайраад ирэхэд нь Энхжин юу болоод байгаа юм бэ гэж хэлээд бага зэрэг ухрав уу үгүй юу л Энхжинг барьж аваад газарт унагаагаад дээрээс нь гараараа цохиод өшиглөөд, зодоод эхэлсэн. Тэгэхэд нь би тэдэн рүү очоод та нар болиоч хүүхэд аллаа шүү дээ гээд салгах гэхэд тэр хоёр залуу салахгүй зодоод байсан. ...Тэгэхэд нь би Энхжинг хамгаалаад дээрээс нь дараад хэвтэхэд энгэртээ 23 гэсэн бичигтэй залуу нь бас нөгөө хоёр залуутайгаа нийлээд бид хоёрыг хоёуланг маань тал талаас өшиглөж дэвсээд зодоод байсан. Тэгэхэд хамт байсан эмэгтэйг нь салгах болов уу гэж бодсон чинь харин ч бүүр “наад муу пизда нар чинь яадаг муу пизда нар вэ” гээд хамт нийлээд Энхжин бид хоёрыг газарт хэвтэж байхад өшиглөөд байсан. Тэр үед тэр залуучууд биднийг гараараа цохиод хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодож байсан. Гараараа цохих хөлөөрөө өшиглөх нь арай өөр ялгаатай мэдрэгддэг юм билээ. Тэгж байхад “23” гэсэн дугаартай цамцтай залуу нь ...Энхжин бид хоёрыг хоёр тийш нь толгойн үснээс зулгаан салгаад хоёр тийш нь салгасан тэр үед Энхжинг байгаа газар луу харахад Энхжинг газарт унагаад “23” гэсэн дугаартай залуу нь гартаа гялтганасан нарийхан хутга шиг төмөр зүйл барьчихсан Энхжингийн дээрээс зодож байгаа харагдсан. Тэгэхэд би өөрөө нөгөө хоёр залууд нь зодуулж байсан учир доошоо тонгойн нүүрээ хамгаалаад эргээд нэг харахад Энхжин зугтсан бололтой алга болчихсон нөгөө гартаа хутга шиг зүйл барьсан залуу нь над руу ирчихсэн нөгөө хоёр залуутайгаа нийлээд намайг зодож байсан. ...цагдаа нар ирээд тэр залуучуудыг бариад нэг машинд суулгаад нөгөө машинд нь намайг суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Миний толгойн зулай дээр нэг удаа, нурууны зүүн бөөрний орчимд, ахар сүүлний зүүн хэсэгт тус тус нэг нэг удаа буюу 3 удаа хутгалсан байсан. Тэгээд намайг эмнэлэг дээр очоод байж байхад Энхжин бас нэг залуугаар хүргүүлэн эмнэлэг дээр ирсэн ба тэрээр хэлэхдээ 10 гаруй удаа хутгалуулсан байна гэж ярьж байсан. ...Тэгэхэд нь би таксины жолооч нар болон салгах гэж байгаа бололтой хажуунаас нь татаж чангааж байсан хүмүүст хандан “наад “23” гэсэн цамцтай залуу чинь хутгатай байгаа шүү болгоомжтой байгаарай” гэж бахирч хэлсэн. ...Тэр эмэгтэй ...хамт байсан залуучуудтайгаа нийлээд “лалар пизданууд наадуул чинь яадаг юм наадуулыг чинь харъя” гэх мэтээр хараалын үг хэлээд нилээд согтуу бололтой байсан ба Энхжин бид хоёрыг зодож байгаад үсдээд хоёр тийш салгахад гүйж ирээд миний нүүр ам руу, гар луу өшиглөөд бас тэр залуучуудтайгаа нийлээд миний үснээс зулгаагаад гудамжаар чирж явах гээд байсан. ...Тэр залуучууд болон эмэгтэйг огт танихгүй хэрүүл маргаан хийгээгүй байж байхад л биднийг зодоод хутгалчихсан. ...Эхлээд тэр залуучууд Энхжин бид хоёрыг хоёуланг маань зодож байх үед нуруу бүсэлхий орчимд цохигдсоны дараа нурууны орчимд бүлээн оргиод цус гарч байгаа нь мэдрэгдсэн. Тэгэхэд би хутгалуулчихлаа гэж мэдсэн. Төд удалгүй Энхжин бид хоёрыг үсдээд хоёр тийшээ салгаад Энхжинг “23” гэсэн цамцтай залуу нь бас зодож байхад харахад миний харснаар бол яах аргагүй “23” гэсэн бичигтэй цамц өмссөн залуу хутга шиг гялалзсан зүйл барьчихсан Энхжинг зодож цохиж байсан. ...Харин Батсуурь гэдэг залуу болон хамт нийлэн биднийг зодсон залуучуудын гарт хутга мэс байсан зүйл харагдаж анзаарагдаагүй...” /1-р хх-ийн 48-50, 160/,

