Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2021/00019

 

 

                              

 

 

 

П.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2010/00167 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **А байрны ** тоотод оршин суух П овогт П-ын О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, *-*** тоотод оршин суух П овогт Д-ийн Г,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дугаар баг, Модны *-* тоотод оршин суух Х овогт Б-ын Д нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд барааны үнэ 2 730 000 төгрөг, замын зардал 134 000 төгрөг, нийт 2 860 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О /зайнаас цахимаар/, хариуцагч Д.Г /зайнаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х /зайнаас цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч миний бие машины жижиг гоёл чимэглэл, бусад хэрэглэлийг зардаг болоод удаагүй байсан юм. Зун нь 2-3 удаа Эрээн явж авч байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын 2 дэлгүүр рүү утсаар ярьж, нийтдээ 1,865,810 төгрөгийн машины гоёл чимэглэл захичхаад Б руу утсаар ярьж нийт 7 хэсэг юм байгаа оруулж ирээд каргод өгчих гэж хэлээд замын зардалд 134,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн юм. Б миний барааг 12 дугаар сарын 23-нд оруулж ирээд каргод өгсөн байсан. Тэгээд 12 дугаар сарын 25-ны өдөр байх Монгол гэр каргоноос таны барааг ачиж явсан машин шатсан байна гэж хэлсэн. Б нь Доржготовын каргод өгч, **-** машины жолооч Г тээвэрлэн хот руу явсан юм билээ. 9613**** дугаарын утас нь миний утас, Д-ын хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэрт миний ачааг хүлээн авч, утсаны дугаарын тэмдэглэсэн байсан учраас цагдаагийн байгууллага машин шатсан талаар надад мэдэгдсэн. Би Эрээн рүү нийт 3 удаагийн шилжүүлгээр 1,865,810 төгрөг шилжүүлж, 2 дэлгүүрээс бараа авсан, энэ талаар банкны хуулга байгаа, мөн Б каргод ачаа хүлээлгэн өгсөн гэж гэрчилсэн. Тухайн үед утсаар яриад бараагаа захичихдаг байсан учраас баримт, падаан байхгүй байна. Иймд би барааны үнээ нэхэмжилнэ. Би нийт олох байсан орлогоо тооцон нийт 2,860,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Эхний шүүх хурлууд дээр хэрхэн ашиг олж байсан талаар асуусан. Би ашиг олдгоо нотолж чадаагүй учир зөвхөн захиалсан барааны үнэ болох 1,865,810 төгрөг, замын зардалд төлсөн 134,000 төгрөгийн 50 хувь болох 67,000 төгрөг нэхэмжилж байна, үлдэхийг нь нэхэмжлэхгүй. Замын зардлын хувьд Эрээнээс Улаанбаатар хүртэлх зардлыг Б руу шилжүүлсэн тул Эрээн Замын-Үүдийн тээвэрлэлтийн зардлыг хасаад 67,000 гэж нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д-ын каргоноос өөрийн эзэмшлийн **-** ДГА улсын дугаартай “Волво” маркийн машинаар ачаа ачаад 1 сар гаруй хугацаа болж байсан юм. Тэр өдөр Д ачаа ачиж өгөөд би Замын-Үүдээс явсан. Сүүлийн гарсан дүгнэлт дээр хийн нумын хэвийн үйл ажиллагаа алдагдах, чиргүүлийн тормосны системийн ажиллагаа алдагдах нь нөлөөлнө гэсэн байсан. Тэр үед хэрэв хийн нум хэвийн ажиллаагүй бол хянах самбарт гэрэл асах ёстой, дугуй зуурах ёстой, гэтэл тийм зүйл болоогүй. Тухайн үед 22 тонн ачсан байдаг, миний машины өөрийн жин 13,5 тн, 27 тонн ачаанд зөвшөөрөгдөнө. Ер нь бол О-ын ачаа миний машинд ачигдсаныг би мэдэхгүй, дэвтэрт утасны дугаар тэмдэглээтэй байсан. Мөн карго ачаа явах үед Д надад мөнгө төгрөг өглөггүй, хотод очоод бараа тараагдсаны дараа тооцоо хийдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д нь Эрээнээс ирсэн ачаа барааг өөрийн каргодоо хүлээн авч, Г-ын тээврийн хэрэгсэлд ачиж хор руу хүргүүлдэг, ачаа тээвэрлэсний хөлсөө Улаанбаатарт зарго тараагдсаны дараа төлдөг байсан. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр **-** ДГА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгсэлд Эрээн хотоос орж ирсэн ачааг ачсан бөгөөд үүн дотор нь О-ын ачаа байсан. Ачаагаа Г-д хүлээлгэн өгөхдөө тээврийн хэрэгсэлд ачаа барааг бүрэн бүтэн ачиж, ачаа барааг ямар утасны дугаартай хүн авахыг тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтрийг хүлээлгэн өгсөн байдаг. Уг тэмдэглэлийн дэвтэрт нэхэмжлэгч О-ын ачаа бараа байсан болох нь тэмдэглэгдсэн байгаа. Ингээд жолооч Г ачаагаа Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу хүргүүлэхээр явсан байдаг. Г нь ачаа тээвэрлэх явцад нь тээврийн хэрэгслийн чиргүүлийн зүүн талын дугуйнаас гал гарсны улмаас нэхэмжлэгч О-т хохирол учирсан болох нь Онцгой байдлын ерөнхий газрын шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд болон автотээврийн ерөнхий мэргэжилтэн Э-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа. Иргэний хуульд бусдын эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул Г нь нэхэмжлэгч О-ын нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч О Д нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Д-ын үйлдлээс болж О-т хохирол учраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Тэр үед 22 тонн орчим ачаа ачсан бөгөөд жин тонн хэтрүүлж ачааг ачсан, тээвэрлэхэд аюултай ачаа ачаагүй байдаг. Иймд О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Замын зардлын хувьд Б нь Д-т мөнгө хүлээлгэн өгсөн эсэхийг мэдэхгүй байна, бараа хүлээлгэн өгөх дэвтэрт мөнгө авсан, аваагүй талаар тэмдэглээгүй байна” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Г-оос барааны үнэ 1,865,810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,803 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч П.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г би Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2021/00167 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хариуцагч намайг нэхэмжлэгч П.О-ын ачааг тээвэрлэн явахдаа үрэгдүүлсэн байх бөгөөд энэ нь намайг нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан гэм хорын харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Би П.О гэдэг хүнийг танихгүй, иргэний эрх зүйн харилцаанд орж байгаагүй бөгөөд зөвхөн Б.Д-той харилцаж бид хоёрын хооронд эрх үүрэг үүссэн гэж үзэж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж гал гарч тээвэрлэж явсан ачаа шатсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Гэтэл гал гарсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй бөгөөд эдгээр дүгнэлтүүдэд жолооч буруутай гэсэн агуулга байдаггүй юм. Миний хувьд машинд П.О-ын ачаа ачигдсаныг үгүйсгэхгүй боловч 1 865 810 төгрөгийн ачаа байсан гэдгийг мөнгөн шилжүүлгийн баримт, ачааг захиалсан захиалгын хуудас, гэрч Б-ийн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх ямар дүгнэлт хийсэн гэхээр Б.Д, Д.Г нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн. Д.Г, П.О нарын хооронд гэм хорын харилцаа үүссэн, энэ гэм хорын харилцаа нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болоод ачаа бараа шатсан гэж дүгнэж шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.Д, Д.Г нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн буюу тээвэрлэлтийн гэрээ байгуулсан гэж үзэх юм бол П.О, Д.Г нар нь ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй гэсэн үг. Яагаад гэвэл Д.Г, Б.Д-ын өмнө үүрэг хүлээсэн, П.О-ын өмнө үүрэг хүлээгээгүй. П.О-ын ачаа бараа өөрийнх нь тээврийн хэрэгсэлд байсан гэдгийг сүүлд гал түймэр гарч, тээврийн хэрэгслийн эвдрэлийг олж тогтоох явцад ойлгож мэдсэн. Тэгэхээр Д.Г, П.О нарын хооронд ямар нэгэн харилцаа, үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Д.Г, П.О хоёрын хооронд ямар харилцаа үүссэн гэдэг дээр учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Б.Д, П.О-ын өмнө ямар үүрэг хүлээх талаар дүгнэлт хийгээгүй. Эдгээр нөхцөл байдлын улмаас Д.Г-той холбоотой гэм хорын асуудлын талаар яригдсан учраас дүгнэлт хийсэн байна. Дүгнэлтэд жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг байдлаар хандсан. Олон удаагийн шинжээч нарын дүгнэлтүүдээр чиргүүлийн зүүн талын дугуйтай шүргэлцээд үүний улмаас болж гал гарсан гэж байгаа боловч энэ нь жолоочийн ямар буруутай үйл ажиллагаанаас болсон болохыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна. Д.Г-ын ярьж байгаагаар П.О-ын 1,865,810 төгрөгийн бараа байсан нь тогтоогдохгүй байна гэж байна. Үүнийг Б-ийн олон хайрцаг бараа гааль дээрээс аваад Д.Г-ын тээврийн хэрэгсэлд ачсан гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж үзэж дүгнэлт хийсэн юм шиг харагдаж байна. Гэтэл 3 удаагийн шилжүүлгээр 1,865,810 төгрөгийн шилжүүлэг хийсэн байж болно. Гэхдээ энэ шилжүүлсэн мөнгөөр Д.Г-ын тээврийн хэрэгсэлд ачсан байсан хайрцагтай барааг авсан, П.О-ын барааг 1,865,810 төгрөг гэж үзэхэд эргэлзээ үүсэж байна, үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд эцсийн байдлаар хэлэхэд Д.Г, Б.Д нарын хооронд үүссэн харилцааг шийдвэрлээд, энэ шийдвэрт үндэслээд П.Он асуудлыг ярих ёстой. Шууд Д.Г-ыг П.О-ын өмнө гэм хороор хариуцлага хүлээнэ гэдэг асуудлыг ярих нь учир дутагдалтай байна. Эхлээд Д.Г, Б.Д нарын хооронд үүссэн харилцааг шийдвэрлээд дараа нь энэ асуудлыг Д.Г, Б.Д хоёрын хэн нь хариуцах эсэхийг тогтоох дарааллаар явуулах байсан байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна“ гэв.

