| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2021/00376/И |
| Дугаар | 210/МА2021/01276 |
| Огноо | 2021-08-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2021/01276
| 2021 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2021/01276 |
Л.С-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01748 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардалд 76 490 900 төгрөг гаргуулах, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б-тай 2004 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Сан-Франциско хотод танилцсан. Тухайн ондоо үерхэж, дотносон улмаар хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин С.Х, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин С.Ц нар мэндэлсэн. Миний бие АНУ-д хоёр дахь охиноо тээж байх хугацаандаа хорт хавдар өвчтэй гэдгээ мэдсэн. Хоёр дахь хүүхдийг төрмөгц Иллиноис мужийн хавдар судлалын тасагт шилжин эмнэлгийн тусламж авч эхэлсэн. Тухайн үед АНУ-д нийгмийг хамарсан ажилгүйдэл үүссэн байсан тул санхүүгийн хүндрэл бэрхшээл бий болж, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 2 охиноо эцэг Г.Б-тай хамт Монгол руу буцаахаар ярилцаж 2009 оны 6 дугаар сард Монгол руу явуулсан. Харин миний бие эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэхээр шийдэж, 2012 оны өвөл засал хийлгүүлсэн. Г.Б- болон 2 охин маань миний эх А.Дэмбэрэлийн орон сууцанд эхийн хамтаар амьдарч эхэлсэн. Тухайн үед Г.Б- ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогын эх үүсвэргүй байсан учир миний эх А.Дэмбэрэлийн тэтгэврээр ахуйн хэрэгцээний зүйлээ хангадаг байсан. 2 охиндоо халамж анхаарал муу тавьдаг байсан. 2009 оны 9 дүгээр сард хоёр охиноо эхэд үлдээгээд явсан. Охид маань хэдийгээр эрүүл саруул өсөн бойжиж байгаа ч өсвөр нас хүртлээ эцгийн хайр халамжийг бүрэн эдэлж чадаагүй. Өсвөр насны хүүхдүүдийн амьжиргааны зардал, тэдний сурч хөгжихөд хэрэгцээтэй сургуулийн төлбөр, дугуйлангийн төлбөр гэх мэт зардалд өрх толгойлсон эх миний орлого хүрэлцэхгүй байна. Г.Б-аас тэтгэлэг тогтоолгуулах хүсэлтэй байна.
Миний бие 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Б-тай уулзаж цаашид хоёр охиноо хэрхэн өсгөж, хүмүүжүүлэх, хүүхдийн боловсрол, хэрэгцээт зардлын талаар ярилцаж зөвшилцсөн. Улмаар хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, Г.Б-ын зүгээс охин тус бүрт cap бүр 500 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймээс охин С.Хд 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх тэжээн тэтгэх зардал болох 36 000 000 төгрөг, С.Цт 2009 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх тэжээн тэтгэх зардал болох 36 000 000 төгрөгийг тус тус Г.Б-аас гаргуулах, цаашид дээр дурдсан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоох хүсэлтэй байна. С.Х, С.Ц нарыг суралцахтай нь холбогдуулан нийт 8 981 800 төгрөгийн зардал гарсан. Үүний 50 хувь буюу 4 490 900 төгрөгийг Г.Б-аас гаргуулна. Сар бүр 500 000 төгрөгийг төлөхгүй, гар бичмэл бичсэн боловч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол татгалзлаа нотолсон ямар нэгэн баримт байхгүй, энэ баримтыг үгүйсгэсэн үндэслэлтэй тайлбар гаргаагүй. Иймд Г.Б-аас 76 490 900 төгрөгийг гаргуулж С.Х, С.Ц нарт олгож, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ц, С.Х нар нь миний төрсөн охидууд бөгөөд Г.Хулан нь 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн одоо 15 настай, охин Г.Цэлмэг 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн одоо 13 настай. Л.С-гийн нэхэмжлэлд бичсэн зүйл үндэслэлгүй. Л.С-тай 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод танилцаж хамт амьдарч байхад тэрээр төрсөн эгч Л.Сансартайгаа нийлж ... чи Монголд очиж ажилла, Л.Сансар эгч Тэрэлжид Солонгосын хөрөнгө оруулалттай 200 м.кв газар амралтын газар байгуулсан. Тэрэнд очиж менежер хий, ажил чинь бэлэн, би эндээс хөрөнгө оруулалт хийе, чи хүүхдүүдтэйгээ эхлээд очиж бай... гэсэн тул Монгол улсад буцаж ирсэн. Л.С-гийн гэрт охидын хамт байсан боловч хэсэг хугацааны дараа хадам эхийн зан авир өөрчлөгдөж гэрээсээ хөөсөн. Л.С- нь намайг Монгол руу явсаны дараа өөр хүнтэй суусан. Тэр хүнтэйгээ суух гэж намайг Монголд ирүүлсэн. Миний бие өөрийн эхээрээ охидуудаа эргүүлж байсан. Л.С- нь охидуудыг минь миний зөвшөөрөлгүй өөрөөрөө овоглосон байсан. Нэхэмжлэгч гэдэг нь эрх зүйн чадамжтай байх ёстой. Нэхэмжлэгч С.Х, С.Ц нар 13, 15 настай охидууд. Хоёр хүүхдийн эрх зүйн чадамж бүрэн авагдаагүй. Эх нь нэхэмжлэл бичсэн гэж байгаа боловч С.Х, С.Ц нарын өөрсдийнх нь хүсэл зориг байна уу гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдаагүй байна. Нэхэмжлэгч С.Ц, С.Х нар болохоос нэхэмжлэгч Л.С- гэж байхгүй. Хоёр хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь үнэн, үүнийг ойлгож байна. Нэхэмжлэлийн 76 990 900 төгрөг хангагдах боломжгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт, тодорхойлолтод Бадрал овогтой Хулан, Бадрал овогтой Цэлмэг гэж гэж бичигдсэн байна. Өмнө нь шүүхээр явж байсан асуудал яригдаж байгаа. Тийм учраас өмнө нь Бадрал овогтой Хулан, Бадрал овогтой Цэлмэг нараас шүүхэд нэхэмжлэл гаргасан байх үндэслэлтэй гэж харагдаж байна. Баянзүрх дүүргийн шүүхэд Сарантуяа овогтой Хулан, Сарантуяа овогтой Цэлмэг нэхэмжлэл гаргаж байгаа. Магадгүй өөр дүүргийн шүүх дээр Бадрал овогтой гээд нэхэмжлэл гаргаж урьд нь шийдвэрлэгдсэн байх үндэслэлтэй.Г.Б- өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч байгаа учраас тэтгэлэг төлөх нь зайлшгүй. Харин 76 490 900 төгрөгийн төлөх үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Ганбаатарын Бадрал /Регистрийн дугаар УЖ77082213/-аас 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Боржигон овогт Сарантуяагийн Хулан /Регистрийн дугаар ЩГ06252200/, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Боржигон овогт Сарантуяагийн Хулан /Регистрийн дугаар ЩГ08302201/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлж,
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас 4 490 900 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас 72 000 000 /далан хоёр сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Л.С-, Г.Б- нар өөрийн хөрөнгөгүй байсан тул Г.Б- нь хоёр охины хамт Л.С-гийн эх А.Дэмбэрэлийнд амьдарч байгаад хоёр хүүхдээ орхиж явсан. Шүүх ... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Г.Б-ын бичсэн гэх уг баримт нь хуульд заасан тэжээн тэтгэх гэрээнд тавигдах шаардлагыг хангахгүй байх тул тухайн баримтыг үндэслэн хариуцагчаас 72 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй... гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Б- 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ... зориулж төрсөн наснаас нь эхлэн 18 нас хүртэл нь хоёр хүүхдэд тус бүр 500 000 төгрөг төлнө ... гэж бичсэн. Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт ... талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.. гэж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т ... гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан... гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар... гэж заасан. Тухайн нөхцөл байдлын хувьд 2012 онд Л.С- нь Америкийн нэгдсэн улсад байсан учир Г.Б-ын гар бичмэлд гарын үсэг зурах боломжгүй байсан. Г.Б- нь С.Ц, С.Х нарт сар бүр 500 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Гэтэл Г.Б- нь тэтгэлэг өгөх талаар бичиж өгсөн, уг баримтаа хуульд заасны дагуу няцаагаагүй байхад шүүх үнэлээгүй.
