Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/261

 

      2024             2           28                                          2024/ДШМ/261                                 

 

      Т.Од холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Од холбогдох эрүүгийн 2302003550261 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Т.О нь ... Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

            -Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж заасныг,

            -Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг,

            -Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т “гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах” гэж заасныг,

            -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах тохиолдолд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгана”, 1.1 дэх заалтад “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж заасныг тус тус зөрчиж,

            2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн Б.Нгаас Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсаар гаргасан “Өчигдөр орой 82-42 УБВ дугаартай машинд жолооч нь намайг согтуу байхыг далимдуулаад хүчиндсэн байна” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Шуурхай удирдлагын тасгаас хүлээж аваад бүртгэлд оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж гэмт хэрэгт холбогдогч Л.Баас 5,800,000 төгрөг хүлээн авч гомдол гаргагч Б.Нд дамжуулан өгч, дээрх дуудлагыг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 51 минутад Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчлөөр шийдвэрлүүлж Л.Бт гэмт хэрэгт холбогдон шалгагдахгүй байх давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: Т.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Оийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний байнга оршин суух Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, уг ялыг шүүгдэгч нь биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Оийг “... хохирогч Б.Нг Л.Б нь хүчиндсэн болохыг мэдсэн, хохирогчийн гомдлыг шалгаж, Л.Бын буруутай үйлдлийг тогтоох хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр түүнийг гэмт хэрэгт холбогдон шалгагдахгүй байх, ял завших боломж олгож байгаа эс үйлдэхүйг хууль болохыг албан үүргийн хувьд мэдсэн, мөнгө авч дамжуулан өгч хооронд нь тохиролцуулах арга хэмжээ авч байгаа идэвхитэй үйлдэл нь шууд санаатай байна” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Т.Од холбогдох хэргийг цагаатган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба хууль тогтоогчийн зүгээс “нийтийн албан тушаалтан”, “албан тушаалын байдал”, “урвуулан ашиглах”, “давуу байдал” гэх тус гэмт хэргийн үндсэн 4 гол шинжийг хууль тогтоомжид давхар тайлбарласан нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар батлагдан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Өөрөөр хэлбэл, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд

1. Нийтийн албан тушаалтан байх,

2. Албан тушаалын байдалд хамаарч байх,

3. Бүрэн эрх, алба тушаалын байдлаа урвуулан ашигласан байх,

4. Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас давуу байдал бий болсон байх гэх 4 шинжийг бүгдийг нь хангаж байгаа тохиолдолд энэхүү гэмт хэрэгт хамаарах талаар хуульчилсан байна.

