| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0058/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 74
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч У.Солонго,
шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708023580368 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Ань 2017 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаянцагааны 9-332 тоот хашаанд байрлах нийтийн байрны 08 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар О.Ань гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, О.Ань 2017 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаянцагааны 9-332 тоот хашаанд байрлах нийтийн байрны 08 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны байрны урд байрлах нийтийн байрны 08 тоотод Ариунболд бид хоёр ...амьдардаг. 2017 оны 10-р сарын 16-ны 22 цагийн орчим Ариунболд согтчихсон гэрт ороод ирсэн ба Ариунболд охиноо унтуулах гээд байж байтал хоёр хүүхэд унтахгүй байсан. Тэгснээ Ариунболд манай охиныг 00-ийн өрөө авч орсноо 00 дотроос “наад хүүхдүүдээ дарж унтуул” гэж орилоод байсан. Тэгэхээр нь би Ариунболд дээр очоод би “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “манай хүүхдийг унтаагүй байхад гэрэл унтраагаад унтуулдаг л юм байна лээ, би одоо хэнийх нь хүүхэдтэй яаж харьцахаа, би өөрөө мэдэж байна” гээд байсан. Тэгснээ намайг “би чамайг ална шүү” гэснээ миний хацар луу 2-3 удаа алгадаад авсан ба Болорчимэг 00 өрөөнд ирж ирснээ “болиоч” гэж хэлтэл Ариунболд 00-ийн өрөөнөөс гараад өрөөнд очоод гэрэл унтрааж асаагаад байсан ба гэрэл унтрааж асаах болгондоо миний нүүр лүү гараараа алгадаад байсан. Тэгснээ больчихоод манай охин Хонгорзулыг тэврээд сууж байсан. Тэгэхээр нь би очоод “чи одоо болиоч, арай дэндэж байгаа юм биш үү” гэж хэлээд хүүхдээ авах гэтэл надад хүүхэд өгөхгүй булаацалдаж байгаа шалан дээр дэвссэн байсан гудсан дээр хүүхэд унагаачихсан. Тэгсэн чинь манай хүүхэд уйлсан чинь Ариунболд зүгээр гэснээ хүүхэд тэврээд авахаар нь “наад хүүхэд аваад ир” гэж хэлээд очсон чинь “чамайг ална шүү” гээд миний нүүр лүү гараараа 2-3 удаа түлхсэн. Тэгээд бурхны өмнө асаасан байсан зул үлээж унтраахаар нь би “чи болиоч, манай аавын зулыг унтраачихлаа” гэж хэлтэл Ариунболд эргэж хараад миний хацар луу гараа зангидаж байгаад цохиод унагаасан. Тэгснээ миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. ...Удалгуй цагдаа орж ирээд Ариунболдыг аваад явсан ба Болорчимэг цагдаад дуудлага өгсөн байсан. ...Одоо надад годмол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 8-9, 12-13, 66-67х/
Гэрч Х.Хишигтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны ...22 цаг өнгөрч байхад Ариунболд нэмээд архи уучихсан нилээн согтуу орж ирсэн. Тэгээд бид нар унтах гээд ороо засчихсан би орондоо ороод хэвтэж байсан ба Ариунболд хэвтэж байснаа босоод гэрэл унтрааснаа “хүүхдүүдээ дараад унтуул” гэж хэлсэн ба Алтантуяа “хүүхдүүд айчихна, унтах цаг болоогүй байна” гэж хэлсэн. Тэгээд Ариунболд гэрэл асааж унтраагаад байсан. Тэгснээ Ариунболд 00-ийн өрөө рүү орсон ба Аптантуяа орилох чимээ гарсан ба Ариунболд чангаар “өнөөдөр би хэнтэй яаж харьцахаа мэдэж байна” гээд орилсон. Тэгтэл манай эхнэр уурлаад очсон чинь Ариунболд, Алтантуяа, Болорчимэг нар гараад ирсэн. Тэгснээ Аринуболд 00-ийн өрөөнөөс гарч ирээд Алтантуяаг 2-3 удаа алгадсан. ...Ариунболд хүүхдээ газраас аваад тэвэрч байснаа асаасан байсан зулыг Ариунболд үлээгээд унтраачихсан. Тэгээд Аптантуяа уурлаад маргалдаж байтал Ариунболд Алтантуяаг гараараа хацар луу нь цохиод унагаасан. Тэгснээ Ариунболд дээр нь очоод Аптантуяагийн зүүн хөл, гар дээр нь гурван удаа хөлөөрөө дэвссэн. Тэгэхээр нь би Ариунболдыг цааш нь түлхэж холдуулсан. ...Удалгүй цагдаа нар орж ирээд Ариунболдыг аваад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/
Гэрч Г.Болорчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны ...23 цагийн орчим Ариунболд гэр лүүгээ орж ирсэн ба нилээн согтсон байсан. ...Ариунболд, Алтантуяа хоёр хэрэлдсэн. Тэгээд Алтантуяа
Ариунболд хоёр 00-ийн өрөө орсон бөгөөд би араас нь очсон чинь 00-ийн өрөөнд
Ариунболд Алтантуяаг 2 удаа алгадаад авсан. Тэгээд 00-ийн өрөөнөөс гарч ирсэн ба Аринуболд охин Хонгорзулыг тэвэрч зогсож байгаад Алтантуяаг ахиж 2-3
удаа алгадсан. Тэгж байхдаа хүүхдээ газар унагаачихсан бөгөөд би цагдаа дуудах гэж утсаа аваад гараад явсан...” /хх-ийн 16-17х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13135 дүгнэлтэд: “...Б.Агийн биед зүүн хацар, хүзүү, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 24х/
Шүүгдэгч О.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны ...20 цагийн орчимд байх Алтантуяа, Болорчимэг нар нь орж ирсэн. Тэгээд байж байтал Алтантуяа над руу “чи хүүхдэд хоол хийж өгсөн юм уу, согтуу байж байх юм” гээд хэрүүл өдөх гээд байхаар нь би гараад явсан. Би гарч яваад танил ахтай таараад нэмээд 3 шил пиво уусан. Тэгтэл Алтантуяа “хүрээд ир” гээд байхаар нь би буцаад гэртээ очсон. Намайг гэрт ирэхэд Алтантуяа, Болорчимэг, Хишигтогтох нар нь 2 хүүхдийн хамт байж байсан. Тэгээд би унтах гэтэл охин Хонгорзул уйлаад байхаар нь би Алтантуяад “хүүхэд уйлаад байна” аваад хөхүүлээд аргад гэж хэлсэн чинь Алтантуяа надруу “чиний хүүхэд биш чамд ямар хамаатай юм бэ, уйлвал уйлж л байг” гэж хэлж байсан. Тэгээд би тэр үгэн дээрээс нь жаахан бухимдсан ба Алтантуяаг 2 удаа алгадаж авч байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч О.Ань хамтран амьдрагч Б.Агийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №13135 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл, дээрх шинжлэх судлагдсан хохирогч, гэрч нарын “хохирогч Б.Агийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч О.Аын үйлдлээс үүссэн” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр авагдсан бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо гэр бүлийн харилцаатай ба гэр бүлийн таагүй харилцаа, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгч О.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
О.Аын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31х/
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 34х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/-аар тогтоогдлоо.
Хохирогч Б.А нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 66-67х/
Шүүгдэгч О.Аын бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Агийн гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч О.Ань “Морин жолооч” ХХК-д дуудлагын жолооч ажил эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ талаар баримт хавтаст хэрэг авагдаагүй, мөн бусад орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон тул улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой байна.
Шүүгдэгч О.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчигин овогт Оюуны Ариунболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аод 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй О.Ань цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