Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 303

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,  

           улсын яллагч Д.Ганчимэг,  

            шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Р.Булган,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буурал овогт Баярсайханы Бошоол,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Мягмарсүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0469 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ......, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ,

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ... аймгийн .......суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, .... сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Өргөөгийн 7А-3 тоотод байнга оршин суух иргэн Б.Мөнгөнтуяагийн эзэмшлийн гэрт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэвтэрч түүний өмчлөлийн Хайяр брэндийн 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 570.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 01 дүгээр гудамж 55 тоотод оршин суух иргэн С.Бөөс үхрийн мах худалдаж авахаар тохиролцон махыг ачуулсаны дараа ATM-ээс мөнгийг нь авч “ирээд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлд байсан 2 тооны ухрийн махыг авч бусдад 992.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

   Шүүгдэгч Э.М нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 01 дүгээр гудамж 55 тоотод оршин суух иргэн С.Бөөс үхрийн мах худалдаж авахаар тохиролцон махыг ачуулсаны дараа ATM-ээс мөнгийг нь авч “ирээд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлд байсан 2 тооны ухрийн махыг авч бусдад 992.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Өргөөгийн 7А-3 тоотод байнга оршин суух иргэн Б.Мөнгөнтуяагийн эзэмшлийн гэрт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэвтэрч түүний өмчлөлийн 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

              - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-84-89/

              - эд хөрөнгийн үнэлгээ-570.000 төгрөг /1х, хх-114/

              - хохирогч Б.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай төрсөн дүү Б.Отгонбат нь аймгийн төвд манай гэрт ирээд гэрт хулгай орж манай гэрийн хойд талд байсан 39 инчийн хар өнгийн телевизор алдагдсан байсныг мэдсэн....гэх мэдүүлэг /1х, хх-26/

              - гэрч Б.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Тэр хойгуур нь гэрт нь хулгай орсон байна гэж мэдээд “дүү Бошоолоос чи авчихсан юм биш үү, авсан бол үнэнээ хэл” гэхэд “аваагүй гээд байсан”. Тэгээд болохгүй байхаар нь цагдаад хандсан байсан. Сүүлд нь эгчийн гэрт орж авснаа хүлээсэн гэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-31/        

              - эд зүйл хураан авсан тэмдэглэл /1х, хх-101/

              - эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-104

              - шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирсэн. Орой болсон тул эгч Мөнгөнтуяагийн монгол гэрийн тооноор орж хоносон. Маргааш буюу 16-ны өдөр гадуур явж байгаад 20 цагийн үед эгчийн гэрийн хаалгыг эвдэн ороод 39 инчийн хар өнгийн “Хайяр” маркийн зурагтыг аваад нэг хүнд 90.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /1х, хх-124-126/ зэрэг нотлох баримтуудаар,

 

   Шүүгдэгч Б.Б, Э.М нар нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 01 дүгээр гудамж 55 тоотод оршин суух иргэн С.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлд байсан 2 тооны  үхрийн махыг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:     

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /1х, хх-12-14/

              - хохирогч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:....2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал Бошоол өөрөө над руу утсаар залгаад манай хоёр эгч Хэнтий аймагт аваарт ороод нас барчихсан. Та надад 2 үхрийн мах өгөөч “би үнээр нь авья” гэхээр нь би “тэг тэг хүрээд ир” гэж хэлсэн. Бошоол эхнэрийн хамт манай гэрт 13 цагийн орчим ирсэн. Би нэг кг махаа 4.500 төгрөгөөр бодож үзэхэд 2 үхэр нийт 1.278.000 төгрөг болсон гэхэд Бошоол эхнэрийгээ “чи бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад ир” гэж хэлээд гаргасан. Би гэртээ Бошоолтой байж байгаад 00 орчихоод эргээд гэртээ орж ирэхэд Бошоол манай гэрээс гараад явчихсан байсан. Бошоол манайд ирэхдээ эхнэртэйгээ хамт цагаан өнгийн аксент машинтай ирсэн бөгөөд тэр машиныхаа ард хоёр үхрийн мах ачсан...гэх мэдүүлэг /1х, хх-26-27/,

              - гэрч Б.Саранбэлэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн өдөр манай нөхрийн туслах ажил хийж байсан Бошоол манай нөхөртэй утсаар яриад “манай 2 төрсөн эгч осолд орчихлоо, буяны ажилд хэрэглэх гэсийн та 2 үхрийн мах өгөөч” гэсэн байсан. Бошоол эхнэрийн хамт ирээд 2 үхрийн махаа аваад эхнэрээ АТМ ороод мөнгө аваад ир, би өөрөө энд байж байя гээд үлдсэн байсан. Нөхөр Баянмөнх жорлон орох хооронд Бошоол байхгүй байсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-36/,

