Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 228

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Б.Дэлгэрмаа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Даваадорж, түүний өмгөөлөгч Р.Даваадорж, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

            шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1803000010060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Д.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Малчин төвийн урд замд Mitsubishi Fuso маркийн 98-84 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-т заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас О.Баянмөнхийн жолоодож явсан Hyundai Sonata маркийн 59-18 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл, 

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Малчин төвийн урд замд Mitsubishi Fuso маркийн 98-84 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-т заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас О.Баянмөнхийн жолоодож явсан Hyundai Sonata маркийн 59-18 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч О.Баянмөнхийн жолоодож явсан Hyundai Sonata маркийн 59-18 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.890.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Т.Баттулгын эзэмшлийн Mitsubishi Fuso маркийн 98-84 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 982.500 төгрөгийн  хохирол тус тус учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх-ийн 8-14х/

 

Хохирогч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот орохоор 17:30 цагт Дархан хотоос зах дээрээс Х.Соната-6 маркийн автомашинд Бурмаа, Лувсаншарав, Сэлэнгэ нарын хамт суугаад явсан. Би машины урд суугаад сандалны түшлэг налаад сууж явсан. Улаанбаатар хот руу ирж явсан. Нэг мэдэхэд түс хийгээд явсан. Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн. Би осол яаж болсныг мэдэхгүй байна. Зовиуртай хэвтэрт байна. Жолоочийг танихгүй. Машин хэр хурдтай явсныг мэдэхгүй байна. Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Миний чих хатуу, сонсгол муу, Улаанбаатар хот руу очиж чадахгүй учир итгэмжлэх хийж өгнө. Хөл хугарсан гар өвчтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №150 дүгнэлтэд “...Х.Бын биед баруун дунд чөмөг ясны хүзүү хэсгийн битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Х.Бд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 73х/

 

Хохирогчийг төлөөлөх тухай итгэмжлэл /хх-ийн 28х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сууж явсан машины жолоочоос 400,000 гаруй төгрөг өгсөн байгаа. Ер нь цаашид их мөнгө төгрөг эмчилгээнд зарцуулах гээд байна. Буруутай жолоочоос эмчилгээний мөнгө төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Манай ээж нэг хөл нь хугарсан байсан. Нөгөө хөл нь эдгэж байсан ч сэдэрсэн. Өмнө нь гэр орондоо чөлөөтэй явдаг байсан. Энэ хэргийн улмаас нөгөө хөл нь бэртээд хэвтрийн байдалд орсон. Зөвхөн 2 гар нь хөдөлдөг хэмжээнд очсон. Бид анхнаасаа хохирлын баримтуудыг цуглуулаагүй. Эмчилгээнд зардал их гардаг юм байна. Ээжийг үений хагалгаанд орох шаардлагатай гэж гэмтлийн эмнэлгийн эмч хэлсэн. Уг хагалгааны зардал нь 9.000.000 төгрөг гэсэн. Гэхдээ хөнгөлөлтөнд хамрагдаад 3.000.000 орчим төгрөгөнд хийж болно гэсэн. Иймд цаашид гарах эмчилгээний зардал гэж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Замын Цагдаагийн албаны шинжээчийн №19 дүгнэлтэд: “...Х.Соната-6 маркийн 59-18 ДАХ дугаартай автомашины жолооч О.Баянмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. 98-84 УНЦ дугаартай М.Рисо маркийн, 52-73 ТЧ дугаартай чиргүүлтэй автомашины жолооч Д.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.10. “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 104х/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд Д.Ч миний эзэмшлийн Миц Фусо маркийн 98-84 УНЦ дугаартай, 52-73 ТЧ дугаартай чиргүүлтэй автомашиныг жолоодоод бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суух нэг айлд өвс буулгаад төв зам руугаа ороод баруунаас зүүн тийшээгээ явж байгаад 2 дугаар эгнээнд орж буцаж эргэхээр болоод зүүн гар тийшээгээ дохиогоо өгөөд Малчин төвийн урд замын эргэх уулзвараар зөөлөн эргэж байхад зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явсан машин 3 дугаар эгнээгээр хурдтай орж ирээд миний машины зүүн банк хэсэгт мөргөсөн. Машинд Чинзориг бид хоёр явсан. Машины урд сандалд нэг эмээ гэмтэж бэртсэн байдалтай байхаар нь цагдаа түргэн дуудсан. Мөргөсөн машинд жолоочтой нийлээд 5 хүн байсан. Эмээ хамгаалах бүс зүүгээгүй явсан. Жолооч бас хамгаалах бүс зүүгээгүй явсан. Мөргөсөн машины жолооч 30-40 орчим насны залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х/

