Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2021/00020

 

 

 

 

 

 

Д.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2021/00169 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сумын * дүгээр баг, Эрх чөлөөний гудамж, *** дүгээр байр, *-** айлын ** тоотод оршин суух, Бү овогт Д-ийн Ж-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Улаанбадрах сум, * дүгээр багт оршин суух, С овогт Ун О,

 

Хариуцагч: “Ч” орон нутгийн өмчит ХХК-д тус тус холбогдох,

 

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2 076 660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

хариуцагч У.О-ын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж/зайнаас цахимаар/, хариуцагч У.О-ын өмгөөлөгч Э.Д/зайнаас цахимаар/, “Ч” орон нутгийн өмчит ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Э.Л, Н.Т нар/зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нар оролцов.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021-01-28-ны 21:50 цагийн үед манай 00-ын өрөөний таазнаас ус гоожсон. Би охиноо дээд давхрын айлд хэл гэж гаргачихаад хойноос нь гартал 4 давхарт 10 тоотын эзэгтэй манай дээд айлаас 13 тоотод ус алдаж байна, хаалгаа нээхгүй хүнгүй юм шиг байна гэсэн. Тэгээд намайг Ч ХХК луу ярь гэсэн. Энэ үед манай гэрийн том өрөө, гал тогоо, коридорын таазнаас хана дагаж, гал тогооны болон том өрөөний цонх даган ус гоожиж эхэлсэн. 13 тоот байрны эзэн У.О-ын утсыг олж ярихад тус байрны 11 тоотод гэрийн түлхүүр байгаа гэсэн боловч тус байрны айлын эзэд Улаанбаатар яваад эзгүй байсан. Би 22 цагт СӨХ-ны дарга Одвалд мэдэгдсэн. Ч компанийн ажилтан ирж шугам хаасан. Гэвч манай гэр рүү гоожсон ус нэг цагийн үед татарсан. Манайх байрандаа 5 сая төгрөгийн засвар хийлгэсэн байсан. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 1,926,660 төгрөгийн хохирол учирсныг тогтоож өгсөн У.О-аас 2,076,660 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч У.О шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1-р баг 58 байрны 13 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч. Манай байр 1987 онд баригдсан, бусад нийтийн зориулалттай орон сууцуудыг бодвол дээр үед баригдсан барилга тул халаалтын шугамаас хий авах хэсэг зөвхөн хамгийн дээд давхарт байрладаг учир жил болгоны халаалт ирэх үед хамгийн дээд давхрын буюу 5 давхрын айлаас хий авч байж бусад айл халаалтаа авах боломжтой байдаг. Хэрэв паарны халаалтын хий авдаг хэсгийг орон сууцны дангаар өмчлөх эд хөрөнгөнд хамааруулбал бусад айл өрхийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрэх ба барилгын бат бэх чанар, аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой хэсэг тул тухайн 5 давхар /хамгийн дээд давхар/-ын айлын халаалтын хий авдаг хэсгийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж үзэж байна. Ч ОНӨХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Дорноговь аймгийн дулааны эрчим хүчээр хангадаг бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо болон сууц өмчлөгчтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, холбогдох засвар үйлчилгээг хариуцдаг. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гал тогооны өрөөний халаалтын хий авдаг хэсгээс ус алдахад доод айлын оршин суугч иргэд болон СӨХ-өөс Ч ОНӨХХК-д дуудлага өгсөн боловч тухайн компани холбогдох ажилтан 2 цагийн дараа ирсэн нь хий авдаг хэсгээс алдсан ус орцыг бүхэлд нь хамарч хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэх шалтгаан нөхцөл болсон, Ч цаг алдалгүй байраар нь дулааныг хаах арга хэмжээ авсан бол 5 давхраас алдсан ус 1 давхар, зоорийн давхар хүртэл хэмжээнд алдахгүй байсан гэж үзэж байна. Иймд оршин суугч, иргэн Д.Ж-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Хариуцагч “Ч” орон нутгийн өмчит ХХК анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Д.Ж-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.О-д холбогдох иргэний хэрэгт 137/Ш32021/00378 дугаартай шүүгчийн захирамжаар Ч ОНӨХХК-г хамтран хариуцагчаар татсаны дагуу тайлбарыг хүргүүлж байна. Ч ОНӨХХК нь эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний тухай хуулийн 13, 16, 17 зүйл заалтуудыг эзэмшигч компани бөгөөд эрчим хүч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг болон бусад ажиллагааг Эрчим хүчний тухай хуулиар зохион байгуулж, зохицуулалт хийж ажилладаг орон нутгийн өмчит компани юм. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сайншанд сумын * дугаар багт байрлах *-р ** айлын ** тоотын айлын гал тогооны өрөөний паарны хий авагч буудсан дуудлагын дагуу диспетчер-инженер дуудлагыг хүлээж аваад засварчинд цаг алдалгүй мэдэгдсэнээр засварчин тухайн газарт очиход хаанаас ус алдаад байгаа нь мэдэгдэхгүй, доод давхрын айлуудын мэдэгдсэнээр тухайн айл хүнгүй цоожтой, хаалга нээх боломжгүй байсан тул доош бууж зоорины давхарт орж жигүүрээр нь хааж ус алдалтыг зогсоосон нь нэмэлтээр учирч болох хохирол, хор уршгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож чадсан бөгөөд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай үзүүлсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харагдана’ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дуудлагын дагуу диспетчер дуудлагыг хүлээж аваад засварчинд цаг алдалгүй мэдэгдсэнээр засварчин тухайн газарт очиход хаанаас ус алдаад байгаа нь мэдэгдэхгүй доод давхрын айлуудын хэлснээр тухайн айл нь хүнгүй, цоожтой, хаалга нээх боломжгүй байсан тул доош бууж зоорины давхарт очиж жигүүрээр нь хааж ус алдалтыг зогсоосон. Тухайн өдөр ээлжийн диспетчер инженер А, ээлжийн засварчин Т нар ажил үүрэг гүйцэтгэсэн байдаг. Компанийн үйлчилгээний 6 дугаар зүйлд засварчин дуудлагаар засвар үйлчилгээ үзүүлэх тухай, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дуудлага хүлээн авснаас хойш 30 минутын дотор хэрэглэгчид очих, дуудлагыг эрэмбэлэх, яаралтай дуудлагад эхэлж очих гэж заасны дагуу ээлжийн засварчин дуудлагыг 22 цаг 15 минутад хүлээж авснаас хойш 22 цаг 19 минутад 1-58 айлын гадаа очсон болох нь тогтоогдож байгаа. Тухайн өдөр дээрх айл эзэнгүй байсан нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрчим хүчний хангамж хэрэглээг түдгэлзүүлэх буюу 32 дугаар зүйлийн 2.6-д заасан хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчид олгоогүй. Эрчим хүчний тухай хууль болон Иргэний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээ, бусад холбогдох дүрэм журмын хүрээнд гэрээ байгуулаагүй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхгүй байх боломж байсан. Тухайн айл түлхүүргүй байсныг үл харгалзан манай засварчин подвал руу нийт жигүүрээр нь хаагаад ямар ч байсан даралттай усыг 23 цаг 25-30 минутын хооронд зогсоосон. Энэ айл байнгын хүнгүй, цоожтой, утсаар холбогдоход би Улаанбадрах суманд байна, наана чинь очих боломжгүй гэсэн хариуг өгдөг. Удаа дараа хэрэглэгчийн үүргээ зөрчиж ирсэн, О өөрийн эзэмшлийн байрны гал тогооны пааранд зориулалтын бус хий авагч угсарсан байсан. Уг хаалт хуучирч муудсаны улмаас зэвд идэгдээд шаардлага хангахгүй болсныг мэдэж байсан боловч сольж сайжруулах, найдвартай болгох арга хэмжээг аваагүйн улмаас энэ хаалт муудаж ус алдсан байдаг. Мөн эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1.8-д заасан өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй тул Отгондуламын тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 21 цаг 54 минутад манай диспетчерийн утас 9660**** дугаар руу залгасан гэж тайлбар дээр бичсэн байдаг. Гэвч манай дээр энэ дуудлага огт орж ирээгүй. Энэ хүний дуудлага бид нарын өгсөн нотлох баримт дээр 22 цаг 44 минутад 9609**** гэсэн дугаараас дуудлага ирсэн байдаг. Гэхдээ бас ус алдсан айлынхаа тоотыг 13 тоотыг 11 тоот гэж буруу хэлсэн. Үүнийг бидний бидний өгсөн нотлох баримтаас харж болно. Мөн манай слесарь Т-ын гар бичмэлээр бичсэн энэ тодорхойлолт дээр тухайн айл руу хэдэн удаа яаж орсон бэ гэдэг нь тодорхой харагдана” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, тухайн өдөр 1-58 айлын 13 тоотын айл эзгүй байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Зориулалтын бус хий авагч тавьсан. Үндсэндээ халаалтын усыг зүй бусаар хэрэглэх хэмжээний цоргон крант тавьсан байсан. Энэ нь хуучирч муудсан. Халаалтын улирал эхлэхээс өмнө хэрэглэгч өөрөө хаалтыг зориулалтын дагуу хий авагчаар солих ёстой байсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаагүй. Манай байгууллага жил болгон халаалтын улирал эхлэхээс өмнө нийт хэрэглэгчдэд дулаан өгөх ажиллагааны анхааруулгыг өгдөг. Халаалт эхлэхтэй холбогдуулан нийт аж ахуйн нэгж, айл өрхүүдэд өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд үзлэг, шалгалт засвар үйлчилгээг хийнэ үү, ус алдсанаас үүсэх аливаа асуудлыг манай байгууллага хариуцахгүй шүү гэдгийг жил болгон 9 сар мэдэгддэг байгаа. Тухайн айлын хий авагч үндсэндээ 10 сард буюу усны шахалт эхлэхэд ус алдалт болоогүй. 1 сард илэгдэж хуучраад, зориулалтын бус хий авагчаас болж ус алдсан гэдэг нь тогтоогдож байгаа” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч У.О-аас 2,076,660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгож, Ч ОНӨХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.О-аас 48.177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгож,

