Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/12 

 

 

 

2024 оны 02 сарын 22 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/12                                                         Даланзадгад сум

 

Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: О.Батнасан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Д.Хонгорзул нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нарт холбогдох 2328002260201 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандирс худалдааны төвийн баарны гадна болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гадна талд иргэн Б.Анхбаярын бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь  Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х.Цогтбаатар, Ж.Шинэбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цогтбаатарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шинэбаатарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цогтбаатар, Ж.Шинэбаатар нарын тус бүрд нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цогтбаатар, Ж.Шинэбаатар нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1- д зааснаар шүүгдэгч Х.Цогтбаатараас 1 409 500 төгрөг, шүүгдэгч Ж.Шинэбаатараас 1 409 500 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Анхбаярын гаргасан 4 786 800 төгрөгийн нэхэмжлэлээс 1 045 710 төгрөгийг хангаж, 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2 941  төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Анхбаяр энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Шүүгдэгч Х.Цогтбаатар, Ж.Шинэбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Анхбаярт 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          Хохирогч болон өмгөөлөгч миний зүгээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 60 хүртэл хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж, хохирогч Б.Анхбаярын биед учирсан гэмтлийн зэрэглэлийг тогтоолгохоор дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Учир нь: Өмнөговь аймаг дахь Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргал нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ" /хх-64 хуудас/-д “... 2023 оны 08 дугаар сарын 01-ний Толгойн КТГ-т: Зүүн нүдний дор, хамрын доод хэсгээр зөөлөн эдийн нягт нэмэгдсэн хавантай, зүүн талын хамрын ясанд бага зэрэг зөрүүтэй хугарал харагдана, зүүн талын ухархайн дотор хананд 2,8 4,8 см хэмжээтэй дефекттэй, нүдний эргэн тойронд өөхөн эд доторх ивэрсэн, хамрын таславч зүүн тийш бага зэрэг муруй. Тархины эдэд хурц цус хуралт үгүй, гавал ясанд хугарал үгүй... гээд

Дүгнэлтдээ: - Б.Анхбаярын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо,

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

- Б.Анхбаярын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй

- Б.Анхбаярын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэжээ. Шинжээч нь Б.Анхбаярын биед учирсан гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэхдээ зөвхөн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1 дэх хэсэгт заасан шалгуурыг баримталсан байна. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1 дэх хэсэгт “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан байдаг.

Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө бусдад зодуулсны улмаас олон тооны гэмтэл авсан, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зүүн нүдний ухархайн дотор хана нөхөх мэс засал хийгдсэн байхад яагаад эрүүл мэндийг 28 хоногоос доош хугацаагаар сарниулсан гэж үзэж байгаа нь туйлын ойлгомжгүй. Эсрэгээрээ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-г судалж үзвэл Б.Анхбаярын эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн “хүнд зэрэг”-т хамаарах болох нь эмчилгээ хийлгэсэн баримт, тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

Журмын 3.1 дэх хэсэгт “Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур”, “Энэхүү журмын 2.2.1- д заасан амь насанд аюултай гэмтэлд дараах гэмтлүүд хамаарна” гээд 3.1.1 дэх хэсэгт “Гавалын хөндий рүү нэвтэрсэн шарх: Үүнд тархи гэмтсэн эсэхийг харгалзахгүйгээр толгойн аль нэг хэсгээр (хуйх, зовхи, нүд, хамар, хацар, чих, чамархай, эрүү) гавалын хөндийд нэвтэрсэн шарх хамаарна” гэжээ.

Хохирогч Б.Анхбаярын зүүн нүдний ухархайн дотор хана хугарч бяцарсан тул цаашид явцаараа эдгэрэх боломжгүй, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэсэн тул яаралтай зүүн нүдний ухархайн дотор хана нөхөх мэс засал хийсэн байдаг. Шүүх эмнэлгийн мэргэжлийн клиникийн профессор Элээхүүгийн Ганбат, Хүний их эмч, шүүхийн шинжээч эмч, хуульч Дорждамбын Энхсүлд нарын зохиосон “Шүүх эмнэлгийн шинжлэн магадлалын үндэс” 2021 гэх бүтээлийн 114 дүгээр талд “2.1.1 Гавалын хөндий рүү нэвтэрсэн шарх: Гавалын хөндий рүү нэвтэрсэн шарх гэдэгт тархины хатуу хальс гадна орчинтой харьцахыг ойлгоно. Энд гавалын хөндий рүү нэвтэрсэн л бол тархи, түүний хальс гэмтсэн эсэхийг харгалзахгүйгээр амь насанд аюултайд тооцно. Иймд дух ясны хөндийн өмнө хана дангаараа хугарах үл хамаарна, ар ханатайгаа давхар ил хугарвал гавалын хөндий гадаад орчинтойгоо харьцах болно.

