Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 19

 

“Их-Өртөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 502 дугаар магадлалтай, “Их-Өртөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ерөнхий байцаагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Их-Өртөө” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Н.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч П.Баясгалангийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “үйлдвэрлэлийн осол” гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрсөн тул өмгөөлөгчөөрөө дамжуулан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дараах үндэслэлээр улсын ахлах байцаагчид хандан гомдол гаргасан.

Үүнд: 1. “Их-Өртөө” ХХК, Ц.Сүхбаатар нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсч байгаагүй тухай 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тайлбарыг анхаарч үзэхгүйгээр дүгнэлт гаргасан нь буруу юм. Учир нь Ц.Сүхбаатар өдөр бүр ажил үүрэг гүйцэтгэдэггүй, түүнчлэн түүнд тогтмол цалин хөлс огт олгодоггүй байсан тул цалингаас нь суутгал хийж, даатгалын шимтгэл төлөх үүргийг захиргаа хүлээж байгаагүй байна.

2. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, тээвэр хийсэн тохиолдолд хөлс олгож байсан байна.

3. Иргэн М.Шүрэнчимэг нь өөрийнхөө данснаас иргэн Ц.Сүхбаатарт ажлын хөлс төлсөн байх бөгөөд “Их-Өртөө” ХХК-аас иргэн Ц.Сүхбаатарт 2014 онд ямар нэг төлбөр, хөлс огт төлөөгүй байна.

Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад, улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун 02-01/10 тоот актаар дүгнэлтийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүчингүй болгосон. Гэтэл улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн акт нь “холбогдох хэм хэмжээг зөрчиж гарсан” байна хэмээн дүгнэсэн атлаа улсын ахлах байцаагчийн 02-01/10 тоот актыг хүчингүй болгосон улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа уг актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан албан тушаалтныг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ерөнхий байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, И.Мөнхбаяр нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Баясгалангийн гаргасан 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт нь Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 12.1-д заасан улсын байцаагчийн дүгнэлтийн хэвлэмэл хуудсан дээр гаргаагүй, нэгдсэн дугаар аваагүй байсан.

“Ард даатгал” ХХК-ийн Баянгол дахь салбарын захирал Д.Дэмбэрэлмаа, “Их-Өртөө” ХХК-ийн захирал М.Шүрэнчимэг нарын баталсан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №201213DС71 тоот “Даатгалын гэрээ”-ний 13.2.2-т Ц.Сүхбаатарыг даатгалд даатгуулсан байгаа болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд түлш хүргэх ажил гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авч байхаар тохиролцож ажил гүйцэтгүүлж байсан нь “М-ойл Групп” ХХК-ийн зарлагын падаанууд болон шатах, тослох материалын хүлээн авалтын бүртгэлээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 4-т “Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж тайлбарласан, мөн дээрх осол нь Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.5.1-д “Ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа” гэж заасанд хамаарагдаж байна.

Улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02-01/10 тоот шийдвэрийг гаргахдаа дээрх үндэслэл болох холбогдох хууль тогтоомж, үйл баримтыг бүрэн шалгаж тодруулалгүй, шинжээчийн дүгнэлт гэж буруу дүгнэж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: …Иргэн Ц.Сүхбаатар нь “Их-Өртөө” ХХК-ийн үндсэн ажилтан байсан бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан болно. “Их-Өртөө” ХХК-ийн байгуулсан 20121ЗDС71 тоот даатгалын гэрээний 13.2-т “ачаа тээврийн нэмэлт мэдээлэлд 01-62 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Сүхбаатар” гэсэн, мөн гэрээний 15.3.2.6-д “даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүн жолоодож явах үед гарсан аливаа хохирол” гэсэн хэсэг, мөн 15.4.7.2-т “жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар” гэсэн хэсгүүдээр талийгаач Ц.Сүхбаатар нь “Их-Өртөө” ХХК-ийн үндсэн ажилтан байсан ба ямар нэгэн шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан болохыг нь ашиглан тус компани нь хариуцлагаас мултрах оролдлого хийж байна гэж үзэх бүрэн үндэстэй.

Л.Эрдэнэчулуун нь улсын байцаагч П.Баясгалангийн гаргасан үйлдвэрлэлийн ослын дүгнэлтийг хүчингүй болгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл “захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах” гэсэн зүйлийн 9.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасан байх бөгөөд харин дээрх хамтарсан тушаалын 3.12-т “улсын байцаагчийн захиргааны хэрэг бүртгэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг дээд шатны улсын байцаагч хууль эрх зүйн мэргэжилтэн өдөр тутмын хяналт тавьж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ” гэсэн байна.

Дээрх актыг хүчингүй болгон шийдвэрлэх болсон үндэслэл нь бүхэлдээ ойлгомжгүй, Хан-Уул дүүргийн байцаагч П.Баясгалан нь хэнийг ямар хууль бус үйлдэл хийхийг шахан шаардсан болох нь тодорхойгүй, мөн дотоодын хяналтыг хэрхэн хийсэн, ямар зөрчил илэрсний улмаас ямар хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь тодорхойгүй байх тул илт хууль бус шийдвэр байсан болно. Иймд “Их-Өртөө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 517 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, 10.12.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 29 дүгээр зүйлийн 29.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Их-Өртөө” ХХК-ийн нэхэмжлэлээс “Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 тоот шийдвэрийн “шийдвэрлэх” нь хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 тоот шийдвэрийн “шийдвэрлэх” нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 502 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Улсын ахлах байцаагчийн шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлын хүрээнээс хальж Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэр гаргасныг шат шатны шүүх хууль ёсны хэмээн үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.

2. Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл улсын ахлах байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгоод дахин акт гаргахыг даалгасан нь улсын байцаагчийн акт хуульд нийцээгүй болохыг зөвшөөрсөн ч эцсийн үр дүнгээр уг акт дахин гарч нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.   

 

Хянавал:

 

Улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 дугаар шийдвэрээр “Ц.Сүхбаатарыг “Их-Өртөө” ХХК-тай хөдөлмөрийн харилцаанд орсон, дайчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэж байсан” гэж дүгнэж, улсын байцаагч П.Баясгалангийн “үйлдвэрлэлийн осолд тооцох тухай” дүгнэлтийг хэвээр үлдээж, улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулууны гаргасан “улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгосон нь дараах байдлаар холбогдох хуулиудад нийцсэн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

“...иргэн Ц.Сүхбаатар, “Их-Өртөө” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй”  гэх талаар:

 

Хэрэгт авагдсан “Их-Өртөө” ХХК, “М-ойл групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны “шатахуун тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай” гэрээ, 2013 оны “газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээ”, тус компанийн “Ард” даатгал ХХК-ийн Баянгол салбартай байгуулсан 2011/12/DR/1.4.1.1/10/04 дугаартай, 2013 оны 201213DC71 дугаартай “даатгалын гэрээ”-нүүд, жолооч Ц.Сүхбаатарын нэр дээр бичигдсэн шатахуун, тослох материалын орлого, зарлагын падаан болон хүлээн авалтын бүртгэл, жолооч нарт олгосон тээврийн хөлсний тооцоо, Ц.Сүхбаатарын ажилласан байдлын болон цалингийн талаар тус компаниас “Хас” банкинд гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар Ц.Сүхбаатар нь дээрх тээвэрлэлтийн гэрээний дагуу “М-ойл групп” компанийн Улаанбаатар хот дахь “Аршаант” агуулахаас газрын тосны бүтээгдэхүүнийг ачиж, Өмнөговь аймгийн “Оюу толгой ”-д хүргэж тээвэрлэх ажлыг “Их-Өртөө” компанийн эзэмшлийн 01-62 УНЛ улсын дугаартай, “Nort Benz” маркийн 41-61 бч дугаартай чиргүүл бүхий автомашинаар 2011 оноос хойш байнгын шинжтэй гүйцэтгэж, цалин хөлс авч байсан нь тогтоогдсон байна.

 

Түүнчлэн тээвэрлэлт хийхээр явсан “Их-Өртөө” ХХК-ийн машин замдаа Төв аймгийн нутагт эвдэрсэн, уг машинд “тосол” хүргэх, цаашаагаа “Оюу толгой” руу жолоодож явах зорилгоор 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Их-Өртөө” ХХК-ийн захирал М.Шүрэнчимэгийн хамт, түүний эзэмшлийн суудлын автомашинтай явж байгаад мөн аймгийн нутагт зам тээврийн осолд орж, М.Шүрэнчимэг, Ц.Сүхбаатар нар амь насаа алдсан хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар Ц.Сүхбаатарыг “ажил үүргээ гүйцэтгэж явсан” гэдгийг тогтоожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...” гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн, “Их-Өртөө” компани нь “М-ойл групп” компанитай байгуулсан “шатахуун тээвэрлэлтийн гэрээ”-ний дагуу байнгын шинжтэй уг ажлыг жолооч Ц.Сүхбаатараар гүйцэтгүүлэхдээ түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь буруу юм.