Мөн шүүхийн шийдвэрт хоёр удаа ... Хулан... гэж бичсэн бөгөөд С.Цийн талаар дурдаагүй. Хүслэн гэж маргааны зүйлд хамааралгүй хүний нэрийг бичсэн нь утга агуулгын хувьд алдаатай дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт .. 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Боржигон овогт Сарантуяагийн Хулан (РД:ЩГ06252200), 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Сарантуяагийн Хулан (РД:ЩГ08302201) нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэтгүүлсүгэй гэж шийдвэрлэсэн нь утга, агуулга найруулгын хувьд илэрхий алдаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин шийдвэрийн тогтоох хэсэгт С.Цийн нэрний оронд С.Хгийн нэрийг бичсэнийг залруулж өөрчлөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.С- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан С.Ц, С.Х нарыг тэжээн тэтгэх зардалд 72 000 000 төгрөг, мөн тэдний суралцахтай холбогдон гарсан зардал 8 981 800 төгрөгийн 50 хувь 4 490 900 төгрөг, нийт 76 490 900 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Л.С- болон Г.Б- нарын дундаас 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Боржигон овогт Сарантуяагийн Хулан, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Боржигон овогт Сарантуяагийн Цэлмэг нар төрсөн болох нь талуудын тайлбар болон тэдний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-15/
Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна гэж заасан. С.Х 15 настай, С.Ц нь 13 настай тул эрх зүйн бүрэн бус чадамжтай гэж үзнэ. Иймд Л.С- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар тэднийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
С.Х, С.Ц нар эх Л.С-гийн асрамжид өсөж хүмүүжиж байгаа, Сакура бүрэн дунд сургуульд суралцаж байгаа нь тус сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. /хх-12/
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцагчаас гаргуулахаар зохицуулсан. Нэхэмжлэгч Л.С- нь С.Х, С.Ц нарыг суралцахтай холбоотой 8 981 800 төгрөгийн гарсан зардал гэж түүний 50 хувь болох 4 490 900 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Хэргийн 63-101 дүгээр талд авагдсан баримтаар 14 402 500 төгрөгийн нэмэлт зардал гарсан болох нь тогтоодсон ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээнд 4 490 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч Г.Б- 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн баримт тодорхойлолтод ...Бадрал овогтой Цэлмэг, мөн Бадрал овогтой Хулан нарт зориулж төрсөн наснаас нь эхлэн 18 нас хүртэл сар болгон 500 000 төгрөг өгнө... гэж бичснийг үндэслэн нэхэмжлэгч мөн өдрөөс шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэмжид хүүхэд тус бүрт 36 000 000 төгрөгөөр тооцож хариуцагч Г.Б-аас нийт 72 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. /хх-34/
Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар 45.1 дэх хэсэгт Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасан тул Г.Б-ын бичсэн дээрх баримт тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Л.С-, хариуцагч Г.Б- нар охин С.Х, С.Ц нарыг тэжээн тэтгэх талаар гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр хариуцагч Г.Б-аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, тэжээн тэтгэхтэй холбоотой гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хуульд заасан тул Г.Б-ын бичсэн Баримт тодорхойлолт гэх бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч Г.Б-аас 72 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.С-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Хүслэн гэснийг Хулан гэж, мөн тогтоох хэсэгт 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Боржигон овогт Сарантуяагийн Хулан /Регистрийн дугаар ЩГ08302201/ гэснийг 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Боржигон овогт Сарантуяагийн Цэлмэг /Регистрийн дугаар ЩГ08302201/ гэж өөрчлөх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Боржигон овогт Сарантуяагийн Хулан... гэснийг ... 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Боржигон овогт Сарантуяагийн Цэлмэг... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 517 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.БАЙГАЛМАА