Гэтэл Т.Оийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн 4 шинжийн нэг болох урвуулан ашиглах шинж тогтоогдоогүй байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулан, түүний эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргаад байна. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж хуульчилсан. Гэтэл миний үйлчлүүлэгч Т.Оийн холбогдсон үйлдэлд албаны эрх ашгийн эсрэг, эсхүл Т.Оийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилго тогтоогдоогүй байдаг. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Б.Н, Л.Б нарын хооронд болсон гэх үйл баримтыг шалгах, шалгахгүй байх нь албаны эрх ашигт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар, эсхүл Т.Оийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод хамаарч буй эсэхийг тус хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн шатанд тогтоогоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Түүнчлэн, Т.Оийг гэмт хэргийн талаарх гомдлыг шуурхай удирдлагын тасгаас хүлээж аваад бүртгэлд оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, ... хуурамч дуудлага мэдээлэл өгөх зөрчлөөр шийдвэрлүүлж, Л.Бт гэмт хэрэгт холбогдон шалгагдахгүй байх давуу байдал бий болгосон” гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал, Т.О нь цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн хуурамч дуудлага мэдээлэл өгөх зөрчлөөр шийдвэрлүүлэх эрх бүхий этгээд биш ба Т.О нь бие даан шийдвэр гаргаад бусдад үүрэг чиглэл өгөөд, эсхүл зөрчлийг шалган шийдвэрлээд, иргэн Б.Нгийн өмнөөс “Б.Н би хуурамч дуудлага мэдээлэл өгсөн” гэж хэлээд энэхүү асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдээллийг хүлээн авахдаа санаатайгаар худал мэдээллэвэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулна”, 30.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Санаатайгаар худал мэдээллэвэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусган гомдол, мэдээлэл гаргагчаар гарын үсэг зуруулна” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг хүлээн аваад хамгийн эхэнд хийж гүйцэтгэх ажил бол гомдол мэдээлэл гаргагчид хууль сануулах ажиллагаа байх бөгөөд үүний дараа хууль санаж баталгаажсан гомдлын дагуу холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхээр хуульчлагдсан байна. Гомдол гаргагч Б.Н нь 102 дугаарт өгсөн дуудлага мэдээллээсээ татгалзаж, цаашид шалгуулах шаардлагагүй гэдгээ амаар илэрхийлж, өөрөө зөрчлийн эрх бүхий этгээдэд холбогдох тайлбарыг өгч, улмаас гомдол мэдээлэл гаргасан асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлөөр шийдвэрлүүлсэн байх ба энэхүү үйлдлээ өөрөө мэдэж, хүсэж үйлдсэн болох нь түүний мэдүүлэгт тусгагдсан байдаг. Харин Т.Оийн хувьд гомдол гаргагч нь өөрөө цагдаагийн байгууллагад ирсэн боловч хууль санаж гарын үсэг зурахаас татгалзсан, цаашид шалгуулах шаардлагагүй гэх талаараа илэрхийлж байхад түүнийг гарын үсэг зурсанд тооцоод шууд гомдол мэдээллийг шалган шийдвэрлэж, хүчээр гарын усэг зуруулж, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх этгээдийг хүчээр шүүх эмнэлэгт үзүүлж, холбогдох баримтыг цуглуулж бэхжүүлэх ямар ч боломжгүй юм, Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүйгээр, хэт яллах талыг баримтлан, Т.Оийн үйлдэлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах шинж тогтоогдохгүй байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулан, гомдол гаргагч, тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Нгийн өөрөө хүсэж, мэдэж үйлдсэн, “гомдлыг шалгуулахаас татгалзсан татгалзал, гомдол мэдээлэлд гарын үсэг зурахаас татгалзсан үйлдэл, өөрөө тайлбар мэдүүлэг өгч Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийн гомдол гаргасан асуудлыг шийдвэрлүүлсэн зэрэг бие даасан үйлдлүүдэд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Од холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл, хэмжээг хуульчлан заажээ. Энэ гэмт хэргийн обьектив галын заавал байх үндсэн шинж нь гэм буруутай этгээдээс албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, зориуд хэрэгжүүлээгүй идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байхыг хуульчлан заасан ба субъектив шинжийн заавал тогтоогдох шинж нь дээрх үйлдлийг “зориуд” буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар заажээ. Мөн дээрх объектив талын шинжид заасан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн үйлдлийн эцэст “өөрт нь болон бусдад давуу байдал” бий болсноор гэмт хэрэг бүрэн төгсдөг.

Мөн зүйл хэсэгт заасан “албан тушаалын байдал” гэдэгт албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралтай нөхцөл, нэр нөлөөг, “албаны эрх мэдэл” гэдэгт хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ... “албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт тухайн нийтийн албан тушаалтанд хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулиар олгогдсон эрх, зайлшгүй биелүүлэх шаардлагыг ойлгодог.