 

Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга бөгөөд төвийн бүсийн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулууны 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02-01/10 дугаар шийдвэрт “...Ц.Сүхбаатарыг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллаж байсан” гэж  буруутган, түүний буруугаас болж хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй атлаа ийм үндэслэлээр “үйлдвэрлэлийн ослыг тогтоосон” улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон нь нотлох баримт, тухайн харилцааг зохицуулж  буй хууль, эрх зүйн актад үндэслээгүй гаргасан шийдвэр байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэ хууль үйлчлэх субъектийг тодорхойлсноор “хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““ажлын байр” гэдэгт иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг” ойлгоно гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ...” гэж тус тус заасан байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах” гэж Засгийн газрын бүрэн эрхийг заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5-д “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дараах нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцох”, 1.5.1-д “ажилтан ...эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа” гэж осолдсон нөхцөл байдлыг дэлгэрүүлэн заажээ.

 

Эндээс үзэхэд Ц.Сүхбаатар нь “үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгох” эрхтэй этгээд мөн бөгөөд дайчилгаагаар бусад газарт ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан болохыг М.Шүрэнчимэгт холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон байна.

 

Иймд “Их-Өртөө” ХХК нь “М-ойл групп” компанитай байгуулсан тээвэрлэлтийн гэрээгээр үүрэг хүлээж, Ц.Сүхбаатарыг жолоочоор ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч амаар тохиролцож ажил, үүрэг гүйцэтгүүлж байсныг “хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан, байнгын бус жолоочоор ажиллуулсан” гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл бодит байдалтай нийцэхгүй, энэ байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

“...улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийн актыг холбогдох хэм хэмжээг зөрчиж гарсан байна гэж дүгнэсэн мөртлөө улсын ахлах байцаагчийн шийдвэрийг хүчингүй  болгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэх талаар:

 

Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон талийгаач Ц.Сүхбаатарын хүү С.Лхагважаваас “үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” гаргахгүй байгаа “Их-Өртөө” ХХК-ийн эс үйлдэхүйн талаар Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан, улсын байцаагчийн шаардлагаар тус компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ослыг бүртгэн “үйлдвэрлэлийн осолд тооцохгүй” гэж үзсэн, үүнийг нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Баясгалан хянаж, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “үйлдвэрлэлийн осолд тооцох тухай” дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02-01/10 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, энэ шийдвэрийг улсын ерөнхий байцаагч 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/001/01 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, улсын байцаагч П.Баясгаланд дүгнэлтээ холбогдох стандартын дагуу дахин үйлдэхийг даалгажээ.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагийн гаргасан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор М.Шүрэнчимэгт холбогдох эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Лхагважавыг /талийгаач Ц.Сүхбаатарын хүү/ хохирлоо иргэний  журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн ба тухайн хэрэгт “Их-Өртөө” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж улсын байцаагчийн гаргах шийдвэрийг заажээ.

 

Энэ дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч П.Баясгалан нь “Их-Өртөө” ХХК-ийн гаргасан “...Ц.Сүхбаатар нь манай байгууллагад ажиллаж байгаагүй, захирал асан М.Шүрэнчимэгтэй тохиролцож, хувийнх нь автомашинаар явж байгаад авто осолд орсон тул үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй” гэсэн актыг хянаж “хөдөлмөрийн харилцаатай байсан, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу дайчилгаагаар бусад газарт ажил, үүрэг гүйцэтгэх явцдаа осолд орсон” гэж дүгнэн “үйлдвэрлэлийн осолд тооцох тухай” 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин улсын байцаагч дүгнэлтээ “хэвлэмэл хуудас дээр бичээгүй, нэгдсэн дугаар аваагүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй нь” Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.3.3-т зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан “мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын, мөн хуулийн 10.8-д заасны дагуу Засгийн газраас загварыг нь баталсан “дүгнэлт” үйлдэх баримт бичгийн шаардлагыг хангаагүй боловч техникийн шинжтэй уг алдаа нь “үйлдвэрлэлийн осол тогтоосон” үндэслэлийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Энэ тухай улсын ерөнхий байцаагчийн 2015 оны 01/001/01 дүгээр шийдвэрт тодорхой  дурдаж, стандартад нийцүүлсэн дүгнэлт гаргахыг улсын байцаагч П.Баясгаланд даалгасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11.1-д зааснаас бусад үйлдэл хийж гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гаргаж болно” гэж заасантай нийцсэн тул “эрх зүйн зөрчилтэй шийдвэр” гаргасан гэх нэхэмжлэгчийн үндэслэл, тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Түүнчлэн улсын ерөнхий байцаагчийн уг шийдвэрээр улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгоогүй учир П.Баясгалангийн дахин үйлдсэн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтээр нөхцөл байдал өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын гомдолд тавигдах хуулийн шаардлага хангаагүй гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 502 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.БАТСҮРЭН

      ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