Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2025/0047

 

 

 

 

 

 

2025       06         12                                         123/ШШ2025/0047

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргаж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: А.Б

            Хариуцагч: Төв аймгийн *** сумын Засаг дарга,

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү, нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч Төв аймгийн *** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

1. Нэхэмжлэгч А.Б нь “Төв аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12,801,915 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар

2.1. Нэхэмжлэгч А.Б нь Төв аймгийн *** сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон байна.

2.2.  Маргаан бүхий акт болох хариуцагч Төв аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66.1, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Байгууллагын дотоод журмын 5.4.3, 5.5.7 дахь заалтуудыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын дарга А.Б-г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар сануулах арга хэмжээ авч байсан бөгөөд шалтгаангүйгээр 2025 оны 3 дугаар сарын 21, 22, 24-ний өдрүүдэд ажил тасалсан тул 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.Б би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 131 тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/21009 тоот албан бичгийг үндэслэж Төв аймгийн *** сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/32 тоот захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон. Томилгооны хувьд хууль ёсны буюу томилгооны зөрчилгүй томилогдсон ба энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д тус тус зааснаар "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хамаарах төрийн жинхэнэ албан хаагч болно. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д "хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэх заалтыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч А.Б миний хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэг удаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тоот захирамжаар сануулах арга хэмжээ авч байсан бөгөөд, түүнээс хойш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зүйл байхгүй, шалтгаангүйгээр 2025 оны 3 дугаар сарын 21, 22, 24-ний өдрүүдэд ажил тасалсан тул 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас минь чөлөөлсөн байдаг. Би удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй зөрчсөн зүйл байхгүй юм.

Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 тоот захирамжаар надад сануулах арга хэмжээ авсан үндэслэл нь А.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сумын Шуурхай штабын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаагүй тул сануулах арга хэмжээ авсугай" гэж захирамж гаргасан. Тухай үед би энэхүү захирамжтай санал нийлэхгүй байгаа тул Захиргааны шүүхэд гомдол гаргана гэж хэлж байсан. Тэгэхдээ залуу хүн алдаж болно шинэ хүн учраа мэдэхгүй л ийм шийдвэр гаргалаа хэмжээн бодож шүүхэд хандаагүй. Мөн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд үүрэг даалгавар өгсөн удаа байхгүй бөгөөд энэ нь албан хаагчдын нэгдсэн хурлын тэмдэглэлээр баталгаажих болно. Мөн Төв аймгийн *** сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/162 тоот захирамжаар Шуурхай штаб байгуулсан бөгөөд Шуурхай штабын даргаар Засаг даргын орлогчийг томилсон байдаг. Миний хувьд тийм зүйл байхгүй, шалтгаангүй гэдэгтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд миний бие нь эрүүл мэндийн шалтгаантай байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж бодож, эмнэлгийн магадалгаа хүртэл байгаа, хагалгаанд орсон байдаг юм. Би эрүүл мэндийн шалтгааныг дурдвал 2025 оны 03 дугаар сарын 19-ний үүрээр 03 цагийн үед миний нүүрний зүүн талын хэсэг хавдаж шүд өвдөж сэрсэн. Тухайн өдөр Дархан-Уул аймгийн Харзтай эмнэлгийн 70364984 дугаарт холбогдож зөвлөгөө авах гэсэн боловч хавдсан тохиолдолд цаг авахгүй яаралтайгаар мэс засалд үзүүл, мэс заслын эмч 14 цаг хүртэл ажиллана гэж хэлсний дагуу Төв аймгийн *** сумын Засаг даргад өөрийн биеэр хэлж Дархан-Уул аймгийн Харзтай эмнэлэгт очин мэс заслын эмчид үзүүлсэн. Мэс заслын эмч С.Цогтсайхан "Өнөөдөртөө антибиотик судсаар хийлгээд маргааш хавдрын хэмжээнээс шалтгаалж зүсэлт хийх эсэх ээ шийдье. Маргааш 12:30 минутад ирээрэй" гэж эмийн жор бичиж өгөөд явуулсан. Мөн өдрийн 17:45 минутад үед иргэн А.Цэцэгмаагаас манай гэр шар усны үерт автлаа хэмээн дуудлага ирсэн учир байгаль орчны улсын байцаагч, сумын Засаг даргад мэдэгдэж 18:30 минутад тухайн айлд ирж ажилласан ба 21 цагийн үед ажил дээр ирж Засаг даргатай уулзаад гэртээ харьсан. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өглөө ажил дээрээ ирж Усны өдөрлөгийн арга хэмжээнд зориулсан өргөмжлөлийг байгаль орчны улсын байцаагч Б.Цогзолмаад гарган өгч байхад сумын Засаг дарга орж ирэхээр нь миний шүд өвдөөд өчигдөр шүдний эмчид үзүүлсэн чинь өнөөдөр хавдрыг харж байгаад зүсэлт хийнэ гэж хэлсэн. Би 12:30 минутад очиж үзүүлнэ гэж хэлээд чөлөө аваад явсан. Дархан-Уул аймгийн Харзтай эмнэлэг дээр ирж С.Цогтсайхан эмчид үзүүлсэн боловч хавдрын хэмжээ нэмэгдсэн тул яаралтайгаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасаг явах гээд явуулсан. Тухай өдрийн 16 цагт би Засаг даргад яаралтайгаар хот руу явж байна утсаар ярьсан. 19:30 минутын үед Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт ирж үзүүлэн шууд буйлны хагалгаанд орж, маргааш өглөө амбулаторид ирж боолтоо хийлгээрэй эмч нь байж байна гэж хэлсэн. Учир нь тухайн үед миний цусанд дахь сахрын хэмжээ 22.4 ммлоь/л хүрсэн байсан. Би сахрын өвчтэй хүн бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өглөөний сахраас болж биеийн байдал муудсан тул Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн амбулаторид очиж боолтоо хийлгэн, сахрын эмчид үзүүлсэн. Сахрын эмч шинжилгээнүүд бичиж өгсөн. 2025 оны 03 дугаар сарын 24-ны өглөөнөөс эхлэн Сахрын шинжилгээнүүд хийлгэж, боолтоо солиулсан. Гэтэл энэ үед сумын Засаг даргад байнга залгаад ирж байна уу? Шүд байснаа яахлаар нүд, сахар болчихдог юм бэ гэх мэтээр над руу залгаж хурдан ир гэж дарамталсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад залгаад өнөөдөрт амжихааргүй байна. Маргааш өглөө 09 цагт яваад очъё гэж хэлсэн. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өглөө буйлнаас цус гараад байсан тул өөрөө буйлаа цэвэрлэж боолтоо хийгээд Төв аймгийн *** сум руу явсан. Өвдөлт ихтэй байсан тул удаан явж 11-н цагийн үед ажил дээрээ ирсэн. Гэтэл ажил дээрээ ирэхэд Засаг дарга өрөөндөө дуудаж надтай ярилцсан. Өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар өргөдөл бичээд өгчихгүй юм уу. Чамайг халах үндэслэл болчхоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаа өгөхгүй. Ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Та ямар шийдвэр гаргана тэрийг надад өгчихгүй гээд Засаг даргын өрөөнөөс гарсан. Цайны цагийн дараа бичиг хэргийн ажилтан надад ажлаас чөлөөлсөн захирамж авчирч өгсөн тул өөрийн хэрэглэж байсан эд зүйлсээ аван гэр лүүгээ явсан. Миний бие нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт К-10.2 оношоор эмчилгээ хийлгэж эмнэлгийн хуудсыг Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газарт илгээсэн. Төв аймгийн *** сумын Засаг даргын Б/13 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандаж 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөг хүртэл хариу өгөөгүй байна. Нэхэмжлэгч А.Б би маргаан бүхий захиргааны актыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно" гэж зааснаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг А.Б гэдэг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Монгол Улсад биологийн багш, эдийн засагчийн мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан, 2010 оноос эхлэн төрийн албанд ажиллаж эхэлсэн. Мэргэжлээрээ Энэтхэг, Турк, Солонгос зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Нэхэмжлэл гаргасан шалтгаан нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан захирамжийг хууль бус гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус захирамжийн үндэслэл нь 72 цагийн хугацаанд ажил тасалсан гэж үзсэн. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр надад захиргааны арга хэмжээ авсан. Дээрх захирамжтай холбоотой сумын Засаг даргатай уулзаад адилхан залуу хүмүүс учраас шүүхэд гомдол гаргахгүй ээ, харин дараагийн удаа бол шүүхэд хандана шүү гэдгээ хэлж байсан. Би Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүрэгт Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсний үндсэн дээр 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр томилогдон, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Миний ажил үүргийн хуваарьт хууль тогтоомж, хөгжлийн бодлого, стратеги зорилтыг хэрэгжүүлэх асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, сумын Засаг даргыг мэдлэг, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засаг даргад тайлагнах чиг үүрэгтэй албан тушаалтан. Миний бие 2015 оноос хойш сахрын өвчтэй гэж оношлогдоод 2018 оны 9 сард шокийн байдалд орсон. Тухайн цаг хугацаанаас хойш эмнэлгээр үзүүлж явсаар байгаад 2020 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай болсон. Түүнээс хойш буюу 2024 оны 8 дугаар сард хөдөлмөрийн чадвараа 80 хувийн алдалттай болж, хугацаагүй группт орсон. Өнгөрсөн хугацаанд миний бие байнга эмчийн хяналтад байдаг болсон. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан ажил дээрээ гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө үнэлж байхдаа шөнийн 3 цагт сахрын хэмжээ 13-2 болж унаж түргэний машинаар Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Намайг 2025 оны 3 дугаар сарын 21, 22, 24-ний өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг. Гэтэл 2025 оны 3 дугаар сарын 19-ний өглөө үүрийн 3 цагаас эхлэн миний шүд хавдаж, бие өвдөж байна эмнэлэгтээ үзүүлчхээд эргээд хариу хэлнэ гэж даргад хэлсэн. Тэгээд Дарханы эмнэлэгтээ холбогдож, хавдсан байгаа талаараа мэдэгдэхэд асуудал үүссэн байна, яаралтай ирж мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Тийм учраас би Дархан хот руу очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Тухайн үед буюу 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минутын үед манай суманд шар усны үер орж ирээд айлын гэр рүү орсон талаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага ирсэн байсан. Тухайн үед миний бие шууд ажил дээр 18 цагт очоод 21 цаг хүртэл айлын усыг зайлуулах арга хэмжээ авч, өрөөндөө буцаж орж ирээд халуурсан. Эмчийн зөвлөсөн эм, тариагаа хэрэглэсэн ч өглөө ирэхэд улам их халуурч, хавдаж сэрсэн. Дараа өдөр нь буюу 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Усны өдөр болж байсан. Миний бие ажил дээрээ очоод 6 ширхэг өргөмжлөл хэвлээд сумын Засаг даргаар гарын үсэг зуруулаад Байгаль орчны байцаагчдаа өгсөн. Тэгэхдээ миний шүд илүү их хавдаад байгаа талаараа сумын Засаг даргад хэлээд эмнэлэгт үзүүлчхээд ирье гэж хэлээд явсан. Би Дарханы эмнэлэгт 11 цагт очиж үзүүлсэн.  Миний энэ өвдөөд байгаа өвчмөөр манай аавын дүү нь нас барж байсан учраас тухайн эмч бага зэрэг айж миний буйланд үүссэн идээг шифризээр соруулаад авчихъя, чи яаралтай Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээрэй бичиг хийж өгсөн. Ингээд би Нэгдүгээр эмнэлэг дээр яваад очиход ажлын цаг дуусчихсан байсан. Амбулаториор цаг авч үзүүлэхэд өмнө нь идээг нь соруулж авсан нүхнээс нь идээ дахиад гараад байгаа, мөн сахрын хэмжээ хэт өссөн учраас хагалгаа хийхэд эрсдэлтэй гээд эмч маань айгаад байна гээд тасгийн даргатайгаа зөвлөлдөөд хагалгаа хийсэн. Миний шүдэнд 2 оёдол тавьсан. Хагалгааны дараа цус алдалтыг зогсох хүртэл 2 цаг гаран хүлээсэн ч цус тогтохгүй байсан учраас цус тогтоох арга хэмжээ авсан. Маргааш нь Бямба гараг буюу амралтын өдөр байсан учраас 24-ний өглөө шинжилгээнүүдээ хийлгэсэн. Би уг нь 1 дэх өдөр ажилдаа очно гээд Засаг даргадаа хэлчихсэн байсан боловч шинжилгээгээ өгөөд нэлээн удсан, мөн нүд бүрэлзээд байсан учраас машинаа жолоодоод явах боломжгүй байсан учраас 25-ны өглөө ажилдаа очъё гэдгээ хэлсэн. Ингээд би 25-ны өглөө 10 цаг 10 минутын орчимд ажил дээрээ очиход сумын Засаг дарга намайг өрөөндөө дуудаад шалтгаангүйгээр ажил тасалсан гээд ажлаас чөлөөлөх захирамжийн төслийг надад танилцуулсан. Тухайн үед би эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, листтэй байх хугацаанд ажлаас халж байгаа талаар нь хэлсэн. Ингээд үдээс хойш намайг өрөөндөө сууж байхад 16 цагийн орчим ажлаас халах захирамжийг манай бичиг хэргийн эрхлэгч надад оруулж ирж өгсөн. Мөн надаар сонсох ажиллагаа хийсэн гэж гарын үсэг зуруулах гэхэд би гарын үсэг зураагүй” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн *** сумын Засаг даргын Б/13 захирамжийг А.Б дэлгэрэнгүй тайлбарлалаа. А.Бийг Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.3, 5.4.7 дахь хэсэгт заасан заалтууд нь ажлын цагаас хоцорсон хугацааг нэгтгээд ажлын өдөрт шилжүүлж, ажилласан өдрөөс нь хасаж тооцно гэж үзээд 2 цаг буюу 120 минут хоцорсон. Мөн 3 ба түүнээс хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа буюу 3 буюу түүнээс удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг заалтыг үндэслээд ажлаас нь халсан байдаг. А.Б нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, харин сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар сануулах арга хэмжээг ганцхан удаа авсан байдаг. Онцгой байдлын гамшгаас хамгаалах албан үүрэгт сумын Засаг дарга удирдан чиглүүлэх үүрэгтэй, Тамгын газрын дарга гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу А.Б ажил үүргийн хуваарьт заасан ажлаа хийж оролцсон байна. Харин 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан гэдэг үндэслэл дээр А.Б тухайн цаг хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байсан талаарх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байгаа. Тийм учраас Төв аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Бийг урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12,801,915 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна” гэжээ.

