2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04592

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04592

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,

 

Барилга хоорондыг зайг 5 метр болгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даваацэрэн овогтой ******* миний бие нь өөрийн гэр бүлийн хамт 2007 оноос тоотод амьдарч байгаа бөгөөд 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч энэхүү газрыг хууль ёсны өмчлөгч болсон. Мөн энэхүү хаяг дээр 2011 оны үл хөдлөх барьж үл хөдлөхийн гэрчилгээтэй болсон болно.

Манай хашааны чанх урд талд байрлах тоотыг Батбаяр овогтой ******* нь эзэмшдэг бөгөөд 2023 оны 5 дугаар сараас манай үл хөдлөхийн яг хажууд нь барилгын ажил эхлүүлэх болсон. Бид тэр даруйд дүүргийн Засаг тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн онцгой байдлын газар гэх мэт төрийн эрх бүхий байгууллагад манай эрхийг зөрчиж, нарны тусгал хааж, барилга барьж байна гэсэн гомдлыг гаргасан болно. Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтээр . . . иргэн Б.*******гийн барьж байгаа хувийн орон сууц, граж нь барилгын хана хүртэл 1.12 метр байгаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20230421/019 дугаарын тусгай зөвшөөрөлтэй ХХК-ийн хяналтын хэмжилтийн зургаар тогтоогдсон байна. Энэ нь Хот, Тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм -ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг зөрчсөн байна" гэж тогтоосон болно. Гэсэн хэдий ч хариуцагч тал төрийн байгууллагын хууль ёсны шийдвэр, шаардлагыг үл биелүүлж өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөө барьж дуусгасан.

Хариуцагч нь шинээр үл хөдлөх барихдаа манай байрны ертөнцийн зүгээр чанх урд талыг бүхэлд нь хааж тагласан буюу миний өмчлөлийн байрны нарны гэрэлтүүлэг тусах талыг хаасан байдалтай, хариуцагч талаас галын аюул гарвал манай байр бүхэлдээ галд өртөх эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна. Ингэснээр хариуцагч нь тус газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх мөн зүйлийн 16.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх-ийг тус тус зөрчиж байна. "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь нарны шууд тусгалтай холбоотой бөгөөд нарны шууд тусгал нь хүний эрүүл мэнд, физиологийн хувьд өндөр ач холбогдолтой, нян бактери устгах үйлдэлтэй, дулааны болон гэрлийн эерэг нөлөөтэй, сэтгэл санааг сэргээх, тайвшруулах тааламжит үйлчилгээтэй байгалийн чухал хүчин зүйл юм. Нарны шууд тусгал нь хомсодвол сэтгэл гутрах, өвчин эмгэг амархан тусах, өөрөө тасалгаа жиндэх, чийгтэх, байгалийн гэрэлтүүлэг дутагдах сөрөг үр нөлөөтэй. Иймд нарны шууд тусгал тусдаг байх нь эрүүл ахуйн чухал шаардлага болох учир Нар харах эрх-ийг шууд бусаар хуулиудад хуульчилсан байдаг. Жишээлбэл, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт "хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, мөн зүйлийн 9.1.4 дэх хэсэгт "зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын нөхцөл байдлыг алдагдуулаагүй байх, мөн Барилгын норм ба дүрмийн 23-01-07-ийн 3.1-д "нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгааны нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана" гэсэн шаардлагуудыг хуульчилжээ.

Ийм учир энэ нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх өөрөө нар харах эрх багтдаг юм.

Нөгөө талаас "үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх" нь өмчлөлд байгаа эд хөрөнгөө зориулалтын дагуу чөлөөтэй захиран зарцуулах, ашиглах, үүний үр дүн үр шимийг нь хүртэхтэй холбоотой ойлголт. Үл хөдлөх хөрөнгийн нэг талын цонхыг таглаж, хааснаар үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, өмчлөх эрх маань шууд зөрчигдөж байгаа нэг хэлбэр. Ийм учир иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй /цаашид "сервитут" гэх/ өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах" гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус онцгой эрхийг нь хуульчилсан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд иргэний хэрэг үүсэхээр хуульчилсан болно. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж, мөн зүйлийн 134.2 дахь хэсэгт хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан нь хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч 2 талынхаа эрхийг хүндэтгэх үүргийг хуульчилсан.