 

                     Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд: “...Mitsubish Fuso маркийн автомашинд шууд зардал – 937.500 төгрөг, шууд бус зардал 45.000 төгрөг, нийт 982.500 төгрөг...” гэжээ. /хх-ийн 98х/

 

Иргэний нэхэмжлэгч О.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-уул аймгийн зах дээрээс 3 эмэгтэй, 1 эрэгтэй зорчигч аваад би өөрийнхөө эзэмшлийн 59-18 ДАХ дугаартай Х.Соната-6 маркийн автомашиныг жолоодоод Улаанбаатар хот орохоор хөдөлж явсан машины жолоочийн хажуу талын урд сандалд 80 орчим насны эгч суугаад бусад нь арын сандалд сууж явсан. Орой 20 цагийн орчимд Улаанбаатар хотын хуучин 22-ын товчоо өнгөрөөд Малчин төвийн урд замаар 3 дугаар эгнээгээр 50-60 орчим км/цаг-ийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ ойрын гэрэл дээрээ явж байтал миний 2 дугаар эгнээнд явж байсан ачааны чиргүүлтэй автомашин гэнэт зүүн гар тийшээгээ буюу миний урдуур дохио өгөлгүй эргээд ороод ирэхээр нь би шууд тоормос гишгээд л нөгөө машины зүүн хажуу талаас очиж мөргөөд зогссон. Урд сууж явсан эгч бид хоёр хамгаалах бүсээ зүүсэн явсан. Би машинаас буугаад эмээ дээр явж очиход ёолоод байхаар нь машинаас буулгалгүй шууд түргэн дуудсан. Ард явсан 3 хүн машинаас буусан. Тэгээд түргэн ирээд гэмтсэн эмээг аваад явсан. Нөгөө машинд хоёр ах явсан. Архи уугаагүй эрүүл явсан. Хэмжилт хийхэд би байсан. Миний биед гэмтэл учраагүй. ...Зам хуурай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замаар машины хөдөлгөөн дунд зэрэг байсан. Би 3 дугаар эгнээгээр 2 дугаар эгнээнд явсан чиргүүлтэй автомашины чиргүүлийн бөгс орчимд гүйцэт түрүүлэх гэж явсан. Тэгтэл чиргүүлтэй автомашин зүүн гар тийшээгээ эргэх дохио өгөлгүй гэнэт миний машины урдуур 3 дугаар эгнээ рүү ороод ирсэн. Би машиныг зогсоох арга хэмжээ авч машины тоормосыг гишгэсэн боловч тулсан байсан учир мөргөлдсөн. Замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. Миний урд 3 дугаар эгнээнд машин байхгүй байсан. Миний ард бас машин байхгүй байсан. Уг замд гэрэл дохио байгаагүй. Буцаж эргэх тэмдэгтэй гарч байсан. Машинд сууж явсан зорчигч нарыг танихгүй. Улаанбаатар хот орно гэхээр нь машиндаа суулгаж авч явсан. Балжинням гуай манай Дархан-Уул аймагт оршин суудаг учир гэрээр нь очиж уулзаж байгаа. Эмчилгээнд гэж 400.000 мянган төгрөгийг эгч О.Алтантуяагийн банкны дансаар шилжүүлсэн. Баримтууд нь байгаа. Машин машинтай мөргөлдөхөөс өмнө бүрэн бүтэн байсан. Машины хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43х/

 

Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад: “..Соната-6 маркийн автомашинд шууд зардал 1.140.000 төгрөгг, шууд бус зардал 450.000 төгрөг, нийт 1.890.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 94х/

 

Гэрч С.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймгаас 59-18 ДАХ дугаартай Х.Соната-6 маркийн автомашинд эмээ Балжинням, хамаатны Бурмаа, Лувсаншарав нарын хамтаар суугаад Улаанбаатар хот орохоор хөдөлсөн. Ингээд 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг шинэ 22-ын товчоо өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байхад гэнэт түс тас хийгээд л нэг зүйлтэй мөргөлдөх шиг болсон. Би жолоочийн хажуу талын урд сандлын арын сандалд сууж явсан. Жолоочийн хажуу талын урд сандалд эмээ Балжинням сууж явсан. Машинд жолоочтой нийлээд 5-уулаа явсан. Жолоочийг танихгүй. Зам хуурай, шулуун, тэгш зам байсан. Замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. Гадаа харанхуй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний бие зүгээр байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Машины хөдөлгөөн сийрэг байсан. ...Жолоочоос 120.000 төгрөг өгөхөөр нь тархины зураг авахуулсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55х/

 

Гэрч Г.Лувсаншаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017оны 12 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд эхнэрийнхээ хамт Дарханы захаас Х.Соната-6 маркийн автомашинд арын сандалд суугаад Улаанбаатар хот орохоор явсан. Машинд 1 эмээ, 1 охин явсан. Ингээд би орой машинд унтаж явахад гэнэт манай эхнэр орилохоор нь сэрээд харахад 1 чиргүүлтэй ачааны автомашин манай машины урдуур ороод ирсэн. Манай машины жолооч шууд тормос гишгээд л мөргөсөн. Тэгээд бид нар машинаас буусан. ...Миний харснаар манай машин 2 дугаар эгнээд явсан машин буцаж эргэх гээд манай машины урдуур орж ирсэн байсан. Ачааны машины чиргүүлийн дохио ажиллахгүй байсан. Харин машины дохио нь ажиллаж байсан. Машинд 2 эрэгтэй байсан. Эхнэр бид хоёрын биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай машины жолооч 3 дугаар эгнээгээр явсан, тоормос гишгэсэн..’’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58х/

 

                  Гэрч С.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн зах дээрээс Улаанбаатар хот орохоор нөхөр Лувсаншаравын хамтаар Х.Соната-6 маркийн автомашинд суусан. Бид 2 арын сандалд суусан. Машинд 1 эмээ, 1 эмэгтэй бас суусан. Ингээд орой 20 цагийн орчимд Улаанбаатар хот орохоор 22-н товчоо өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ дунд зэргийн хурдтай 3 дугаар эгнээгээр явж байхад чиргүүл чирч явсан ачааны машин 2 дугаар эгнээнд явж байгаад гэнэт манай машины урдуур ороод ирэхээр нь би хамт явсан охины хамт орилоход жолооч шууд тормос гишгээд л тулсан байсан учраас мөргөөд зогссон. Замын хажуу талын гэрэл асаж байсан. Зам гулгаатай байсан. Замаар машины хөдөлгөөн бага байсан. Чиргүүлийн дохио байгаагүй. 2 дугаар эгнээнээс зүүн гар тийшээгээ эргэхээр манай машины урдуур орж ирсэн. Манай машин урд гэрлээ асааж явсан. ...Манай машин ер нь зөөлөн л явж байсан. Биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй. ...Ачааны автомашинд 2 хүн байсан. Гэрэл дохио байгаагүй, шулуун зам. Ачааны автомашин 2 дугаар эгнээнд урд явж байсан. Мөн адил ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Манай машины жолооч шууд тормос гишгээд л мөргөсөн. Манай машины жолооч болон урд сууж байсан эмээ хоёр бүсээ зүүсэн явсан. Ер нь манай машины жолоочийн буруу байхгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61х/