 

Хариуцагч Ч ОНӨХХК-иас нотлох баримтаар ирүүлсэн “дуудлага хүлээн авсан диспетчер, дуудлагаар үйлчилгээ үзүүлсэн ажилтны хоорондын яриаг бичсэн” флаш дискийг хэрэгт хавсаргаж, 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4. 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсмогц хуулийн хүчинтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

 Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.О давж заалдсан гомдолдоо: “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т дурдсан хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан боловч Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар дээр дурдсан дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй хэдий ч дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа, барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй гэж заасан. Нийтийн зориулалт бүхий орон сууцны байрны хамгийн дээд давхрын айлын халаах хэрэгслийн зөвхөн хий авагч хэсэг нь байрны бат бэх чанар, аюулгүй байдалтай холбоотой байдаг. Учир нь хуучны орон сууцнуудын хамгийн дээд давхрын айлын халаах хэрэгсэлд хий авагч байрлуулсан байдаг бөгөөд доод давхрын айлуудын халаах хэрэгсэлд хий авагч байдаггүй, 5 давхрын айлаас хий авахгүй бол доод давхрын айлууд халаалт авах, хэвийн халах боломжгүй болно. Шүүх хуралдааны явцад 3 давхрын 7 тоот орон сууцны өмчлөгч Д.Ж дээрх нөхцөл байдлыг нотолдог бөгөөд өөрөөр хэлбэл өвлийн улиралд халаалт маш муу байдаг. “Ч” ОНӨХХК руу залгахаар дээд давхрын айлаас хийгээ ав гэж хэлдэг гэх тайлбараар давхар нотлогдоно. Иймд дээрх нөхцөл байдлын хүрээнд байрны хамгийн дээд давхрын айлын халаах хэрэгслийн хий авагч хэсэг нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйл гэж үзэхээс илүүтэй дундын өмчлөлийн зүйлд хамаарах байтал анхан шатны шүүх хариуцагч У.О-ын эзэмшлийн хэсэгт байгаа гэдгээр нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2021-01-28-ны өдөр У.О-ын өмчлөлийн 13 тоот орон сууцны халаах хэрэгслийн хий авагч буудаж ус алдсан боловч хий авагч ямар шалтгаан нөхцөлийн улмаас буудсан болохыг акт эсхүл дүгнэлтээр тогтоож тодорхойлсон зүйл байдаггүй. Тухайлбал хий авагч хэт их даралттай ус ирэх, суларч муудах зэрэг шалтгаан нөхцөлөөс хамаарч буудах боломжтой. Гэтэл “Ч” ОНӨХХК нь оршин суугч иргэдэд хохирол төлбөр гаргуулах хүсэлттэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 182 тоот албан бичгээр хариу өгдөг бөгөөд тодруулбал гал тогооны өрөөний халаах хэрэгслийн хий авагчаар ус алдсан байсан гэдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуудлагын засварчин 13 тоот нь зориулалтын бус хий авагч тавьсан байсны улмаас ус алдсан гэж мэдүүлдэг. У.О нь 13 тоотыг өмчилж, эзэмшиж ирсэн цаг хугацаанаас хойш халаах хэрэгслийн хий авагчийг сольж байгаагүй бөгөөд зориулалтын бус хий авагч тавих боломжгүй. Учир нь хий авагчийг солиход байрны доод давхрын техникийн хэсгийг түлхүүрээр онгойлгон орж, байрны усыг жигүүрээр нь бүхэлд нь хааж түр хугацаанд зогсоож байж солих боломжтой бөгөөд уг арга хэмжээг зөвхөн “Ч” ОНӨХХК л үзүүлэх боломжтой. Иймд зориулалтын бус хий авагч тавьсан байх боломжгүй юм. Мөн шүүхээс ус алдсан цаг хугацааг 22 цаг орчим гэж дүгнэдэг боловч үүнийг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. “Ч” ОНӨХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрийн дулааны эрчим хүчээр хангагч тусгай зөвшөөрөл эзэмшигч, хангагч хуулийн этгээдийн хувьд Эрчим хүчний тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл хүйтний улирал эхэлж дулаанаар хангаж эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж, эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсэхийг шалгаж тогтоох, зөрчлийг арилгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Байрны хамгийн дээд давхрын айлаас хий авч, хэвийн халаалт авах нөхцөлийг хангахын тулд тус байрны СӨХ-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх үйлчилгээг үзүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл 13 тоотын халаах хэрэгслийн хий авагч буудаж ус алдсан нөхцөл байдалд зөвхөн хариуцагч У.О-ыг гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт илт үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 137/ШШ2021/00169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хариуцагч У.О-ын өмгөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд орон сууцны байшингийн ямар эд хөрөнгө нь дундын өмчлөлд хамаарах талаар тодорхой дурдсан байдаг. Хэдийгээр 5 давхрын буюу хамгийн дээд давхрын айлын паарны хий авагчийн талаар тус хуульд тусгайлан заагдаагүй боловч Иргэний хуулийн 146.2 дугаар зүйлд дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа боловч барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй гэж тайлбарласан байдаг. Хамгийн дээд давхрын айлын паарны хий авагчийг дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн байрны айл бүрд паарны хий авагч байдаггүй. Ийм учраас 1 давхартаа 3 айлтай, 1-4 давхрын айлуудад паарны хий авагч байдаггүй, зөвхөн 5 давхрын айлуудад пааранд хий авагч байрладаг. Энэ паарны хий авагч нь ямар учиртай гэхээр тухайн байрны халаалтын шугамын эргэлтийг хэвийн байлгахын тулд 5 давхрын айлын паарнаас хий авснаар, бусад айлууд халаалтаа хэвийн авах нөхцөл боломжоор хангагддаг. У.О-ын түлхүүр 4 давхрын 11 тоотод байдаг байсан. Тэгэхээр 11 тоотод ороод түлхүүрийг авч болох байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэм хорыг арилгуулахтай холбоотой ерөнхий зарчим, хуулийн зохицуулалтыг шаардах эрхийг баримтлах бөгөөд тухайн этгээдийн бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учруулсан хууль бус үйлдэл, хохирол учруулсан байна, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байна, гэм буруутай байх гэсэн гэм бурууг шаардаж байдаг. Гэтэл ус алдсан буруутай үйлдэлд зөвхөн У.О-ын гэм буруутай үйлдэл дангаараа хамаараад байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогддоггүй. Хэрвээ 2021-01-28-ны өдөр ус алдсан гэх нөхцөл байдал байлаа гэж бодоход ямар шалтгааны улмаас буюу хий авагч ямар тохиолдолд бууддаг талаар яг шалтгаан нөхцөлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлтээр тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Хэзээ ус алдсан анхны цаг хугацааг бүрэн тогтоогоогүй. Эндээс Ч ХХК нь гэрээгээр болон хууль тогтоомжид заасан чиг үүргээ хуулийн хугацаандаа биелүүлсэн эсэх дээр дүгнэлт хийхэд ач холбогдолтой байсан. 13 тоотод зориулалтын бус хий авагч тавих боломжгүй. Хэрвээ зориулалтын бус хий авагч тавих юм бол тухайн СӨХ-ийн техникийн төхөөрөмж нь цоожтой, түлхүүрийг нь аваад хий авагчийг солих тохиолдолд ус алдах учраас тухайн байрны усыг бүхэлд нь хааж солино. Тэгэхээр 2013 оноос хойш ашиглаж эхэлсэн цаг хугацаанаас хий авагчийг анх ямар байснаас нь өөрчилсөн зүйл байхгүй. Ч ХХК нь дулааны эрчим хүчээр хангах үүрэг бүхий этгээдийн хувьд дулааныг хэвийн хангах нөхцөл боломжийг бүрдүүлээд, үзлэг, хяналт, шалгалт хийх чиг үүрэгтээ хариуцлагагүй, хайхрамжгүй, хайнга хандсан ийм нөхцөл байдал байна гэж харж байна. Эдгээр нөхцөл байдлын хүрээнд анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдоогүй асуудлууд байхад дүгнэлт хийсэн гэж үзэж гомдлоо гаргасан” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт 13 тоотын айл буруутай. Яагаад гэвэл 2013 оноос хойш тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн цагаасаа жил болгон үзлэг, шалгалт хийлгэх ёстой байсан. Тийм байхад манайх буруугүй гэж гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна.  