Гэрч Р.Эрдэнэчимэгийн “...Би тэр өдөр баарандаа зохион байгуулагчаар ажиллаж байсан. Орой 23 цаг өнгөрч байхад хамгаалагч Анхбаяраар текний ард талаас хоосон шилтэй авдар үүд рүү зөөлгөж байхад Анхбаяр хүрч ирээд “гадаа зодоон болоод байнаа, та гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би Анхбаяртай хамт гарсан чинь манайд 22 цагт орж ирээд 0,5 граммын Улаанбаатар архи 1 шил, 3 ширхэг цэвэр ус авсан 5 эрэгтэй, 2 эмэгтэй нарын 4 эрэгтэй, 1 эмэгтэй нь байсан. Намайг харахад 1 эрэгтэй газар унаад 2 эрэгтэй, 1 эмэгтэй дээрээс нь хөлөөрөө дэвслээд байсан. ...Би хамгаалагч Анхбаярын хамт очоод салгах гэхэд нөгөө өшиглөөд байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй нар чамд ямар хамаатай юм гээд байсан. Тэгээд би нүүрэндээ мэнгэтэй залууг цамцны захнаас нь хойш татсан чинь намайг түлхээд би газарт унасан. Тэгээд босч ирээд дахиад татсан чинь нөгөө эмэгтэй нь “манай нөхрийг тавиач” гээд миний гар луу цохисон. Тэгсэн нөгөө мэнгэтэй залуу эргэж хараад миний зүүн гар луу цохисон. Тэгээд зам дээр зогсож байсан таксины жолооч ирээд мэнгэтэй залууг хавирч унагаад дээрээс нь дарсан. Хамгаалагч Анхбаяр өтгөн хөмсөгтэй эрэгтэйг өмсөж байсан цамцаар нь толгойг нь бүтээгээд доош нь дараад суулгасан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. ...Зодоон хийсэн 2 залуу хоёулаа саарал цайвар өнгийн малгайтай цамцтай байсан. Туранхайдуу өндөр нь 170-175 см орчим өндөртэй харвал танина. Мэнгэтэй залууг мэнгээр нь хараад танина. Нөгөө залууг нь царайг нь харвал ерөнхий төрхөөр нь таних байх. ...Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй зодоон хийгээд байсан. Энэ хүмүүсийг хэн ч зодоогүй...” /1-р хх-ийн 53-54/,

Гэрч Ч.Солонгын “...Миний харснаар бол Хосбаяр гэдэг залуу нь ганцаараа нөгөөдүүл нь нийлээд зодоод байгаа юм шиг харагдсан. Хосбаяр гэдэг залуу газарт унасан гэдэс орчимдоо гараараа дараад байх шиг харагдсан. Зодоонд хоёроос гурван залуу нь идэвхтэй оролцоод Хосбаярыг тал талаас нь өшиглөөд зодоод байгаа харагдсан. Тэр үед Хосбаярыг зодсон залуустай хамт нэг намхан нуруутай жижиг биетэй эмэгтэй согтуу агсарч бахираад “наадхаа алаад өг” гээд нөгөө залуучуудаа хөөргөөд байх шиг байсан. Тэгэхэд миний харснаар лав Хосбаяр гэдэг залуу ганцаараа зодуулаад өмнөөс нь зодолдож чадахгүй өшиглүүлээд байсан. ...Хосбаяр нь “наадуулаа битгий явуулаарай, намайг хутгалчихсан шүү” гэж хэлж байгаа сонсогдсон...” /1-р хх-ийн 216-217/,