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” үйлдлийг тайлбарласан хууль тогтоогчийн тайлбарт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод” ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх” гэж хуульчлан заажээ. Мөн зүйлийн 3.1.4-т заасан “давуу байдал” гэдэгт энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “ гэмт хэргийн заавал тогтоогдох үндсэн шинжүүд, хууль, эрх зүйн хэрэглээ мөн хуульчлан тогтоосон тайлбаруудаас дүгнэхэд, энэ гэмт хэрэгт заавал тогтоогдох субъектив шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гэмт үйлдэл, эс үйлдэхүйн эцэст хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүн буюу субъектив талын нэмэгдэл шинж болох “гэмт хэрэг үйлдсэн зорилго” энэ гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж байна. Өөрөөр хэлбэл, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд буюу нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдлийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.13 -д зааснаар зөвхөн “хувийн ашиг сонирхлоо” гүйцэлдүүлэх гэмт хэрэг үйлдсэн зорилго заавал тогтоогдсон байх шаардлагатай болох нь тодорхой байна. Нийтийн албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэмт хэрэг үйлдсэн зорилго тогтоогдвол энэ зүйл хэсгээр тухайн гэмт хэрэгт холбогдсон нийтийн албан тушаалтны хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь субъектив шинжийн хувьд “хувийн ашиг сонирхол”-оор гэмт хэрэг үйлдсэн зорилго тогтоогдохгүй бол эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй болох хуулийн хэрэглээний үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ....гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” мөн хуулийн 1.7-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хууль эрх зүйн хэрэглээ, онолын үндэслэл, хууль тогтоогчийн тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээнээс үзэхэд Т.Од холбогдох үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлтийг өгч байна.

... Дээрх үндэслэл, дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Оийн яллагдагчаар өгсөн “... гомдол гаргагч Б.Н энэ талаар яримааргүй байна.. гомдолд холбогдуулж мэдүүлэг, тайлбар өгөхгүй, нөхөр болон гэрийнхэндээ мэдэгдэж чадахгүй, Нд гомдол, мэдээлэл өгөх талаар дахин хэлэхэд миний бие цагдаагийн байгууллагад шалгуулахгүй гэсэн. Нтай холбогдоход Быг дахин хармааргүй байна. Н 5 сая 800 мянган төгрөгийн хэлтсийн гаднаас ирж аваад явсан” гэх мэдүүлэг /1хх 213-215/,

шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол гаргагч Н гэдэг эмэгтэйг дагуулаад өөрийн ажлын өрөө болох 4 тоот өрөөнд орж болсон явдлыг тодруулахад “таксинд суусан боловч яг юу болсон талаар үнэхээр санахгүй байна. Алдсан эд зүйлээ олох зорилгоор 102 дугаарт залгасан гэсэн. ...Манай байгууллагын утсанд бөгж алдсан биш бусдад хүчиндүүллээ гэсэн дуудлага ирсэн байсан. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэсэн боловч Н нь “би гадаад нөхөртэй, ирэн очин байдаг өчигдөр би нөхөртөө хэлэхдээ манай найз гар утсаа гээсэн учраас цагдаа дээр очиж мэдүүлэг өг гэж байна” гэж худлаа хэлээд гараад ирсэн. Нөхөр бид хоёрын хувьд маргаан үүсэх тул би худлаа хэлсэн юм. Тиймээс би гомдол, мэдээлэл гаргамааргүй байна гэсэн. Тэгэхээр би жижүүрт залгаад ахлах мөрдөгч Өт “таны шалга гэсэн хүн шалгуулахгүй, гомдол мэдээлэл гаргахгүй гээд байна” гэхэд Ө манай өрөөнд орж ирээд Н руу “та дуудлага өгөөд О мөрдөгчийн өрөөнд цаг гаруй боллоо, юу болсон бэ ...шийдвэрлэлт нэхэгддэг юмаа” гэж энэ талаар тайлбарлаж өгөөд гарсан. Таны гаргасан гомдлыг шалгаад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулъя гэж хэд хэдэн удаа хэлэхэд би гомдол, мэдээлэл гаргахгүй, дуудлага өгсөн тохиолдолд шалгадаг гэж бодоогүй гэж байсан. Тайлбар мэдээлэл өгөхгүй гэж байгаа иргэнийг би албадаж авах эрхгүй, олон удаа хэлсэн... Тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан Нтай гэдэг эргүүлийн офицерыг дуудаад зөрчлийн хуулиар буюу худал мэдээлэл, дуудлага өгөх 15.9-өөр торгосон процесс явсан байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Өмнөх өдөр нь би такси бариад явсан. Тухайн үед миний бие жаахан тавгүй байсан. Тэгээд миний бөгж алга болчихсон байсан ба суусан машиныхаа зургийг дараад авчихсан байсан учраас Автотээврийн үндэсний газраас тухайн жолоочтой холбож өгсөн. Тухайн жолоочтой яриад “Бөгжөө авъя” гэсэн чинь “би мэдэхгүй, хараагүй” гэж хэлээд утсаа тасалсан. Цагдаагийн газар руу утасдахад өөрийн биеэр ир гэсэн. Мөрдөгч Од гомдол мэдээллээ шалгуулахгүй гэж хэлсэн. Би бөгжөө олсон байсан.. нөхөр болон гэр бүлийнхэндээ хэлмээргүй байсан, шалгуулахгүй гэж хэлсэн. Б уучлал гуйгаад надад мөнгө өгсөн... мөрдөгч үүнд хамаагүй “гэх мэдүүлэг,