Түүнчлэн хамрын хөндий, нүдний ухархайн уг, чихний сувгаар тархины хатуу хальс гадаад орчинтойгоо харьцаатай бол гавалын хөндий рүү нэвтэрсэн шарх болно” гэжээ.

Гавал нь өөрийн доторх эрхтнүүдийг гадаад орчны нөлөөллөөс хамгаалж байдаг эрхтэн. Үүнд дух, дагз, зулайн яснаас гадна шанаа, нүдний ухархай, эрүү зэрэг хамаардаг. Зүүн нүдний ухархайн дотор яс 2,8 4,8 см бяцарч түүнийг өөр гадны биетээр орлуулан нөхөж байгааг гавалын хөндийд нэвтэрсэн шарх гэж үзнэ.

Дээрх байдлуудаас үзвэл 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө Б.Анхбаярын биед учирсан гэмтэл нь яавч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй нь илэрхий байна. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-н үндэслэлүүдийг иш үндэс болгон өөрийн тайлбарыг хийсэн боловч шүүхийн зүгээс хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтийг няцааж байгаа үндэслэлийг нотлох баримтгүй гэх байдлаар миний гаргасан саналыг үл хэрэгссэнд гомдолтой байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам” бол хэм хэмжээний актын шинжтэй эх сурвалж тул түүнийг хэрэгт хавсаргахгүй бөгөөд түүнээс иш татан үндэслэл ба байр сууриа тайлбарлахад нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байх шаардлагагүй.

Нөгөөтээгүүр Б.Анхбаярын биед учирсан гэмтэл ба уг гэмтлийн улмаар шаардагдах эмчилгээ хийлгэсэн бүхий л баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаж шинжлэн судлагдсан болно.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д заасан хүнд зэрэглэлийн гэмтлийг хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн илэрхий алдаатай шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэл болох тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тухайн хэрэг дээр Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн мэргэжлээрээ зохих хэмжээнд ажиллаж байгаа мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргасан. Шинжээч аливаа дүгнэлтийг гаргахдаа хэрэгт авагдсан шинжилгээний объект, шаардлагатай материал, дүгнэлтийг үндэслэн зохих хууль журамд заасан үндэслэл журмынхаа хүрээнд гэмтлийг гаргадаг. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай дүгнэлтийг гаргасан дүгнэлтээр Б.Анхбаярын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь хууль журамд заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх байсан гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн дурдаад байгаа Гэмтлийн зэрэг тогтоох журманд хүнд зэргийг тогтоох шалгууруудыг заасан. Үүнийг 3.1.1-т гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх: Үүнд тархи гэмтсэн эсэхийг харгалзахгүйгээр толгойн аль нэг хэсгээр (хуйх, зовхи, нүд, хамар, хацар, чих, чамархай, эрүү) гавлын хөндийд нэвтэрсэн шарх хамаарна гэж тодорхой тусгасан. 3.1.2-т гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс)-ны хугарал, заадсын салалт хамаарах ба харин ухархай ба самалдагийн дээд хана дангаараа хугарах, нүүрний яснууд ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй гэж заасан байдаг. Хохирогч Анхбаярын хувьд дээрх хүнд гэмтэлд хамаарахааргүй байдлыг үндэслэн шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан байна гэв.

 

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогч Анхбаярын биед 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/344 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гарсан гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Мэргэжлийн шинжээч эмч өөрөө биечлэн хохирогчийн биед үзлэг хийгээд хагалгааны бичиг баримт, эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж тухайн хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй хохирогч тухайн үед нь танилцаад ямар нэгэн гаргах санал хүсэлт байхгүй болохоо илэрхийлж байсан.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эдгэрэлтийн хугацаагаар нь буюу хөнгөн гэмтэл эдгэрэх хугацаанд бүрэн эдгэрээгүй гэмтэл. Тийм учраас хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэсэн зүйлийг тайлбарладаг боловч хүнд гэмтэл учирсан гэдгийг нотолсон нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг үндэслэн анхан шатны шүүхээс хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргасан гомдлын агуулгын хувьд нэгдүгээрт миний үйлчлүүлэгчид учирсан гэмтлийг хөнгөн зэрэг гэж үзэхгүй байгаа шалтгаан нь эдгэрэлтийн хугацааны асуудал.

