Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/216

 

 

 

 

 

 

      2024             2           20                                          2024/ДШМ/216                     

 

      Б.Гт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

иргэний хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Ц,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Ц.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гт холбогдох эрүүгийн 2308025720513 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро худалдааны төвийн урд “З” ОНӨААТҮГ-ын Xiamen загварын 31-53 УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Lexus RX350 загварын 67-30УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ч.Зийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 300 цаг нийтэд тустай ажил ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаас хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Ч.З нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 7,150,000 төгрөгийг иргэний хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас гаргуулж хохирогч Ч.Зд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд заасны дагуу гагцхүү гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт нөхөн төлүүлэх зохицуулалтыг тогтоож өгсөн. Гэмт хэргийн ойлголт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “... гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” хэмээн хуульчилсан.

Шүүхээс Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэх атлаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдоогүй зөвхөн ажиллуулж байгаа ажил олгогч гэм хорын хохирлыг хүлээнэ гэх үндэслэлээр хариуцлага оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Ч.Зийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүндэвтэр хохирол учруулсны үр дагаварт сэтгэцэд нь хор уршиг учирсан хэмээн үзэж байх тул шүүхийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хор уршиг учруулсан этгээдээс гаргуулж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Цэрэнбалжир шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан. Шүүгдэгч Б.Г нь “З” ОНӨААТҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж жолоочоор ажиллаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро худалдааны төвийн урд “З” ОНӨААТҮГ-ын Xiamen загварын 31-53 УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Lexus RX350 загварын 67-30УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ч.Зийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ч.Зийн “... тэгээд Саппоро дөхөөд ирэхээр нь суудлаасаа босоод хаалганы хажууд бариулаас бариад буух гээд зогсож байтал гэнэт түс тас гэсэн чимээ гараад би ухаан алдаад унасан. Намайг сэрэхэд би автобуснаас буучихсан явган хүний гарцны ойролцоо зогсож байсан. Тэр үед нэг залуу ирээд “эмээ та яасан бэ” гэхээр нь би тэр залууд “гар хугарчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу “би танд түргэн дуудаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би түргэн хүлээгээд ирэхгүй байхаар нь өөрөө гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд “гар хугарсан байна” гээд намайг шууд хэвтүүлээд хагалгаад оруулсан. ...” /хх 51-53/,

 

иргэний нэхэмжлэгч З.Згийн “... 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн нутаг Саппоро төвийн урд талын замд өөрийн Lexus RX350 загварын 67-30УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явахдаа гарцан дээр явган зорчигч нарт зам тавьж өгөөд зогсож байхад араас автобус ирж мөргөсөн. Уг мөргөсөн жолооч Г нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. ...” /хх 60/

 

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цгийн “... энэхүү Xiamen загварын 31-53УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг 2023 оны 1 дүгээр сард манай З ОНӨААТҮГ-ын өмчлөлд шилжиж ирсэн. Осол болсон талаар тухайн үед шуурхай хурал дээр мэдсэн. Гэм буруутай нь тогтоогдвол хохирлыг төлж барагдуулна. ...” /хх 51/,

 

Б.Гын яллагдагчаар өгсөн “... 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн орчим би Xiamen загварын 31-53УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлтэй Саппоро төвийн урд талын автобусны буудал дөхөж явтал яг буудлын наана байдаг явган хүний гарцан дээр зогсож байсан Lexus RX350 загварын 67-30УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөөд зогссон. Би тэгээд тухайн өдрөө урд талын машины жолооч Зтой ярилцаад түүний хохиролд нийт 6,000,000 төгрөгийг төлсөн. З жолооч тэр өдөртөө гомдолгүй болоод явсан. Харин миний унаж явсан Xiamen загварын 31-53УЕМ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 200 орчим мянган төргөгийн актыг манай байгууллагаас тавиад би байгууллагатаа төлсөн. Тухайн үед уг нь би зорчигч З эгчтэй уулзаад хамт түргэн тусламж хүлээгээд байж байсан юм. Гэтэл удаагүй эмнэлэг ирэхэд тэр эгч явсан байсан. ... би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...“ /хх 98/ нарын мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10365 дугаартай “... Ч.Зийн биед зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /хх 24-25/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сын “... Xiamen загварын 31-53УЕМ улсын дугаартай автобусыг жолоодож явсан Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ...”, “... 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Lexus RX350 загварын 67-30УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.З нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна ...” гэсэн магадлагаа /хх 83/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Гыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Б.Гт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц “... гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг иргэний хариуцагч төлөөд харин гарсан үр дагавар буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцах ёстой ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хохирогч Ч.Зийн сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу гэм хорын ойлголтод хамааруулан дүгнэлт хийж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч Б.Гын ажил олгогч буюу иргэний хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас гаргуулахдаа дээрх хуулийн заалтыг баримтлаагүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1474 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

5 дахь заалтад “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар ...” гэж өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

          ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