| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/05502/И |
| Дугаар | 191/ШШ2025/04183 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04183
2025 05 12 191/ШШ2025/04183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч О.Аззаяа, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... дүүрэг, .....хороо, ...........байр, ..........тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: ...дүүрэг, ... хороо, 1...... байр ..... тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........дүүрэг, ............ хороо, .............плаза хаягт оршин байрлах, ******* ХХК/РД/-д холбогдох,
Гэм хорын хохирол 8,666,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...., Д.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Ч., хариуцагчийн өмгөөлөгч Х., иргэдийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний хоёр айл байрны дээд давхарт амьдардаг. Энэ байрандаа 1990 оноос эхлэн хэвийн амьдарч байсан. Гэтэл 2010-2015-аад оны үеэр Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 3 дугаар орцны подвальд байрлах " " СӨХ нь оршин суугчдад мэдэгдэлгүй дээвэр дээр "СКАЙТЕЛ" ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх техникийн зориулалттай ойролцоогоор 3х4х2.5 метр хэмжээтэй сэндвичин байшин барьж 6 жил шахам байршуулж, буулгасны дараагаар байрны дээврийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гэмтээсэн. "СКАЙТЕЛ" ХХК-ийн буулгасан байшингийн суурь цемент нь овойж үлдээд, дээвэр нь стандартын шаардлага хангахгүй болж дээвэр дээр борооны ус тогтож, хар цаас нь борооны усны нөлөөгөөр чанар нь алдагдаж, айл руугаа ус шүүрч эхэлсэн. Иймэрхүү байдлаар жилээс жилд дээврээс айл руугаа ус гоожих хэмжээ нь ихсэж сүүлийн дөрвөн жил ус нь гоожиж байдал хүндэрсэн. Бидний хэвийн амгалан тайван байдлыг алдагдуулж, амьдралд сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар, эрүүл бус чийглэг, мөөгөнцөр үнэртсэн, нэхшсэн өмхий үнэртэй, байдалд олон жил байлгасан учир гомдолтой байна. Энэ хугацаанд дээврээ засуулах талаар " " СӨХ-дөө олон удаа шаардсан боловч ус алдалтыг зогсоож, бүрэн бүтэн дээврийг засч чадахгүй, түр зуур чанаргүй аргалж байсан. Энэ хугацаанд төр болон захиргааны байгууллагууд руу Сүхбаатар дүүргийн Засаг дарга , СБД-ийн 7 дугаар хорооны Засаг дарга нарт хандаж засвар оруулах талаар хөрөнгө оруулалт хүссэн боловч, өдгөө хүртэл шийдвэрлээгүй. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын байцаагчийн дүгнэлт хоёр удаа / 2022.11.03 , 2023.10.10./ гаргуулсан боловч хөрөнгө шийдвэрлээгүй. Сүүлийн хоёр жил дулааны улиралд байгалийн бороо ус ихдэж, дээврээс ус гоожилт улам ихсэж нэмэгдэн амьдрах аргагүй болж, өөрсдөө дээвэр засах аргагүй байдалд орсон. Бас ус алдалт нь коридор руу дамжин нэмэгдэж, цахилгааны шугам руу ус алдаж, байрны цахилгаан тоггүй болох эрсдэл нүүрлэж, байраараа цахилгааны гэмтэл үүсч болзошгүй байдалд орсон. Бидний хоёр айл ус алдалтыг зогсооход дээврийн засварын ажлыг яаралтай өөрсдөө хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Ингээд энэ жил 2024 оны 5 дугаар сард өөрсдийнхөө зардлаар 150 метр квадрат дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж, сүүлийн 4 жил дээврээс ус тасралтгүй гоожсоныг энэ зуны 6-9 саруудад дээврийн ус гоожилтыг зогсоосон. Дээврийн ус гоожилтын улмаас иж бүрэн засвар хийх шаардлага тулгарч байна. Орон сууцны 150 метр квадрат дээврийн засварын ажлын хөлс 2,200,000 төгрөг, материалын зардалд 3,466,400 төгрөг, нийт засварын зардалд-5,666,400 төгрөг, өрөөний дотор засварын зардалд-288 тоотын нэг өрөө байрны засварын зардалд-1,500,000 төгрөг, 287 тоотын дотоод засалд-1,500,000 төгрөг болсон. Бидэнд учирсан хохирол болох нийт зардлын дүн 8,666,400 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Иймд,
.... нь 7 дугаар байр 288 тоотын дээврийн засварын зардлын 50 хувь болох 2,833,200төгрөг, ус гоожсон өрөөний дотор засварын зардалд -1,500,000 төгрөг, нийт- 4,333,200 төгрөгийг "СКАЙТЕЛ" ХХК-аас нэхэмжилж байна.
Д.*******, 7 дугаар байр 287 тоотын дээврийн засварын зардлын 50 хувь болох 2,833,200 төгрөг, ус гоожсон өрөөний дотоод заслын засварын зардалд 1,500,000 төгрөг, нийт- 4,333,200 төгрөгийг "СКАЙТЕЛ" ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. ******* ХХК нь СӨХ-той байгуулсан 2015 оны 01-р сарын 07-ны өдрийн ТЛ-01/15 тоот Байр талбайн түрээсийн гэрээ-ний гэрээнд заасны дагуу 7-р байрны 8-р орцны дээвэр дээр үүрэн холбооны антен, сэндвичин байрыг байрлуулан үйл ажиллагаагаа явуулсан. 2018 оны 7 сард тус барилгын дээвэр дээр байрлуулсан антен, сендвичин байрыг буулгаж, тус байрны дээвэрт байрлах ХХК-ийн байгууламжид тоног төхөөрөмжөө байрлуулан 2018 оны 07-р сарын 26-ны өдрөөс гэрээ байгуулан түрээсэлж эхэлсэн. Үүрэн холбооны антен, сэндвичин байрыг буулгахтай холбоотойгоор СӨХ-ноос 2018 оны 07-р сарын 26-ны өдрийн 5 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийг манайд ирүүлсэн. Тус албан бичигт 121 м.кв талбайн засвар үйлчилгээнд 3,107,000 төгрөгийн зардал гарах болсон тул тус зардлыг шилжүүлж өгөхийг хүссэн. Мөн СӨХ-ноос ******* ХХК-д 2018 оны 07-р сарын 31-ний өдрийн 2 тоот Өргөдөл гаргах тухай албан бичгийг ирүүлсэн ба тус албан бичгээр СӨХ-ийн дээвэр дээр байрлах сэндвичийг буулгах явцад дээврийн засварын ажил хийгдэх төлбөр болох 3,107,000 төгрөгийг шилжүүлнэ үү. Цаашид гарах үр дагаврыг тус сууц өмчлөгчдийн холбоо хариуцах болно. гэсэн байдаг. Хүсэлтийн дагуу СӨХ-д өөрийн антен, сэндвичин байрыг буулгасны дараах дээврийн засварын ажлын төлбөр болох 3,107,000 төгрөгийг 2018 оны 08-р сарын 01-ны өдөр шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч .... нь ******* ХХК-д 2018 оны 09-р сарын 03-ны өдөр: 2016, 2017, 2018 оны зун борооны улмаас дээвэр дээр байрлуулсан антентэй холбоотойгоор таазнаас ус гоожиж байгаа талаар 2018 оны 09 сард танай аж ахуй хариуцсан менежерт уулзаж хэлэхэд засварын зардлыг тооцож өгнө гэсэн. Одоо СӨХ дээврийг засаж дуусгасан, ус гоожихгүй байгаа тул засварын ажлыг хийж болно гэж үзэж байгаа. Зардлын дүн 550,000 төгрөг байна. Энэхүү зардлыг олгож өгнө үү. гэсэн агуулгатай өргөдлийг гаргасан байдаг. Компанийн зүгээс нэхэмжлэгч ....ийн өргөдөлд дурдсан зардлыг 2018 оны 09-р сарын 12-ны өдөр бүрэн шилжүүлсэн. ******* ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 326-р зүйлийн 326.1-т түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан шаардлагыг хангаж, 7-р байрны 8-р орцны дээврийн засвар үйлчилгээний зардлыг СӨХ-д гарган өгч, нэхэмжлэгч ....ийн хохирлыг барагдуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч ....ийн 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн өргөдөлд СӨХ нь дээврийг засаж, ус гоожихгүй болгосон гэсэн агуулгыг дурдсанаас үзвэл СӨХ дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. СӨХ-ийн зүгээс 2018 оны 07-р сарын 31-ны өдрийн 2 тоот албан бичгээрээ дээвэртэй холбоотой цаашид гарах үр дагаврыг хариуцахаа компанид илэрхийлсэн тул одоо үүссэн хохиролтой холбоотой асуудлыг СӨХ хариуцах нь ёстой. 2022 оны 11-р сарын 03-ны өдрийн 02-07-091/1065 тоот Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны 5-8 дугаар орцны дээврийн ашиглалтыг байдлыг Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-104-20-ын хүснэгт 2-т хуйлмал материалан /3-4 үетэй/ дээврийн хучлагын бүрээс их засвар хүртэлх ашиглалтын хугацаа 10 жил... урсгал засвар хийх хүртэлх хугацаа 3-5... гэж заасныг хангахгүй байна гэжээ. Мөн 2023 оны 10-р сарын 10-ны өдрийн 02-13-01/038/145 ; тоот Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны 5-8 дугаар орцны дээврийн ашиглалтын байдлыг Барилгын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.5 дахь хэсэгт барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх; гэж заасныг болон Дээврийн хучлага БНбД 31 -02-03-ийн холбогдох заалтыг хангахгүй байна гэжээ. Дээрхээс үзвэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар тус байрны 5-8 дугаар орцны дээвэр бүхэлдээ ашиглалтыг байдал алдагдсан, их засвар, урсгал засвар хийх хугацаа болсон талаар дүгнэсэн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь заалтад дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоо оролцох үүрэгтэй байхаар заасан байна. Тиймээс их болон урсгал засвар хийгээгүй улмаас үүссэн хохирлыг ******* ХХК-аас шаардах бус СӨХ-д хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...******* компани СӨХ-д тухайн үед засвар, үйлчилгээний мөнгийг төлсөн болохоор СӨХ тэр засварыг хийж тухайн 2 айлыг хохиролгүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. СӨХ нь хариуцах үүрэгтэй... гэв.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгч нараас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн Б.Энхбатын орон сууцны дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, зарлагын баримт, фото зураг /канон/, 2022.11.03-ны өдрийн 02-07-091/1065 дугаар мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлт, 2023.10.10-ны өдрийн 02-13-01/038/145 дугаартай хотын стандарт, хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлт, архивын тодорхойлолт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн дугаар олголтын дэвтэр, 2024.08.30-ны өдрийн 181/ШЗ2024/16116 дугаартай захирамж, тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, байр талбайн түрээсийн гэрээ, түрээсийн гэрээ, хүсэлт гаргах тухай албан бичиг, төлбөрийн нэхэмжлэх, 2018.07.31-ний өдрийн өргөдөл гаргах тухай албан бичиг, 2024.07.31-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 2018.08.01-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2018.09.03-ны өдрийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.09.12-ны өдрийн төлбөрийн даалгавар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ...., Д.******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 8,666,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
а/ Нэхэмжлэгч нарын өмчлөлийн нийтийн орон сууцны дээвэр хэсэгт тухайн орон сууцыг хариуцдаг " " СӨХ нь оршин суугчдад мэдэгдэлгүй "*******" ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх техникийн зориулалттай 3х4х2.5 метр хэмжээтэй сэндвичин байшинг бариулж, 6 жил шахам байршуулж, буулгасны улмаас байрны дээврийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гэмтээсэн. "*******" ХХК-ийн буулгасан байшингийн нөлөөллийн улмаас орон сууцны дээвэр нь стандартын шаардлага хангахгүй болж борооны ус тогтож, хар цаас нь борооны усны нөлөөгөөр чанар нь алдагдаж, дээврийн доод хэсгийн айлуудад ус шүүрч эхэлсэн. Улмаар ус гоожих хэмжээ нь ихэсч сүүлийн дөрвөн жил байдал хүндэрснээр хэвийн амгалан тайван байдлыг алдагдуулж, амьдралд сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, мөн дээврээс ус орж ирж эд хөрөнгө сэтгэл санаанд хохирол учирсан. Энэ хугацаанд дээврээ засуулах талаар " " СӨХ-д удаа дараа хандсан боловч ус алдалтыг зогсоож, бүрэн бүтэн дээврийг засч чадахгүй, түр зуур чанаргүй аргалсаар ирсэн, сүүлдээ ******* ХХК-д тухайн асуудлаар ханд гэдэг болсон. Ус дээврээс орж ирэх нь улам их болсон учир ус алдалтыг зогсооход дээврийн засварын ажлыг яаралтай өөрсдөө хийхээс өөр аргагүй болсон. Өөрсдийнхөө зардлаар 150 метр квадрат дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж, сүүлийн 4 жил дээврээс ус тасралтгүй гоожсоныг зогсоосон. .... нь 7 дугаар байр 288 тоотын дээврийн засварын зардлын 50 хувь болох 2,833,200 төгрөг, ус гоожсон өрөөний дотор засварын зардалд 1,500,000 төгрөг, нийт 4,333,200 төгрөгийг, Д.******* нь 7 дугаар байр 287 тоотын дээврийн засварын зардлын 50 хувь болох 2,833,200 төгрөг, ус гоожсон өрөөний дотоод заслын засварын зардалд 1,500,000 төгрөг, нийт 4,333,200 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд ******* ХХК нь СӨХ-той 2015 оны 01-р сарын 07-ны өдөр байгуулсан Байр талбайн түрээсийн гэрээ-ний дагуу Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 7-р байрны 8-р орцны дээвэр дээр үүрэн холбооны антен, сэндвичин байрыг байрлуулан үйл ажиллагаагаа явуулсан, улмаар 2018 оны 7 сард антен, сендвичин байрыг буулгасан, сэндвичин байрыг буулгахтай холбоотойгоор СӨХ-өөс дээвэр дээр байрлах сэндвичийг буулгах явцад дээврийн засварын ажил хийгдэх төлбөр 3,107,000 төгрөгийг гаргуулах, цаашид гарах үр дагаврыг тус сууц өмчлөгчдийн холбоо хариуцна гэсний дагуу засварын зардлыг нь шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч .... нь зун борооны улмаас дээвэр дээр байрлуулсан антентэй холбоотойгоор таазнаас ус гоожиж гэрт нь засвар хийх шаардлагатай болсон, мөн СӨХ нь дээврийн засварыг хийж дууссан учир засварын зардлыг гаргуулах хүсэлтийн дагуу хохирлыг барагдуулсан. Уг байранд их болон урсгал засвар хийгээгүйн улмаас үүссэн хохирлыг ******* ХХК-иас шаардах үндэслэлгүй, СӨХ-д хандаж шийдвэрлүүлэх ёстой, гэм хор учруулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч ...., Д.******* нар нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, 7 дугаар байрны 287, 288 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нар бөгөөд 1990 оноос хойш тус байранд тогтмол оршин сууж байгаа, хөрш айлууд ба 9 давхар орон сууцны хамгийн дээд талд буюу 9 дүгээр давхарт байрладаг байна.
6. Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, 7 дугаар байрны үйл ажиллагааг хариуцдаг СӨХ нь 2015.01.07-ны өдөр Байр талбайн түрээсийн гэрээ-г ******* ХХК-тай байгуулжээ.
а/ Уг гэрээний ерөнхий нөхцөлөөр, 7 дугаар байрны 8 дугаар орцны дээр дээр ******* ХХК-ийн үүрэн холбооны антена суурилуулах, төхөөрөмж түрээсээр байрлуулах, харуул хамгаалалтаар хангах, түрээслэгчид түрээсээр эзэмшүүлж ашиглуулах, тоног төхөөрөмжийг цахилгаан тэжээл, харуул хамгаалалтаар хангах, түрээслэгч нь гэрээнд заасны дагуу сар бүр 150,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохирчээ.
б/ Улмаар гэрээний дагуу ******* ХХК нь өөрийн тоног төхөөрөмжийг байрлуулах зорилгоор ойролцоогоор 3х4 м.кв хэмжээтэй сэндвичин байгууламжийг 7 дугаар байрны дээвэр дээр угсарч, тоног төхөөрөмжөө байрлуулан өөрсдийн хэрэгцээнд ашиглаж эхэлснээр СӨХ-ийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.
в/ Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь 3 жил гаруй хугацаанд үргэлжилж, 2018 оны 7 дугаар сард гэрээний талууд дуусгавар болгосноор барилгын дээвэр дээр байрлуулсан сэндвичэн барилгыг буулгах шаардлага үүссэн, харин ******* ХХК нь өөрийн антена, тоног төхөөрөмж зэргийг тус байрны дээвэрт байрлах ХХК-ийн байгууламжид шилжүүлэн байршуулж, тэдгээрийн хооронд түрээсийн гэрээг байгуулжээ.
7. Нэхэмжлэгч .... нь шүүх хуралдаад гаргасан тайлбартаа, өөрийн өмчлөлийн 288 тоот орон сууцанд 2018 оноос, харин нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн 287 тоот орон сууцанд 2021 оноос эхлэн дээврийн ус нэвчиж эхэлсэн талаар тайлбарласан бөгөөд дээврийн ус өөрсдийнх нь гэрийн тааз хэсгээр нэвчин орж эхэлсэн нь ******* ХХК-ийн дээвэр дээр барьсан сэндвичэн барилга, байгууламжийг буулгасан хугацаанаас хойш буюу орон сууцны өөрсдийн харгалзах дээвэр хэсэгт зөвшөөрөлгүй, байгууламж барьсны улмаас орон сууцны дээвэр нь стандартын шаардлага хангахгүй болж, хар цаас нь борооны усны нөлөөгөөр чанар нь алдагдаж, борооны ус тогтож, дээврийн доод хэсгийн айлуудад ус нэвтэрсэн нь хариуцагчийн хууль бус гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, үүний улмаас нэхэмжлэгч нарт хохирол, зардал гарсан гэж тайлбарлаж, маргажээ.
8. Нэхэмжлэгч ...., Д.******* нар нь өөрсдийн оршин суугаа орон сууцны дээврээс ус шүүрсний улмаас өөрсдөд учирсан гэм хорыг тодорхойлохдоо, орон сууцны 150 метр квадрат дээврийн засварын ажлын хөлсөнд 2,200,000 төгрөг, материалын зардалд нийт 3,466,400 төгрөг буюу нийт засварын зардалд 5,666,400 төгрөг, өрөөний дотор засварын зардалд айл тус бүр 1,500,000 төгрөгийг зарцуулах ёстой тул 3,000,000 төгрөг, нийт 8,666,400 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон боловч хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 8,666,400 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгч нарт учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
9. Учир нь нэхэмжлэгч ...., Д.******* нар нь хариуцагч ******* ХХК-ийг өөрсдөд нь гэм хорын хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч энэ байдал хэрэгт цугларсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.
а/ Тодруулбал, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т хуульчилсан бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлээр нэхэмжлэгч нарт 8,666,400 төгрөгийн хохирол учирсан үйл баримт бүрэн нотлогдоогүй байна.
б/ Нэхэмжлэгч ...., Д.******* нар нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, 7 дугаар байрны 287, 288 тоот өөрсдийн өмчлөлийн орон сууцны таазнаас ус нэвчсэний улмаас, тухайн нэвчилтийг зогсоох зорилгоор засварын ажлыг гүйцэтгүүлэхэд гарсан зардал болох ажлын хөлс, зарцуулсан материалын зардал, мөн цаашид өөрсдийн орон сууцны хана дээвэрт учирсан хохирлыг хэвийн болгоход гарах ёстой засварын зардал, айл бүрт зарцуулах ёстой хөлс, зардал зэргийг шаардсан, эдгээр хохирол, зардал гарах болсон шалтгаант холбооны хувьд ******* ХХК нь орон сууцны дээвэр хэсэгт сэндвичэн байшин барьсны улмаас дээврийн усны хамгаалах хэсэгт гэмтэл учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон боловч хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8,666,400 төгрөгийн хохирол учирсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.
в/ Учир нь хариуцагч ******* ХХК нь сэндвичэн барилга барьсны улмаас улмаас ...., Д.******* нарын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэх шалтгаант холбоо баримтаар нотлогдоогүй, нөгөө талаас орон сууцны дээврийн хэсгийг бусдад түрээсийн гэрээний дагуу ашиглуулахдаа сууц өмчлөгчийн холбоо нь зохих дүрэм, журмыг баримталсан эсэх нь тодорхой бус байхаас гадна дээврийн засварын ажлыг хариуцах эрх бүхий этгээдийн хувьд тухайн орон сууцны дээврийн засварын ажлыг хийх ёстой цаг хугацаанд нь хийсэн эсэх, зохих ажлаа гүйцэтгээгүйн улмаас стандартын шаардлага зөрчигдсөн аль нь болохыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд бүрэн тогтоогдоогүй байна.
г/ Түүнчлэн, ******* ХХК болон СӨХ-ийн хооронд 2015.01.07-ны өдөр байгуулсан Байр талбайн түрээсийн гэрээ-ний харилцаа 2018 оны 7 дугаар сард дуусгавар болсны дараа СӨХ нь дээвэр дээр байрлах сэндвичийг буулгах явцад дээврийн засварын ажил хийгдэх бөгөөд 3,107,000 төгрөгийн зардал гарахтай холбогдуулан тухайн зардлыг ******* ХХК-иас гаргуулж авах, улмаар цаашид гарах үр дагаврыг СӨХ хариуцах талаарх хүсэлтийг 2018.07.31-ний өдөр ******* ХХК-д гаргасантай холбогдуулан, 3,107,000 төгрөгийн нэхэмжлэхийг дээвэрт, дээврийн засварт гэсэн утгаар гаргасныг үндэслэн 2018.08.01-ний өдөр 11 хороолол сайтын 7 дугаар байрны дээврийн засварын ажилд гэсэн утгаар дээврийн засварын зардал, мөнгийг СӨХ-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогджээ.
д/ Мөн - СӨХ-оос ******* ХХК-д хандсан 2018.07.26-ны өдрийн №5 дугаартай албан бичигт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны дээвэр дээр байрлуулсан сэндвичийг буулгах болсон тул дээврийн ус гоожилтыг зогсоох нөхцөлд доорхи материалын зардал гарах болсон болно. Үүнд: 121 м.кв талбайг янзлахад 1.Хар цаас 32 боодол х 65000=2,080,000 төгрөг, Газ 25 метр=60,000 төгрөг, ам дарах мастика 120,000 төгрөг, ажлын хөлс 1м.кв х 7000 х 121 м.кв=847,000 төгрөг, нийт зардал 3,107,000 төгрөг болно гэж тодорхойлжээ.
10. Уг албан бичгээс дүгнэхэд, түрээсийн гэрээний дагуу дээвэр дээр ашигласан сэндвичийг буулгасантай холбоотойгоор дээврийн ус гоожилтыг зогсоох зорилгоор дээврийн засварын ажлыг - СӨХ хариуцан гүйцэтгэх ёстой болохыг хүлээн зөвшөөрсөн, мөн түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан түрээслэгчээс тухайн зардлыг гаргуулж авахаар санал гаргасныг түрээслэгч тус тус хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогджээ.
а/ Уг зардалд тусгагдсан материал, гүйцэтгэх ёстой ажил нь орон сууцны дээврийн засварын ажилтай уялдаа холбоотой болох нь СӨХ-ийн гаргасан төсөв, гаргасан хүсэлт зэргээр нь нотлогджээ. Тодруулбал, 121 м.кв талбайтай дээврийн засварын ажлыг гүйцэтгэхэд хар цаас, газ, ам дарах мастика, ажлын хөлсний зардал зэрэгт нийт 3,107,000 төгрөгийг төсөвлөсөн байх тул сэндвичэн барилгыг 2018 онд буулгасны дараа дээврийн засварын ажил гүйцэтгэх буюу дээврийн ус гоожилтыг зогсоох ажлыг гүйцэтгэх зорилгын хүрээнд мөнгөн хөрөнгийг түрээслэгчээс гаргуулан авчээ.
11. Харин СӨХ нь 2018.08.01-ний өдөр ******* ХХК-иас 121 м.кв талбайтай дээврийн ажлыг буюу ус гоожилтийг зогсоох зорилгоор /хар цаас 32 боодол х 65000=2,080,000 төгрөг, Газ 25 метр=60,000 төгрөг, ам дарах мастика 120,000 төгрөг, ажлын хөлс 1м.кв х7000х121 м.кв=847,000 төгрөг/ ******* ХХК-иас хүлээн авсан 3,107,000 төгрөгийг дээврийн засварт бүрэн зарцуулсан эсэх, зардлаар тухайн ажлыг чанар, стандартын дагуу бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байна.
12. Түүнчлэн СӨХ нь орон сууцны дээврийн ус алдалтыг зогсоох зорилгын хүрээнд түрээслэгч ******* ХХК-д хүсэлт гарган мөнгөн хөрөнгийг тухайн үед гаргуулан авсны дараа 288 тоот орон сууцны оршин суугч .... нь СӨХ нь дээврийн ажлыг гүйцэтгэж дууссан, ус гоожихгүй болсонтой холбоотойгоор өөрийн гэрийн таазнаас ус нэвчсэний улмаас учирсан хохирол буюу засварын ажилд зарцуулагдах мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулахаар хүссэний дагуу 2018.09.12-ны өдөр 11 хороолол, сайтын доод давхрын айлын дотор засварын ажилд, 11 хороолол сайтын доод давхрын айлын дотор засварын ажил/Сэндвич байшингийн шалаар борооны ус гоожиж доод айл руу ус гоожсон. ...288 тоот .... гэсэн утгаар хүсэлтийн хүрээнд 550,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, тухайн үед орон сууцанд гарсан зардал, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч .... маргаагүй байна.
е/ Иймд СӨХ нь ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний ашиглалтын хүрээнд баригдсан сэндвичэн барилгыг буулгасантай холбоотойгоор цаашид бий болох дээврийн гэмтэл, засварын ажил, түүнээс гарах үр дагаврыг хариуцах талаар түрээслэгч талтай харилцан тохирч, түрээсийн гэрээг дуусгавар болгосны дараа дээврийн гэмтэл, элэгдэл, хорогдлыг засварлахад гарах зардлыг түрээслэгчээс хүлээн авсан, энэ талаар тохирсон гэх үйл баримт тогтоогджээ.
Харин ******* ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан болохыг хөдөлбөргүй тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, засварын зардлыг СӨХ-ийн хүсэлтээр хүлээн зөвшөөрснөөр хариуцагчийг шууд гэм буруутай гэж үзэх, хохирлыг бүрэн хариуцуулах үндэслэл болохгүй тул ******* ХХК-ийн хууль бус эс үйлдэхүй, тэдгээрийн гэм хорын шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгч нарт бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
ё/ Мөн СӨХ нь түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсны дараа орон сууцны дээврийн ус гоожилтыг зогсоох зорилгоор хариуцагчаас тухайн зардлыг 2018 оны 8 дугаар сард бүрэн гаргуулж авсан, улмаар ....ийн гэрт 2018 оноос ус алдсан талаар хуралдаанд тайлбарласантай холбоотойгоор Сууц өмчлөгчдийн холбооноос засвар хийгдсэний дараа өөрийн гэрт завсар хийх зардлыг мөн ******* ХХК-д хүсэлт гарган хүлээн авсан, үүнээс хойш 3 жилийн дараа буюу 2021 оноос 287 тоотын оршин суугч Д.*******ын гэрт ус нэвчсэн болох нь Д.*******ын гаргасан тайлбараар тогтоогдсон зэргээс дүгнэхэд хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хариуцлагыг хүлээлгэх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
13. Нэхэмжлэгч ...., Д.******* нар нь ******* ХХК-ийг Барилгын дээвэр дээрх холбооны антены суурийн байгууламжийн суурьлуулалт ХХНбд Монгол Улсын харилцаа холбооны норм ба дүрэм-ийн 6.1, 7.1.1-т зааснаар антен суурилуулахдаа барилгын эзэмшигч, түүний эрх бүхий төлөөллөөс зөвшөөрөл аваагүй холбогдох зохицуулалтыг зөрчсөн нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-т Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар ******* ХХК хохирол учруулсан тул хохирлыг хариуцна гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн боловч дээр дурдсан үндэслэлээр эдгээр байдал нотлогдоогүй байна.
б/ Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн .... дээвэр, дээврийн хонгил, ....адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө, ... холбооны сангийн хөрөнгө, ... холбооны аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого; ... засвар үйлчилгээнд зориулан төвлөрүүлэн хуримтлуулсан мөнгөн хөрөнгө; хамаарахаар заасан, мөн хуулийн 15.3-т Холбооны сангийн хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний болон бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахыг хориглохоор, мөн хуулийн 16.1-т зааснаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгохоор, хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4-т зааснаар Сууц өмчлөгч нь засвар, дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
14. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд холбооны сангийн хөрөнгө, холбооны аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, засвар үйлчилгээнд зориулан төвлөрүүлэн хуримтлуулсан мөнгөн хөрөнгө хамаарахыг зохицуулсан, уг сангийн хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний болон бусад нийтлэг зардалд зарцуулахаар хуульчилсан буюу Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг холбооны хөрөнгөөр гүйцэтгэхээр зохицуулсан, мөн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болохоор тус тус зохицуулсан байх тул дээврийн урсгал засвар, үйлчилгээтэй холбоотой ажил, зардлыг холбогдох зардлыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах үүрэгтэй.
15. СӨХ нь хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд холбогдох дээврийн засварын ажлыг чанарын төвшинд гүйцэтгэсэн эсэх, хэзээ, хэрхэн бусдаар гүйцэтгүүлсэн эсэхийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй байх тул нэхэмжлэгч нарт учруулсан хохирлын шалтгаант холбоог бодитой тогтоох, энэ талаар үнэлэлт, дүгнэлт хийх үндэслэлгүй болохыг дурдав.
16. Түүнчлэн хариуцагч нар нь сэндвичэн барилга барьсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгчид өөрсдийн хууль бус үйлдэхүй, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан гэх үйл баримтыг эс зөвшөөрч маргасан тул зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нарыг гэм хор учруулсан гэж үзэхэд учир дутагдалтай, нөгөө талаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан баримтаар хариуцагч нар гэм хор учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
18. Эдгээр үндэслэлээр хариуцагч ******* ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд нийт 8,666,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...., Д.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
20. Нэхэмжлэгч нар нь сэтгэл санааны хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлд дурдсан боловч сэтгэл санаанд учирсан үр дагавартай холбоотой мөнгөн төлбөрийг нэхэмжлэлээр шаардаагүй бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд тодруулахад тусгайлан шаардлага гаргаагүй талаар тайлбарласан тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл болсныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 4,333,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...., гэм хорын хохиролд 4,333,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнэчимэг, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /84,281+84,281/ 168,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
А.МӨНХЗУЛ