Энэ хүрээнд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 135.4 барилга, байгууламж газрын тогтоосон өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эртэй" гэж, мөн зүйлийн 135.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 135.3-т заасан барилга байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу Эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах Буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан нь хөрш залгаа газар зэмшигч, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал тус арилгыг буулгах, зайлуулахыг шаардах эрхийг олгосон байна.

Иргэн, хариуцагч Батбаяр овогтой ******* нь миний үл хөдлөх эд хөрөнгийн чанх урд үл хөдлөх эд хөрөнгө барьснаар өмчлөгчийн дээр дурдсан хууль ёсны эрх ашгийг илтэд харшилсан үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ.

Иймд хариуцагчийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг Хот, Тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм -ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу нийцүүлж, барилга хоорондын зайг 15 метр болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байнаНэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгаж байнаГалын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6.8 дах хэсэгт Гэр байшин, гэр хоорондын зай 5м-ээс дээш байна гэж заасны дагуу нийцүүлж, барилга хоорондын зайг 5 метр болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Д.Гантулгын өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгт хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс галын улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой дүгнэлт гаргасан гэж байна. Галын аюулгүй байлдын дүрмийн 1.1 Аюулгүй байдлын 6 дугаар бүлэгт хариуцагч тал хамгийн багадаа 5 метрийн зай байх гэж заасан байгаа. Нэхэмжлэгч өөрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Барилга хоорондын зай 1.40 гэж харагдаж байна. Хуулбар зургаас харагдаж байгаа. Бодит байдал дээр Нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Өмнөх барилга хууль бус байлаа гээд шаардах эрх хязгаарлах үндэслэл болохгүй. гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.өөс  тоотыг худалдан авч хууль ёсны эзэмшигч болсон нь үнэн болно. Тухайн үед Д. нь арын айл болох  тоотод амьдардаг иргэн Д.*******тай төрсөн ах дүүгийн харилцаатай зэргэлдээ нийтийн байр түрээслүүлж амьдардаг мөн манай ахын байраар газар нь тусгаарлагдана хэмээн зарсан. Тухайн үед би кадастрын зураг, гэрчилгээ мөн хэмжилт хийсний дараагаар Д.өөс худалдан авсан. Анх худалдаж авахдаа амьдрах зориулалтаар авч байсан боловч эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас ашиглах зориулалтыг өөрчилсөн. Баруун талын хашаанд зэс, гууль, төмөрлөгийн үйл ажиллагаа явуулдаг, нийтийн байртай учраас согтуу хөлчүү хүмүүс ихтэй, ийм учраас ашиглах зориулалтыг өөрчилж агуулах болгосон. Тухайн үед худалдагч тал болох иргэн өөс худалдан авалт хийхдээ уг хаягт байрлах 2 давхар байшинг нурааж өөр байшин барих нь үнэн болно гэсэн нотариатаар баталгаажуулж гарын үсэг зуралцсан.

Ингээд 2023 оны 5р сард хуучин 2 давхарыг нурааж 6 сард хамар хашааны айлын зөвшөөрлийг авч хашаанд нь барилгын материалаа буулгаж барилгын ажил эхэлсэн. Тухайн үед Д.*******тай тохиролцох гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Мөн иргэн Д.******* нь өргөдөлдөө нар үзэгдэхгүй гэсэн байна. Хуучин 2 давхар байшинг нураахаас өмнө хоёр нийтийн байшингийн хоорондын зай нь 60см байсан. Уг зайг 1м40см болгож барилгын ажлаа явуулсан. Бид айлын цонх цуургыг хааж ямар нэг хана, хаалт хашаа босгоогүй, айлын эзэмшлийн газарт 1см ч ороогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага дээрх 30-01-04-ийн 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу барилга хоорондын зайг 15 метр болгох боломжгүй гэж үзэж байна. Анх нэг айлын газрыг 2 хувааж зарсан учраас хоорондын зайг 15 метр болгох боломжгүй.