Хөнгөн гэмтэл гэдэг нь Гэмтлийн зэрэг тогтоох журам, эмнэлгийн бусад эх сурвалжаас үзэхэд эдгэрэлт нь хүний өөрийнх нь биеийн эсэргүүцэл, эдгэрэлтийн журмаараа эдгэчих бололцоотой, богино хугацаанд эдгэрдэг буюу 28 хоногийн дотор эдгэж, хэвийн байдалдаа ордог гэмтлийг ойлгож явдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн биед учирсан гэмтлийн хор уршиг өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа.

          Хоёрдугаарт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур гэж байгаа. Үүний 3.1.1-т гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх буюу үүнд тархи гэмтсэн эсэхийг харгалзахгүйгээр толгойн аль нэг хэсгээр (хуйх, зовхи, нүд, хамар, хацар, чих, чамархай, эрүү) гавлын хөндийд нэвтэрсэн шарх хамаарна гэж байгаа.

Шинжээчийн дүгнэлт эмнэлгийн бичиг баримтуудад миний үйлчлүүлэгчийн зүүн талын ухархайн дотор хананд 2.8-аас 4.8 сантиметрийн хэмжээтэй эффекттэй гэж байгаа. Энгийн үгээр хэлбэл бяцарч, эргэж өөрөө эдгэрэх боломжгүй болсон гэсэн үг. Үүний улмаас эмчилгээний баримтуудаа авч үзвэл хагалгаа хийж зүүн нүдний ухархайн дотор хананы ясны үүрсэн хэсгүүдийг аваад оронд нь яс орлуулах эдийг хийж нөхсөн процесс ажиллагаа болсон тухай хэрэгт авагдсан эмчилгээний баримтууд дээр байдаг. Үүнээс үзвэл миний үйлчлүүлэгчийн, хохирогч Анхбаярын зүүн нүдний ухархайн дотор хана гэдэг бол гавлын хөндий хэсэг болчихож байгаа, доторх хэсэгт нь хамаарчихаж байгаа. Мөн гавлын доторх хэсэгт өөрийнхөөрөө ердийн журмаар эдгэрэх боломжгүй гэмтэл учруулсны улмаас 12 мэс ажилбар хийж өөр эдээр орлуулж байгаа нь гэмтлийн хүнд зэргийн шалгуурыг хангаж байна.

          Анхан шатны шүүхийн зүгээс шинжээчийн дүгнэлт хөнгөн гээд гарчихсан, яллах дүгнэлтэд хөнгөн гэмтэл учруулсан гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр санал ороод ирчихсэн учраас эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болохгүй гэсэн зарчмаа бариад шийдвэрээ гаргасан гэж тайлбарласан.

Миний зүгээс 60 хүртэл хоногоор хойшлуулаад дахин шинжилгээ хийж үзье гэсэн байр суурьтай байсан. Тухайн цагт нь өмгөөлөгчгүй байгаад миний үйлчлүүлэгч гомдол гаргаагүй. Энэ нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлтийг ямар нэгэн шүүлтгүйгээр үнэн гэж үзэх ёстой гэсэн үг биш.

Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлтийг хэрэг маргаанд оролцогч талууд болон шүүхийн зүгээс бүрэн бодитой, үнэн зөв, хэргийн бусад нотлох баримттай уялдаж байгаа эсэхийг шүүн дүгнэх ёстой байдаг. Тийм ч учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчийн дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэх болон тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгана гэсэн зохицуулалтууд байдаг. Үүнээс үзвэл шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж гарсан боловч шүүх үүнд дүгнэлт хийгээд эргэлзээтэй байсан тохиолдолд дахин шинжээч томилж ажиллагаа хийлгэх боломж байсан. Миний бие шүүх хуралдааны урд өдөр нь үйлчлүүлэгчтэйгээ харилцаад, өмгөөлөгчөөр орохоор болж богино хугацаанд бэлтгэл хангаж орсон учраас өмнө нь хүсэлт гаргах боломж байгаагүй.

