| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00423/и |
| Дугаар | 314/ШШ2025/00322 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00322
2025 05 20 314/ШШ2025/00322
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар баг, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 8 давхарт байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 43 гудамж, 17 тоотод оршин суух, ******* ******* овгийн *******ын *******ад холбогдох
“Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,301,931 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер Б.Дашгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-тай гар утас төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж SAMSUNG ZTE BLADEV41 маркийн гар утсыг нийт 1,108,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 46,168 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Гэтэл хариуцагч А.******* гэрээнд заасан хугацаанд төлөлт хийхгүй байх тул гэрээг цуцалж үндсэн зээл 831,024 төгрөг, ярианы төлбөр 55,395 төгрөг, алданги 415,512 төгрөг, нийт 1,301,931 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие А.******* нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,301,931 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 260,386.2 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч А.*******ад холбогдуулан “зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,301,931 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-05 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд, сар бүр 260,386.2 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******ад холбогдох “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,301,931 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,781 төгрөгийн тавин хувь болох 17,890.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 17,890.5 төгрөг, хариуцагч А.*******аас 17,890.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА