Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01302

 

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01302

 

МАГАДЛАЛ

2021.08.

Г.П-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01072 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төөлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч С.Б-т холбогдуулан 9 439 000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХИХ ХХК-аас авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг нотлох баримтаар гаргуулсан. Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь С.Б-т зээлсэн мөнгөн дүн болоод сар, өдрийг нэхэмжлэлд андуурч бичсэн. Г.П-а нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ХИХ ХХК-аас 9 048 000 төгрөгийн үнэ бүхий вакус захиалж авсан бөгөөд тухайн үед тус компанийн худалдааны төлөөлөгч С.Б- нь вакусыг хүргэж ирсэн. Тэр үед сарын сүүл болж байсан учир вакусны мөнгийг компанид төлөх гэтэл С.Б- тухайн мөнгийг зээлэх хүсэлт гаргасны дагуу түүнд зээлсэн. Гэтэл мөнгө зээлснээс хойш удалгүй С.Б- нь ХИХ ХХК-д ажиллахаа больж ажлаас гарсан. Түүнтэй утсаар болон фэйсбүүк чатаар холбогдоход удахгүй өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Миний бие ХИХ ХХК-д вакусны төлбөр 9 048 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.П-ааас мөнгө зээлээгүй. Миний бие ХИХ ХХК-д борлуулалтын ажил хийдэг байсан. Г.П-а нь тухайн өдөр 9 048 000 төгрөгийн вакус авсан бөгөөд мөнгийг нь хэд хувааж төлсөн. Яг хэд хоногийн дараа төлснийг нь санахгүй байна. Төлбөрийг компанид тушаасан. Нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлээгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.П-а /РД:74091403/-ын хариуцагч С.Б- /РД:ЙЖ95040118/-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Г.П-а нь Нарантуул зах дээр шашны холбогдолтой буяны эд зүйлс зардаг бөгөөд ХИХ ХХК-аас байнга их хэмжээгээр вакус худалдан авсан. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ХИХ ХХК-аас 9 048 000 төгрөгийн вакус захиалж авсан. Тухайн вакусны төлбөр болох 9 048 000 төгрөгийг тус компанийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б-т буцааж авах нөхцөлтэйгөөр хүүгүйгээр зээлсэн бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. Г.П-а болон С.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн, шийдвэрийн үндэслэх хэсэгт ...С.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид 9 048 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үүнээс 5 000 000 төгрөгийн төлбөрийг ХИХ ХХК-д төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрч А.Дуламсүрэнгийн ... мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгчийн 2018 онь 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан вакусны төлбөр 9 048 000 төгрөгийг ХИХ ХХК-д төлсөн гэх тайлбар няцаагдаж байна... гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 5 000 000 төгрөгийн баримт нь цаг хугацааны хувьд 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн баримт бөгөөд өөрөөр хэлбэл, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн бараа нийлүүлэхээс өмнөх бараа материалын төлбөрийг тус хэрэгт хамаатуулж шийдвэрлэсэн. Мөн уг 5 00 000 төгрөгийг хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөрт төлсөн гэж үзэхэд үлдэгдэл 9 048 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг хасахад 4 048 000 төгрөгийг хэрхэх талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ХИХ ХХК-аас хүлээн авсан 9 048 000 төгрөгийн бараа материалын төлбөрийг нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл тус компанид төлөөгүй. С.Б-т өгсөн зээлээ буцаан авсны дараа төлнө хэмээн хойшлуулснаар тухайн өдрөөс хойш авсан бараа материалын төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн төлбөр суутгагдаж байна. ХИХ ХХК-ийн харилцагчийн тооцоо авлагын дэлгэрэнгүй тайлангаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 9 439 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нотлогдох ба энэ төлбөрт дээрх вакусны төлбөр болох 9 048 000 төгрөг багтсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.П-а нь хариуцагч С.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 9 048 000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХИХ ХХК-аас захиалан авсан вакусны үнэ болох 9 048 000 төгрөгийг тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг С.Б-т зээлсэн. Уг төлбөрийг компанид төлсөн тул хариуцагчаас шаардана гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Хариуцагч С.Б- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Г.П-аас зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө зээлээгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаад буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч Г.П-а нь зээлийн гэрээний дагуу 9 048 000 төгрөгийг хариуцагч С.Б-т шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Хэргийн 49 дүгээр талд авагдсан харилцагчийн тооцоо авлагын дэлгэрэнгүй тайланд хариуцагч С.Б- нь ХИХ ХХК-д 2016 оноос 2019 оны хооронд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж хугацаанд Г.П-ын үйл ажиллагаа явуулдаг Нарантуул өргөтгөл 3, 4 (НТ-162) дугаар лангуунд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 048 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба барааны үнээс 5 000 000 төгрөгийг төлсөн болох нь тусгагдсан байна.

Харин нэхэмжлэгч Г.П-а Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.Б-ын өмчлөлд 9 048 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрч А.Дуламсүрэнгийн ...борлуулалтын ажилтнууд борлуулалтын орлогоо компанид тушаадаг бөгөөд харилцагч Г.П-а нь 9 048 000 төгрөгийн төлөлтийг ХИХ ХХК-д төлөөгүй, С.Б- нь ажлаас гарахдаа 3-4 падааны тооцооны дутагдалтай гарсан... гэх мэдүүлгээс дүгнэхэд вакусны төлбөр 9 048 000 төгрөгийг ХИХ ХХК-д төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд ...анхан шатны шүүх ХИХ ХХК-д төлөх 9 048 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлсөнд тооцож үлдэгдэл 4 048 000 төгрөгийг хэрхэх талаар дүгнээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь Г.П-ын нэхэмжлэлтэй, С.Б- холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд Г.П-а ХИХ ХХК-д 9 048 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг төлсөн эсэхийг хамааруулан үзэх боломжгүй болно.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй талаар дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 160 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.БАЙГАЛМАА