Маргаантай асуудлыг эцсийн удаа дахин нэг нягталж үзээд шийдвэрлэх ёстой байх гэсэн байр суурьтай байгаа. Тийм учраас миний гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат нь “шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь  2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 117 дугаартай яллах дүгнэлт үйлдэж яллагдагч Х.Цогтбаатар, Ж.Шинэбаатар нарт холбогдох хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлснийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авчээ./2 дугаар хавтас хэргийн 188-193 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/275 дугаартай захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж,шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт хийхээр тогтсон байна.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Энхбат нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Анхбаярын өмгөөлөгчөөр оролцох болсноо мэдэгдсэний дагуу шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр танилцуулжээ. /2 дугаар хавтас хэргийн 201 дэх тал/

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлд ...хохирогчийн өмгөөлөгч: Нэг хүсэлт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэлэлцэх явцад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж болох нөхцөл байдал батлагдвал шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж болно гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг бичгээр гаргаж өгч байна гэхэд Даргалагчаас: Нотлох баримтыг шинжлэн судлаагүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно гэж шууд дүгнэх боломжгүй тул уг хүсэлтийг нотлох баримтыг шинжлэн судалсны дараа хэлэлцье гээд шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосноор эхлүүлье гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс:  “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гол бидний хүлээн зөвшөөрөхгүй байгаа 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 344 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт байгаа. Хэрвээ миний үйлчлүүлэгчид учирсан гэмтэл нь хүндэвтэр болон хүнд зэргийн гэмтэл байна гэсэн дүгнэлт гарвал шүүгдэгч нарын эрх зүйн байдал хүндрэх ...учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж, миний үйлчлүүлэгчийн биед учирсан гэмтлийг дахин шинжлүүлье гэсэн саналтай байна гэхэд Даргалагчаас: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг сонсъё гэж, Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол 60 хүртэл хоногоор хойшлуулж болно гэж заасан. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал гэдэг нь 1 дүгээр эмнэлгээс хавсаргаж ирсэн эмчилгээний талаар баримтууд, хэдийгээр саналын зөрөөтэй байгаа боловч шинжээчийн дүгнэлтийн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, шинжээчид очсон материалуудаас тэмдэглэл хийсэн шинжээчийн тэмдэглэл байгаа. Бусад баримтуудаар Анхбаярын биед учирсан гэмтэл яагаад ч хөнгөн гэмтэл гэж үзэх, шинжээчийн дүгнэлтийг  үнэн гэж тооцох боломжгүй байна гэсэн дүгнэлт байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дахин нотлох баримтаар тооцохгүй байх, дахин давтан шинжилгээ хийх эрх нь шүүхэд байдаг.  ...Тийм учраас хүсэлтийг хангаж шүүх хуралдааны 60 хүртэл хоногоор хойшлуулна уу. Миний үйлчлүүлэгчид учирсан гэмтлийг эмнэлгийн баримт бичиг болон одоогийн нөхцөл байдалд нь тулгуурлан дахин нэг шинжилгээ хийж гэмтлийн зэргийг нь дахин нэг тогтоож үзье гэсэн саналтай байна.” гэж, Хохирогчоос: “Дахин шинжилгээ хийлгэмээр байна. Нүдний асуудалтай байгаа учраас орой, шөнийн цагаар ажил хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Хохирлын талаар өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэхэд Даргалагчаас: “Шүүгдэгч нар шүүх хуралдаанд хандаж эцсийн үг хэлье.” гэснээс дүгнэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Өмгөөлөгч дараахь эрхтэй: 2.3-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах”, 2.5-д “өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах”, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй.” 1.2-т “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтас хэрэгт бэхжүүлж тусгуулах”, 1.8-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” гэж тус тус зааснаас дүгнэхэд хохирогч болон түүний өмгөөлөгчийн эрхийг анхан шатны шүүх хассан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.” гэж, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно.” гэж, мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэсэн заалтуудыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Хэргийн оролцогчийн эрхийг хасаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 2. Шүүгдэгч Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нарт холбогдох 2328002260201 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

          3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Шинэбаатар, Х.Цогтбаатар нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                            Л.УГТАХБАЯР

                                                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