| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0218/Э |
| Дугаар | 225 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэ,ш |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 225
2018 03 12 225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
хохирогч Г.Г,
шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн угаар 0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.А холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: У.А нь Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, 2 ах, 2 эгч, 2 зээ дүү нарын хамт амьдардаг.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч У.А- нь иргэн Г.Г-г 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцэс орчимд таксин дотор, ______ тоотод нүүрэн тус газар нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А- мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г- манай гэрт хоноод, 29-ний өдөр Г- бид хоёр манай гэрээс хамт гараад ломбарданд миний пүүзийг 120,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд орой нь 22 цагийн үед миний найз Г-тэй уулзаад бид гурав хороололд байдаг бааранд орж нэг, нэг пиво авч уух гэтэл Г- пиво уухгүй, архи ууна гэсэн. Ингээд 0,75 гр “Чингис” архи авч, Г- бид хоёр 200 гр-н стикан авчруулж дүүргэж хийгээд уусан. Би архи уудаггүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Баарны сандал дээр сууж байхад Г- намайг явъя гээд бид гурав баарнаас гарсан. Г-, Г- бид такси хөлсөлж суусан. Таксинд суугаад явж байхад миний дотор муухай оргиод машин дотор бөөлжихөд Г- намайг хүний машинд бөөлжлөө, болиоч гээд алгадахаар нь би түүнийг гарын тохойгоороо тохойлдсон. Тэгээд гэртээ ирж, таксинаас буугаад хүргэн ахынхаа гэрт орсон. Гэтэл хүргэх ах Э яагаад архи уугаад байгаа юм гэхээр нь хүргэн ахтайгаа хэрэлдэж цаасны хутгаар гараа зүссэн. Тэгэхэд Г- намайг болиоч гэхээр нь түүнийг холд гэж хэлээд, Г-г холдохгүй болохоор нь хамар руу нь цохисон. Г-г таксинд тохойгоороо тохойлдсоноо мэдэж байгаа. Би архи ууж чаддаггүй тул тухайн өдөр архи уугаад хүргэн ахтайгаа муудалцаад гараа зүссэн талаар санахгүй байгаа, бусад зүйлийг санаж байна Г-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Г- хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г- мэдүүлэхдээ:
Би 2017 оны 11 дүгээр сары 27-ны өдөр У.А-ийн гэрт хоносон. Маргааш нь хамт гэрээс нь гараад ломбарданд У.А-ийн багадсан пүүзийг тавьсан. Дараа нь У.А-ийн найз Г-тэй уулзаад бид гурав бааранд орж, архи уусан. Тэгээд баарнаас гараад такси хөлсөлж суугаад явж байтал У.А- хүний машинд бөөлжөөд байхаар нь түүнийг алгадсан чинь эргүүлээд намайг гараараа хамар руу тохойлдсон. Тэгээд бид У.А-ийн ахынх нь гэрт очтол У.А- ахтайгаа маргалдаад барьцалдахаар нь би тэднийг салгах гээд дундуур нь ортол У.А- миний хамар руу хоёр удаа цохисон. Согтуу байсан учир бүх зүйлийг сайн санахгүй, зарим зүйлийг санаж байна. Хамраас цус гарч байсныг санаж байна. Эмчилгээний зардалд 2017 оны 12 дугаар сард 120,000 төгрөг авсан. Мөн хамраа засуулах гээд У.А-ийн ээжтэй нь хамт эмнэлэг явж, түүний ээж нь 80,000 төгрөг төлсөн. Одоо нэхэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Г.Г-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:
“...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн найз А-, түүний найз Г- бид гурав хорооллын эцэст байрлах нэг бааранд орж суусан. Тэнд бид архи уусан. Тэндээс шөнө 03 цагийн орчим гарч, би явлаа гэж хэлсэн чинь найз А- явуулахгүй надтай хамт яв, би чамд хайртай, би чамайг өөрөөсөө салгахгүй гээд байхаар нь би явна гэж хэлсэн чинь уурлаад таксин дотор суулгаж байгаад нүүр рүү цохиж авсан юм. Тэгээд таксигаараа гэрт нь ирээд дахин миний нүүр, хамар, нүд орчим газар гараараа цохисон. Ах эгч нар нь унтуулах гэж бөөн юм болж байгаад, би тэдний гэрээс шөнө үүрээр 08 цаг өнгөрч байхад гараад найз залуу дээрээ хороололд очсон юм. Би А- гэх залуутай 2017 оны 9 дүгээр сард анх фэсбүүкээр танилцаж байсан. Урьд нь нэг удаа уулзаж байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гурав дахь удаагаа уулзсан. Тэр өдөр уулзаад салаад явах гэхэд явуулахгүй гээд намайг зодсон юм. Миний хоёр нүд хөхөрсөн, хамар хугарчихсан, хавдчихсан, үүдэн шүд бутарчихсан, эмтэрчихсэн байдалтай байна. А-д зодуулахдаа архи уучихсан, согтуу байсан. Бид хоёртой хамт найз Г гэх залуу байсан. Дараа нь гэрт нь ирэхэд ах, эгч нар нь бүгд байсан юм. Би А- гэх залуутай ямар нэг хувийн харьцаа байхгүй, би өөрөө найз залуутай. ...” гэх мэдүүлэг [1] ,
Мөн хохирогч Г.Г-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:
“... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А- болон түүний найз Г бид гурав 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах нэг бааранд орж суугаад архи уусан. Тэгээд шөнө 03 цагийн үед баарнаас гарч ирээд такси бариад бид гурав хойд талын суудал дээр суугаад А-ийн гэр рүү явж байсан. Тэгээд таксин дотор явж байгаад А- бөөлжихөөр нь би хүний машин дотор болиоч гээд А-ийн хацар руу алгадсан юм. Тэгтэл А- уурлаад миний хамар руу тохойлдсон. Тэгээд хамраас цус гараад байсан. Замдаа маргалдаад А-ийн эгчийн гэрт очсон. Тэгээд А- хүргэн ахтайгаа маргалдаад зодолдох гээд барьцалдаж аваад байхаар нь Г бид хоёр дундуур нь ороод салгах гэтэл А- намайг холд гэсэн. Би холдохгүй, А-ийг болиоч гэхэд уурандаа миний хамар руу нэг цохисон. Тэр үед их цус гараад хамар хавдсан. Тухайн үед А- их ууртай байсан болохоор уурандаа цохисон байх. Надад тухайн үед хамраа эмчлүүлсэн 80,000 төгрөгийн баримт болон хамрын зураг авахуулсан 120,000 төгрөгийн баримт байгаа. Би эмчилгээний зардлаа бүгдийг нь А-ээс гаргуулан авсан ...” гэх мэдүүлэг [2] ,
2.Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн:
“... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа тараад 22 цагийн үед гэртээ ирсэн. У.А-тэй утсаар яриад хаана байна, хэзээ ирэх гэж байна гэхэд биллярд тоглож байна, цаг нь дуусаад очино гэж хэлсэн. Тэгээд би унтаж байхад шөнө 04 цагийн орчим хаалга нүдээд байхаар нь тайлж өгөхөд У.А- нэг эмэгтэй, нэг эрэгтэй найзтайгаа байсан. Тэр гурав манай гэрт орж ирээд жоохон сууж байгаад У.А- өөрийнхөө гарыг цаасны хутганы ирээр зүссэн. Тэгээд би яаж байгаан гээд болиулахад У.А- нь өөрийн мэдрэлгүй болтлоо согтсон байсан. У.А- хамт орж ирсэн эмэгтэйгээ чи намайг шордсоор байгаад архи уулгасан биз дээ гэж хэлээд дахиад өөрийнхөө гарыг зүсээд байсан. Би очоод барьж авахад намайг У.А- заамдаж аваад цохих гээд байсан. Тэгсэн манай эхнэр, тэр охин хоёр дундуур нь ороод тэр охин У.А-д хамар руугаа цохиулсан. Тэр эмэгтэйн хамраас цус гоожоод эхнэр бид хоёр ээжийг дуудаж оруулж ирсэн. ...Эхлээд баарнаас гараад таксинд явж байхдаа тэр охин У.А-ийг цохиод байсан гэсэн. Тэгээд У.А- хамар руу нь тохойлдсон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [3] ,
3.Гэрч У.Б-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн:
“... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхөр М.Э- У.А-ийн утас руу залгаад ирэх болж байна уу гэж асуухад одоохон, биллярд тоглож байна, дуусгаад очино гэж хэлсэн. Шөнө 04 цагийн үед манай дүү У.А-, Г.Г-, Г гэх хоёр найзтайгаа орж ирсэн. Манай дүү У.А-, Г.Г- хоёр нилээн согтуу, Г гэдэг нь эрүүл байсан. У.А- хэлэхдээ “Г.Г- намайг шордож архи уулгаа биз дээ” гэж хэлж байсан. У.А- гэрт орилоод байхаар нь манай нөхөр М.Э- боль гээд барилцаж авахад У.А- манай нөхрийг цохих гээд байхаар нь Г.Г- бид хоёр дундуур нь ороод салгах гэж байхад У.А- Г.Г-г санамсаргүй хамар руу нь цохичихсон. Тэгээд хамраас нь цус гарахаар нь угааж өгсөн. ...Г надад хэлэхдээ эхлээд баарнаас гараад таксинд явж байхдаа Г.Г- У.А- бөөлжөөд байхаар нь алгадаад байсан гэсэн. Тэгээд У.А- уурлаад хамар руу нь тохойлдсон гэж хэлж байсан. Манай гэрт У.А- манай нөхрийг цохих гэж байгаад санаандгүй Г.Г-гийн хамар руу нэг удаа цохисон. Г.Г- манай гэрт орж ирэхдээ хамар руугаа цохиулсан байдалтай, хамар нь хавдаад хөхөрчихсөн байсан. Мөн гар, хамар нь цус болсон байсан ...” гэх мэдүүлэг [4] ,
4.Гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн:
“...У.А- нь миний хамгийн бага төрсөн хүү байгаа юм. У.А- 7 дугаар ангиасаа сургуулиасаа гарсан. Сурах дургүй, хичээлдээ явлаа гэж гараад явдаггүй байсан. 2014 онд хулгайн хэргээр насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож байгаад 2016 онд суллагдсан. 2017 оноос хүргэн ахыгаа дагаж цагийн ажил хийдэг байсан. Зан төлөвийн хувьд даруу, гэнэн хүүхдээрээ зантай. Сүүлийн үед 2017 оны 10 дугаар сараас жаахан уур уцаартай болоод байгаа. ...Тухайн өдөр би хамт байгаагүй, манай хүү тэр хүнийг цохих бодол байгаагүй байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [5],
5.Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн:
“... У.А- нь миний дүү байгаа юм. 2001 онд манайх хотод орж ирээд сургуульд ороод 7 дугаар ангиасаа сургуулиасаа гарсан. У.А- нь гэр бүлийн хувьд эхнэр аваагүй, хоригдож байх хугацаандаа 9 дүгээр анги төгссөн. Сүүлийн үед жаахан уур уцаартай болоод байгаа, нийлж байгаа хүүхдүүдээс нь болдог байх. Маргааш өдөр нь манай дүү өөрийнхөө гарыг зүссэн байсан. Яагаад гараа зүссэнийг нь мэдэх юм алга. ...” гэх мэдүүлэг [6],
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14888 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний дээд, доод зовхины дотор буланд 3х2 см, зүүн нүдний дээд доод зовхинд 5х4 см хүрэн хөхөлбөр цус хуралттай. Хамрын нурууны зүүн дээд талд хөндлөн 0,5х0,2 см хүрэн тав тогтсон зулгаралттай. Хамрын нурууны 2 талаар хавдсан, бүдэг хөх цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүд доод хэсгээр эмтэрсэн.