Энэ айлын гэрт хүмүүс  байхгүй, түлхүүр нь байхгүй байхад ямар арга хэмжээ авах байсан юм. Ч ХХК-ийн зүгээс жил бүр тогтмол хяналт, шалгалт, үзлэг хийдэг байсан. Зарим тохиолдолд ус, халаалтын асуудлын талаар зар тавьж анхааруулдаг байсан. Хэнийг буруутай гэж хохирол төлбөрийг төлөхгүй давж заалдах гомдол гаргаж байгаад нь би маш их гомдолтой. Энэ У.О-ын өөрийнх нь буруу” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Гал тогооны өрөөнд байрлаж байсан хий авагч дангаар өмчлөх өмчлөлд хамаарахгүй гэсэн нь үндэслэлгүй, хий авагч дангаар өмчлөх өмчлөлд зуун хувь хамаарна. Манай компанийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж үзэж байна, хий авагч дангаар өмчлөх хэсэгт зайлшгүй хамаарна. Тэгэхээр 2013 оноос хойш тухайн байрыг өмчилж, эзэмшин ашиглаж байгаагаа мэдсээр байж өдий хүртэлх хувь хүн өөрийнхөө өмчид хайнга хандсаны нэг жишээ нь энэ мөн. Олон жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийгээгүй, эзэмшигч өөрөө хайнга хандсан, тухайн процесс болсон өдрүүдэд тухайн айлын хаалга нь түгжээтэй байсны улмаас цаг алдсанаас болж энэ асуудал үүдсэн. У.О хэрэглэгчийн харилцагчийн хувьд өнөөдрийг хүртэл манай компанитай гэрээ байгуулаагүй, үлдэгдэл өр төлбөрөө төлөөгүй байгаа. Манай компани сар бүр тоолуурын заалтыг цахимаар авдаг. Мөн ялгаагүй гэрээ байгуулаагүй. Ер нь бол Ч ХХК нь СӨХ-тэй гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. СӨХ нь бие даасан статустай, төрийн бус байгууллага. Тийм учраас Ч ХХК нь СӨХ-тэй гэрээ байгуулж ажилладаггүй бөгөөд хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байсан. Мөн онцгой шаардлага гарахад айл болгонд ороод үзлэг, шалгалт хийгээд явах боломжгүй манай байгууллага маш олон харилцагч, хэрэглэгчтэй. Үүнийг арай өөр арга замаар хуулийн хүрээнд шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Д.Ж мөн хэлж байна бүх хэрэглэгчдэд хандаж зар өгдөг, шаардлагатай айл өрхүүдэд гэрээний үндсэн дээр тодорхой арга хэмжээг авах боломжтой. Манай байгууллагын зүгээс хуулийн дагуу ажилласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед манай засварчин очиж, засвар үйлчилгээ хийхэд паарнаас хий авахаас илүүтэйгээр зориулалтын бусаар халуун ус авах цоргон крант байсан гэж мэдүүлсэн. Маргааш нь би Л-ийн хамт тухайн байранд очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тэнд байсан гэх цоргон крант нь байгаагүй. Нотлох баримт байхгүй болсон байсан” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч У.О-ын гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч У.О-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 2 076 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч “...Ч ОНӨХХК дулаан түгээх үедээ хяналт, шалгалт хийх үүргээ биелүүлээгүй, хугацаа алдаж, үйлчилгээ үзүүлсэн нь хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн, хий авах цоргыг солиогүй, мөн энэхүү цорго нь орон сууцны дундын өмчлөлийн зүйл” гэж маргасан.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 076 660 төгрөгийг хариуцагч У.О-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-аад олгохоор, хариуцагч Ч ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Энэхүү шийдвэрийг хариуцагч У.О эс зөвшөөрч “...байрны хамгийн дээд давхрын айлын халаах хэрэгслийн хий авагч хэсэг нь дундын өмчлөлийн зүйлд хамаарна. Мөн миний зүгээс хий авагчийг сольж байгаагүй учир зориулалтын бус хий авагч тавьсан байх боломжгүй, засварчны мэдүүлэг үндэслэлгүй, ус алдсан цаг хугацааг 22 цаг орчим гэж шүүхээс дүгнэсэн боловч үүнийг шалгаж, тогтоосон зүйлгүй. Ч ОНӨХХК нь дулаан эрчим хүчээр хангагчийн хувьд шугам сүлжээ ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсэхийг шалгаж, тогтоох, зөрчлийг арилгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байхад 13 тоотын халаах хэрэгслийн хий авагч буудаж ус алдсан нөхцөл байдалд зөвхөн хариуцагч У.О-ыг гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Хариуцагчийн энэхүү гомдол үндэслэлгүй байна гэж үзнэ.