3.4. Хариуцагч Төв аймгийн *** сумын Засаг дарга Г.Лхагвадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төв аймгийн *** сумын Засаг дарга Г.Лхагвадорж миний бие А.Бийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. А.Бийг Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191 дүгээр дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/21009 дугаар албан бичиг зэргийг үндэслэн *** сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар томилсон байна. А.Б нь албан ажлаа хүлээлгэн өгөхдөө хувийн хэрэг, албан хаагчийн тангаргийн хуудас, төрийн албан хаагчийн анкет зэрэг нь байгаагүй байна. А.Бийг хууль ёсны дагуу ажлаас чөлөөлсөн болно.

Зөрчлүүдийн талаар: А.Б нь удаа дараа албан үүрэгтэй хайнга, хариуцлагагүй хандаж байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 зүйлийн 48.1.1 дахь заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ авсан. Сахилгын шийтгэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, шуурхай штабын үйл ажиллагааг зохион байгуулаагүй үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 тоот тогтоолоор баталсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны зөвшөөрөл олгох тухай 42 тоот тогтоолыг үндэслэн *** сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/98 дугаар захирамжаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын 5 дугаар зорилтын 3 дахь заалт “Батлан хамгаалах болон Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах ажлыг хариуцлагагүй зохион байгуулсан, Шуурхай штабын байнгын утсыг ажиллуулаагүй, дугаар нь ашиглалтад байхгүй, тамгын дарга А.Б байгаагүй улмаас онцгой байдал үүсэх үед шуурхай арга хэмжээ авах боломжгүйд хүрч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Жавхлант 2 дугаар багийн иргэн М.Лхагвасүрэнгийн орон сууц 2025 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Жавхлант 2 дугаар багийн иргэн Б.Оюунгэрэлийн орон сууцанд тус тус гал түймэр гарч, хугацаа алдсаны улмаас эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол гарч иргэдээс гомдол ирсэн.

Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 1 дахь хэсэгт “Сумын төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны чанар үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтаар хангах” зорилтыг биелүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахгүй 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Б/12, Б/13 тоот тушаалыг нэг дор гаргаж Д.Энхтуяаг үүрэгт ажлаас чөлөөлж оронд нь түүний хүү Э.Очирсүхийг ажилд нь томилсон, мөн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/16 тоот тушаалаар “Э.Очирсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, Б/18 тоот тушаалаар “М.Өлзийдэлгэрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, Б/19 тушаалаар “Э.Очирсүхийг түр ажилд томилох тухай”, Б/20 “М. Өлзийдэлгэрийг түр ажилд томилох тухай” зэрэг тушаалыг нэг дор гаргаж өөрөө ажилдаа байхгүй атлаа огноог урагшлуулсан шийдвэр гаргасан. 2024 оны 12 дугаар сараас эхлэн 2025 оны 3 сар хүртэл өвчтэй, эмнэлгээр явж эмчлүүлж байна гэсэн шалтаг шалтгаанаар ажлын байрандаа байхгүй, олон өдөр ажил тасалсан нь ажлын байрны зорилго, хууль тогтоомж, хөгжлийн бодлого, стратеги зорилтыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих, Засаг даргад бодлогын зөвлөгөө, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцна гэсэн үндсэн зорилго, зорилт, чиг үүргээ биелүүлээгүй.