Гэрч Б.Анужингийн “...Баар хааж байх үед баарны хаалганы үүдэнд тамхи татаад зогсож байсан чинь баарны төмөр сараалжин хашааны гадна хүмүүс бужигналдахаар нь алхаад хашааны үүд рүү очоод ойртоод харахад манай баарны зохион байгуулагч Эрдэнэчимэгийн найз гээд манай баараар орж ирж байсан. Хосоо гэж дууддаг Хосбаяр гэдэг шиг санаж байна. Тэр ахыг 2-3 орчим билүү 4 ч юм уу тооны эрэгтэйчүүд нэг жижигхэн биетэй, шар царайтай эмэгтэйтэй хамт бүгдээрээ нийлээд Хосбаяр ахыг газарт унагаачихсан тал талаас нь өшиглөж дэвслээд цохиж зодоод байсан. ...Би буцаж гүйгээд Queen баар луу Эрдэнэчимэг эгчид хэлээд эргэж харахад Эрдэнэчимэг эгч ба Анхбаяр гэдэг бааранд ажилладаг залуутай гарч ирээд бид нар хамжиж тэр залуучуудыг салгасан. Тэгээд бас зам дээр зогсож байсан таксины жолооч нар хамжиж салгасан. Тэр үед тэр залуучууд өмнөөс нь салгах гэж очсон хүмүүсийг эсэргүүцээд зодолдох гээд байсан. ...Даваанаа гэх залуу бас баарнаас гарч ирээд хамжаад зарим нэг залууг барьж аваад дарж байгаад цагдаад өгсөн. Тэр үед Хосбаярыг зодсон залуу Цагдаагийн машин хараад зугтах гээд байхад нь арай гэж барьж цагдаад өгсөн. Тэдэнтэй байсан жижигхэн агсам эмэгтэй орилж бархираад ойртсон хүмүүсийг өмнөөс нь цохиод эсэргүүцээд байсан. Тэр эмэгтэй Хосбаяр ахыг зодуулж байхад нь хамжиж өшиглөж цохиж байсан. ...Тэр дундаа 23 гэсэн улаан бичигтэй цамцтай залуу нь “намайг хэн гэдгийг мэдэхгүй байна даа” гээд Хосбаярыг цохиж нүдээд аймаар зодоод ойр орчим нь салгах гэсэн хүмүүс рүү дайрч давшлаад өмнөөс нь эсэргүүцэж байсан. Тэгэхэд хамт байсан хэд нь бас дарвиад зодоод байсан...” /1-р хх-ийн 221-223/,

Гэрч Ч.Анхбаярын “...Баар хааж байх үед гадаа зодоон болоод байна гэж сонсогдсон. ...Эрдэнэчимэг эгч гараад явсан юм. Тэгэхэд би Эрдэнэчимэг эгчтэй гараагүй. Сүүлийн 3 ая, баар хааж байна гээд хүмүүсийг гаргах гээд ажилтай байсан. Учир нь хүмүүсээ шахаж байхад бараг дуусаад гадагшаа гараад харахад манай баарны хашааны гадна талд нь төв замын хажууд хашаа зам хоёрын дунд байдаг явган хүний замын орчимд хэсэг хүмүүс бужигнаж байхад нь очиход зодоон болсон гээд ...Мөн нэг залуу Эрдэнэчимэг эгчийн гарыг нь тавиулан зугтаахад нь нэг залуу араас нь гүйж очиж нөгөө залууг бариад ирсэн. Бас нэг жижигхэн биетэй согтуу эмэгтэйгийн нөхөр нь бололтой нэг залууг бариад ирсэн. Бас нэг бархираад байсан тэр эмэгтэйгийн нөхөр нь бололтой нэг залуу тэр зодоонд оролцсон бололтой доошоо суучихсан. ...Тэгээд ч намайг очиход зодоон болоод дуусчихсан бололтой байсан. Гол нь тэр залуучууд зугатаах гээд байхад нь хүмүүс зугатаалгахгүй бариад байж байсан...” /1-р хх-ийн 224-225/,

Гэрч Т.Дашдаваагийн “...Би зам хөндлөн гараад явж очиход нэг залууг дөрөв таван залуучууд нийлээд тал талаас нь өшиглөж цохиод зодож байсан. Тэгэхэд зам дагуу зогсож байсан такси үйлчилгээнд явдаг машины жолооч нар бололтой хүмүүс бас баарны зохион байгуулагч Эрдэнэчимэг эгч бас зодооныг салгаж байсан ба таксинаас буусан нэг махлагдуу биетэй ах хүн зодож байсан залуучуудыг “ахын дүү болио наад хүнээ алах нь” гээд салгах гэхэд өмнөөс нь “та нарыг ална шүү, та нар зүгээр байгаарай” гээд өмнөөс нь зодолдох гээд байсан. Би яг дэргэд нь очоод газар унасан залууг зодож байсан залуучуудаас нэг залууг салгаж болиулах гээд мөрнөөс татаад “чи болио наад залуугаа алах нь байна шүү дээ” гэхэд чамд ямар хамаатай юм бэ бүгдийг чинь ална шүү, хутгална шүү гэж хэлэхээр нь за за болъё хутгалуулж гай болох юм шиг байна гэж бодоод гараа тавьчихсан. Тэгтэл цагдаагийн машин ирээд цагдаа ирэхэд нь би баруун тийшээ алхсан...” /1-р хх-ийн 226-227/,