 

                  Шүүгдэгч Д.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цаг 30 минутын орчимд ах Баттулгын эзэмшлийн 98-84 УНЦ дугаартай Миц Фусо маркын 52-73 ТЧ дугаартай Камаз чиргүүлтэй автомашиныг жолоодоод ах Баттулгын хамтаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 2 дугаар эгнээгээр явж байгаад замынхаа хойд талд байрлах Сод Монгол ШТС руу орж бензин авахаар болоод буцаж эргэх тэмдэгтэй уулзвараар зүүн гар тийшээгээ эргэх гээд хажууд сууж явсан Баттулга ахыг машин ирж байгаа эсэхийг хараадах гэж хэлэхэд Баттулга ах маш холоос машины гэрэл тусаж байна гэхээр нь эргээд уулзвар луу ороход эсрэг урсгалаас нэг машин ирэхээр нь зогстол миний машины зүүн гар талаас түс хийгээд л явсан. Тэгээд машинаасаа буугаад харахад Х.Сонота-6 маркийн автомашин машины зүүн талын банк хэсэгт мөргөсөн байдалтай зогссон байсан. Нөгөө машины жолооч машинаасаа бууж ирсэн. Нөгөө машинд жолоочтой нийлээд 5 хүн явсан. Урд жолоочийн хажуу талд сууж явсан хөгшний бие муу байна гэхээр нь түргэн дуудсан. Дараа нь цагдаад дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112х/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй.цаашид гарах зардлыг ажил хийж төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгч Д.Ч нь тухайн чиглэлийн замын нөхцөл байдал болон бусад байдал зэргийг харгалзан явах туршлага багатай, замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөд хохирол  учруулсан хор уршиг нь  түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Чийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Д.Чийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114х/

Сэлэнгэ аймгийн Мандал  сумын Баян-Арцат 9 дүгээр багийн тодорхойлолт /хх-ийн 115х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Чийн үйлдлийн улмаас 59-18ДАХ улсын дугаартай Toyota Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл гэмтэж иргэний нэхэмжлэгч О.Баянмөнхөд 1.890.000 төгрөгийн хохирол, 98-84УНЦ улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгсэл гэмтэж иргэний нэхэмжлэгч Т.Баттулгад 982.500 төгрөгийн хохирол, хохирогч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

Хохирогч Х.Б нь эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж нэхэмжилж 469.500 төгрөгийн хуулийн шаардлага хангасан баримт хавтаст хэрэгт хавсаргуулсан /хх-ийн 32-35/ бөгөөд шүүгдэгч нь хохирогчид шүүхийн хэлэлцүүлэгт 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  шүүгдэгч нар нь мэдүүлцгээсэн /шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/ бөгөөд хохирогч Х.Бын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул түүний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Харин шүүгдэгч Д.Чоос 2.872.500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.Баттулгад 982.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Баянмөнхөд 1.890.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй ба шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, цаашид ажил хөдөлмөр эрхэлж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал, түүний эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчээс дээрх зардлыг буюу 2.872.500 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Оногдуулбал зохих ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Д.Ч нь ажил хөдөлмөр  тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар орлогогүй болох нь тогтоогдсон хэдий ч тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бд хэрэгт авагдсан баримтаар гарсан зардлыг хангалттай төлж барагдуулсан, түүнийг ажил хөдөлмөр тогтвортой эрхэлж, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлөх, цаашид гарах зардал, хор уршгийг арилгах боломжийг олгох үүднээс улсын яллагчаас гаргасан торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзэж, шүүгдэгч Д.Чт 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Чийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.3, 36.4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Бд нэг сая төгрөг төлөгдсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Чоос 2.872.500 /хоёр сая, найман зуун далан хоёр мянга, таван зуу/  төгрөгийг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.Б 982.500 /есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Б1.890.000 /нэг сая найман зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