гэрч Ө “... хэсэг хугацааны дараа дэслэгч Т.О жижүүрийн утас руу залгаад тухайн мэдээлэл, дуудлага өгсөн хүн дуудлагаа буцаая, шалгуулах хүсэлгүй байгаа тухай надад хэлсэн. /1хх 52-54/,

гэрч О.Бын “дуудлага мэдээллийг эргүүлийн офицер дэслэгч Б.Нтай, жижүүрийн ахлах хошууч Б.Өт шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх 56-57/,

гэрч Б.Нгийн мөнгө хүлээн авсан баримт /1хх 9/,

гэрч Л.Бын уучлалт гуйж мөнгө хүлээн авсан баримт зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримт нь Т.Оийг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр жижүүрийн мөрдөгчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа тус цагдаагийн газарт 102 тусгай дуудлагаар “согтуу байхдаа хүчиндүүлчихлээ” гэсэн иргэн Б.Нгийн өгсөн дуудлага мэдээллийг шалгаж баримтжуулах үүргийг жижүүрийн ахлах мөрдөгч Б.Өаас авч дуудлага өгсөн Б.Нгаас мэдүүлэг, тайлбар авах ажиллагааг эхлүүлэх гэсэн боловч цагдаагийн байгууллагад шалгуулахгүй, нөхөр болон ар гэрийн хүмүүсээс ичиж зовж байна гэх шалтгаанаар Б.Н нь шалгуулахаас эрс татгалсан хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч Т.О нь Цагдаагийн албаны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 д “цагдаагийн албан хаагч нь гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл өгч чадна гэсэн хангалттай үндэслэл байгаа тохиолдолд хүнээс тайлбар авна” гэж заасны дагуу цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн Б.Нгаас тайлбар өгөхийг шаардсан боловч татгалзсан биелүүлээгүй тохиолдолд албадлага болон бусад байдлаар тайлбар авч болохыг хуулиар хориглосон учраас өөр арга хэрэгсэл байх боломжгүй. Мэдүүлэг тайлбар авах дараалал нь эхлээд дуудлага өгсөн хүнээс эхлэх дараалал байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дуудлага мэдээлэл өгсөн Б.Н нь бөгжөө олох зорилгоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба тайлбар өгөхөөс татгалзаж байгаа байр сууриа маш тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэхэд Т.О нь өөрт хуулиар олгогдсон албаны эрх, үүргээ биелүүлэхдээ гомдол гаргагч Б.Нгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж Л.Бд давуу байдал олгосон, энэ үйлдлээ Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “хувийн зорилгоор” хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Т.Од холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Албаны эрх ашиг, эрх мэдлээ урвуулан ашиглаж холбогдогчид давуу байдал үүсгэсэн гэж үзсэн бөгөөд холбогдогч 24 цаг хүрэхгүй хугацааны дараа мөнгөний асуудлаас болоод гомдол гаргасан нь миний субьектив санаа, зорилгыг хөндөж харуулж байна. Би албан тушаал, өргөсөн тангараг, эрх ашгаа нэг талд нь тавьж, давуу байдал үүсгэсэн гэдэг нь эргэлзээтэй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Удирдлагаар хангадаг эрх бүхий албан тушаалтан жижүүрийн ахлах мөрдөгч байдаг. Хохирогч гомдол, мэдээлэл гаргахгүй гээд татгалзахад нь жижүүрийн ахлах мөрдөгч рүү дуудлага хийж залгахад миний өрөөнд орж ирэн хохирогчтой уулзаж, “Таны өгсөн дуудлага, мэдээллийг шалгая гэж мөрдөгч зөндөө хэллээ. Та яг яах гээд байгаа юм бэ. Таны мэдэгдсэн дуудлагыг төв рүү мэдэгддэг юм.” гэж хэлээд үнэхээр гарын үсэг зурахаас татгалзсан бол доошоо буулгаж ирээрэй гээд гарсан. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд би болон Б.