Мөн агуулахдаа хүний биед сөрөг нөлөөтэй бодис, барилгын хүнд металл, оохор цемент, элс, шохой зэрэг материал агуулаагүй болно. Барилга хоорондын зайг 5 метр болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

Хариуцагч Б.*******гийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар галын норм дүрэм авагдсан. Галын байцаагчаас хуульд үндэслэж хандсан. Энэ асуудлыг дахин нотлох шаардлагагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байсан хэрэг гомдол гаргах хугацаа дуусаад архив руу шилжсэн. Өмнөх хашаандаа багтаагаад л барьсан. Гэрчилгээг гаргаагүй учраас тайлбарлах боломжгүй. Үзлэгийн тэмдэглэл буюу 197 дугаар хуудаст одоо байгаа байр өмнө барьсан байр харагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-ээр хэрэгсэхгүй болгож өгнө үү эсвэл, 115.2.3-т зааснаар шийдвэрлэж өгнө үү. Манайх хөршийн эрхэд халдсан зүйл байхгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/640 дугаартай албан бичиг, зураг/1 хх 39/, Д.*******, Х. нарын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Гантулгын дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Гантулгын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Фото зураг/1 хх 180/, Нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг,

Хариуцагч талын баримтаар гаргасан Б.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, зураг/1 хх 51, 54, 55/, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Д.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.ийн дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.ийн тодорхойлолтын хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0114 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, У. иргэний үнэмлэхийн хуулбар, Д., У.Анхбаяр нарын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******гийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******гийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай захирамжийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/271 дугаартай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийдвэр, Б.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны мөнгөн шилжүүлгийн баримт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/270 дугаартай албан бичгийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийг хөтлөх, эмхэтгэх тухай баримтын хуулбар, Баталгааны хуудсын хуулбар, Б.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны 2022.05.06-2022.05.09 хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.ын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтийн хуулбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2/1367 дугаартай албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/1585 дугаартай албан бичиг,  тоот газруудын кадастрын сансрын зургийн хуулбар, Хяналт шалгалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/273 дугаартай албан бичгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.*******д холбогдуулан барилга хоорондын зайг 5/тав/ метр болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь бид айлын цонх цуургыг хааж ямар нэг хана, хаалт хашаа босгоогүй, айлын эзэмшлийн газарт 1 см ч ороогүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь  тоотод хувийн сууцны зориулалттай 120 м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгч болох нь дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөн хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 214 м.кв талбайтай газрын өмчлөгч болох нь дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь  тоот хаягт байршилтай, 214 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч болох нь дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь уг хаягт байршилтай байсан хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн 112.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, тус газарт олон давхаргат хавтан/сэндвич хавтан/ ашиглан агуулахын зориулалттай барилга барьсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч тус олон давхаргат хавтан/сэндвич хавтан/ ашиглан барьсан барилгын өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нь олон давхаргат хавтан/сэндвич хавтан/ ашиглан барьсан барилгын өмчлөгч гэж тооцогдоно.

 

Нэхэмжлэгч нь Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм-ийн 6-ийн 6.8 дахь хэсэгт нийцүүлж барилга хоорондын зайг 5/тав/ метр болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн  тоотод байрлах газар нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эд хөрөнгө болох нь тус гаруудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хамтран өмчилж байгаа  тоотод байршилтай 120 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон  тоотод байршилтай олон давхаргат хавтан/сэндвич хавтан/ ашиглан барьсан барилга хоорондын зай 1.12 метр болох нь эм стар геод ХХК-ийн хэмжилтээр тогтоогджээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 339 дугаар тогтоолын хавсралтаар "Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм"-ийг баталжээ.

 

Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6-д суурин газарт баримтлах аюулгүй байдлын шаардлага, 6.8-д гэр байшин, гэр хоорондын зай 5мээс дээш байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6-ийн 6.8 дах хэсгийг үндэслэж барилга хоорондын зайг 5/тав/ метр болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж байх боловч тус дүрмийн 6-ийн 6.8 дах хэсэг нь гэр байшин, гэр хоорондын зай 5/тав/ метрээс дээш байх хэмжээг зохицуулсан хэм хэмжээний акт байна.

 

Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6-ийн 6.8 дах хэсэгт зааснаар тус актын холбогдох заалтыг барилга хоорондын зайг зохицуулахад хэрэглэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гантулгын хариуцагч Б.*******д барилга хоорондын зайг 5 метр болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гантулгын хариуцагч Б.*******д барилга хоорондын зайг 5 метр болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