2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04506

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19 191/ШШ2025/04506

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ..... дугаар хороо, .....дугаар хороолол, ....байр,...... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... дүүрэг, ..... хороо, ..... гудамж, өөрийн байр хаягт оршин байрлах, ******* ******* сургууль/РД:*******/-д холбогдох,

******* ******* сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, гэрч Д., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу *******-******* 3-р сургуулийн Захиргаа аж ахуй-н менежерийн албан тушаалд ажиллаж байсан боловч тус сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилдааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Уг тушаалын үндэслэлд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно, мөн уг хуулиар байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхээр хуульчилсан, гэж дурдсан байх боловч дээрх үндэслэл нь Захиргаа аж ахуй-н менежерийн албан тушаалд ажиллаж байсан миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход хэрхэн хамаарч буй нь ойлгомжгүй болно. *******-******* сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ...тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг 2022-2023 оны хичээлийн жилд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн ба уг тогтоолын 2 болон 3 дахь заалтаар тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.******* миний биед Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган, бүтээлч ажил өрнүүлж, зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, ...шаардагдах хөрөнгийг төсвийн бус зардалд тусган санхүүжүүлж, зардлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Улмаар Ж.******* нь тус сургуулийн захирлын ажил үүргээ хүлээлгэн өгснөөс хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ******* ******* сургууль байгуулагдсан 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хийх үүрэг хүлээсэн ба дээр дурдсанчлан уг арга хэмжээг сургуулийн Удирдах зөвлөлөөс зохион байгуулахаар шийдвэрлэснээс бус Б/152 дугаар тушаалд үндэслэл болгосон шиг миний бие ойн арга хэмжээг санаачлан санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горим-ыг алдагдуулсан зүйлгүй болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 1.11-д заасан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал байна гэх хугацаа дууссан боловч ийнхүү хугацаа дуусахад ажил олгогчоос гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдээгүй тул гэрээний хугацаа сунгагдсан, дуусаагүй гэж үзэж байна. Гэтэл сургуулийн захирлын Б/152 дугаар тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасныг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Мөн Б/152 дугаар тушаалд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/594 дугаартай албан бичгээр тус сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгогдоогүй, тус сургуулийн удирдах багийн хурлаар 30 жилийн ойтой холбоотой ажлуудыг цуцлах санал гаргасан гэх зэргээр дурджээ. Гэтэл тус сургуулийн Удирдах зөвлөл 2023 онд нэг ч удаа хуралдаагүй бөгөөд ******* ******* сургууль байгуулагдсан 30-н жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах эсэх, бэлтгэл ажил үүргийг цаашид гүйцэтгүүлэх эсэх-ийг эцэслэн шийдвэрлээгүй байхад сургуулийн захирал тушаал гарган Ж.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй болжээ. Иймд *******-******* 3-р сургуулийн Захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Захиргаа аж ахуй-н менежерийн албан тушаалд ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгч 2023.11.17-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан аж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус зохицуулсан. Иймд Ж.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ******* сургуулийг төлөөлж Захирал Б. нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б-375 дугаар овогтой *******г ажилд томилох тухай тушаалаар Ж.*******той хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар Ж.*******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Бидний зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна.

а/ Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ *******-******* 3-р сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ...тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг 2022-2023 оны хичээлийн жилд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн гэх ба тухайн үед сургуулийн захирлаар Ж.******* ажиллаж байсан. Гэвч 2022 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн Боловсрол Шинжлэх Ухааны сайдын Б/72 дугаар тушаалаар Ж.*******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Ингэснээр тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.*******д сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой үүрэг дуусгавар болох юм.

б/ Мөн түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******-******* сургуулийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б. руу 367 дугаар бүхий албан бичиг *******-******* сургууль байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа тул 2023 оны 3-р сард ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх зохих зөвшөөрлийг олгож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг илгээсэн. Харин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1/594 дугаар бүхий албан бичгийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас *******-******* сургуулийн захирал Б. руу "2019 оны 204 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт Байгууллагын тэгш ойг байгуулагдсан өдрөөс хойш 50 болон түүнээс дээш 10 жилийн давтамжтай тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн тухайн байгууллагын удирдлага холбогдох шийдвэр гаргаж тэмдэглэнэ, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн ой тэмдэглэхтэй холбогдон гарах тодорхой зардлуудыг хэмнэхээр тусгасан гэж заасны дагуу 30 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй" гэх агуулга бүхий хариуг хүргүүлсэн. Иймд *******-******* сургуулийн Удирдах багийн зүгээс 2023 оны 01 дугаар сарын 23-ны өдөр "сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" хуралдаж тухайн сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан.