Нг өрөөнд хэдэн цагт орж, гарч байгааг тусгаснаас биш жижүүрийн ахлах мөрдөгч Өыг өрөөнд орж, гарч байгааг тусгаагүй байдаг. Би алаг тэрэгний офицерын утасны дугаарыг мэдэхгүй, нэг ч удаа холбогдож байгаагүй. Тухайн хүмүүс өөрсдийгөө хамгаалж, намайг буруутган миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж шийдвэрлэх ёстой байтал намайг торго гээд хэлэхээр торгодог зүйл байхгүй. Шийдвэрлэсэн гомдлоо жижүүрийн ахлах мөрдөгч маргааш нь хэлтсийн дарга, удирдлагуудад танилцуулж, рапортод ордог. Хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийлгэж, жижүүрийн ахлах мөрдөгч болон эргүүлийн офицероос тодорхой асуултад хариулсан мэдүүлэг, тайлбар авснаар намайг цагаатгах талын нотлох баримт цуглана гэж үзэн удаа дараа гомдол гаргаж байсан боловч хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцсон. Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэг, оролцоо, эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэгдэж, танилцуулагддаг байтал гомдол гаргагчийн дуудлага, мэдээллийг зориуд мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй, тохиролц гэсэн байдлаар хандсан, эсвэл би 2-3 хуудас нотлох баримт цуглуулахаасаа татгалзсан мэт ямар субьектив санаа, зорилготой энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хариуцлага гэм бурууд тохирсон байх ёстой байтал 4 жил сурчихаад хийгээгүй үйлдэлд гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбарын хүрээнд надад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Хулан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийг хүчиндүүлсэн гэх эмэгтэй 102 тусгай дугаарын утсаар өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Дуудлага, мэдээллийг хүлээн авсан жижүүрийн 2 офицер хохирогч эмэгтэйг цагдаагийн байгууллагад авчирч өгч, жижүүрийн ахлах офицер Ө хуваарилж, Т.Од хүлээлгэн өгсөн байдаг. Т.О нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, “Нүүрэн дээрх сорвиноос харахад ойлгомжтой байна. Хохирогч эмэгтэйтэй тохиролц.” гэж ярьсан нь гэрч Б, Д нарын мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлэг, гар утасны дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Т.О нь хохирогч эмэгтэйгээс 5.800.000 төгрөгийг хүлээн авч, гэмт хэрэг үйлдсэн Бт дамжуулан өгсөн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт хувийн ашиг сонирхол, эсхүл эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг гэж заасан байдаг. Цагдаагийн байгууллагын үнэт зүйл бол Монгол Улсын Үндсэн хуулийг чанд сахина гэж төр, ард иргэддээ өргөсөн тангараг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч гэмт хэргийг шуурхай илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох үүрэгтэй. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж аваад ямар процесс ажиллагаа явуулах, ямар санал, шийдвэр гаргахыг хуульчлан тогтоосон байдаг. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчил рүү шууд шилжүүлэх процесс ажиллагаа байхгүй. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн гэж үзэн ажиллагаа явуулах боломжгүй бол тэмдэглэл үйлдэж прокурорт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал хүргүүлж, прокурор зөрчлийн арга хэмжээ авхуулах эсэхийг шийдвэрлэдэг. Гэтэл ийм процесс ажиллагаа явагдахгүйгээр зөрчлийн арга хэмжээ авах боломжгүй. Гэмт хэрэгт холбогдож буй хүнийг эхнэрийнх нь хамт дуудаж ирүүлээд “8.000.000 төгрөг олж ир” гэхэд нь “8.000.000 төгрөг олох боломжгүй байна. 6.000.000 төгрөг л олох боломжтой байна.” гэж Т.О, гэмт хэрэг үйлдсэн этгээд нар утсаар ярьсан нь Дгийн мэдүүлэгт авагдсан байдаг. 5.800.000 төгрөгийн тэмдэглэл үйлдэж, хохирогч эмэгтэйд хүлээлгэн өгсөн нь өөрийнх нь өрөөнөөс нэгжлэгээр гарч ирсэн байдаг. Иймд Т.О албаны эрх ашгийн эсрэг хийх ёстой үйлдлийг хийхгүй байж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогддог. Энэ хэргийг шалгах явцад Нийслэлийн прокурорын газраас Б нь хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт албан бичиг хүргүүлж, Б нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Т.О нь ...Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