Шинжээч эмч Т.Энхбаатарын “...С.Хосбаярын биед учирсан бүсэлхийн баруун, зүүн доод хэсгийн шарх нь хурц, ир үзүүртэй зүйл тухайлбал хутга, хайч гэх мэт тэдгээртэй төстэй бусад ир үзүүртэй зүйлийн хатгагдсан үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл юм. Дүгнэлтэд дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нөлөөллөөр үүсгэгдсэн байх боломжтой талаар бичигдэх байсан. Хурц ир үзүүртэй зүйл гэдэг үг нь техникийн алдааны улмаас орхигдсон байна...” /1-р хх-ийн 203/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2256 дугаартай дүгнэлтэд: “...Хосбаярын биед бүсэлхийн баруун, зүүн доод хэсгийн шарх, бүсэлхийн зүүн хэсгийн булчин завсар цус хуралт, дээд үүдэн баруун 2 дугаар шүдний ирмэг эмтэрсэн, зүүн зулайн хуйх, зүүн сарвууны ард зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2008 дугаартай дүгнэлтэд: “...Ц.Энхжингийн биед баруун дал, нуруу өгзөг, хүйсний дээд хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 62/ гэх дүгнэлтүүд,

“Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл”-д хохирогч Ц.Энхжингээс: “...Эдгээр хүмүүсийн зурагнууд дотор “3” дугаартай байрлуулсан зураг нь “23” гэсэн дугаартай ногоон шардуу хүрэмтэй залуу, Хосбаяр ах бид хоёрыг дуудаж тамхи, гал асуугаад өөр хоёр залуутай нийлж биднийг зодсон гэж хохирогчийн мэдүүлэгт дурдсан залуу мөн байна. Уг залууг би биеийн галбир төрх, өмссөн хувцас зэргээр нь таньж байна. Нөгөө хоёр залуугийнх нь царайг харж амжаагүй зодуулсан болохоор сайн мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 36-37/,

“Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмлэглэл”-д хохирогч С.Хосбаяраас: “...Надад харуулж байгаа энэ хүмүүсийн зурагнуудаас “3” дугаарт байгаа зураг нь миний мэдүүлэгтээ ярьсан хутга барьсан байсан цамцныхаа энгэрт “23” гэсэн дугаартай цамцтай залуу мөн байна. Мөн “5” дугаар дээр байгаа залуу бас хамт байсан биднийг зодсон залуу мөн байна...” /1-р хх-ийн 38-39/,

“Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл”-д гэрч Р.Эрдэнэчимэгийн: “...Эдгээр зурагнуудаас 1 дугаарт байгаа зураг нь миний мэдүүлэгт өтгөн хөмсөгтэй залуу гэж дурдсан хамгаалагч Анхбаярыг хориглоход өөдөөс нь эсэргүүцээд байсан залуу мөн байна. 3 дугаарт байгаа залуугийн зураг миний мэдүүлэгт дурдсан таксины жолоочтой зууралдаж байсан тэнд байсан эмэгтэйгийн нөхөр нь бололтой зодоон хийж байсан залуу мөн байна. ...эдгээр 2 залуу хоёулаа намайг анх баарнаас гарч ирэхэд Хосбаяр гэдэг залууг зодож байсан залуучууд мөн байна...” /1-р хх-ийн 34-35/ гэж тус тус таньж олуулах ажиллагаа хийсэн баримтууд,

            хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-5/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-33/  болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон,  М.Сүх-Эрдэнэ, Б.Золбоо, Э.Оюун-Эрдэнэ нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан М.Сүх-Эрдэнэ нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдыг хутгалан догшин авирлаж танхайрсан болох нь хохирогч С.Хосбаярын мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаагаар бүрэн нотлогддог, мөн түүний үйлдэл оролцоо энэ хэрэгт идэвхтэй байсан нь бусад гэрч хохирогчийн мэдүүлгээр ч тогтоогддог бөгөөд ялтныг шууд заасан нотлох баримтыг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул анхан шатны шүүхээс М.Сүх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэнийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд ялтан М.Сүх-Эрдэнийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Сүх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