 

Тодруулбал: Иргэний хуульд зааснаар Зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх,  үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсоноор бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021- 01-28-ны өдрийн орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, * дүгээр ** айлын ** тоотод оршин суугч /хариуцагч/ У.О-ын гал тогооны өрөөний халаах хэрэгслийн хий авагч нь зориулалтын бус буюу халаалтын усыг зүй бусаар хэрэглэх хэмжээний цоргон кранттай байсан нь зэвэрч, хуучирч, муудсаны улмаас буудаж, ус алдсан, Ч ОНӨХХК-ийн зүгээс дуудлагыг хүлээн авсан даруйд засварчныг явуулахад тухайн айл эзгүй, түлхүүр нь олдохгүй байснаас засварчин тэр даруйд зоорийн давхар/подвал/ руу орж, дулаан эргэх шугамын халуун усыг хааж, ус алдалтыг зогсоосон үйл  баримт нь Ч ХХК-ийн дуудлага хүлээн авсан, үйлчилгээ үзүүлж дууссан талаар тэмдэглэсэн айл өрхийн дуудлагын журнал, дуудлагаар төлбөртэй үйлчлэх хуудас болон үйлчилгээний стандарт, ажилтны харилцааны журам, нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

Мөн хохирлын үнэлгээ тогтоосон үнэлгээчин нь ажлын хөлс, материалын зардлын нэгж бүрийн үнийг тодорхойлж, хохирлыг тооцохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан “Хөрөнгийн үнэлгээ, хийх арга, аргачлал”-д нийцүүлэн ажлын хөлс, материалын зардлын үнийг тодорхойлсон нь үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч, хариуцагч нараас уг үнэлгээтэй холбоотой ямар нэг тайлбар, хүсэлт гаргаагүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.2.4, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар хариуцагч У.О нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд зааснаас бусад тухайн сууцны хил хязгаараар тусгаарлагдсан өөрийн өмчилж байгаа орон сууцны доторхи инженерийн шугам буюу цэвэр бохир ус, цахилгаан, дулаантай холбоотой шугам, сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах,  мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй юм.

 

Харин “Ч” ОНӨХХК-ийг хугацаа алдаж, үйлчилгээ үзүүлсэн нь хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж, мөн дулааны хий авах цоргыг тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж тус тус үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хариуцагчаас, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзсан үндэслэл, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаар нотлоогүйн гадна хэрэгт орон сууцны  гал тогооны өрөөний пааранд байрлах хий авагчийг сольсон, зориулалтын бус цоргон крант тавьсан нь хуучирч, муудсанаас  буудаж, халуун ус алдсан бодит нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримтгүй байна.   

 

Өөрөөр хэлбэл хариуцагч У.О өөрийн өмчлөлийн 13 тоот орон сууцны доторхи дулааны инженерийн шугамд хамаарах хий авагчийн бүрэн бүтэн байдлыг хангах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өөрчлөхгүй байх үүргээ хэрэгжүүлээгүйгээс доод давхрын айл болох Д.Ж-ийн 3 давхрын 7 тоот руу халуун ус алдсан гэм буруутай болох нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирлыг бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээ тогтоосон тайланд үндэслэн эд хөрөнгийн хохиролд 1 926 660 төгрөг, үнэлгээг хийлгэхэд төлсөн үйлчилгээний хөлс 150 000 төгрөг, нийт 2 076 660 төгрөгийг хариуцагч У.Отгондуламаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. 

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч У.О-ын гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин Анхан шатны журмаар энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч У.О-ын хүсэлтээр Ч ОНӨХХК-ийг хариуцагчаар татан оролцуулсан нь “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ, хариуцагчаар оролцох этгээдийг нэхэмжлэгч сонгох” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх боловч Анхан шатны шүүхээс “Ч ХХК”-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн учир шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2021/00169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч У.О-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч У.Отгондуламаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                            Н.БОЛОРМАА