в/ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсэгт Түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэсний дагуу түр хугацаатайгаар буюу 2022 оны 10 дугаар сарын 06-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатайгаар ******* ******* сургуулийг төлөөлж Захирал Б. нь Ж.*******той Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэхдээ тухайн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэгт ******* ******* сургууль байгуулагдсан 30-н жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийх гэж заасан. Ж.*******г Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд түр хугацаатайгаар томилсон шалтгаан нь сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой байсан ба Сүхбаатар дүүргийн ИТХ-аас ирсэн албан бичиг болон сургуулийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу уг 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхээргүй болсон тул Ж.*******той хийсэн түр хугацаатай хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах үндэслэлгүй юм.

г/ Мөн захирал Б. нь олон удаа амаар гэрээг дуусгавар болж байгаа тухай болон цаашид сунгахгүй талаар Ж.*******д сануулсан. Иймд нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийг үндэслэн "ажил олгогчоос гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдээгүй тул гэрээний хугацаа сунгагдсан, дуусаагүй гэж үзэж байна" гэх нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, *******-******* 3-р сургуулийн Захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/152 дугаар тушаал, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, *******-******* сургуулийн Удирдах, зөвлөлийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 68 дугаар шийдвэр, ******* ******* 3-р сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудсан дах нийтлэлийн зураг /канон/, *******ын шинжлэх ухаан, яам, ******* холбооны улсын Боловсролын яам Буриад улсын боловсрол, дууд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд байгуулсан Улаанбаатар хот дахь *******-******* сургуулийн тухай гэрээ монгол болон орос хэл дээр, Орос-*******ын сургуулийн дүрэм, *******-******* сургуулийн удирдах зөвлөлийн дүрэм, 2023.07.19-ний өдрийн 09/3719 тоот хариу өгөх тухай албан бичиг, ******* холбооны улсын яам, ******* улсын шинжлэх ухаан, яамны хооронд Улаанбаатар хотод Орос-*******ын сургууль байгуулах тухай хэлэлцээр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.11.17-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2023.12.04-ний өдрийн Ж.*******гийн гаргасан хүсэлт орос, монгол хэл дээр, 2023.12.04-ний өдрийн тайлбар, эрүүл мэндийн даатгал төлсөн лавлагаа, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.04.22-ны өдрийн А/140 тушаал, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай, ерөнхий Шинэ Эрин, Шинэ Эхлэл, ******* Тэмүүлэл сургуулийн ын удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан *******-******* 3-р сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл, итгэмжлэл, Орос-*******ын сургуулийн 30 жилийн ойд зориулсан ******* ШУСТ-тэй хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчаас: 2023.07.03-ны өдрийн №216 албан бичиг, 2023.06.19-ний өдрийн Б/70 тоот тушаал, ерөнхий сургуулийн захирал, тусгай цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны ээлжийн амралтын хуваарь, 2023.09.01-ний өдрийн №260 албан бичиг, 2023.08.16-ны өдрийн ETILER HASTANESI эмнэлгийн тодорхойлолт, орчуулгын хамт, 2023.09.26-ны өдрийн №302 албан бичиг, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2022.12.22-ны өдрийн №367 албан бичиг, 2022.12.23-ны өдрийн №1/594 хариу хүргүүлэх тухай албан бичиг, менежер ******* *******гийн албан тушаалын тодорхойлолт, 2022.09.07-ны өдрийн Б/72 албан бичиг, 2022.09.19-ний өдрийн А/43 ээлжийн амралтын цалин, тэтгэмж олгох тухай албан бичиг, 2022.10.14-ний өдрийн Б/375 ажилд томилох тухай, 2023.04.17-ны өдрийн №Б/152 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох 2022.10.14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажилтанд танилцуулах баримт бичгүүд, Протокол №6, Хурлын протокол №6, 2022.12.22-ны өдрийн №367 хүсэлт гаргах тухай албан бичиг, 2023.12.25-ны өдрийн Б.ийн тайлбар, Л.ийн тайлбар, 2023.12.25-ны өдрийн Оленкова Н.У тайлбар, А.Ю тайлбар, Н.С тайлбар, 2023.12.25-ны өдрийн Н.С гараар бичсэн тайлбар, Т.Б албан захидал, 2024.12.12-ны өдрийн тодорхойлолт, 2024.12.12-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар: Хурлын протокол №9, Ж.*******гийн 2022.10-р сараас 2023.04 сар дуусталх цалингийн дэлгэрэнгүй карт, ******* ******* сургуулийн зөвлөлийн шийдвэрээр батлагдав, *******-******* сургуулийн багш нарын ажлыг дүгнэх шалгуур ба цалингийн үзүүлэлтийг тогтоох журам, 2022.04.22-ны өдрийн А/140 удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн байгуулах тухай, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан *******-******* 3-р сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл, 2023.01.25-ны өдрийн А/2 бүтэц орон тоо цалингийн санг батлах тухай албан бичиг, *******-******* сургуулийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, удирдлага төлөвлөлтийн бүтэц, 2023 онд ажиллах багш ажилчдын орон тоо, албан тушаал, 2022.01.07-ны өдрийн №А/01 бүтэц орон тоо цалингийн санг батлах тухай албан бичиг , багш ажилчдын орон тооны жагсаалт, 2025.03.07-ны өдрийн 03/510 тоот албан бичиг, нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл, 2025.03.10-ны өдрийн 1/171 тоот албан бичиг, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ******* сургуульд холбогдуулан, ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, энэ шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.******* нь *******-******* сургуулийн Захиргаа аж ахуйн менежер-ийн албан тушаалд ажиллаж байсан боловч үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн хэм хэмжээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй, мөн хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй атлаа ажилтныг үргэлжлүүлэн ажиллаж байхад хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй, мөн сургуулийн Удирдах зөвлөл нь тус сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах эсэх, бэлтгэл ажил үүргийг цаашид гүйцэтгүүлэх эсэх-ийг эцэслэн шийдвэрлээгүй байхад сургуулийн захирал дур мэдэн тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул үндэслэлгүй ажлаас халагдсан гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

 

3. Хариуцагч *******-******* сургууль нь Ж.*******г тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг 2022-2023 онд зохион байгуулах ажлын хүрээнд менежерийн албан тушаалд хугацаатай буюу түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан боловч холбогдох төрийн байгууллагаас сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх үндэслэлгүй тухай хариуг албан бичгээр ирүүлсэн, мөн тус сургуулийн удирдлагын багийн зүгээс 30 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хууль зөрчөөгүй, зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Ж.*******г ******* ******* ерөнхий сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б/375 тушаалаар "... сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах менежерийн албан тушаалд томилон ажиллуулж байгаад, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/152 дугаартай захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-59, 60/

 

5.1. Нэхэмжлэгч нь овогтой *******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ******* ******* ерөнхий сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/152 тушаалыг эс зөвшөөрч, зохигч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримтад маргасан ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй сунгагдсан байхад ажлаас чөлөөлсөн, сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг эрх бүхий этгээд тэмдэглэхгүй байх шийдвэрийг албан ёсоор гаргаагүй байхад үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж гомдлын үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарласан.

 

5.2. Ажил олгогчоос Ж.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааныг ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд түр ажлын байранд томилсон, гэтэл ойн арга хэмжээг тэмдэглэх боломжгүй болсон тул түр ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон буюу дуусгавар болгосон гэж хариуцагч тайлбарласан бөгөөд хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6. Нэхэмжлэгч Ж.*******г ******* ******* ерөнхий сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б/375 тушаалаар "... сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах менежерийн албан тушаалд томилон ажиллуулсантай холбоотойгоор Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

6.1. Талууд Хөдөлмөрийн гэрээний ерөнхий нөхцөлөөр ажилтны харьяалагдах нэгж, албан тушаалыг Захиргаа аж ахуйн менежер гэж, гүйцэтгэх ажил үүргийг ******* ******* сургууль байгуулагдсан 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах гэж, ажлын байрны төрлийг Түр буюу 2022.10.06-ны өдрөөс 2023.01.01-ний өдрийг хүртэл хугацаатай байх-аар тус тус харилцан тохирсон, энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. /хх-61/

 

7. Ж.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно, мөн уг хуулиар байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхээр хуульчилсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/594 дугаартай албан бичгээр тус сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгогдоогүй, тус сургуулийн удирдах багийн хурлаар 30 жилийн ойтой холбоотой ажлуудыг цуцлах санал гаргасан зэрэг үндэслэлийг тус тус удирдлага болгон цаашид хөдөлмөрийн харилцааг сунгах шаардлагагүй болсон ... гэсэн үндэслэлийг тушаалд заажээ.

 

8. Тодруулбал, Сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээ нь албан ёсоор цуцлагдсан эсэх, уг ойн арга хэмжээний хүрээнд ажилд томилогдсон ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь бодитой эсэх нь маргааны гол зүйл болсон бөгөөд Ж.*******гийн гүйцэтгэж байсан ажил, албан тушаалын хувьд сургуулийн ойн арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэв. Тодруулбал,

 

9.1. *******-******* сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №06 тогтоолоор, Сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг 2022-2023 оны хичээлийн жилд тэмдэглэн өнгөрүүлэх-ээр болжээ. /хх-14/

 

9.2. ******* ******* сургуулийн захирал Б. нь сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг 2023 оны 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрлийг хүсэж 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ханджээ. /хх-49, 71/

 

9.3. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/594 дугаартай албан бичгээр холбогдох хариуг өгчээ. Үүнд: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам"-ыг баталсан. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт Байгууллагын тэгш ойг байгуулагдсан өдрөөс хойш 50 болон түүнээс дээш 10 жилийн давтамжтай тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн тухайн байгууллагын удирдлага холбогдох шийдвэр гаргаж тэмдэглэнэ. гэж заасан байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн ой тэмдэглэхтэй холбогдон гарах тодорхой зардлуудыг хэмнэхээр тусгасан. Иймд 30 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй талаар хариуг хүргүүлж байна гэжээ. /хх-50/

 

9.4. 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр болсон Сургуулийн Удирдлагын багийн хурлаар, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/594 дугаартай албан бичгээр 30 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн хариуг ирүүлсэн талаар танилцуулсан, улмаар 30 жилийн ойг тэмдэглэхгүй байх санал гаргасныг Сургуулийн удирдлагын зөвлөл дэмжсэн үйл баримтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Сургуулийн Удирдах зөвлөлөөр аливаа шийдвэр гаргаагүй, Сургуулийн Удирдлагын багийн хурлаар тухайн асуудлыг шийдвэрлэх эрхгүй, үндэслэлгүй гэж маргажээ. /хх-70/

9.5. ******* ******* сургуулийн 30 жилийн ойд зориулсан ******* Шинжлэх ухааны төвтэй хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнөөс үзэхэд 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хугацаанд ойг тэмдэглэхээр төлөвлөгдсөн болох нь тогтоогджээ. /хх198-203/

 

10. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр *******-******* сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №06 тогтоол биелэгдээгүй буюу сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг 2022-2023 оны хичээлийн жилд тэмдэглээгүй, ойн хүрээнд аливаа арга хэмжээг зохион байгуулаагүй болох нь тогтоогджээ.

 

11. Хариуцагч нь тус сургуулийн Удирдах зөвлөлийн дээрх тогтоолын дагуу *******-******* сургууль байгуулагдсаны 30 жилийн ойг 2022-2023 онд тэмдэглэхээр тогтсон, энэхүү арга хэмжээний хүрээнд буюу холбогдох ажил үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор Ж.*******той түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулан ажиллуулж байсан болох нь түүнийг үүрэгт ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

 

11.1. Мөн, ******* ******* ерөнхий сургуулийн захирлын 2022 оны 01 дүгээр 07-ны өдрийн №А/01 тушаал, 2023.01.25-ны өдрийн №А/2 тушаалаар сургуулийн бүтэц орон тоо, цалингийн санг баталсан, байнгын ажлын байранд сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах менежерийн албан тушаал тусгагдаагүй байх тул Ж.*******г хугацаатай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д зааснаар түр ажлын байранд ажиллуулах нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулж байжээ. /хх2-16-22/

 

12. *******-******* сургууль нь Ж.*******г тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх зорилго, ажлын хүрээнд буюу байнгын бус түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээг байгуулан ийнхүү ажиллуулсан, тухайн ойн арга хэмжээг 2023 онд тэмдэглэх боломжгүй нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноор ажилтныг цаашид түр ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй юм.

