| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2005030780862 |
| Дугаар | 2024/ДШМ/270 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/270
2024 2 29 2024/ДШМ/270
Э.От холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Онон,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Т.Багахүү,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1241 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.От холбогдох эрүүгийн 2005030780862 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.О нь “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрийн албан хаагчдын орон сууцанд засварын ажил хийх тендер авсан, материал авах мөнгөгүй байна, ажлаа дуусгаад өмнө зээлсэн мөнгөтэйгөө хамт өгнө” хэмээн 2020 оны 6 дугаар сарын 21-нээс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байсан хохирогч С.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр нийт 10,950,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Оыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 10,950,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мд олгуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй билээ. Гэр бүлийн хүмүүжил сайн аав, ээж, эгч, дүү нартайгаа ам бүл тавуулаа амьдарч байгаад 2008 онд сургуульд суралцан нягтлан бодогч мэргэжил эзэмшин 2012 онд сургуулиа төгсөж, эхнэр Ттайгаа танилцан 2 охинтой болсон. Том охин О.З 6 дугаар ангид, бага охин О.Энхмэнд 1 дүгээр ангид тус тус суралцдаг. Миний эхнэр одоогоор Солонгос улсад ажиллаж, амьдардаг бөгөөд миний бие одоо барилга угсралтын компанид барилга хариуцсан менежерийн албан тушаалд сарын 3,500,000 төгрөгийн цалингаас гар дээрээ 2,800,000 төгрөг авч ажилладаг. Барилгын ажил хөдөө, орон нутагт явагддаг. Цалин гүйцэтгэлээр олгогддог, сар бүрд тогтсон өдөр олгогддоггүй болохоор тухайн үед хохирлын мөнгийг өгч чадаагүй юм. Гэр бүл, эцэг, эх, ажлын хамт олон дарга нартайгаа ярилцан мөгөний бололцоо гарч ирсэн тул хохирлын 10,950,000 төгрөгийг барагдуулах боллоо. Иймд миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Э.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдлийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй болсон үйл явдлыг нэг бүрчлэн мэдүүлсэн. Э.Оын гэм буруутай эсэх талаар огт маргахгүй бөгөөд зөвхөн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх зорилгоор энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Анхан шатны шүүх Э.Оын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн хэрнээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас хамгийн хүнд ялын төрөл болох хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэхээр байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал шүүгдэгч Э.Оын зайлшгүй харгалзан үзэх хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байх бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж байсан зэргийг үнэлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тэнсэх боломжтой. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт, 36.1 дүгээр зүйлийн 8.1 дэх заалт, 36.7 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад зааснаар шүүх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох бөгөөд түүний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан байх хуулийн зохицуулалттай. ... Э.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн', 1.6 дахь заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, мөн тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн гэм буруутай үйлдлийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авч, цаашид ч авахаа илэрхийлж, хохирогчид хохирол учруулсандаа уучлал гуйж гэмшиж байгаа зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал юм. Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсээр байсан бөгөөд анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчид төлж барагдуулах болохоо илэрхийлсэн. Э.О нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “WWS” ХХК-д менежерийн албан тушаалтай, сарын цалин нь 1,500,000 төгрөгөөс гадна нэмэгдэл хөлс нь ажлын гүйцэтгэлээс шалтгаалж нэмэгддэг бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед цалин, хөлс нь олгогдоогүй, хойшлогдсон байсан учраас хохирол төлж чадаагүй гэсэн. Мөн гэр бүлийн хувьд 12 нас, 6 настай хоёр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд нь Э.О болон эмээ, өвөө нарынхаа асрамж, халамжинд байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1241 тоот шийтгэх тогтоолоор Э.От оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.
Прокурор Г.Онон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгч Э.Оын хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг оногдуулсан. Оногдуулсан ял шийтгэл нь үндэслэл бүхий хууль ёсны дагуу гарсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахын тулд хохирол төлбөрийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулна. Хохирол төлбөрийг төлөөгүй байсан учир прокурорын зүгээс энэ талаар санал гаргаагүй. Шүүгдэгч Э.О энэ гэмт хэргийг 2020 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд үйлдсэн бөгөөд үүнээс хойш хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.О нь “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрийн албан хаагчдын орон сууцанд засварын ажил хийх тендер авсан, материал авах мөнгөгүй байна, ажлаа дуусгаад өмнө зээлсэн мөнгөтэйгөө хамт өгнө” хэмээн 2020 оны 6 дугаар сарын 21-нээс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байсан хохирогч С.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр нийт 10,950,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Мын “... 2020 онд над руу залгаад “би хөдөө ажилд орчихсон байгаа юм энд би тендерийн ажил аваад чиний өр төлбөрийг барагдуулна, чи надад 11,000,000 төгрөг зээлээч, би чиний нэр дээр тендерийн гэрээг байгуулна” гэсэн. Тэгээд над руу Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төрийн албан хаагчдын орон сууцны их засварын ажил гүйцэтгэх гэрээ гэсэн зүйл явуулсан бөгөөд уг гэрээний эхний хэсэгт миний нэрийг оруулан бичсэн байсан. Тухайн үед О гарын үсэг зурах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд “энэ ажил ингээд болчихно, чи мөнгөө л шилжүүлчих, би энэ ажпыг дуусаад чамаас өмнө авсан мөнгөө болон энэ мөнгийг буцаан өгөх болно миний өгсөн данс руу мөнгөө хуваагаад шилжүүлээрэй” гэсэн. Тэгээд надад О 4, 5 хүний данс өгсөн бөгөөд би уг данснууд руу нь нийтдээ 11,000,000 төгрөгийг Оын хэлснээр 2020 оны 6 сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хувааж хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа О надтай огт холбоо барихгүй алга болчихсон бөгөөд утас руу нь залгахаар холбогдох боломжгүй байдаг байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 30-31, 33-34, 36-37/,
гэрч Г.Ганбүрэнгийн “... О нь тендерийн ажил авахдаа гэрээ байгуулахаар гэрээ авсан боловч тус гэрээгээ аваад алга болсон. Бид нар араас нь хайсан боловч “барилгын ажилд хэрэглэх материалаа авч байна, цонх хайлс бэлэн болсон удахгүй очно, очихдоо гэрээнийхээ хувийг аваад очно” гэж байгаад сүүлдээ гар утсаа авахаа больсон учир шинээр тендер зарлах болсон. О нь тендер авахдаа урьдчилгаа төлбөр аваагүй. Ажил хийж гүйцэтгэсний дараа төлбөрийг өгнө гэж гэрээнд заасан байдаг. ...” /1хх 41-44/,
гэрч Э.Агийн “... Хаан банкны; 5286193522 тоот данс нь миний данс юм. 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд О ах өөрийнх нь карт хаагдаад миний дансыг ашиглаж байсан. ...” /1хх 52-54/ гэсэн мэдүүлгүүд,
С.Мын хаан банкны 5429159796 дугаартай, Э.Агийн хаан банкны 5286193522 дугаартай, Э.Оын хаан банкны 5286202255 дугаартай, Г.Батнарангийн хаан банкны 5032829194 дугаартай, Ж.Баяржаргалын хаан банкны 5021586072 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 73-86/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Э.Оын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Оын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж тооцон, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1241 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.О болон түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын ялын төрлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1241 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 624 /зургаан зуун хорих дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, түүний эдэлсэн 78 хоногийг найман цагаар тооцон нийт 624 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, Э.Оыг нэн даруй сулласугай.”,
“Шүүгдэгч Э.О нь хохирогч С.Мд 10,950,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж,
бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