А.Бид сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн талаар: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 30 минутад сумын Засаг даргын өрөөнд Засаг дарга Г.Лхагвадорж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бямбажаргал, Засаг даргын орлогч Э.Буянтогтох, Хууль эрх зүйн мэргэжилтэн Ж.Нямлхагва нарын хамт Засаг даргын Тамгын газрын дарга А.Б нар сонсох ажиллагаанд оролцсон. А.Бид 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 37 минутад сумын Засаг даргын Б/13 тоот захирамжийг өөрт нь мэдэгдэж, хууль эрх зүйн мэргэжилтэн Ж.Нямлхагва гарт нь өгсөн” гэжээ.

3.5. Хариуцагч Төв аймгийн *** сумын Засаг дарга Г.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хариуцагч Төв аймгийн *** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа вайбераар харилцсан, листтэй байсан зэргийг хариуцагчийг хэлэх үед мэдэж байна. Энэ талаар миний хувьд мэдсэн зүйл алга. Хариуцагч өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан. Тодорхой үйл баримтуудыг миний хувьд нарийн сайн мэдэхгүй байна. Надад бүрэн итгэмжлэл олгосон ч гэсэн саяхан итгэмжлэл өгч яг нарийн асуудлыг надад хэлсэн зүйлгүй. Өөрөө хуралдаа биечлэн оролцоно, намайг хууль зүйн талаас туслалцаа үзүүлнэ үү гэснийг хэлмээр байна. Хариуцагчтай ярилцаж тодорхой мэдээллүүдийг авсан. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн эрүүл мэндийн талаар хэлсэн, 3 сар орчим ажилдаа ирэхгүй, удаа дараа өвчний улмаас чөлөө авсан асуудал байгаа. Өөрсдөдөө мөн хоорондоо ярихдаа урт хугацааны чөлөө авч болохгүй юу гэдэг талаар ярьсан гэдгээ хэлсэн. Эцсийн арга хэмжээ болох ажлаас халах шийдвэрийг гаргасан. Гэхдээ 3 хоногийн тухай биш үндэслэл бол өмгөөлөгч мөн дурдаж байна. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг гол үндэслэл байгаа.  Өмнө нь энэ үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б/04 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийг үндэслэж сануулах арга хэмжээ авсан байдаг. Сануулах арга хэмжээний араас захирамжаар үүрэг даалгаврыг авсан. Энэ өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэнгүй, гаргасан алдаа дутагдлаа ухамсарлаж ажилдаа хариуцлагатай хандсангүй гэдэг үндэслэлээр халах болсон гэдэг. Энэ үндэслэлүүдээр мөн хариу тайлбар дээрээ дурдаж өгсөн байдаг. Гэрч оролцуулахаар гаргасан хүсэлт нь сануулах арга хэмжээ авахаас өмнө албан өрөөндөө гар утасны сим зардаг, сэргээдэг, хүмүүс орж ирээд сим сэргээхгүй юу гээд ажлыг цалгардуулдаг гэж төрийн албан хаагч нар гомдол гаргасан. Гомдол гаргасан төрийн албан хаагч нарыг гэрчээр оролцуулах байсан. Сим зардаг, сэргээдэг үйлдлээ боль гэж хэлсэн ч болиогүй Мобиком ХХК-ийн Зүүнхараа салбарыг дуудан ирүүлж өрөөндөө утас зэргийг дэлгэж худалдаа хийсэн. Төрийн албан хаагч нар болон иргэд ажлын цагаар орж ирж үйлчлүүлсэн. Энэ байдлаар албан үүргээ хангалтгүй биелүүллээ төрийн албаны байранд ашиг олох зорилготой худалдаа эрхэлсэн гэдэг зүйлүүд ажлаас халах тушаалын үндэслэл болж байгаа. Бичгээр өгсөн тайлбарыг уншихгүйгээр орхиё. Товч хэлэх юм бол батлах хамгаалах хууль тогтоомж буюу гамшгаас хамгаалахтай холбоотой өөрийн биелүүлэх ёстой чиг үүргийг хэрэгжүүлээгүйгээс болж хоёр өрхөд эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учирсан. Үүнтэй холбоотой санал гомдол ирсэн талаар тайлбаруудыг бичсэн. Сумын шуурхай штаб гэж байдаг, Онцгой байдалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Байнгын ажиллах ёстой байтал утас нь холбогдохгүй байсан. Энэ утсыг байнгын ажиллагаанд байлгах чиг үүрэг хэнд байдаг вэ гэхээр Тамгын даргад байдаг. Шуурхай штабыг удирдаж чиглүүлэх үүрэг бол Тамгын даргад байдаг гэдгийг тайлбарласан. Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.1 дэх хэсэгт сумын төрийн албан хаагчдын нөөцийг бүрдүүлэх, төрийн албан хаагч нарын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн, зохицуулалтаар хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг. Энэ нь сануулах арга хэмжээ авахаас өмнөх зөрчлүүдийг тайлбартаа дурдсан. Удирдлагаас захирамжаар өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зэргийг дурдсан гэж хариуцагч надад хэлсэн. Хавтаст хэрэгт ямар үүрэг даалгавар өгснөө гаргаж өг гэхэд хариуцагч өнөөдөр ирэхдээ аваад ирье гэсэн боловч өнөөдрийн хуралд өөрөө биечлэн ирээгүй учир гаргаж өгсөнгүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэдэг хэрэгт байгаа баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Вайбераар харилцсан гэж байгаа бичвэр, сонсох ажиллагаа хийхэд байлцсан төрийн албан хаагч нар нь сонсох ажиллагаа яаж хийгдсэн, сонсох ажиллагааны тэмдэглэл, хүлээлцсэн баримт буюу захиргааны шийдвэр хүлээлцсэн баримт зэрэг нь хавтаст хэрэгт байгаа. Эдгээр ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэгч хэлж байна. Энэ талаар гэрчүүдээс асууж тодруулах нь зүйтэй байх. Листны талаар ярьж байна. үүнийг нотлох баримтаар гаргуулах нь зүйтэй гэж бодож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд, А.Б оос гаргасан Төв аймгийн *** сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12,801,915 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. А.Б нь Төв аймгийн *** сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогджээ.