 

Нэхэмжлэгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П. миний бие Д.Г-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл өмнө нь энэ хэрэг Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд Б.Д, Д.Г гэх хоёр хүний хэн нь буруутай, гэм хор учруулсан болох талаар тогтоолгохоор хэрэг анхан шатны шүүх рүү буцсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн энэ шийдвэрийг гаргасан гэж бодож байна. Ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлага 2,865,000 төгрөг  байсан боловч миний хувьд 1,865,810 төгрөг болгож бууруулсан. Мөн ачааны зардлыг 134,000 төгрөг болгож буруулсан, Эрээн хотоос Замын-Үүд сум руу очсон, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу ирээгүй тул энэ замын зардлыг 2 хувааж, тодорхой хэмжээнд бууруулсан. Анхан шатны шүүхээс энэ хэрэгт энэ хоёр хүний хэн нь буруутай, гэм хор учруулсан болохыг тогтоохдоо миний ачааг Д.Г гэх хүний тээврийн хэрэгсэлд бүрэн бүтэн ачигдсан байсан учраас Улаанбаатар хот руу ирэх замдаа миний ачаа галд өртөж, байхгүй болсон учраас жолооч ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх шаардлагатай гэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар 28-ны өдрийн 137/ШШ2010/00167 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Хариуцагч Д.Г-ын давж заалдсан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргаанд холбогдох Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл нэхэмжлэгч П.О-аас БНХАУ-аас импортоор оруулж ирсэн 2.860.000 төгрөгийн бараа Улаанбаатар хот руу тээвэрлэгдэж явах замдаа шатаж үрэгдсэний улмаас гэм хорын хохирол учирсан тул Б.Д, Д.Г нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Д.Г-оос “...шинжээчийн дүгнэлтүүдэд жолоочийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаар тодорхойлоогүй, нэхэмжлэгч П.О-ыг танихгүй, түүнтэй ямар нэг иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, 1.865.810 төгрөгийн бараа миний машинд ачигдсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

 

Хариуцагч Б.Д-ын төлөөлөгч Н.Б-аас “...тээвэрлэгчийн ачиж явсан ачаа бараанаас гал гараагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Д.Г нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн дагуу тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, мөн тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн бол хохирлыг Д.Г хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч П.О нь машины гоёл, чимэглэлийг хувиараа зарах хөдөлмөрийг эрхэлдэг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын 2 дэлгүүрээс бараа захиалж, нийт 7 ширхэг хайрцаг барааг гэрч Д.Б-оор Замын-Үүд боомтоор хилээр нэвтрүүлүүлж, каргоны үйлчилгээ эрхэлдэг Б.Д-т хүлээлгэн өгсөн.

 

Хариуцагч Б.Д нь ачааг каргоны үйлчилгээнд хүлээн авч бусдын ачаа тээшний хамт Улаанбаатар хот руу хүргүүлэхээр Д.Г-ын автомашинд ачиж түүнд хүлээлгэн өгсөн.

 

Хариуцагч Д.Г Б.Д-ын ачсан ачаа барааг 84-87 ДГА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслээрээ 2018 оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хот руу тээвэрлэж явахад буюу Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр 2-р багийн нутагт тээврийн хэрэгслийн чиргүүлийн тавцан, зүүн талын дугуйны хооронд  үрэлт үүссэний улмаас гал гарч тээвэрлэж явсан ачаа тээш шатаж үрэгдсэн.

 

Б.Д нь нэхэмжлэгчийн ачаа тээшийг Д.Б-оос хүлээн авч Д.Г-ын тээврийн хэрэгсэлд ачиж Улаанбаатар хот руу хүргүүлүүлэхээр түүнд хүлээлгэн өгсөн, түүний энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, харин Д.Г-ын тээвэрлэлтийн явцад гал гарсны улмаас нэхэмжлэгч П.О-ын ачаа үрэгдсэн буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Д.Г хариуцна гэж үзэж, хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Г-оос барааны үнэ 1865.810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж  давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч П.О-ын ачаа 84-87 ДГА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгсэлд ачигдсан болох нь Б.Д-оос Д.Г-д ачаа хүлээлгэн өгснийг тэмдэглэсэн дэвтрийн хуулбар /2-р хх-ийн 29/, ачааг каргонд хүлээлгэн өгсөн Д.Б-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57/,  гал гарсан үйлдэлд Төв аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа ачаа хүлээн авахаар тэмдэглэгдсэн дэвтэрт бичигдсэн 62 нэр бүхий хүмүүсийг хохирогчоор тогтоож асуусан,  үүн дотор П.О хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгсөн болох нь эрүүгийн хэргээс хуулбарласан баримт /1-р хх-ийн 7-15/-ууд, нэхэмжлэгч П.О 3 удаагийн шилжүүлгээр нийт 1.865.810 төгрөгийг барааны үнэнд ХААН банкны 5377033962 тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 125-126/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллүүд байна.

 

Нэхэмжлэгч П.О-ын каргонд хүлээлгэн өгсөн ачаа хариуцагч Д.Г-ын жолоодож явсан **-** ДГА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэх явцад тэвшинд гал гарсны улмаас шатаж үгүй болсон тул ачааны үнэлгээг одоо тогтоох боломжгүй юм.

 

Гал гарсан шалтгааныг тогтоохоор эрүүгийн хэрэгт 1 удаа /1-р хх-ийн 150/, иргэний хэрэгт 2 удаа /1-р хх-ийн 107-108, 2-р хх-ийн 41/ шинжээчийн дүгнэлт гарсан.

 

Шинжээчийн 2 дүгнэлтэд /1-р хх-ийн 150, 1-р хх-ийн 107-108/ тээврийн хэрэгсэлд гарсан гал чиргүүлийн зүүн талын дугуй нь чиргүүлийн тавцан /мод/-д үрэлт үүссэний улмаас гарсан гэж дүгнэсэн ба тэвшинд ачигдсан хөлдөөгч, хөргөгчний пирон бүхий баллон, аккумлятор зэрэг нь тухайн үедээ гал гарах шалтгаан болоогүй тухай эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан А.Б-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/-ээр тогтоогдсон, мөн **-** ДГА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийн жин тонн хэтрээгүй гэдгийг хариуцагч Д.Г өөрөө шүүхэд мэдүүлдэг ба эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүх гал гарсан шалтгааныг тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болсон гэж үзсэн нь мөн үндэслэлтэй болсон.

 

Давж заалдах шатны шүүхээс эдгээр  нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагч Б.Д-ын хувьд гал гарах аюултай ачаа тээшийг ачсан, тээврийн хэрэгслийн ачааны жин тонныг хэтрүүлснээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу дээрх нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байх учир нэхэмжлэгч П.О Б.Д-оос ачааны үнэ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болсон байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.О, Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, Д.Б тогтоосон газарт буюу каргоны Б.Д-т ачааг хүлээлгэн өгснөөр түүний үүрэг дуусгавар болсон,

 

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчийн ачааг Д.Г-ын тээврийн хэрэгсэлд ачиж Улаанбаатар хот руу хүргүүлж, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр, хариуцагч Д.Г нь ачааг тогтоосон газар буюу Улаанбаатар хотод хүргэх үүргийг тус тус хүлээсэн байгаа нь тэдний хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь мөн үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д тээвэрлэгчийн хариуцлагыг “тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэсний дагуу хохирлыг Д.Г хариуцах үүрэгтэй ба мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.4, 393.6, 393.8-д зааснаар тээвэрлэгч Д.Г хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл, нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч П.О нь Б.Д, Д.Г нартай гэрээний харилцаанд ороогүй, тэдэнтэй ямар нэг хэлцэл хийгээгүй боловч тэрээр автомашины тэвшинд гал гарсны улмаас БНХАУ-аас захиалж авсан бараагаа хүлээж авах боломжгүй болж, эд хөрөнгөнд нь гэм хор учирсан байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар хариуцагч Д.Г, нэхэмжлэгч П.О нарын хооронд иргэний эрх зүйн “Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа” үүссэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг баримтлан Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийг хариуцагч Д.Г-д хүлээлгэсэн нь үндэслэлтэй юм.

 

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барааны үнэ 2.730.000 төгрөг, барааны тээврийн зардал 134.000 төгрөг, нийт 2.860.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж барааг захиалсан үнээр буюу 1.864.000 төгрөг, тээврийн зардалд төлсөн 134.000 төгрөгийн тал буюу 67.000 төгрөг, бүгд 1.931.000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багассан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба анхан шатны шүүх багасгасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэгчийн эрхэд нийцсэн.

 

Барааны тээврийн зардалд төлсөн 134.000 төгрөгийн тал үнэ болох 67.000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагч Д.Г-оос гаргасан “...нэхэмжлэгч П.О-тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, ...миний автомашинд түүний 1.864.000 төгрөгийн үнэ бүхий бараа байсан гэдэг нь тогтоогдоогүй,  гал гарсан шалтгаан нөхцөлд жолоочийн буруутай талаар шинжээчийн дүгнэлтүүдэд тогтоогдоогүй ...тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй“ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхиж,   анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар 28-ны 137/ШШ2010/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Д.Г-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.802.96  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

           

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                          А.САЙНТӨГС