              - эд зүйлийн үнэлгээ /1х, хх-66-67/,

              - гэрч Р.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед тэр айлын хашаа руу ороод зогсчих гэхээр орсон, үхрийн мах ачсан, цуг явсан эмэгтэйн хамт ачилцсан...Уг эмэгтэй урд талын суудал дээр суугаад надад “хоёулаа түрүүлээд явж байя” гэхээр нь би “машинаа асаагаад хашаанаас нь гараад хэсэг зогсоод, хоёулаа явчих юм уу, нөгөө хамт явсан залуу чинь явахгүй юм уу” гэхэд “өө араас ирнэ хөдлөж байя” гэж хэлээд удаагүй байж байтал цуг явсан залуу нь уг хашаанаас гүйж гарч ирээд “миний автомашины ар талын суудалд”, өө за болчихлоо хөдлөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би засмал замтайгаа нийлээд Баянзүрх зах орсон...гэх мэдүүлэг /1х, хх-34-35/,

              - иргэний нэхэмжлэгч Ц.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:....уг эрэгтэй эмэгтэй хүмүүс “2 ширхэг үхрийн мах байна та үзээд авах юм уу” гэж эрэгтэй нь хэлж байсан. Харин тэр эмэгтэй нь хажуу талд нь дагаад яваад байсан. Би бодохдоо эхнэр нөхөр л юм байх гэж бодож байсан. Угаасаа хоорондоо их дотно харилцаатай байсан. Тэр эмэгтэй нь уг үхрийн махыг жинлэж байхад яг таарч байна гэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-29-30/,

              - иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:....Отгонтуяа бид хоёр нийлээд 990.000 төгрөг бэлэн тоолоод уг эрэгтэйтэй хамт явж байсан эмэгтэйд нь тоолоод өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-32-33/,

              - шүүгдэгч Э.Мгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би Бошоолд “охины төрсөн өдөр боллоо, 3-лаа хамт тэмдэглэе, ажлаа хий” гэж хэлэхэд Бошоол Бааяа ахтайгаа утсаар яриад байсан. Тэгсэн хүрээд ир уулз гэсэн юм байна лээ. Би Бошоолтой хамт такси бариад Бааяа ахынхан гэрт очсон. Бошоол уулзаад мөнгөний хэрэг гарчихлаа, та 2 үхрийн мах өгөөч, би мөнгийн буцаагаад өгье гэж хашаанд нь уулзсан, би Бааяа ахтай мэндэлчихээд таксиндаа суучихсан. Бошоол 2 үхрийн мах авахаар болсон гээд, уг машины багажинд ачаад Бошоол надад хэлэхдээ: “би чамайг АТМ-ээс мөнгө аваад ир гээд явуулна, чи хөдлөөд машинтайгаа эх нялхасын тэнд байж байгаарай” гэхэд нь би “надад мөнгө байхгүй” яахын гэхэд “би өөрөө учрыг нь хэлээд ойлгуулчихна” гээд байсан. Би бодохдоо хуурч залилж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд хашаанаас нь хөдлөөд гарахад Бошоол араас гүйж гарч ирээд, машинд суугаад Бааяа ахад хэлчихлээ “зүгээрээ хөдөл” гээд яаруулсан байдалтай Баянзүрх зах руу явчих гэж хэлсэн. Тэгээд Бошоол зах руу ороод 2 эмэгтэй дагуулж гарч ирээд 1 кг махыг 3.500-аар бодож ойролцоогоор 900.000 төгрөг авсан. Яг тодорхой хэд гэдгийг нь санахгүй байна. Надад 300.000 төгрөгөөр утас авч өгсөн. Хүүхдийн төрсөн өдөрт 200.000 төгрөг зарцуулсан...гэх мэдүүлэг /1х, хх-208-209, 2х, х-26-29/,

- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Бошоол бид 2 зэрэг таксинаас буугаад би тэр ахтай мэнд мэдээд гадаа хүйтэн байсан болохоор буцаад таксиндаа суусан. Бошоол Баянмөнхтэй ажлаа амжуулж байгаа мэт ярьж хөөрөөд байсан. Баянмөнх ахаас 2 үхрийн мах авахаар болоод тохиролцлоо, АТМ-ээс мөнгө аваад ир гэж чамайг хэлнэ гэж хэлсэн. Тэгэхэд нь би бид нарт  мөнгө байхгүй, яаж худлаа хэлэх юм бэ гэхэд би Баянмөнх ахыг  аргална, ажил хийгээд хөлс мөнгөөрөө төлнө гэсэн. Гэрт ороод 1 сая гаруй төгрөг болж байна гэсэн. Бошоол АТМ яваад ир гэсэн. Би буцаад таксинд суусан, 2 үхрийн махыг Баянмөнх, Бошоол 2 жинлээд таксины урд суудал болон тээшинд хийгээд Баянмөнх ахын гэрт нь ороод Бошоол намайг дуудсан. Намайг ороход махны тооцоо 1.000.000 төгрөг гэж хэлж байсан, сайн санахгүй байна. Намайг Бошоол АТМ яваад ир гэхэд нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй гараад таксиндаа суугаад жолоочид нь та бид хоёрыг хөдлөөд явж бай гэж байна, Бошоол араас ирнэ гэж байна гээд дөнгөж автомашинаа асааж байхад Бошоол Баянмөнхийн гэрээс гарч ирээд таксинд суусан. Баянзүрх зах явъя гээд таксины жолоочтой бид 3 Баянзүрх зах дээр ирээд 2 эгч махыг хувааж авахаар болсон.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 - шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:...Баянмөнхтэй яриад уулзах хэрэг байна гэхэд хүрээд ир гэсэн. Эхнэрийн хамт уулзаад “би таниас 2 үхрийн мах авах гэсэн юм, 2 эгч маань нас барчихаад гэж худлаа хэлээд 2 үхрийн мах авсан. Би “АТМ-ээс мөнгөө аваад ирье” гэхэд Баянмөнх ах “тэг тэг” гэсэн. Би жолоочид болчихлоо гээд хөдөлсөн...Баянзүрх зах дээр очиж 2 эмэгтэйтэй уулзаад зарахаар болсон...Баянмөнхтэй цуг Дорнод руу ажлаар явахдаа 550.000 төгрөгөөр тохирсон байсан...мөнгөө өгөөгүй тул залилан мэхлэх болсон...гэх мэдүүлэг /1х, хх-210-211/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Э.М нарыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

 шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

 

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Э.Мгийн “өмгөөлүүлэх эрх”-ийг мөрдөн байцаалтын шатанд зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй болохыг тэмдэглэв. 

Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх талаар 

 Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч А.Очбадрал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хуулийг хэрэглэх талаар санал гаргасан боловч тухайн тохиолдолд Б.Бын үйлдсэн бөгөөд өмнө нь хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг /2х, х-67/ нь сэргээгдэхээс гадна 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу тухайн хэд хэдэн нийлмэл гэмт хэрэгт ял оногдуулахад ялын нийт хэмжээ 2015 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын нийт хэмжээнээс багагүй болох буюу шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхгүй байх үндэслэл бүхий тул 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэснийг зөв гэж үзнэ.  

2002 оны Эрүүгийн хуулийн хуульд залилан мэхлэх гэмт хэргийн обьектив талын шинжид ”зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж” гэж заагаагүй байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэж буй тухайн тохиолдолд тухайн шинжийг гэмт хэргийн шинжид нэмж тооцохгүй болно.      

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч С.Б гомдол саналгүй, алдсан 2 үхрийн махаа буцааж авсан /2х, хх-36/, хохирогч Б.Мөнгөнтуяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /2х, хх-58/, иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяа 430.000 төгрөг авсан /2х, хх-37/, Ц.Отгонтуяа нь 560.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /2х, 38, 55-56/, иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригт 90.000 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй /1х, х-108/  байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

Шүүгдэгч нарын хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бусад асуудал     

Шүүгдэгч Э.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн /1х, х-46, 152/, залилах гэмт хэргийн  иргэний нэхэмжлэгч нарт нийт 990.000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан /2х, хх-55-56/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаас гадна тэрээр 4 настай хүүхэд, ээжийн хамт /2х, хх-96-98/ амьдардаг хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг /хулгайлах болон залилах/ 2 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин бусдад төлөх төлбөргүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулах хорих ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзэв. 

Харин шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өөрийн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар чөлөөлж шийдвэрлэв.     

Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь 2017.03.20-ны өдрөөс /1х, хх-115, 118, 122/ 2017.05.20-ны өдрийг хүртэл /1х, хх-178/ 60 хоног, 2017.06.23-ны өдрөөс /1х, хх-206/ 2017.07.21-ний өдрийг /1х, хх-223/ хүртэл 27 хоног, 2018.01.03-ны өдрөөс /2х, хх-32/ 2018.04.06-ны өдөр хүртэл 93 хоног, нийт 180 хоног цагдан хоригдсон байгааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч Б.Б, Э.М нарыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн,   

шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.М нарыг тус бүр 6 сар хорих ялаар,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар оногдуулсан 1 жил 5 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 5 хоног хорих ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлэх 1 жил 6 сар 5 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 180 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

8. Шүүгдэгч Э.М цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

9. Шүүгдэгч Б.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.      

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих, Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР