Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр                                                  Дугаар 2024/ДШМ/13                                                  Даланзадгад сум

 

П.*******, А.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

         Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор: А.Амгалан                            

        Нарийн бичгийн дарга: Д.Хонгорзул нарыг оролцуулан

        Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.*******, А.******* нарт холбогдох 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч П.*******, А.******* нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм “Дэрэвгэр *******” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө “Истана” маркийн 50-74 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч П.*******, А.******* нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

        Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

        Шүүгдэгч П.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч П.*******, А.******* нарыг өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, А.******* нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, А.******* нараас 61812500 /жаран нэгэн сая найман зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 30906250 /гучин сая есөн зуун зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, А.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Истана” маркийн 50-74 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8000000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай актаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1236.25 /нэг мянга хоёр зуун гучин зургаа зууны хорин тав/ кг дэрэвгэр ******* ургамлын үндсийг шүүгдэгч П.*******, А.******* нарт буцаан хүлээлгэн өгсөн болохыг дурдаж,

         Шүүгдэгч П.*******, А.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч П.*******, А.******* нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо:            

          ...Гэрч Б.*******, Ш. нараас авсан мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаас харахад Мандах нараас авсан” дэрэвгэр, *******” ургамал нь зохих зөвшөөрөлтэй 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэхийг хориглохоос өмнө цаг хугацаанд хууль ёсны дагуу түүж бэлтгэхэд л зохих зөвшөөрөл шаарддаг ба зохих зөвшөөрөлтэй ургамал худалдаж авсан. Хэрэгт авагдсан Байгаль орчин аялал жуулчлалын яамны албан тоотод ”дэрэвгэр, *******” ургамал түүж бэлтгэхэд л зохих зөвшөөрөл шаарддаг ба зохих зөвшөөрөлтэй түүж бэлтгэсэн ургамал цаашид худалдах, хадгалах, тээвэрлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй болохыг тодорхойлсон байхад шүүхээс огт анхаарч үзэлгүй гэм буруутайд тооцон шийдвэрлэсэнд маш гомдолтой байна.

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь тус хэрэгт хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тус ургамлыг түүж бэлтгэсэн “Бэрх цагаан овоо” ХХК байгалын ургамлын төлбөрийг орон нутгийн дансанд төвлөрүүлсэн. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт шүүхэд ирүүлсэн байна.

         Бидний зүгээс байгаль экологид хохирол учруулсан зүйл байхгүй байхад 61812500 төгрөгийн хохирол гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

       Зохих зөвшөөрөлгүйгээр “Истана” маркийн 50-74 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж үзэж тээврийн хэрэгслийн үнэ 8000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн  үүнийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

       Цагаан хад багт, боомтод очиж нүүрсний машинд хийх гэж байсан гэж худал мэдүүлэг өгсөн байна. Миний хүү *******ын ******* нь Хятад улсын Ингоны сургуульд суралцаж байсан. Хүүхдэдээ цүнхтэй нүдсэн борц аар саар боорцог, Солонгос улсын бэлэн гоймон зэрэг 1 том цүнхэнд хийгээд каргогоор өгч явуулах гэж Хайрхан багт очсон.

         Энэхүү үндэс ”дэрэвгэр, *******”-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хүргэж өгөх байсан.

         Иймд анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг өөрчилж хэргийн үнэн зөвийг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

          П.*******, А.******* нар нь ******* гэх хүн нь тээвэрлэх, экспортлох асуудал шийдвэрлэгдэхээр тусгай зөвшөөрөл, бичиг баримтыг араас өгч явуулах байсан гэж мэдүүлдэг боловч гэрч Б.******* нь няцаан үгүйсгэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг бүрэн сэргээн тогтоож, гэмт үйл явдлын эхлэл, өрнөл, төгссөн үйл явцыг шууд болон шууд бусаар нотолж байна.

          Шүүхээс шүүгдэгч П.*******, А.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон.

          “Бэрх Цагаан Овоо” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Б.*******ын нэр дээр байдаг, тусгай зөвшөөрөл авсан хүн нь энэ хүн байдаг. Харин П.*******, А.******* нарын хувьд ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрлөө дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй болох нь тогтоогдож байгаа.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар дэрвэгэр ******* гэх нэршилтэй байгалийн ургамал нь хуульд заасан зохих зөвшөөрөлтэйгөөр, хуульд заасан зорилгоор түүдэг, бэлтгэдэг, худалдаж болох, мөн худалдан авах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах ургамал байдаг бол шүүгдэгч нарт энэхүү зөвшөөрөл олгогдоогүй байсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар ургамлыг хуульд зааснаас өөр зорилгоор бусдаас худалдаж авсан, хадгалсан, өөр зорилгоор тээвэрлэж явсан үйл баримт хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Иймд дээрх баримтуудаар шүүгдэгч нарын гомдол няцаагдаж байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн обьектив талын шинжийн хувьд хэд хэдэн үйлдлийн шинжээр илрэх зохицуулалтай гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл дээрх ургамлыг түүсэн тохиолдолд хохирол, хор уршиг учирсан гэж үзэх, харин бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан тохиолдолд хохирол, хор уршиг учирсан гэж үзэхгүй гэж ялгаж зааглаж зүйлчилсэн зүйл байхгүй. Дээрх үйлдлүүд нь бүгд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжид хамаарахаар хуульчилсан тул байгаль экологид хохирол учирсан гэж үзэж, шүүх дээрх үнийн дүнгээр гэм буруутай хүмүүсээр хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

                    Дэрэвгэр ******* ургамлыг Даланзадгад суманд хүргэх зорилготой байсан гэж гомдолдоо дурддаг боловч тухайн үед Хайрхан багт очсон бол энэ мэдээллээ тухайн үедээ өгөхгүй яагаад машинаас гарч ирсэн ургамлыг нүүрсний машинд нууж, хилээр гаргах гэж байсан гэж тайлбар өгсөн бэ? гэдгийг шүүх анхаарах нь зүйтэй.

Мөн энэ хэрэг олон жил шалгагдаж, шүүхээр удаа дараа хянагдаж байхад яагаад энэ албан тушаалтны үйлдсэн баримт бичгийг шалгуулж, үнэн зөвийг тогтоолгоогүй, ямар нэгэн гомдол гаргахгүй явсан бэ? гэдэгт мөн анхаарал хандуулж өгнө үү.

          Иймд дээрх байдлаар шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг няцаан үгүйсгэж байна. Тиймээс шүүгдэгч нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл нь Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх тухай гэмт хэргийн шинжийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтггэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн борлуулсан” гэж зааснаас дүгнэхэд дээрх гэмт хэргийн шинжид заасан үйлдлүүдийг хийхдээ заавал зохих зөвшөөрлийг авах, хуульд заасан зорилгын хүрээнд байхыг тусгажээ.

Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор байгалийн ховор ургамлын жагсаалтад дэрэвгэр ******* ургамлыг оруулан тогтоожээ.

Шүүгдэгч П.*******, А.******* нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм “Дэрэвгэр *******” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн “Дэрэвгэр ******* гэдэг ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар 5 жилийн хугацаанд түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон байдаг.

Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээгээр нэг кг дэрэвгэр ******* ургамал нь 50000 төгрөг гэж заасан байгаа.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.” /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал/, гэрч Б.*******ын “Би *******, ******* нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэрэвгэр ******* ургамлын үндсийг худалдсан. Анх надаас 1 тн ургамлын үндэс авна гээд 50000000 төгрөгийг миний 5414110962 дансаар минь шилжүүлсэн.

 

П.*******, А.******* нартай дэрэвгэр ******* ургамлын үндсийг хилээр нэвтрүүлж, бичиг баримт бүрдүүлж өгөх талаар тохиролцсон асуудал надад байхгүй. "Бэрх Цагаан овоо" ХХК-ийн тусгай зөвшөөрөл миний нэрээр байдаг.

Би *******, ******* нарт зөвшөөрлөө дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 141 дэх тал/,

Гэрч А.*******ийн “Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сард цайз захаас 10000000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний авто машиныг миний дүү болох ******* нь 04 дүгээр сард надаас гуйгаад ойрхон зуур явчхаад ирье гээд авч явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

Гэрч Ш.ын “Би 2019 оны сарыг нь сайн санахгүй байна 4 билүү 5 сард *******, ******* нар нь нэг хүнээр яриулж байгаад авсан. Тухайн үед цааш нь зарж борлуулна гэж хэлээгүй. Би наадах чинь ховор ургамал хэн дуртайд нь өгдөггүй юм гэж хүртэл хэлж байсан. Би нэг килограммыг 52000 төгрөгөөр 300 орчим килограммыг зарсан санагдаж байна, нийт 15 сая 600 мянган төгрөг болж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 166-168 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай “Дээж шаардлага хангасан тул тодорхойлох боломжтой. Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан (Apiacease Lindley 1836) овгийн Жиргэрүү (Saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр ******* (Saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай (1995, 2004) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №01/90 дугаартай “Ssangyong Istana, 1 ширхэг, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд монгол улсад орж ирсэн 50-74 ******* улсын дугаартай, ногоон өнгөтэй, нийт үнэ 8000000 төгрөг.” гэсэн дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/, мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/, мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

   Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, А.******* нар нь байгалийн ховор ургамал болох дэрэвгэр ******* ургамлыг зохих зөвшөөрөлтэйгөөр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх мэдүүлэг, давж заалдах гомдлыг гаргадаг боловч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, тэдний үйлдлийг  зохих зөвшөөрлийн дагуу, хуульд заасан зорилгын хүрээнд байсан гэж үзэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч П.*******, А.******* нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч П.*******, А.******* нар нь ”Дэрэвгэр, *******” ургамал түүж бэлтгэхэд л зохих зөвшөөрөл шаарддаг ба зохих зөвшөөрөлтэй түүж бэлтгэсэн ургамал цаашид худалдах, хадгалах, тээвэрлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй, бидний зүгээс байгаль экологид хохирол учруулсан зүйл байхгүй,  тээврийн хэрэгслийн үнэ 8000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй,  шүүхийн хууль бус шийдвэрийг өөрчилж хэргийн үнэн зөвийг тогтоож шийдвэрлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

       Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч П.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, А.******* нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

 

        Шүүгдэгч П.*******, А.******* нарын үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд холбогдох эрүүгийн дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.*******, А.******* нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм “Дэрэвгэр *******” ургамлын үндсийг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.”, “Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно гэж хуульчилсан. Шүүгдэгч П.*******, А.******* нар Дэрэвгэр ******* ургамлын үндсийг дээрх хуульд заасан хэрэгцээний дагуу хэрэглэх байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Засаг даргын зохих зөвшөөрөлгүй байсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаас дүгнэхэд анхан шатны шүүхээс гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч нараас байгаль орчинд учруулсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

        Шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

        

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.*******, А.******* нарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

         4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.