| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0203/Э |
| Дугаар | 233 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 233
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Д.Ц,
шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Р.Батцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 201726010255 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, урьд Г.У нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ял, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 04-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан 2012 оны 12 сарын 04-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.У нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Алтан-Овоо 9 дүгээр гудамжны 03 тоотод иргэн Б.Бын байнга амьдрах өвлийн орон сууцны цонхоор 32 инчийн зурагт, алтан нуухтай манан хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хулгайлан 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ...19 цаг 20 минутын орчимд гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх онгорхой хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандсан. Цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт гэр лүү ороход манай 32 инчийн Самсунг ЛСД зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, хувцас индүүдэхэд тавьдаг байсан цагаан өнгийн даавуу алга болсон байсан. Хөөрөг бол басан. ...Г.У гэдэг хүнээс 600.000 төгрөг бэлнээр авсан, энэ мөнгөндөө хөөрөгний үнээ шингээгээд авчихсан байгаа, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 81, 171х/
Эд зүйлийн үнэлгээнд: “Алтан нуухтай шүрэн толгойтой, хаш цагаан хөөрөг 2.000.000 төгрөг, 32 инчийн Самсунг зурагт – 150.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 27х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/057 дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Ганболдын Уранболд гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэжээ. /хх-ийн 32-34х/
Шүүгдэгч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын дундуур одоо бол яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна ...орой 19-20 цагийн үед манай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овооны 1-5 тоот гэрээс холгүй байдаг хаягийг нь мэдэхгүй нэг айлын хашааг даваад орсон. Уг айлын хашаа нь бор өнгийн оохроор оохордсон, хашааныхаа дээгүүр цагаан өнгийн эмжээртэй, цэнхэр өнгийн төмөр гүйдэг хаалгатай хашаа байсан санаж байна. Хашаанд ороход улаан өнгийн тоосгон, дээвэр нь гурвалжин байшин байсан. Байшингийн хаалга нь бор өнгийн бүргэд хаалгатай. Тэгээд би нэг давхрын хаалганы хажуу талын вакум цонхны дээш нээгддэг салхивчийг нь түлхэж орсон. Байшин дотор буланд зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Самсунг маркийн зурагтыг дангаар аваад гарсан. Уг тавиурын доод талд ДВД тоглуулагч зэрэг эд зүйлс харагдаж байсан. Миний хувьд хөөрөг хулгайлж аваагүй. Би ганцхан зурагт л аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52, 67-68, 165-166х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөн түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 172-176х/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.У нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Алтан-Овоо 9 дүгээр гудамжны 03 тоотод иргэн Б.Бын өвлийн орон сууцны цонхоор нэвтэр 32 инчийн зурагтыг хулгайлж, бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ...19 цаг 20 минутын орчимд гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх онгорхой хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандсан. Цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт гэр лүү ороход манай 32 инчийн Самсунг ЛСД зурагт, хувцас индүүдэхэд тавьдаг байсан цагаан өнгийн даавуу алга болсон байсан. ...Г.У гэдэг хүнээс 600.000 төгрөг бэлнээр авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 81, 171х/
Эд зүйлийн үнэлгээнд: 32 инчийн Самсунг зурагт – 150.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 27х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/057 дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Ганболдын Уранболд гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэжээ. /хх-ийн 32-34х/
Шүүгдэгч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын дундуур одоо бол яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна ...орой 19-20 цагийн үед манай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овооны 1-5 тоот гэрээс холгүй байдаг хаягийг нь мэдэхгүй нэг айлын хашааг даваад орсон. Уг айлын хашаа нь бор өнгийн оохроор оохордсон, хашааныхаа дээгүүр цагаан өнгийн эмжээртэй, цэнхэр өнгийн төмөр гүйдэг хаалгатай хашаа байсан санаж байна. Хашаанд ороход улаан өнгийн тоосгон, дээвэр нь гурвалжин байшин байсан. Байшингийн хаалга нь бор өнгийн бүргэд хаалгатай. Тэгээд би нэг давхрын хаалганы хажуу талын вакум цонхны дээш нээгддэг салхивчийг нь түлхэж орсон. Байшин дотор буланд зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Самсунг маркийн зурагтыг дангаар аваад гарсан. Уг тавиурын доод талд ДВД тоглуулагч зэрэг эд зүйлс харагдаж байсан. Би ганцхан зурагт л аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52, 67-68, 165-166х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөн түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 172-176х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.У нь бусдын эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж өөртөө эдийн ашигтай байдал үүсгэсэн нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газраас илрүүлсэн гарын мөр нь шүүгдэгчийн гарын мөртэй тохирсон талаарх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/057 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүгдэгч Г.У нь өөрөө хүн байнга амьдрах орон байранд хэрхэн, яаж нэвтэрч орсон талаараа мэдүүлж, өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг тодруулах зорилгоор мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаагаар зааж өгч тэмдэглүүлсэн, уг ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлсэн байх тул түүний мэдүүлгийг бусад нотлох баримтын нэгэн адил үнэлж, түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Уыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
Харин хохирогч Б.Б нь гэрээсээ дунд гарын халтар манан хөөрөг алдсан, эсхүл алтан нуухтай хаш цагаан хөөрөг, улаан толгойтой манан хөөрөг алдсан гэх мэтээр алдсан гэх хөөрөгнийнхөө шинж тэмдгийг олон янзаар мэдүүлсэн, түүнд хөөрөг байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх хөндлөнгийн бусад баримтууд, эх сурвалж тодорхойгүй, түүнчлэн хохирогч Б.Б нь шүүгдэгчээс нийт 600.000 төгрөг авсныгаа хөөрөг, зурагт хоёрынхоо үнэлгээнд шингээж байна, иймд цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх мэтээр 2.000.000 төгрөгөөр үнэлсэн хөөрөгнийхөө үнийг нэхэмжлэхээс татгалзсан зэрэг эргэлзээ бүхий байдал үүсгэж байх тул шүүгдэгч Г.Уыг тухайн хөөргийг хулгайлсан гэж таамгаар дүгнэж түүнээс алдсан гэх эд зүйлийн үнэлгээ, хохирлоос хасаж тооцохоор шийдвэрлэв.
Г.Уын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79х/
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 154х/
Гэрч С.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 83-84х/
Г.У нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ял, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 04-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан 2012 оны 12 сарын 04-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71х/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 102-107, 167-168х/, зан байдлын тодорхойлолт /хх-ийн 169х/, ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-ийн 170х/ зэргээр тогтоогдсон болно.
Хохирлын талаар:
Хохирогч Б.Б нь шүүгдэгч Г.Уоос 600.000 төгрөг авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Г.У нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч Г.У нь хохирогч Б.Бын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авч захиран зарцуулах боломжийг өөртөө олгосноор хулгайлах гэмт хэрэг төгссөн байх ба шүүгдэгчийн гарын мөр нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гарын мөртэй тохирсон нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул шүүгдэгч Г.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.У нь өөрийн гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байх тул түүндтухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, улмаар шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар, түүний хувийн байдал /гэмшсэн, хохирлоо төлж барагдуулсан/ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Г.У нь 2017 оны 08 дугаар сарын 05-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 7-ны өдөр хүртэл сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан хугацаа буюу 2 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 49 хоног, нийт 51 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 63, 65, 164х/
Шүүгдэгч Г.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Уыг 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Г.Уод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Г.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Уод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Уод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