            -Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж заасныг,

            -Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг,

            -Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т “гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах” гэж заасныг,

            -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах тохиолдолд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгана”, 1.1 дэх заалтад “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж заасныг тус тус зөрчиж,

            2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн Б.Нгаас Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсаар гаргасан “Өчигдөр орой 82-42 УБВ улсын дугаартай машинд жолооч нь намайг согтуу байхыг далимдуулаад хүчиндсэн байна” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Шуурхай удирдлагын тасгаас хүлээж аваад бүртгэлд оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж гэмт хэрэгт холбогдогч Л.Баас 5,800,000 төгрөг хүлээн авч гомдол гаргагч Б.Нд дамжуулан өгч, дээрх дуудлагыг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 51 минутад Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчлөөр шийдвэрлүүлж Л.Бт гэмт хэрэгт холбогдон шалгагдахгүй байх давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            гэрч Б.Нгийн “... Би 2023 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах Их Монгол рестораны зам дээрээс таксинд суугаад Нэгдүгээр төрхийн орчим байрлах найзынхаа гэр лүү хүргүүлсэн. ...82-42 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 загварын автомашины жолооч Нэгдүгээр төрхийн зогсоолд зогсоод миний биед халдаж намайг хүчиндсэн. ...Тэгээд би Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт залгаад “намайг хүчиндээд миний бөгж алга болсон” талаар мэдэгдэхэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр очоод мөрдөгч Т.Отай уулзаж болсон асуудлын талаар ярьж автомашины улсын дугаарыг хэлэхэд автомашин эзэмшигч Л.Быг дуудсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр Л.Б ирэхдээ “бөгж чинь байгаа шүү” гээд оруулж ирээд миний бөгжийг хүлээлгэн өгсөн. Мөрдөгч Т.О Л.Бтай хүчиндсэн талаар ярилцаж хуулийн зүйл заалт хариуцлагын талаар ярьж хэрэг үүсгэн шалгана гэхэд Л.Б тухайн үед надаас уучлалт гуйгаад хэрэг битгий үүсгээч, хохирлыг нь хоорондоо тохиролцож барагдуулъя гэж маш их гуйсан учир зөвшөөрч 5,800,000 төгрөгийг бэлнээр авч хоорондоо бичиг хийж солилцсон. Тэгээд миний Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өгсөн дуудлага мэдээллийг Зөрчлийн тухай хуулиар худал дуудлага мэдээлэл өгсөн үндэслэлээр 50,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан. ...Мөрдөгчөөс бэлэн мөнгийг уучлалт хүссэн бичигтэй хамт явсан. ...” /1хх 37-39/

 

гэрч М.Дгийн “... Миний утас руу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс “нөхрийн хамт яаралтай ир” гэхээр нь нөхөр Л.Бтай 13 цагийн үед очсон. ...Нөхөр Б нь уулзахаар орсон. Удалгүй 20 орчим минутын дараа тухайн цагдаа намайг ороод ир гээд өрөөнд хоёулахнаа уулзсан. Цагдаа О нь надад манай нөхөр ямар хэрэгт холбогдсон талаар огт яриагүй. “Нөхрийн чинь нүүрэн дээрээс илт байгаа биз дээ” гэх зэргээр бид хоёр ярилцаад “намайг нөхөртэйгөө гараад нөхөн төлбөрөө яахаа ярилцаад ороод ир” гэсэн. Улмаар би нөхөр Л.Бтай Цагдаагийн газрын 4 давхарт ярилцаад нөхрөөсөө тодруулахад “хохирогч эмэгтэйд 5,000,000 төгрөг өгөхгүй бол би ингээд шоронд орлоо” гэх зэргээр бачимдсан байдалтай хэлсэн. Тэгээд бид хоёр буцаад цагдаагийн өрөө рүү ороход хохирсон гэх эмэгтэй, байцаагч бид дөрөв байсан. Би хохирогч эмэгтэйгээс “та яг хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ” гэж асуухад 8,000,000 төгрөг болон нөхрөөрөө надаас уучлалт гуйлга гэж хэлсэн. Манай нөхөр тухайн эмэгтэйгээс уучлалт гуйгаад 8,000,000 төгрөг арай их байна гэхэд тухайн эмэгтэй уурлаад 8,000,000 төгрөг чинь хаана ч хүрэхгүй, би гадаадад эмчлүүлнэ гэх зэргээр яриад байж байтал байцаагч та хоёр яваад 16 цагаас өмнө 8,000,000 төгрөгөө олоод ир гэсэн. Би нөхөртэйгөө гадаа машинд сууж байгаад мөнгө олдохгүй болохоор нь байцаагч руу эргээд яриад учир байдлаа тайлбарлаад хохирогч эмэгтэй анх ярихдаа 6,000,000 гэж ярьж байсан шүү дээ гэж хэлэхэд байцаагч 6,000,000 төгрөгөө олоод ир гэж хэлэхээр нь манай нөхрийн нэр дээр байдаг хадгаламжийг барьцаалаад 6,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл аваад цагдаагийн хэлтэс рүү очоод байцаагчийн өрөөнд 5,800,000 төгрөгийг бэлнээр оруулж өгсөн. ...” /1хх 9-11/,

 

гэрч Л.Бын “... би бэлэг эрхтэн дотор нь биш гадуур нэг удаа дур тавьсан. ... Албан өрөөнд орсны дараа мөрдөгч шууд миний маажуулсан царайг хараад “өө энэ ойлгомжтой юм байна, наад эмэгтэйтэйгээ тохиролцчих” гэж хэлсэн. ...мөрдөгч надад тухайн 8,000,000 төгрөгийг 1 цагийн дотор олж ир, автомашинаа зараад над руу яриарай” гээд би эхнэрийн хамт өрөөнөөс гарсан. Тэгээд утсаар мөрдөгч рүү яриад 8,000,000 төгрөг боломжгүй талаар хэлээд дахин тохиролцож болох уу гэхэд 6,000,000 төгрөг дээр тухайн эмэгтэйтэй тохиролцоод мөрдөгчийн өрөөнд мөрдөгчид 5,800,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. ...” /1хх 61-63/,

 

гэрч Б.Нтайн “... 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн орчим ээлж хүлээж аваад байж байтал “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр эмнэлгийн хажууд намайг согтуу байхад хүчиндчихсэн юм шиг байна” гэх дуудлага ирсэн. Тухайн дуудлага мэдээллийг хүлээн аваад дуудлага өгсөн иргэн Б.Нтай утсаар холбогдож байгаа газар буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр эмнэлгийн орчмоос очиж аваад хэлтэс дээр ирсэн. Тухайн дуудлага нь гэмт хэргийн шинжтэй учраас би ямар нэгэн мэдүүлэг аваагүй, харин жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч өөр иргэнээс мэдүүлэг авч байсан болохоор хүлээлгийн танхимд түр хүлээж байгаарай гээд хүчиндүүлсэн дуудлага өгсөн Б.Нг үлдээгээд би дараагийн дуудлага руу явсан. ...Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Отай уулзахад дуудлага өгсөн эмэгтэй болон хүчиндсэн гэх эрэгтэй хоорондоо учраа олоод одоогоор ямар нэгэн гомдолгүй болчихлоо гэхээр нь би 102 тусгай дугаарт орж ирсэн дуудлагыг хэрхэн шийдвэрлэх вэ гэхэд Зөрчлийн тухай хуулиар худал дуудлага мэдээлэл өгснөөр хаах талаар хэлсэн ...” /1хх 47-49/,

 

гэрч Б.Өын “... Хэсэг хугацааны дараа цагдаагийн дэслэгч Т.О жижүүрийн утас руу залгаад тухайн дуудлага мэдээлэл өгсөн эмэгтэй дуудлага буцаах, шалгуулах хүсэлгүй байгаа талаар мэдэгдэхэд би Т.Од гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэлд хийх ёстой ажиллагаагаа хий гэхэд холбогдогч гэх хүн эхнэрийн хамт хэлтэс дээр ирж байгаа юм байна, хоорондоо утсаар холбогдон ярилцсан, тухайн эмэгтэй энэ асуудлаар хүнийг буруу эвгүй байдалд оруулах гээд байгаа учраас хүчиндүүлсэн асуудлаа шалгуулахгүй, дуудлага мэдээллээ буцаах хүсэлттэй байна гэж хэлсэн. ...Би тухайн дуудлага өгсөн эмэгтэйтэй болон холбогдогч эрэгтэйтэй огт уулзаж ярилцаагүй, жижүүрийн өрөөндөө дуудлага мэдээлэлд хяналт тавьж эргүүлийн офицер нарт шилжүүлэх ажлыг хийж байсан. ...” /1хх 52-54/,

 

гэрч О.Бнгийн “... 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Таксины жолооч согтуу байх үед намайг хүчиндчихлээ” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг Хүлэг-112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Нтай, дэд ахлагч Б.Б нарт шилжүүлж жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Өт мэдэгдсэн. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу худал дуудлага мэдээлэл өгсөн үндэслэлээр 50,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээг авсан байсан. ...” /1хх 57-58/ нарын мэдүүлгүүд,

 

гэрч М.Дгээс гаргаж өгсөн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, Голомт банкны зарлагын мэдүүлэг, гомдол санал байхгүй гэх тайлбар /1хх 12-14/,

 

нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулсан тэмдэглэл, нэгжлэгийн явцад хураан авсан “мөнгө хүлээн авсан тухай” баримт /1хх 29-34/,

 

гэрч Б.Нгаас гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт, шийтгэлийн хуудас, Л.Бын хүсэлт /1хх 40-43/,

 

Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 5б/4208 дугаартай албан бичиг /1хх 81-86/,

 

Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/2752 дугаартай “Гэмт хэргийн талаарх мэдээлэл шалгуулах тухай” албан бичиг /1хх 134/,

 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 28е/2297 дугаартай албан бичгээр ирүүлсэн хойшлуулшгүй ажиллагааны баримтууд /1хх 136-138, 141-145/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Оийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс Т.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Бат-Ерөөлт нар “... шүүгдэгч Т.Оийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэй.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон” байна.

 

Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

 

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

 

Хэргийн тухайд, шүүгдэгч Т.О нь ...мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтанаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахгүйгээр хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн Л.Баас 5,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нд дамжуулан өгсөн үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.О нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий субъект, нийтийн албан тушаалтны хувьд хэрэг учрал болсон тухайн тохиолдолд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх байтал уг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гэмт хэрэгт холбогдсон Л.Бд гэмт хэргийн шинжтэй үйлдэлдээ шалгагдахгүй байх, цаашилбал ял завших боломжийг олгож буй нь өөрийн албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба түүний өмгөөлөгч нарын гаргасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Т.Ө

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