2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн толгойн томографикт: тархины эдэд голомтот болон эзлэхүүнт өөрчлөлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. 2 талын нүдний ухархайнд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, хамрын ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана зөрүүгүй хугаралттай, салтс хавагнаж зузаарсан, хамрын таславч хянга хэсгээрээ зөрүүгүй хугарсан ба зүүн тийш мурийлттай гэжээ.
Дүгнэлт хэсэгт:
1.Г.Г-гийн биед тархи доргилт, хамрын баруун, зүүн хажуу хананы зөрүүгүй, хамрын хянга ясны зөрүүгүй хугарал, мурийлт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцралт, 2 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ө.Сарангэрэл/ ...” гэсэн дүгнэлт [7]
7.Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:
“... Г.Г-гийн биед учирсан дээрх гэмтэлүүд нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цус хуралт, зулгаралт гэмтэл үүссэн байна. Шүдний паалангийн эвдрэл гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт хурц иртэй, үзүүртэй зүйлээс бусад бүх объект хамаардаг. Хүний гар, хөл, мод чулуу гэх мэт зүйлийг ойлгож болно. ...” гэх мэдүүлэг [8],
8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаартай:
1.У.А- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
2. У.А- нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
3. У.А- нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. У.А- нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна.
5. , 6 У.А- нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн дүгнэлт [9]
9. У.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“.. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Г- надтай хамт манай гэрт хоносон. Маргааш нь өглөө Хархорин зах ороод өөрийн пүүзийг ломбарданд 120,000 төгрөгөөр тавиад найз Гтай уулзаад бааранд ороод нэг шил 0,75 гр архи аваад суусан. Тэр бааранд миний хуучин үеэрхэж байсан охин тааралдаад би Г.Г-д энэ баарнаас явъя гэхэд юунаасаа айгаад байгаа юм, гээд авсан архиа бид хоёр хуваагаад уусан. Бид гурав шөнө 03 цагийн үед баарнаас гараад таксинд сууж явж байгаад би бөөлжсөн чинь Г- намайг машин дотор битгий бөөлжөөд бай гээд хацар руу алгадсан. Би уурлаад Г-гийн хамар руу нэг удаа тохойлдсон. Тэгсэн чинь Г болиулсан. Тэгээд бид нар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд Зүүн баян уулын 32-12 тоотод ирээд би хүргэн ах М.Э-тай муудалцаад барилцаж аваад манай хүргэн ах намайг манайхаас зайл гэж хэлсэн. Тэгээд Г- бид хоёрын дундуур орж ирэхээр нь би Г.Г-г холд гэхэд холдохгүй байхаар нь Г.Г-гийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Г.Г-гийн хамраас цус гараад угаагаад байсан. Маргааш нь Г.Г- найз залуу руугаа явлаа гээд байхаар нь би өөрийнхөө гарыг зүссэн юм. Тэгээд манай эгч хараад цагдаа дуудаад дуудлага өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Эхлээд таксин дотор Г.Г-г хамар хэсэгт нь тохойлдсон. Тэр үед бага зэргийн цус гараад гайгүй байсан. Тэгээд гэрт орж ирээд дахиад Г.Г-гийн хамар руу цохиход цус их гойжсон. Би хийсэн алдаандаа гэмшиж байна. ..” гэх мэдүүлэг [10],
10.Хохирогч Г.Г-гаас ирүүлсэн компьютер томографийн оношилгоо, эмчилгээний төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын ордер баримтууд [11],
11. У.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [12], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [13], тогтоолуудын хуулбар[14], У.А-ийн зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт [15] тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [16], эд хөрөнгө мэдээллийн санд бүртгэлгүй тухай Ниймслэлийн улсын бүртгэлийн лавлагаа [17], банкуудын лавлагаа [18], У.А-ийн Асап сангийн лавлагаа [19] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч У.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцэс орчмоос таксинд сууж, тус автомашин дотор шалтгаангүйгээр, санаатай үйлдлээр иргэн Г.Г-гийн нүүрэнд гараараа тохойлдож цохисон, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, мөн Г.Г-гийн нүүрэн тус газар нь цохиж, түүний биед тархи доргилт, хамрын баруун, зүүн хажуу хананы зөрүүгүй, хамрын хянга ясны зөрүүгүй хугарал, мурийлт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцралт, 2 шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч Г.Г-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн найз А-, түүний найз Г бид гурав хороололын эцэст байрлах нэг бааранд орж суусан. ...Тэндээс шөнө 03 цагийн орчим гарч ирээд, ...би явна гэж хэлсэн чинь уурлаад таксин дотор суулгаж байгаад нүүр рүү цохиж авсан. Тэгээд таксигаараа гэрт нь ирээд дахин миний нүүр, хамар, нүд орчим газар гараараа цохисон. ...Миний хоёр нүд хөхөрсөн, хамар хугарчихсан, хавдчихсан, үүдэн шүд бутарчихсан, эмтэрчихсэн байдалтай байна. А-д зодуулахдаа архи уучихсан, согтуу байсан. ...” гэх мэдүүлэг [20] ,
-мөн хохирогч Г.Г-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А-, түүний найз Г бид 3, 4 дүгээр хороололын эцэст байрлах бааранд орж суугаад архи уусан. ...шөнө 03 цагийн үед баарнаас гарч, такси бариад бид хойд талын суудал дээр суусан. Тэгээд таксин дотор явж байгаад А- бөөлжихөөр нь би хүний машин дотор болиоч гээд А-ийн хацар руу алгадсан юм. Тэгтэл А- уурлаад миний хамар руу тохойлдож, хамраас цус гараад байсан. Замдаа маргалдаад А-ийн эгчийн гэрт очсон. ...А- хүргэн ахтайгаа маргалдаад зодолдох гээд барьцалдаж аваад байхаар нь ...дундуур нь ороод салгах гэтэл А- намайг холд гэсэн. Би холдохгүй, А-ийг болиоч гэхэд уурандаа миний хамар руу нэг цохисон. Тэр үед их цус гараад хамар хавдсан. ...” гэх мэдүүлэг [21] ,
-гэрч М.Э-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 28-нд ...шөнө 04 цагийн орчим хаалга нүдээд байхаар нь тайлж өгөхөд У.А- нэг эмэгтэй, нэг эрэгтэй найзтайгаа байсан. Тэр гурав манай гэрт орж ирээд жоохон сууж байгаад У.А- өөрийнхөө гарыг цаасны хутганы ирээр зүссэн. ...Би очоод барьж авахад намайг У.А- заамдаж аваад цохих гээд байсан. Тэгсэн манай эхнэр, тэр охин хоёр дундуур ороод тэр охин У.А-д хамар руугаа цохиулсан. ...Эхлээд баарнаас гараад таксинд явж байхдаа тэр охин У.А-ийг цохиод байсан гэсэн. Тэгээд У.А- хамар руу нь тохойлдсон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [22] ,
-гэрч У.Б-н мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 28-нд ...шөнө 04 цагийн үед манай дүү У.А-, Г.Г-, Г гэх хоёр найзтайгаа орж ирсэн. Манай дүү У.А-, Г.Г- хоёр нилээн согтуу, Г гэдэг нь эрүүл байсан. ...У.А- гэрт орилоод байхаар нь манай нөхөр М.Э- боль гээд барилцаж авахад У.А- манай нөхрийг цохих гээд байхаар нь Г.Г- бид хоёр дундуур нь ороод салгах гэж байхад У.А- Г.Г-г санамсаргүй хамар руу нь цохичихсон. Тэгээд хамраас нь цус гарахаар нь угааж өгсөн. ...Г надад хэлэхдээ эхлээд баарнаас гараад таксинд явж байхдаа Г.Г- У.А- бөөлжөөд байхаар нь алгадаад байсан гэсэн. Тэгээд У.А- уурлаад хамар руу нь тохойлдсон гэж хэлж байсан. ...Г.Г- манай гэрт орж ирэхдээ хамар руугаа цохиулсан байдалтай, хамар нь хавдаад хөхөрчихсөн байсан. Мөн гар, хамар нь цус болсон байсан ...” гэх мэдүүлэг [23] ,
-У.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Г- надтай хамт манай гэрт хоносон. Маргааш нь ...Гтай уулзаад 3,4 дүгээр хороололд байдаг бааранд оржоод нэг шил 0,75 гр архи аваад суусан. ...авсан архиа бид хоёр хуваагаад уусан. Бид гурав шөнө 03 цагийн үед баарнаас гараад таксинд сууж явж байгаад би бөөлжсөн чинь Г- намайг машин дотор битгий бөөлжөөд бай гээд хацар руу алгадсан. Би уурлаад Г-гийн хамар руу нэг удаа тохойлдсон. ...Тэгээд бид нар ирээд би хүргэн ах М.Э-тай муудалцаад барилцаж аваад манай хүргэн ах намайг манайхаас зайл гэж хэлсэн. ...Г- бид хоёрын дундуур орж ирэхээр нь би Г.Г-г холд гэхэд холдохгүй байхаар нь Г.Г-гийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Г.Г-гийн хамраас цус гараад угаагаад байсан. ...Эхлээд таксин дотор Г.Г-г хамар хэсэгт нь тохойлдсон. Тэр үед бага зэргийн цус гараад гайгүй байсан. Тэгээд гэрт орж ирээд дахиад Г.Г-гийн хамар руу цохиход цус их гойжсон. ...” гэх мэдүүлэг [24],
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14888 дугаар дүгнэлт [25],
Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [26], хохирогч Г.Г-гаас ирүүлсэн компьютер томографийн оношилгоо зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч У.А- гэм буруугийн талаар маргаагүй.
Улсын яллагчаас шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мөн шүүгдэгч У.А- нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа гэсэн тайлбарыг гаргасан.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл тухай гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч У.А-, хохирогч Г.Г- нар нь архи ууж согтуурсан, улмаар согтуугаар хоорондоо маргалдах, гэр бүлийнхэнтэй маргаан үүсгэх зэрэг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгджээ.
Шүүгдэгч У.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Харин хэрэгт авагдсан гэрч Н.Г-ийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаас хассан болно. Учир нь 2000 оны 9 дүгээр сарын 22-нд төрсөн, 17 настай буюу арван найман насанд хүрээгүй гэрч Н.Г-эс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг оролцуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн:
2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэж,
3 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна “гэж заасан бөгөөд Н.Г-эс гэрчийн мэдүүлэг авахдаа түүний төрсөн эцэг, эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож оролцуулах эсхүл төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулахад түүний ямар эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байсан эсэх нь тодорхой биш, энэ талаар хэрэгт баримт байхгүй, өөрөөр хэлбэл дээр дурдсан хуулийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй, ажиллагаа хийхгүйгээр хуулийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулж гэрчээс мэдүүлэг авсан нь нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулах заалтыг зөрчсөн гэж үзсэн.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос мөрдөн байцаалтад “...Надад тухайн үед хамраа эмчлүүлсэн 80,000 төгрөгийн баримт болон хамрын зураг авахуулсан 120,000 төгрөгийн баримт байгаа. ...” гэж мэдүүлж, “компьютер томографийн оношилгоо, эмчилгээний төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын ордер баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Шүүгдэгч У.А-, түүний ар гэрээс хохирогч Г.Г-д 200,000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч У.А-ийг хохирогч Г.Г-д төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч У.А- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажлыг хийлгэх ял шийтгэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс шүүгдэгч У.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, мөн орлогогүй гэдэг үндэслэлээр шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн гаргасан саналыг зөвшөөрөхгүй. Иймд шүүгдэгч У.А-д торгуулийн ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч У.А-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.А- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр ________________энэхүү ялыг эдэлж дууссан байна.
Шүүгдэгч У.А-д ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-ийг 344 /гурван зуун дөчин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч У.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Г-д энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[10] Хавтастхэргийн 43 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 88-89 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 46 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 51-55 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 62 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 67 дугаар тал.
[17] хавтаст хэргийн 64 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 69-72 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 75-79 дүгээр тал.
[20] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[24] Хавтастхэргийн 43 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 26 дугаар тал.