3. Үүний дараа Төв аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар “...А.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сумын Шуурхай штабын үйл ажиллагааг зохион байгуулаагүй” гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан.

4. 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66.1, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Байгууллагын дотоод журмын 5.4.3, 5.5.7 дахь заалтуудыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх” сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна. 

5. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан.

6. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, Төв аймгийн *** сумын Засаг даргын Б/04 дүгээр захирамжаар А.Бид сануулах арга хэмжээ авсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

7. Хариуцагч нь А.Бийг 2025 оны 3 дугаар сарын 21, 22, 24-ний өдрүүдэд ажил тасалсан тул Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл бүрдсэн гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Эмнэлгийн магадалгаа[1]  “...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав”, Иргэний эрүүл мэндийн дэвтэр[2] /Улсын нэгдсэн төв эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл/, шинжилгээний хариу[3] зэрэг баримтаар нэхэмжлэгч А.Б нь 2025 оны 03 дугаар сарын 21, 22, 24-ний өдрүүдэд өвчтэй байсан нь тогтоогдож байна.

9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Б нь 2025 оны 03 дугаар сарын 21, 22, 24-ний өдрүүдэд өвчтэй байсан буюу ажил таслаагүй нь холбогдох баримтаар тогтоогдсон, сануулах арга хэмжээг нэг удаа ногдуулсныг удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй юм.

10. Тиймээс, Төв аймгийн *** сумын Засаг даргын Б/13 дугаар захирамж нь нэхэмжлэгч А.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

11. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 57 дугаар зүйлийн 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасан.

12. Маргаан бүхий захиргааны акт болон Төв аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,4, 47 дугаар зүйлийн 47.1.1, 57 дугаар зүйлийн 2.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Бийг Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 12,801,915 /арван хоёр сая найман зуун нэг мянга есөн зуун арван тав/ төгрөгийг Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж А.Бид олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

[1] хавтаст хэргийн 39 хуудас

[2] хавтаст хэргийн 58 хуудас

[3] хавтаст хэргийн 64-65 хуудас