 

13.1. Харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцан тохирсон хугацаа дуусгавар болсон байхад ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулснаар хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн хуулийн дагуу анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцогдох хууль зүйн үр дагавар үүсжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацаа нь дуусгавар болоогүй байхад гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.

 

13.2. Тодруулбал, *******-******* сургууль нь Ж.*******той байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2022.10.06-ны өдрөөс 2023.01.01-ний өдрийг хүртэл хугацаатай байх-аар буюу нийт 86 хоногийн хугацаатай байхаар тохирчээ.

 

13.3. Энэхүү гэрээний хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгч Ж.******* нь ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан, нөгөө талаас ажил олгогч гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т түр ажлын байранд ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2023.01.01-2023.03.27-ний өдрийг хүртэл дахин 86 хоног сунгагдаж, улмаар 2023.03.28-2023.06.22-ны өдрийг хүртэл дахин 86 хоногоор тус тус нийт 2 удаа сунгагджээ.

 

13.4. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байх хугацаанд ажилтантай хэлэлцэн тохирохгүйгээр хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасан хэм хэмжээнд нийцээгүй байх тул хөдөлмөрийн гэрээ сунгагдсан хугацаанд ногдох цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчид олговол зохино.

 

14. Ажил олгогч нь Ж.*******той 86 хоногийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч уг хугацаа дуусгавар болоход гэрээг цуцлаагүй үргэлжлүүлэн ажиллуулж байсан, хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар 2 удаа сунгагдан үргэлжилж байх явцад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байх тул ажлаас чөлөөлсөн хугацаанаас хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацааг дуусгавар болох хүртэлх хугацааны олговрыг тооцон ажил олгогчоос гаргуулах үндэстэй байна.

 

а/ Нэхэмжлэгч Ж.*******гийн хөдөлмөрийн гэрээ нь 2023.03.28-2023.06.22-ны өдрийг хүртэл сунгагдсан байхад ажил олгогч 2023.04.17-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход 66 хоног, харин ажлын 47 хоног дутуу байжээ.

 

б/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.1.2.-т ажилтны нэг өдрийн аж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тодорхойлно гэж тус тус заасны дагуу Ж.*******гийн ажиллаж байсан нэг сарын аж цалин хөлс нь 11,360,943 төгрөг, сүүлийн 3 сарын ажлын өдөр нь нийт 65 хоног, /11,360,943х3=34,082,829/, /34,082,829:65=524,351/ нэг өдрийн аж цалин хөлс нь 524,351 төгрөг болно.

 

15. Нэхэмжлэгч Ж.*******гийн хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацаа дуусгавар болох хүртэл 2023.04.18-2023.06.22-ны өдрийг хүртэл нийт ажлын 47 хоног байх тул /524,351х47/ буюу 24,644,497 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгохоор шийдвэрлэв.

 

16. Хөдөлмөрийн гэрээний хугацаа хуульд зааснаар байгуулагдсан хугацаагаар сунгагдаж, улмаар 2023.06.22-ны өдрөөр дуусгавар болсон байх тул ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу Ж.*******гийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд ногдох 2023.04.18-2023.06.22-ны өдрийг хүртэл нийт 47 хоногийн цалин, хөлсөнд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

18. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* ******* 3 дугаар сургуулийг хариуцагчаар тодорхойлсон боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны нэр нь ******* ******* сургууль гэж бүртгэгдсэн байх тул энэхүү нэрийн хүрээнд хариуцагчийг тодорхойлж шүүхийн шийдвэрт залруулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 50 дугаар зүйлийн 50.3, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* 24,644,497 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгож, энэхүү олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, ******* ******* сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* 281,172 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

ё